Нэг өдөр зургаан хүүхэд зам тээврийн осолд оржээ
-ХҮҮХЭД СУРГУУЛЬДАА ОЧИХ ЗАМД ОСОЛДСООР БАЙХ УУ-
Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь ихэсдэг. Хоёр өдөр дараалж хоёр хүүхэд зам дээр золгүйгээр амиа алдлаа. Уржигдар гэхэд л зургаан хүүхэд зам тээврийн осолд орж, нэг нь амиа алдсан байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн VI хорооны нутаг “Кристал таун” хотхонд “Тоёота прадо” маркийн машины жолооч зургаан настай хүүхдийг дайрч гэмтээжээ. Мөн Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг Дуурь бүжгийн эрдмийн театрын замд “Toyota RАV-4″ маркийн машины жолооч есөн настай хоёр хүүхдийг дайрч гэмтээсэн байна. Мөн дүүргийн нутагт дөрвөн машин хоёр хоёроороо мөргөлдөхдөө бага насны хоёр хүүхдийг гэмтээжээ.
Үүнээс гадна долоон настай охин уржигдар явган хүний гарцаар гарч байгаад машинд дайруулж амиа алдсан билээ. Охины сурдаг сургууль яг замын хажууд. Сургуулийн хаалганы дэргэд явган хүний гарцтай боловч анхааруулах тэмдэг, хурд сааруулагч тэнд байхгүй. Охиныг гарцаар гарч байхад хурдтай машин метр хэртээ газарт үсэртэл нь дайрч, чирсэн аж. Хохирогч эмнэлэгт хүргэгдэж явах замдаа амиа алджээ. 54-86 улсын дугаартай “Мазда димо” маркийн автомашины жолооч Д.Дамцагдорж тухайн үед эхнэртэйгээ явж байсан гэнэ. Түүний жолоодсон машин маш хурдтай ирсэн гэдгийг ойр хавьд нь байсан хүмүүс гэрчилж буй аж. Сэжигтний эхнэр давхар биетэй, цочролд орж бие нь тааруу байгаа гэнэ. Тиймээс жолоочийг гадуур байцааж байгааг эх сурвалж хэлсэн.
САЙН ДУРЫН ЗОХИЦУУЛАГЧИД СУРГУУЛИЙН ГАДНА АЖИЛЛААСАЙ
Баянгол дүүргийн VII хорооны нутаг дахь 13 дугаар сургуульд өчигдөр очлоо. Сургуулийн хашааны хаалга явган хүний замтай тулчихсан юм. Ерөөсөө л метр хүрэхгүй зайд авто машины зам байна. Сургуулийн дэргэд хүүхдийн зурагтай анхааруулах тэмдэг харагддаг. Тэнд тийм тэмдэг, тэмдэглэгээ ч алга. Микро автобус сургуулийн хашааны үүдэнд, явган хүний гарцан дээр зогсч байгаад зорчигчоо авч буйг харлаа. Замын нөгөө талын явган хүн зорчих хэсгийг ухаад явах аргагүй болгочихсон байна. Хүүхдүүд ухсан нүхэн дээгүүр харайгаад шууд авто машины зам руу гүйгээд орчих юм. Хоёр тал руугаа машин харж байгаа хүүхэд бараг харагдсангүй.
Биднийг очиход бага ангийн хоёрдугаар ээлжийнхэн хичээллэж байлаа. 2Б ангийнхан 14.55 цагт завсарлаад үдийн цайгаа уух гэж байлаа. Долоон настнууд үдийн цайгаа уух гэж бөөн бужигнаан болох юм. Гараа угаах гэж гүйлдэж байгаад нэг нь хонгилд бүдэрч уйлаан болно. Нэгийнх нь хамраас цус гарч багшийг сандаргана. Тэгж байтал нэг охин “Багшаа энэ хоёр чинь зодолдоод байна” хов зөөх аж. Ердөө гараа угаагаад буцаад ангидаа орох таван минутад 2Б ангийнхан багагүй хэрэг тарив. Үдийн цайгаа уучихаад хичээл эхлэхэд багш “Бүгдээрээ бэлэн үү” гэхэд хүүхдүүдийн нэг нь “Багшаа Батцэцэг хичээлдээ ирээгүй” гэх нь дуулдав. Тэд хичээлдээ суугаагүй ангийн найзаа асууж, хичээл таслаж болохгүй биз дээ гэх зэргээр шулганалдахад багшид хэлэх үг олдохгүй байгаа бололтой. Хөөрхий охиныг хичээлдээ ирж яваад машинд дайруулаад амиа алдсан талаар багш бяцхан хүүхдүүдэд хэлж зүрхлэхгүй байгаа гэнэ. 2Б ангийнхан 33-уулаа нэгдүгээр анги төгсч хичээлийн шинэ жилтэй золгосон. Хоёрдугаар ангид ороод хоёрхон хонож байтал тэд 32-уулаа болчихлоо. Ангийнх нь найз сургуулийнхаа гадна машинд дайруулж, амиа алдсаныг бяцхан хүүхдүүд мэдээгүй байгаа.
2Б ангийн багш Н.Мөнхчимэг “Талийгаач сэргэлэн, өсгөлүүн биетэй охин байсан. Өнгөрсөн жил ээж нь хичээлд нь хүргэж өгч, авдаг байсан. Өчигдөр ээжийнх нь эгч зам гаргаж өгөлгүй явчихсан байна лээ. Тэгээд зам гарч яваад дайруулчихсан. Манай сургуулийн яг дэргэд зам байдаг. IV хорооллын арын замаар авто машинууд маш хурдтай давхидаг. Гэтэл хурд сааруулагч ч байхгүй. Одоо зам засч байна гээд хоёр талд нь нүх ухчихсан. Хүүхэд бүү хэл том хүн зам гарахад ч хэцүү. Замын хөдөлгөөн зохицуулдаг сайн дурын ажилтнууд хотын төвөөр л нэг харагддаг. Тэднийг захын хорооллуудын сургуулийн өмнө ажиллаач гэмээр санагдах юм. Уг нь хичээл тарахад эцэг эх, ар гэрийнхэнд нь хүүхдүүдээ хүлээлгэж өгөөд авчирч өгөхийг гуйдаг. Харамсалтай нь талийгаачийг эгч нь зам гаргаж өгөөгүй. Дайрсан машин нь маш хурдтай явсан гэсэн. Осол болсноос хойш шоконд ороод хэцүү байна. Ангийнхандаа ч хэлж зүрхлэхгүй байна. Манай ангийнхан талийгаачийг хичээл тасалсан л гэж ойлгож байгаа” гэсэн юм.
ТӨГСӨГЧИД ХУРД СААРУУЛАГЧ ТАВЬЯ ГЭХЭЭР АЛБАНЫХАН ЗӨВШӨӨРДӨГГҮЙ
13 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Х.Оюунбилэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Танай сургуулийн гаднах замын дэргэд хүүхэд явахыг анхааруулсан тэмдэг ч алга. Хашааны хаалгазамтай тулчихсан байхад тэмдэг, тэмдэглэгээ хийж болдоггүй юм уу?
-Цэцэг барьсан хүүхдийн зурагтай анхааруулах тэмдэг тавьсан байсан юм. Гэтэл хүмүүс хулгайлаад төмөрт өгчих юм. Мөн зам засч байна гээд анхааруулах тэмдгийг нь аваад хаячихсан. Манай сургуулийн сурагчдын олонхи нь IV хорооллын эцэст гэр хороололд амьдардаг. Заавал зам гарч байж сургуульдаа очдог. Гэтэл хоёр эгнээтэй нарийн замаар жолооч нар маш хурдтай явдаг. Өмнө нь яг энэ замд хүүхэд шүргүүлж байсан.
-Ядаж хурд сааруулагч тавиулж болдоггүй юм уу?
-Хурд сааруулагч тавих хүсэлт тавьдаг ч хоёр эгнээтэй замд хурд сааруулагч байх ёсгүй гэдэг. Төгсгөгчид маань нийлээд өөрсдийнхөө зардлаар хурд сааруулагч тавих гэж зөвшөөрөл хөөцөлдсөн ч авч чадаагүй. Одоо энэ замыг дөрвөн эгнээтэй болгож өргөсгөх гэж байгаа гэсэн. Тэгээд манай сургуулийн хашааг байшинтай яг тулга гэсэн шаардлагыг Авто замын газраас тавьж байгаа. Өнгөрсөн хавар газар чөлөөлж өг гэсэн мэдэгдэл өгсөн. Хариуд нь “Сургуультай тулгаж зам тавьж болохгүй. Зам өргөсгөх гэж байгаа бол гүүрэн юм уу, нүхэн гарц хийх ёстой” гэсэн. Гэтэл Авто замын газрынхан “Зураг төсөл нь хэдийнэ гарчихсан. Тийм боломж байхгүй. Иргэнийхээ үүргийг гүйцэтгээд газар чөлөөлж өг” гэж тулгасан. Арга ядаад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон Замын цагдаагийн газар, Авто замын газруудад хүсэлт өгчихөөд байж байна.
-Бага ангийн хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэж өгч, сургуульд нь хүргэж өгөхийг даалгадаг биз дээ.
-Эцэг эх, сургууль, сурагч гурвын дунд гурвалсан гэрээ байгуулдаг. Гэрээнд энэ талаар тусгаж өгсөн. Гэтэл зарим эцэг эхчүүд сургуулийнх нь барааг харуулчихаад орхиод явчих тохиолдол гардаг. Эцэг эх, ар гэрийнхнийг нь хариуцлагатай байгаач гэж байнга шахам захидаг. Багш нарын хувьд хичээл тараад хүүхдүүдээ ар гэрийнхэнд нь заавал хүлээлгэж өгдөг гэсэн юм.
ОХИНЫГ НАГАЦ ЭГЧ НЬ СУРГУУЛЬ РУУ ХҮРГЭЖ ӨГӨХ БАЙСАН Ч…
2Б ангийнхан хичээл завсарлах тавхан минутын дотор багшийгаа сандаргаж байгаа нь тэднийг хором ч хараа хяналтгүй орхиж болохгүй сануулна. Гэтэл охин ганцаараа зам гарч яваад машинд дайруулсан байна. Тодруулбал, талийгаачийнх гуравдугаар хорооллын эцэст, гэр хороололд байдаг аж. Аав нь барилгын компанид ажилладаг. Саяхан хөдөө ажиллахаар явжээ. Ээж нь өнгөрсөн жил охиноо сургуульд нь зөөдөг байж. Харин уржигдар ажилд орохоор болж эгчдээ охиноо захиад явжээ. Нагац эгч нь охинд сургуулийнх нь барааг харуулаад “За ингээд хичээл рүүгээ гүйчих. Хоцрох нь байна шүү. Хурдан яваарай” гэчихээд буцаад явчихжээ. Нагац эгчийнхээ хэлснээр охин зам гарч яваад дээрх золгүй явдал болсон байна. Талийгаач дээрээ нэг эгчтэй. Эгч нь дөрөвдүгээр ангид сурдаг. “Эгч минь хөтлөөд хэдхэн алхам явчихсан бол охин минь амьд байх байсан” гэж талийгаачийн ээж уйлж байсныг 13 дугаар сургуулийн багш нар ярьж байна лээ.
Биднийг 13 дугаар сургуулиас гарахад бага ангийн хичээл тарж байлаа. Багш нь сургуулийн хашаанд сурагчдаа жагсаачихаад гэрийнхэнд нь хүлээлгэж өгч байлаа. Нэг охин хашаанаас гарах гэж гүйгээд багшдаа загнуулаад буцаж байгаа харагдсан. “Хашаанаас гараад машинд дайруулах нь уу. Хэн чамайг яв гэсэн юм бэ” гэж багш нь охиныг загнана. Охин багшаасаа арван алхам холдоход л зам руу орчихоор юм. Сургууль аюулгүй орчин гэсэн уриа 13 дугаар сургуульд л лав үйлчлэхээргүй юм.
Нийслэлийн удирдлагууд сургуулиудыг автобустай болгох төлөвлөгөө ярьсан. Сурагчид нэгдсэн унаагаар хичээлдээ явдаг хотод зам тээврийн осол гарах нь багасдаг судалгаа бий. Тиймээс сургуулиудыг автобустай болгож хүүхдүүдийг нэгдсэн журмаар сургуульд нь хүргэдэг болгох нь зөв. Эсвэл сургууль бүрийн өмнөх замд хурд сааруулагч, анхааруулах тэмдэглэгээ тавих ёстой гэдгийг иргэд ярьсан.
Ц.ӨРНӨХ
/ӨДРИЙН СОНИН/
URL: