Ганц ойртуулснаа юу гэж бодоод байгаа юм бол
Ганц ойртуулснаа юу гэж бодоод байгаа юм бэ гэх үгийг шинэчлэлийн гэгдэх засгийн газарт орсон Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн бие биедээ чулуудах л үлдлээ.
Засаг төрөө маш богино хугацаанд түргэн шуурхай бүрдүүлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажлаа шуурхайлъя гээд Улсын баяр наадмын өмнө хам хум анхдугаар чуулганаа хийсэн УИХ хоёр сарын турш дуншиж байж арайхийж Засгийн газрын гишүүдээ уван цуван томилсон боллоо. Засагт багтсан нам эвслүүд УИХ-ынхаа гишүүдэд ямар нэгэн албан тушаал өгч, амыг нь хааж дөнгөсөн ч тойргийн гадна байгаа гишүүд дэмжигчдээ хэрхэн яаж ажил албатай болгох вэ гэж толгойгоо гашилгаж сууна.
Хүчтэй цөөнх гэгдэж байгаа МАН-ыг элдэв янзын хуулийн тайлбараар олонхын хүчээр дарангуйлж чадаж байгаа боловч эвсэлд орсон нам хүчнүүдийнхээ өмнө АН аргагүй л “хүчгүйдэж” байна. Ямар сайндаа нам эвслийн бүлгүүдийн ээлжит бус хурлуудад дарагдаж, зөвшилцөөн нэрийн дор элдэв янзын шахалт шаардлагыг бие биедээ тавьсаар цаг хугацааг өнгөрөөж байна.
МАН-ыг гар нийлэн доош хийж чадсан ч Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө сэтгэл нийлэн ажиллах ирээдүй энэ эвсэлд харагдахгүй л байгаа юм. Тодруулж хэлбэл, албан тушаалын хуваарилалт дээр баахан хүний “зодоон” үүсгэчихээд намжааж чадахгүй балмагдаж байгаа эрх баригчид одоо хэр нь дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргаа тодруулж чадахгүй шокийн байдалтай байна.
Нэг асуудлыг шийдэх гэхээр ямар ч холбогдолгүй нөгөө асуудлыг сөргүүлэн тавьж бойкотолдог гэм Монголын төрд гүнзгий суужээ. Н.Энхбаяр, М.Энхсайхан нарыг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулахгүй бол эвсэхгүй гэж нэг хэсэг “Шударга ёс” эвсэл бойкотолсон.
Шүүхээс Н.Энхбаярт дөрвөн жилийн хорих ял оноосонд “Шударга ёс” эвслийн удирдлагууд гоморхож, засгаас гарна гэж айлгасан. Одоо болохоор нам эвслийн бүлгүүд УИХ-д завсарлага авахыг хугацаатай болгох тухай асуудлыг “Шударга ёс” эвслээс дэмжихгүй бол манай нам нэр дэвшсэн дэд сайд нарыг батлахгүй гэж АН-аас шахсан сурагтай. Ингэж тэгж нааш цааш бөмбөг өнхрүүлсээр байтал намрын ажлаа барж амжилгүй өвлийн сартай золгож мэдэх нь.
Ёстой л засаг хамтарч барья гэж ганц удаа ойртуулсан биш салж ч болдоггүй, нийлж ч болдоггүй нойтон хамуу шиг нөхөдтэй зууралдсанаа АН-ынхан одоо л ойлгож байх шиг.
URL: