Монгол Улс Асгатын 75 хувийг оросуудад алдсан уу

Монгол Улс Асгатын мөнгөний ордын 75 хувийг оросуудад алдах гэж буй талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, манай улс өөрийн эзэмшлийн талыг “Полиметалл”-д худалдсан аж. Харин үүнийг хуульч, эдийн засагчид хурцаар шүүмжилж байсан нь саяхан. Тиймээс уг худалдан авалтыг цуцлах тухай шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Харамсалтай нь ТӨХ үүнийг биелүүлээгүйгээр үл барам худалдан авалтын гэрээг сунгасан байжээ. Энэ хэрэг Д.Сугар даргыг ТӨХ-г удирдаж байх үед болсон аж.

Асгатын мөнгөний орд хэмээх амьсгаа ч үгүй их баялаг өнөөдрийг хүртэл “Байнд ч үгүй, банзанд ч үгүй” байсаар. Хамгийн гол нь энэ ордын 50 хувийг эзэмшдэг Монголын төр буруу тооцоолсон наймааныхаа уршигаар 25 хувьтай үлдсэн бололтой.

Монголын баруун хойд хэсэгт, ОХУ-ын Горный-Алтай муж ба Тува улстай хил залгаа, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт оршдог. Өндөр уулын бүсэд уул, техникийн хүнд нөхцөлтэй, дэд бүтэц хөг­жөөгүй алслагдсан газар байрладаг нь Асгатыг эдийн засгийн эргэлтэд оруулах болом­жийг чөдөрлөөд буй. Бас дээрх нөхцөл нь оросуудад давуу тал болж хувирсан.

Энэ ордыг ашиглаж эхэл­бэл 600 хүнийг ажлын байр­тай болгоод зогсохгүй жил бүр улсад 2.66-5.35 төг­рөг оруулах боломжтой гэсэн судалгаа бий. Хэдийгээр хайгуул хийж, нөөц баялгийг нь тогтоосон ч өнөө хэр ашиглаж байгаагүй бөгөөд 1993 онд “Монголросцветмет”-д лицензийг нь шил­жүүл­сэнээс хойш 873 мянган ам.дол­ларын хөрөнгө оруу­лалт хийсэн гэдэг.
Энэ хооронд “Монгол­росцветмет”, АНУ-ын “Алекс Ази” компанитай түншилж, тэдний зүгээс 123 мянган  ам.долларын  хө­­рөнгө оруулалт хийсэн ч эрсдэлтэй гэж үзэн, хаяад явжээ. Түүнээс хойш тус ордын талаар ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгдээгүй байж   байсаар  2006 оны арван­нэгдүгээр сард Ерөн­­­хийлөгч Н.Энхбаяр ОХУ-д айлчлах үеэр “Монгол­­росцветмет”-ийн за­­хи­­рал О.Эрдэнэ Оросын “Полиметалл” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Асгатын мөнгөний ордын хувьцааны 51 хувь нь “Монголросцветмет”-ийн мэдэлд, 49 хувь нь Баян-Өлгийн ард түмний нэр дээр хувьчлагдсан бай­­даг байна. О.Эрдэнэ дарга “Полиметалл”-тай бай­гуул­сан гэрээндээ Ас­га­тын мөн­гөний ордын дүр­мийн санг 32 сая ам.дол­лараар үнэлж, “Поли­металл” компаниас 16 сая ам.долларын хөрөнгө оруу­лалт хийхээр тохирч, ха­рин манай талаас өмнө нь хийгдсэн  нэг   сая ам.дол­ла­рын хөрөнгө оруу­лалт болон лицензийн зөвшөөрөл зэргээ 16 сая ам.долларт үнэлэн хамтран ажиллахаар ярьж тохиролцсон байжээ.

Энэ нь “Монгол­росцвет­мет”-ээс тусдаа өөрийн мэдлийн 50 хувиа хуваах тухай гэрээ бөгөөд ингэснээр манайд Асгатын мөнгөний ордын 50 хувь л ногдож байгаа юм. Мөн зарим нэг эх сурвалжийн мэдээлснээр Оросын Засгийн газрын мэдэлд байгаа 50 хувь, “Полиметалл” компанийн нэр дээр шилжээд байгаа 25 хувь хоёр цаагуураа нэг­дэж байгаа ч гэх яриа гарч байсан. Учир нь саях­­­наас “Полиметалл”-ын удирдлагууд “Монгол­росцветмет”-ийнхэнтэй илт сүжрэх болсон тухай эх сурвалжууд ярьж байна.

Асгатын мөнгөний ордыг хууль бусаар “Полиметалл”-д шилжүүлэхэд “Монгол­росцветмет”-ийн захирал О.Эрдэнэ, ТӨХ-ны дарга Д.Сугар нар ихээхэн хүчин чармайлт тавьж, дундаас нь хувь эзэмшсэн гэх дуулиан энэ бүхний дараа гарсан. Гол нь өнөө хэр уг асуудал шийдэгдээгүйгээр барахгүй ТӨХ-ноос “Полиметалл”-тай байгуулсан гэрээг сунгасан шийдвэрийг гаргасан байна.

Үүнээс гадна 2011 оны зургаадугаар сард Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлах үеэр Асгатын тухай манайхан нэлээд хүчтэй хөндсөн. Тухайн үед Асгатыг айлчлалын бялуу болгочих вий гэсэн хардлага олон нийтэд төрсөн юм.

Ингэж хардах нь ч арга­гүй байв. Учир нь Ерөнхийлөгчийн айлч­лалаас сар гаруй хуга­цаа­ны өмнө Монгол, Оросын хувь нийлүүлсэн ний­гэм­лэгүүдийн зөвлөлийн хурал болсон. Монгол Улсын эдийн засгийн үр өгөөжтэй бүхий л салбарт өөрийн гэсэн эзэмшил, өмчтэй оросууд тухайн үед Асгатын ордыг ашиглах цаг болсныг ноц­тойгоор анхааруулсан аж.

Гэтэл тун саяхан оросууд Асгатын мөнгөний ордыг стратегийн ордоос хасуулах сонирхолтой байгаагаа Мон­голын эрх баригчдад илэр­хийлээд амжжээ. Ер нь Асгатыг стратегийн ордуу­дын жагсаалтаас хасах нь оросуудад ашигтай. Тэд санасандаа хүрч, Ас­гатыг стратегийн ордын жаг­саал­таас хасуулж чадах юм бол адаглаад л ашгийнхаа 51 хувийг Монгол Улсад өгөхгүй болно. Тэгээд ч өн­­гөрсөн тавдугаар сард бат­лагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохи­цуулах тухай хууль оросуу­дын яарах шалтгаан болж байгаа аж.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих