Нэг өдөр зургаан хүүхэд зам тээврийн осолд оржээ

-ХҮҮХЭД СУРГУУЛЬДАА ОЧИХ ЗАМД ОСОЛДСООР БАЙХ УУ-

Хичээлийн шинэ жил эхлэх­тэй зэрэгцэн хүүх­дүүд зам тээврийн осолд өртөх нь ихэсдэг. Хоёр өдөр дараалж хоёр хүү­хэд зам дээр золгүйгээр амиа алдлаа. Уржигдар гэхэд л зургаан хүүхэд зам тээврийн осолд орж, нэг нь амиа алдсан бай­на. Тухайлбал, Баянзүрх дүүргийн VI хорооны нутаг “Кристал таун” хот­хонд “Тоёота прадо” мар­кийн машины жолооч зур­гаан настай хүүхдийг дайрч гэмтээжээ. Мөн Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг Дуурь бүж­гийн эрдмийн театрын замд “Toyota RАV-4″ мар­кийн машины жолооч есөн настай хоёр хүүх­дийг дайрч гэмтээсэн бай­на. Мөн дүүргийн нутагт дөрвөн машин хоёр хоёроороо мөргөл­дөх­дөө бага насны хоёр хүүх­дийг гэмтээжээ.

Үүнээс гадна долоон нас­тай охин уржигдар явган хү­ний гарцаар гарч байгаад машинд дайруулж амиа алд­сан билээ. Охины сурдаг сургууль яг замын хажууд. Сургуулийн хаалганы дэргэд явган хүний гарцтай боловч анхааруулах тэмдэг, хурд сааруулагч тэнд байхгүй. Охиныг гарцаар гарч байхад хурдтай машин метр хэртээ газарт үсэртэл нь дайрч, чирсэн аж. Хохирогч эмнэлэгт хүргэгдэж явах замдаа амиа алджээ. 54-86 улсын дугаар­тай “Мазда димо” маркийн автомашины жолооч Д.Дам­цаг­дорж тухайн үед эхнэр­тэйгээ явж байсан гэнэ. Түү­ний жолоодсон машин маш хурдтай ирсэн гэдгийг ойр хавьд нь байсан хүмүүс гэр­чилж буй аж. Сэжигтний эхнэр давхар биетэй, цочролд орж бие нь тааруу байгаа гэнэ. Тиймээс жолоочийг гадуур байцааж байгааг эх сурвалж хэлсэн.

САЙН ДУРЫН ЗОХИЦУУЛАГЧИД СУРГУУЛИЙН ГАДНА АЖИЛЛААСАЙ

Баянгол дүүргийн VII хо­рооны нутаг  дахь 13 дугаар сургуульд өчигдөр очлоо. Сургуулийн хашааны хаалга явган хүний замтай тулчихсан юм. Ерөөсөө л метр хүрэхгүй зайд авто машины зам бай­на. Сургуулийн дэргэд хүүх­дийн зурагтай анхааруулах тэмдэг харагддаг. Тэнд тийм тэмдэг, тэмдэглэгээ ч алга. Микро автобус сургуулийн хашааны үүдэнд, явган хүний гарцан дээр зогсч байгаад зорчигчоо авч буйг харлаа. Замын нөгөө талын явган хүн зорчих хэсгийг ухаад явах аргагүй болгочихсон байна. Хүүхдүүд ухсан нүхэн дээгүүр харайгаад шууд авто ма­шины зам руу гүйгээд орчих юм. Хоёр тал руугаа машин харж байгаа хүүхэд бараг харагдсангүй.

Биднийг очиход бага ан­гийн хоёрдугаар ээлжийнхэн хичээллэж байлаа. 2Б ан­гийнхан 14.55 цагт завсар­лаад үдийн цайгаа уух гэж байлаа.  Долоон настнууд үдийн цайгаа уух гэж бөөн бужигнаан болох юм. Гараа угаах гэж гүйлдэж байгаад нэг нь хонгилд бүдэрч уйлаан болно. Нэгийнх нь хамраас цус гарч багшийг сандаргана. Тэгж байтал нэг охин “Баг­шаа энэ хоёр чинь зодолдоод байна” хов зөөх аж. Ердөө гараа угаагаад буцаад анги­даа орох таван минутад 2Б ангийнхан багагүй хэрэг та­рив. Үдийн цайгаа уучихаад хичээл эхлэхэд багш “Бүгдээ­рээ бэлэн үү” гэхэд хүүхдүү­дийн нэг нь “Багшаа Батцэцэг хичээлдээ ирээгүй” гэх нь дуулдав. Тэд хичээлдээ суу­гаагүй ангийн найзаа асууж, хичээл таслаж болохгүй биз дээ гэх зэргээр шулганал­дахад багшид хэлэх үг ол­дохгүй байгаа бололтой. Хөөрхий охиныг хичээлдээ ирж яваад машинд дайруу­лаад амиа алдсан талаар багш бяцхан хүүхдүүдэд хэлж зүрхлэхгүй байгаа гэнэ. 2Б ангийнхан 33-уулаа нэгдү­гээр анги төгсч хичээлийн шинэ жилтэй золгосон. Хоёр­дугаар ангид ороод хоёрхон хонож байтал тэд 32-уулаа болчихлоо. Ангийнх нь найз сургуулийнхаа гадна машинд дайруулж, амиа алдсаныг бяцхан хүүхдүүд мэдээгүй байгаа.

2Б ангийн багш Н.Мөнх­чимэг “Талийгаач сэргэлэн, өсгөлүүн биетэй охин байсан. Өнгөрсөн жил ээж нь хичээлд нь хүргэж өгч, авдаг байсан. Өчигдөр ээжийнх нь эгч зам гаргаж өгөлгүй явчихсан байна лээ. Тэгээд зам гарч яваад дайруулчихсан. Манай сургуулийн яг дэргэд зам байдаг. IV хорооллын арын замаар авто машинууд маш хурдтай давхидаг. Гэтэл хурд сааруулагч ч байхгүй. Одоо зам засч байна гээд хоёр талд нь нүх ухчихсан. Хүүхэд бүү хэл том хүн зам гарахад ч хэцүү. Замын хөдөлгөөн зохи­цуулдаг сайн дурын ажилт­нууд хотын төвөөр л нэг харагддаг. Тэднийг захын хорооллуудын сургуулийн өмнө ажиллаач гэмээр са­нагдах юм. Уг нь хичээл та­рахад эцэг эх, ар гэрийнхэнд нь хүүхдүүдээ хүлээлгэж өгөөд авчирч өгөхийг гуйдаг. Харамсалтай нь талий­гаа­чийг эгч нь зам гаргаж өгөөгүй. Дайрсан машин нь маш хурд­тай явсан гэсэн. Осол болс­ноос хойш шоконд ороод хэцүү байна. Ангийнхандаа ч хэлж зүрхлэхгүй байна. Ма­най ангийнхан талийгаачийг хичээл тасалсан л гэж ойлгож байгаа” гэсэн юм.

ТӨГСӨГЧИД ХУРД СААРУУЛАГЧ ТАВЬЯ ГЭХЭЭР АЛБАНЫХАН ЗӨВШӨӨРДӨГГҮЙ

13 дугаар сургуулийн нийг­мийн ажилтан Х.Оюунбилэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Танай сургуулийн гад­нах замын дэргэд хүүхэд явахыг анхааруулсан тэм­дэг ч алга. Хашааны хаалгазамтай тулчихсан байхад тэмдэг, тэмдэглэгээ хийж болдоггүй юм уу?

-Цэцэг барьсан хүүхдийн зурагтай анхааруулах тэмдэг тавьсан байсан юм. Гэтэл хүмүүс хулгайлаад төмөрт өгчих юм. Мөн зам засч байна гээд анхааруулах тэмдгийг нь аваад хаячихсан. Манай сур­гуулийн сурагчдын олонхи нь IV хорооллын эцэст гэр хо­роололд амьдардаг. Заавал зам гарч байж сургуульдаа очдог. Гэтэл хоёр эгнээтэй нарийн замаар жолооч нар маш хурдтай явдаг. Өмнө нь яг энэ замд хүүхэд шүргүүлж байсан.

-Ядаж хурд сааруулагч тавиулж болдоггүй юм уу?

-Хурд сааруулагч тавих хүсэлт тавьдаг ч хоёр эгнээтэй замд хурд сааруулагч байх ёсгүй гэдэг. Төгсгөгчид маань нийлээд өөрсдийнхөө зард­лаар хурд сааруулагч тавих гэж зөвшөөрөл хөөцөлдсөн ч авч чадаагүй. Одоо энэ замыг дөрвөн эгнээтэй болгож өр­гөсгөх гэж байгаа гэсэн. Тэгээд манай сургуулийн хашааг байшинтай яг тулга гэсэн шаардлагыг Авто замын газ­раас тавьж байгаа. Өнгөрсөн хавар газар чөлөөлж өг гэсэн мэдэгдэл өгсөн. Хариуд нь “Сургуультай тулгаж зам тавьж болохгүй. Зам өргөсгөх гэж байгаа бол гүүрэн юм уу, нүхэн гарц хийх ёстой” гэсэн. Гэтэл Авто замын газрынхан “Зураг төсөл нь хэдийнэ гар­чихсан. Тийм боломж байх­гүй. Иргэнийхээ үүргийг гүй­цэтгээд газар чөлөөлж өг” гэж тулгасан. Арга ядаад Нийс­лэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон Замын цаг­даагийн газар, Авто замын газруудад хүсэлт өгчихөөд байж байна.

-Бага ангийн хүүхдүү­дийг эцэг эхэд нь хүлээл­гэж өгч, сургуульд нь хүр­гэж өгөхийг даалгадаг биз дээ.

-Эцэг эх, сургууль, сурагч гурвын дунд гурвалсан гэрээ байгуулдаг. Гэрээнд энэ та­лаар тусгаж өгсөн. Гэтэл за­рим эцэг эхчүүд сургуулийнх нь барааг харуулчихаад ор­хиод явчих тохиолдол гардаг. Эцэг эх, ар гэрийнхнийг нь ха­риуцлагатай байгаач гэж байн­га шахам захидаг. Багш нарын хувьд хичээл тараад хүүх­дүүдээ ар гэрийнхэнд нь заавал хүлээлгэж өгдөг гэсэн юм.

ОХИНЫГ НАГАЦ ЭГЧ НЬ СУРГУУЛЬ РУУ ХҮРГЭЖ ӨГӨХ БАЙСАН Ч…

2Б ангийнхан хичээл зав­сарлах тавхан минутын дотор багшийгаа сандаргаж байгаа нь тэднийг хором ч хараа хяналтгүй орхиж болохгүй сануулна. Гэтэл охин ганцаа­раа зам гарч яваад машинд дайруулсан байна. Тодруул­бал, талийгаачийнх гурав­дугаар хорооллын эцэст, гэр хороололд байдаг аж. Аав нь барилгын компанид ажил­ладаг. Саяхан хөдөө ажилла­хаар явжээ. Ээж нь өнгөрсөн жил охиноо сургуульд нь зөөдөг байж. Харин уржигдар ажилд орохоор болж эгчдээ охиноо захиад явжээ. Нагац эгч нь охинд сургуулийнх нь барааг харуулаад “За ингээд хичээл рүүгээ гүйчих. Хоцрох нь байна шүү. Хурдан яваа­рай” гэчихээд буцаад явчих­жээ. Нагац эгчийнхээ хэлс­нээр охин зам гарч яваад дээрх золгүй явдал болсон байна. Талийгаач дээрээ нэг эгч­тэй. Эгч нь дөрөвдүгээр ангид сурдаг. “Эгч минь хөт­лөөд хэдхэн алхам явчихсан бол охин минь амьд байх байсан” гэж талийгаачийн ээж уйлж байсныг 13 дугаар сур­гуулийн багш нар ярьж байна лээ.

Биднийг 13 дугаар сургуу­лиас гарахад бага ангийн хичээл тарж байлаа. Багш нь сургуулийн хашаанд сурагч­даа жагсаачихаад гэрийн­хэнд нь хүлээлгэж өгч байлаа. Нэг охин хашаанаас гарах гэж гүйгээд багшдаа загнуу­лаад буцаж байгаа харагдсан. “Хашаанаас гараад машинд дайруулах нь уу. Хэн чамайг яв гэсэн юм бэ” гэж багш нь охиныг загнана. Охин баг­шаасаа арван алхам холдо­ход л зам руу орчихоор юм. Сургууль аюулгүй орчин гэ­сэн уриа 13 дугаар сургуульд л лав үйлчлэхээргүй юм.

Нийслэлийн удирдлагууд сургуулиудыг автобустай болгох төлөвлөгөө ярьсан. Сурагчид нэгдсэн унаагаар хичээлдээ явдаг хотод зам тээврийн осол гарах нь ба­гасдаг судалгаа бий. Тиймээс сургуулиудыг автобустай бол­гож хүүхдүүдийг нэгдсэн журмаар сургуульд нь хүр­гэдэг болгох нь зөв. Эсвэл сургууль бүрийн өмнөх замд хурд сааруулагч, анхааруу­лах тэмдэглэгээ тавих ёстой гэдгийг иргэд ярьсан.

Ц.ӨРНӨХ

 

/ӨДРИЙН СОНИН/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих