Ганц ойртуулснаа юу гэж бодоод байгаа юм бол

Ганц ойртуулснаа юу гэж бодоод байгаа юм бэ гэх үгийг шинэчлэлийн гэг­дэх засгийн газарт орсон Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвс­лийн­хэн бие биедээ чулуудах л үлд­лээ.

Засаг төрөө маш богино хугацаанд түргэн шуур­хай бүрдүүлж, мөрийн хөтөл­бөрөө хэрэгжүүлэх ажлаа шуурхайлъя гээд Улсын баяр наадмын өмнө хам хум анхдугаар чуулганаа хийсэн УИХ хоёр сарын турш дуншиж байж арайхийж Зас­гийн газрын гишүүдээ уван цуван томилсон боллоо. Засагт багтсан нам эвслүүд УИХ-ынхаа гишүүдэд ямар нэгэн албан тушаал өгч, амыг нь хааж дөнгөсөн ч тойргийн гадна байгаа гишүүд дэмжигчдээ хэрхэн яаж ажил албатай болгох вэ гэж толгойгоо гашилгаж сууна.

Хүчтэй цөөнх гэг­дэж байгаа МАН-ыг элдэв янзын хуулийн тайл­бараар олонхын хүчээр дарангуйлж чадаж байгаа боловч эвсэлд орсон нам хүч­нүүдийнхээ өмнө АН арга­гүй л “хүчгүйдэж” байна. Ямар сайндаа нам эвслийн бүлгүүдийн ээлжит бус хурлуудад дарагдаж, зөвшилцөөн нэрийн дор элдэв янзын шахалт шаардлагыг бие биедээ тавьсаар цаг хугацааг өнгөрөөж байна.

МАН-ыг гар нийлэн доош хийж чадсан ч Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө сэтгэл нийлэн ажил­лах ирээдүй энэ эвсэлд харагдахгүй л байгаа юм. Тодруулж хэлбэл, албан тушаалын хуваарилалт дээр баахан хүний “зодоон” үүсгэ­чихээд намжааж чадах­гүй балмагдаж байгаа эрх баригчид одоо хэр нь дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргаа тод­­руулж чадахгүй шокийн байдалтай байна.

Нэг асуудлыг ший­дэх гэхээр ямар ч холбог­долгүй нөгөө асуудлыг сөргүүлэн тавьж бойкотолдог гэм Мон­­голын төрд гүнзгий суужээ. Н.Энх­баяр, М.Энх­сайхан нарыг Засгийн газрын бүрэл­дэхүүнд оруулахгүй бол эвсэхгүй гэж нэг хэсэг “Шударга ёс” эвсэл бойко­тол­сон.

Шүүхээс Н.Энхбаярт дөрвөн жилийн хорих ял оноосонд “Шударга ёс” эвслийн удирдлагууд гомор­хож, засгаас гарна гэж айл­гасан. Одоо болохоор нам эвслийн бүлгүүд УИХ-д завсар­лага авахыг хуга­цаатай болгох тухай асуудлыг “Шударга ёс” эвслээс дэмжихгүй бол манай нам нэр дэвш­сэн дэд сайд нарыг бат­лахгүй гэж АН-аас шахсан сурагтай. Ингэж тэгж нааш цааш бөмбөг өнхрүүлсээр бай­тал намрын ажлаа барж амжилгүй өвлийн сартай золгож мэдэх нь.

Ёстой л засаг хамтарч барья гэж ганц удаа ойр­туул­сан биш салж ч болдоггүй, нийлж ч бол­доггүй нойтон хамуу шиг нөхөдтэй зууралд­санаа АН-ынхан одоо л ойлгож байх шиг.


URL:

Сэтгэгдэл бичих