Монгол Улс Асгатын 75 хувийг оросуудад алдсан уу
Монгол Улс Асгатын мөнгөний ордын 75 хувийг оросуудад алдах гэж буй талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, манай улс өөрийн эзэмшлийн талыг “Полиметалл”-д худалдсан аж. Харин үүнийг хуульч, эдийн засагчид хурцаар шүүмжилж байсан нь саяхан. Тиймээс уг худалдан авалтыг цуцлах тухай шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Харамсалтай нь ТӨХ үүнийг биелүүлээгүйгээр үл барам худалдан авалтын гэрээг сунгасан байжээ. Энэ хэрэг Д.Сугар даргыг ТӨХ-г удирдаж байх үед болсон аж.
Асгатын мөнгөний орд хэмээх амьсгаа ч үгүй их баялаг өнөөдрийг хүртэл “Байнд ч үгүй, банзанд ч үгүй” байсаар. Хамгийн гол нь энэ ордын 50 хувийг эзэмшдэг Монголын төр буруу тооцоолсон наймааныхаа уршигаар 25 хувьтай үлдсэн бололтой.
Монголын баруун хойд хэсэгт, ОХУ-ын Горный-Алтай муж ба Тува улстай хил залгаа, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт оршдог. Өндөр уулын бүсэд уул, техникийн хүнд нөхцөлтэй, дэд бүтэц хөгжөөгүй алслагдсан газар байрладаг нь Асгатыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг чөдөрлөөд буй. Бас дээрх нөхцөл нь оросуудад давуу тал болж хувирсан.
Энэ ордыг ашиглаж эхэлбэл 600 хүнийг ажлын байртай болгоод зогсохгүй жил бүр улсад 2.66-5.35 төгрөг оруулах боломжтой гэсэн судалгаа бий. Хэдийгээр хайгуул хийж, нөөц баялгийг нь тогтоосон ч өнөө хэр ашиглаж байгаагүй бөгөөд 1993 онд “Монголросцветмет”-д лицензийг нь шилжүүлсэнээс хойш 873 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг.
Энэ хооронд “Монголросцветмет”, АНУ-ын “Алекс Ази” компанитай түншилж, тэдний зүгээс 123 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ч эрсдэлтэй гэж үзэн, хаяад явжээ. Түүнээс хойш тус ордын талаар ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгдээгүй байж байсаар 2006 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч Н.Энхбаяр ОХУ-д айлчлах үеэр “Монголросцветмет”-ийн захирал О.Эрдэнэ Оросын “Полиметалл” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Асгатын мөнгөний ордын хувьцааны 51 хувь нь “Монголросцветмет”-ийн мэдэлд, 49 хувь нь Баян-Өлгийн ард түмний нэр дээр хувьчлагдсан байдаг байна. О.Эрдэнэ дарга “Полиметалл”-тай байгуулсан гэрээндээ Асгатын мөнгөний ордын дүрмийн санг 32 сая ам.доллараар үнэлж, “Полиметалл” компаниас 16 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохирч, харин манай талаас өмнө нь хийгдсэн нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт болон лицензийн зөвшөөрөл зэргээ 16 сая ам.долларт үнэлэн хамтран ажиллахаар ярьж тохиролцсон байжээ.
Энэ нь “Монголросцветмет”-ээс тусдаа өөрийн мэдлийн 50 хувиа хуваах тухай гэрээ бөгөөд ингэснээр манайд Асгатын мөнгөний ордын 50 хувь л ногдож байгаа юм. Мөн зарим нэг эх сурвалжийн мэдээлснээр Оросын Засгийн газрын мэдэлд байгаа 50 хувь, “Полиметалл” компанийн нэр дээр шилжээд байгаа 25 хувь хоёр цаагуураа нэгдэж байгаа ч гэх яриа гарч байсан. Учир нь саяхнаас “Полиметалл”-ын удирдлагууд “Монголросцветмет”-ийнхэнтэй илт сүжрэх болсон тухай эх сурвалжууд ярьж байна.
Асгатын мөнгөний ордыг хууль бусаар “Полиметалл”-д шилжүүлэхэд “Монголросцветмет”-ийн захирал О.Эрдэнэ, ТӨХ-ны дарга Д.Сугар нар ихээхэн хүчин чармайлт тавьж, дундаас нь хувь эзэмшсэн гэх дуулиан энэ бүхний дараа гарсан. Гол нь өнөө хэр уг асуудал шийдэгдээгүйгээр барахгүй ТӨХ-ноос “Полиметалл”-тай байгуулсан гэрээг сунгасан шийдвэрийг гаргасан байна.
Үүнээс гадна 2011 оны зургаадугаар сард Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлах үеэр Асгатын тухай манайхан нэлээд хүчтэй хөндсөн. Тухайн үед Асгатыг айлчлалын бялуу болгочих вий гэсэн хардлага олон нийтэд төрсөн юм.
Ингэж хардах нь ч аргагүй байв. Учир нь Ерөнхийлөгчийн айлчлалаас сар гаруй хугацааны өмнө Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгүүдийн зөвлөлийн хурал болсон. Монгол Улсын эдийн засгийн үр өгөөжтэй бүхий л салбарт өөрийн гэсэн эзэмшил, өмчтэй оросууд тухайн үед Асгатын ордыг ашиглах цаг болсныг ноцтойгоор анхааруулсан аж.
Гэтэл тун саяхан оросууд Асгатын мөнгөний ордыг стратегийн ордоос хасуулах сонирхолтой байгаагаа Монголын эрх баригчдад илэрхийлээд амжжээ. Ер нь Асгатыг стратегийн ордуудын жагсаалтаас хасах нь оросуудад ашигтай. Тэд санасандаа хүрч, Асгатыг стратегийн ордын жагсаалтаас хасуулж чадах юм бол адаглаад л ашгийнхаа 51 хувийг Монгол Улсад өгөхгүй болно. Тэгээд ч өнгөрсөн тавдугаар сард батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль оросуудын яарах шалтгаан болж байгаа аж.
URL: