Манайхны тавьсан зам яагаад муу байдаг вэ
Манайхны барьсан зам яагаад жилийн дараа тараа таниулдгийг, Япончуудын барьсан “Нарны зам” ямар учраас өнөөдрийг хүртэл гөлгөр толигор хэвээрээ байдгийн нууцыг Дорноговьд очоод мэдлээ. Тэнд Америкийн Мянганы Сорилтын корпорациас санхүүжүүлж буй замын ажил ид өрнөж байна. Ирэх жилийн намар гэхэд Сайншанд руу дан засмалаар сүнгэнүүлээд орчих боломжтой гэж Мянганы сорилтын сангийнхан хэлж байна. Чойроос Сайншанд хүртэлх 176,4 км замыг тэдний захиалгаар Солонгос, Хятадын компани хуваагаад авчихаж. Тэд энэ оны эхээс гэрээ байгуулж ажлаа эхэлжээ. Тус тусдаа бутлуур, бетоны үйлдвэртэй юм байна. Хоёр компанийг хянасан зөвлөхийн инженерүүд нь ч тусдаа. Солонгосууд наад хэсгийнх нь 90 км-ыг, урд хөршийнхөн цаад захынх нь 86,4 км замыг барьж байна. Ажил нь ч овоо наашилжээ. Мянганы сорилтын сангийн Авто замын төслийнхөн өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд бариулж байгаа замаа үзүүлсэн юм.
Замын чанарын сэдэв рүүгээ эргээд оръё. Монголчуудын барьж байгаа замуудын захиалагч нь Авто замын газар. Хянагч нь ч энэ газраас томилогддог. Лабораторийнхоо шинжилгээг автозамын газартаа хийдэг. Гүйцэтгэгч нь тендерт шалгарсан аль нэг хувийн компани. Ямар ч хувийн компани ашгаа бодно. Аль болох бага зардлаар ашигтай ажиллахыг хүсэх нь тодорхой. Компаниуд Авто замын газраас томилогдсон хяналтын инженерээ аргалах гэж архидуулдаг, элдэв зүйлээр хахуульддаг талаар барим тавим жишээнүүд сонсогдож л байдаг. Гэтэл говьд барьж байгаа замын захиалагч нь АНУ-ын Мянганы сорилтын корпораци. Гүйцэтгэгч нь Хятад, Солонгосын компани. Хяналт тавьж байгаа зөвлөх компани нь Данийх. Данийн компанид ч Мянганы сорилтынхон 100 хувь итгэдэггүй. Давхар хяналт тавьдаг. Мянганы сорилтын корпорациас буюу Америкаас сард нарийн мэргэжлийн инженер ирж хянана. Энд байгаа суурин төлөөлөгч нь гэхэд хагас сард нэг удаа очоод шалгачихдаг. Төслийн зүгээс ч тасралтгүй хяналттай. “Замын уртаас дарга нар, өргөнөөс нь гүйцэтгэгч иддэг” гэсэн онигоо гарахааргүй давхар хяналтууд үйлчилдэг. Лабораторийнх нь хяналт ч биеэ даачихсан, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай. Гүйцэтгэгч компанийн өөрийнхөө лабораторид шинжлүүлээд тэнцсэн бүтээгдэхүүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Хянах талын лабораторид ямар нэг ашиг сонирхол үүсэх бүх хаалгыг хаачихсан. Хэн нь ч хэндээ нөлөөлөх аргагүй нөхцөлийг тэнд бүрдүүлж чаджээ. Бас нэг хэлчихмээр стандарт гэвэл зам барьсан компаниуд замынхаа чанарт нэг жилийн баталгаат хугацаа өгч байгаа гэсэн. Хэрвээ нэг жилийн дотор тэр зам дээр ямар нэг эвдрэл гарвал Солонгосын “Халла”, Хятадын “Жян Си” компанийнхан хариуцан янзалж өгнө. Гэтэл манайд барьсан зам жилийн дараа гэхэд л эвдэрчихдэг. Барьсан компани нь их соёлтой загналаа гэхэд “Манай цаг агаарын нөхцөл хэцүү” гэсхийгээд өнгөрдөг жишиг бараг л тогтсон. Тэгээд л бөөн мөнгөөр дахиад л замаа засч эхэлдэг. Зам дээр гардаг бас нэг асуудал бол хугацаандаа ашиглалтад ордоггүй явдал. Хугацаандаа ашиглалтад орсон зам бараг л байхгүй. Манайх шиг инфляци нь савлагаатай, байсгээд л өргөн хэрэглээний барааных нь үнэ өсчихдөг улсад зам барина гэдэг өндөр эрсдэлтэй ажил гэж замын салбарынхан ярьдаг. Сүүлдээ гэрээгээ цуцлахаас аргагүйд хүрдэг, зам баригдах хугацаа сунжирдаг гол шалтгааны нэг нь энэ. Тэгвэл Мянганы сорилтын сангийнхан үнийн тохиргоо хийж өгч, замын салбарт шинэ стандарт тогтоожээ. Магадлашгүй ажиллагааны зардал гэж чамлахааргүй мөнгө суулгажээ. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч компани үнийн ямар нэг нөлөөлөл гарлаа гэхэд саналаа тавиад санхүүжилтээ нэмүүлэх боломжтой гэсэн үг.
НЭГ КМ ЗАМЫН ӨРТӨГ НЬ ХАГАС САЯ ДОЛЛАР
Улаанбаатараас Чойр хүртэл давхиад шороон зам руу орлоо. Нийслэлээс гарахад сэрүүхэн байсан ч энд огт өөр юм. 30 хэмийн пүнхийсэн халуун агаар угтав. Замын ажил ид явагдаж байв. Үе үе зам барьж буй техникүүд, замын компанийн ажилтнууд таарна. Наад хэсгийн замыг хариуцсан Солонгосын “Халла” компанийн хувьд найман гүүр барьж байгаа аж. Хамгийн урт гүүр нь 60 м гэнэ. Цементээр бэхжүүлсэн суурийн ажил эхэлсэн хэсэгт түр саатав. Энэ замыг яг яаж, ямар процессоор барьж байгааг Мянганы сорилтын сангийн Авто замын төслийн захирал П.Батсайханаас сонирхлоо. Хамгийн эхнийх нь далангийн үе гэнэ. Нутаг орныхоо байгалийн тогтцоос шалтгаалаад зузаан нь янз бүр байдаг аж. 30 см-ын дэвсэлт хийгээд 20 см хүртэл нь индүүдэж нягтруулдаг байна. Стандартдаа хүрэн хүртэл ингэж давхарлаж, индүүддэг бололтой. Далангийн үе дуусангуут хөлдөлтөөс хамгаалах үе эхэлнэ. Бас л 30 см-ээр дэвсэнэ. Гэхдээ материал нь арай өөр аж. Нягтруулах процесын хувьд өмнөхтэйгөө адил юм байна. Дараа нь суурийн доод болон дээд үе тавигддаг гэнэ. Суурийн дээд үед цементээр бэхжүүлсэн суурийн технологийг ашиглаж байгаа аж. Өмнө нь манайд “Энержи ресурс” л Ухаа худагаас урагшаа чиглэлийн замыг ийм технологи ашиглан барьжээ. Ингэж барьсан зам илүү бат бөх болдог гэнэ. Цементээр бэхжүүлснийхээ дараа асфальтаар хучина. Асфальт тавьснаас хойш хоёр цагийн дараахнаас л машин явж болдог байна.
Замын төсөл дээр монгол, хятад, непал, дани, филлипин зэрэг найман орны хүмүүс ажиллаж байгаа аж. Зарим хэсгийн замыг плёнкоор бүрсэн нь содон харагдав. Нягтруулахын тулд чийгийг нь хадгалах ёстой, чийгийг нь хадгалахын тулд гялгар материалаар бүрэх учиртай гэнэ. Бидний замд замаа чийглэн ус цацаж яваа хэд хэдэн том усны машин таарсан. Нягтаршил сайтай зам барихын тулд их чийг хэрэгтэй учраас ийм арга хэрэглэдэг аж. Нэг км зам барих өртгийг нь дундажлаад тооцвол 400 гаруй мянга ам доллар. Монгол мөнгөнд шилжүүлбэл Чойр-Сайншандын чиглэлийн нэг км зам хагас тэрбум төгрөгөөс хол давсан өртгөөр босч байгаа аж. Зам чанаргүй байгаагийн бас нэг шалтгаан нь нэг км замд зарж буй мөнгө гэнэ. Гадны мэргэжилтнүүд ирж үнэлгээ хийхээрээ 400 мянган ам. долларыг бага гэж чамладаг байна. Манайх шиг цаг агаарын нөхцөлтэй Танзани, Мадагаскар зэрэг орнуудад нэг км замыг дор хаяж 800 мянган ам доллараар барьдаг аж.
П.Батсайхан захирал ” Автозамын салбарын үнийн тогтолцоог эргэж харах цаг болсон. Замын үндэсний компаниудаараа сайн зам бариулъя гэвэл өртгийг нь нэмэхээс өөр аргагүй. Өртөг нь бага учир компаниуд тоног төхөөрөмжийнхөө элэгдэл хорогдлыг нөхөж чаддаггүй. Засвар үйлчилгээгээ цагт нь хийж хүчирдэггүй. Шинэ тоног төхөөрөмж худалдан авах нь бүү хэл урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд явж байна. Бусад улс шиг өндөр өртгөөр барьж чаддаггүй юмаа гэхэд 500-600 мянган долларын хэмжээнд замаа барьдаг болчихвол манай компаниуд арван жилийн дараа аль ч зах зээл дээр очоод зам барих чадвартай болно. Энэ замын тендерийг зарлахад Монголын нэг ч компани шалгуур үзүүлэлт болох босгыг нь давж чадаагүй. Хятад, Солонгос, Турк, Орос, Италийн компаниуд тендерт оролцсон ч үнэ нь их өндөр байсан. Доод тал нь 800 мянгаас нэг сая долларын хэмжээг санал болгосон. Босгоо давсан, арай гайгүй үнэ санал болгосон нь энэ хоёр компани” гэж ярилаа.
ЗӨВЛӨХ КОМПАНИЙН АЖИЛТНУУДЫН 80 ХУВЬ НЬ МОНГОЛЧУУД
Замын ажил явагдаж байгаа газар бүрд цэнхэр, шар хосолсон өнгийн хувцастай хүмүүс харагдаж байлаа. Тэд хяналт тавьж буй зөвлөх компанийн инженерүүд гэнэ. Зөвлөх компанийнхан нягтаршил, материалын чанараас эхлээд бүх зүйлийг хянадаг аж. Хянаж байгаа багаж, лабораторийн хүчин чадал нь ч тодорхой стандарттай юм байна. Цөмийн энергийн эх үүсвэрээр ажилладаг багаж хүртэл байдаг гэнэ. Зарим бүтээгдэхүүнээ Улаанбаатар руу явуулж шинжлүүлдэг байна. Шаардлагатай үед гадаадад шинжлүүлэх тохиолдол ч гардаг бололтой. Төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх буюу, хяналт тавих байгууллагаар Данийн “Гронтмай Карлбро”, Энэтхэгийн “САИ инженеринг”, Монголын “Монконсалтинг”-ийн хамтарсан консорциум ажиллаж байна. Толгой компани нь Данийнх. Гэхдээ хяналт тавьж байгаа инженерүүдийн бараг 80 орчим хувь нь монголчууд гэсэн.
МОНГОЛЧУУД ТУСЛАХ АЖИЛ ХИЙДЭГ
Замын ажил эхэлж байгаа газраа тэг цэг гэдэг юм байна. Тэг цэгээс 45 км-т байрлах Солонгосын компанийн кэмп дээр ирлээ. Энд компанийн оффис, ажилчдын өрөө, гал тогоо, зөвлөхийн хэсэг байрладаг аж. Цэнхэр дээвэртэй цагаан өнгийн зөөврийн байшингуудын зохион байгуулалт нь эвтэйхэн, тохижилт, орчин нөхцөл нь давгүй санагдав. Замын ажил дуусахаар Монголын талд хүлээлгэн өгөх гэнэ. Замын нийт ажлынхаа хорь гаруй хувийг амжуулжээ. Эдний ажлыг 12 инженер хянаж ажилладаг гэнэ. Суурин инженер нь Филиппинээс, гүүрэн хоолойд хяналт тавих инженер нь Бангладешээс ирсэн аж.
Дараагийн үдэлсэн кэмп Хятадын “Жян Си” компанийнх. Солонгосын “Халла” зарим техникээ Монголоос түрээсэлсэн бол эднийх бүх техникээ урдаас оруулж иржээ. Голлох ажилчид нь хятадууд. Монголчуудын хувьд туслах ажил хийдэг аж. Бас гал тогоон дээр нутгийн бүсгүйчүүд ажилладаг юм байна. Айраг сумын иргэн Баясгалантай уулзлаа. 500 гаруй мянган төгрөгийн цалинтай гэнэ. Өглөөний зургаагаас оройны долоо хүртэл ажилладаг аж. “Суман дээр чинь төсвийн байгууллагынхнаас өөр ажилтай хүн байхгүй шүү дээ. Энд ажиллаад олсон мөнгө маань амьдралд давгүй хүрчихэж байна. Замын ажил өвөл болчихоор түр зогсдог. Ямар ч байсан 11 дүгээр сар хүртэл үргэлжилнэ гэсэн. Тэр хүртэл нь ажиллана даа” хэмээн ярив. Жан Ши компанийн ерөнхий инженер Сун “Нийтдээ 50 км-ын ажлыг гүйцэтгээд байна. Энэ жил 30 км-ын асфальт хучилттай замыг засч дуусгах төлөвлөгөөтэй байгаа” гэж ярив. Монголд баригдсан бусад замаас ялгарах нэг онцлог нь байгаль орчны асуудал нь замынхаа төсөлтэй хамт батлагджээ. Элс, хайрга, чулуугаа авахын тулд өмнө нь хэрэглэж байсан 28 ил уурхайг ашиглаж байгаа гэнэ. Төсөл дуусангуут ашигласан уурхайнуудаа нөхөн сэргээх аж.
ДОРНЫН ГОВЬД БАРИГДАЖ БУЙ ЗАМ АЗИ, ЕВРОПЫГ ХОЛБОНО
Чойр-Сайншандын замыг Солонгос, Хятадын компаниуд ирэх оны наймдугаар сарын 31-нд хүлээлгэж өгнө. Тэгэхээр энэ өдрөөс хойш урдаас наашаа тээвэр хийх хэцүү биш болох нь. Ганц урд хөрш биш цаашлаад Европтой холбогдох гарцыг ч энэ зам нээж өгч байгаа аж. Өөрөөр хэлбэл далайд гарцгүй Монгол дэлхийтэй энэ замаар холбогдох юм байна. Мянганы сорилтын корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберт ч “Энэ зам Монгол, Америкийн аль алинд нь ашигтай. Америкт зах зээлээ тэлэх боломж гарч ирж байна” хэмээн ярьж байсан. Чойр-Сайншандын зам Азийн AH4 гэдэг зам аж. Азийн хурдны замын дөрөвдүгээр үе гэсэн сүлжээнд оржээ.
Ц.БААСАНСҮРЭН
Short URL: http://sharmedee.mn/?p=14326
URL: