“Мөрөөдлийн усан оргилуур”-ын оронд 16 давхар үйлчилгээний төв сүндэрлэчихлээ

Чингэлтэй дүүргийн тав­ду­гаар хороо, Ялалтын тал­байн баруун талд хэдхэн сарын дотор асар том барил­га баригдчихав. Гэхдээ хууль бусаар.Энэ барилгын тухайд өн­гөр­­сөн оны 10 дугаар сараас эхлэн шуугиан тарь­сан.

Хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр ч хангалттай бичиж, иргэд, оршин суугчид хотын удирд­­лагуудад удаа дараа албан бичиг хүргүүлсэн боловч жишим ч хийлгүй бай­саар өдий хүрсэн юм.Тухайн үед нийтийн эзэмш­лийн талбайд сүн­дэр­­лэж буй энэ барил­гын асууд­лаар хотын удирд­ла­гуудын амнаас үг унагах гээд хүчрээгүй. Харин өнгөр­сөн сард Улаанбаатар хотын удирдлагууд бүрэн бүрэл­дэхүүнээрээ шинэч­лэгд­сэн тул хууль бусаар, эзлэн түрэмгийлэн баригдаж бай­гаа энэ мэт барилгын асууд­лыг нухацтай авч хэлэлцэнэ байх хэмээн улаанбаатарчууд найдаж байна.

Хүмүүсийн ярьж байгаа­гаар 16 давхар бүхий үйлчилгээний зориулалттай энэ барилгыг “Түмэн занги” гэх компанийн захиалгаар “D&N” гэдэг компани гүйцэтгэж байгаа гэнэ.“Тэнгис” кино театрын урдах энэ газарт эхэндээ “Мөрөөдлийн усан оргилуур” гэсэн самбар өлгөж байсан санагдана. Гурван давхар өндөр, Монголд анх удаа ийм том усан оргилууртай болох нь гэж найдсан улаанбаатарчууд халимны дүрс бүхий хуучин усан оргилуурыг нь нурааж эхлэхэд хэл ам хийсэнгүй.Гэтэл өнгөрсөн оны 10 дугаар сарын нэгнээс эхлэн “Мөрөөдлийн усан оргилуур” гэсэн самбараа буулгачихаад дулааны шу­гам ухаад эхэлчихэв.

Гай­хаж ядсан үйлчилгээний байгууллагынхан, иргэд жаал тээнэгэлзсэн боловч том усан оргилуур барихад ингэж нүх ухах шаардлагатай гэсэн барилгачдын үгэнд хууртаж орхижээ. Ингээд арваадхан хоногийн дараа гэнэтхэн барилгын суурь цутгаж, эхлэхэд нь “Мөрөөдлийн усан оргилуур” гэсэн самба­раар хуурч, барилга барьж байгааг нь мэдсэн байна.Иймээс “Тэнгис” кино театрын ажилтнууд, ойр орчмын албан байгууллагынхан нийтийн эзэмшлийн талбайг эзлэн түрэмгийлсэн барилгын ажилчдын ажилд саад хийн эсэргүүцжээ.

Гэвч сүүлийн үед барилгын компаниудад уламжлал болоод буй хамгаалагч нараар сүрдүүлж, хөөж туудаг аргыг ашиглаж, хүчээр барилгаа барьчихаад байгаа нь энэ аж.Тус газарт 2007 онд барилга барих захирамж гарсан ч хөрөнгө оруулалт хийгдээгүйн улмаас газрын эрх авсан компани нь “Түмэн занги” ХХК-д зарсан сурагтай. Одоогоор газрын зөвшөөрөл нь Колъя овогтой Пүрэв гэдэг хүний нэр дээр байдаг аж. Хамгийн гол нь “Түмэн занги” ХХК барилгаа барихдаа К.Пүрэвийн эзэмшлийн кадастрын зурагнаас 3-4 дахин том хэмжээнд буюу нийтийн эзэмшлийн талбай дээр барьчихаад байна.

Уг нь “Тэнгис” кино театрын удирдлагуудын зүгээс энэ газарт “Хайрын цэцэрлэгт хүрээлэн” барих зөвшөөрлийг хүссэн боловч, “Нийтийн эзэмшлийн талбайд цэцэрлэг ч барьж болохгүй” гээд зөвшөөрөл олгоогүй аж. Гэтэл удалгүй нийтийн эзэмшлийн талбайг “Түмэн занги” ХХК худалдан авч, усан оргилуур ч биш бүхэл бүтэн 16 давхар үйлчилгээний барилга барьчихав.Мэдээж барилгынх нь эргэн тойронд автомашины зогсоол байхгүй, тохижилт ч хийгдэх боломжгүй. Хууль дүрэмд зааснаар аж ахуйн нэгжүүд үйлчилгээний төв барихдаа зөвшөөрөл авсан талбайн 70 хувьд нь барилга барьж, 30 хувьд нь орчны тохижуулалт хийх ёстой байдаг аж.

Гэтэл “Түмэн занги” ХХК автомашины зогсоол барьж, тохижилт хийх нь байтугай кадастарт бүртгэлтэй газраа хэд хэд нугалан томруулчихаад байна. “Мөрөөдлийн усан оргилуур” барина хэмээн зөвшөөрөл авчихаад улайм цайм үйлчилгээний төв барьчихаж байгаа энэ компанид гаднах тохи­жилтын асууд­лыг зөрчих бол инээдэм биз. Ийм л бүрэн эрх дархтай нэг барилга хотын төвд баригдсаар байна.Улаан­баатар бол залуу­сын хот.

Гэвч үнэндээ залуу­чууд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар даанч хомс. Бай­гаа ганц, хоёр кино театрыг нь энэ мэт хөрөнгөтэй компаниуд хаалга үүдийг нь дарчихаад сүүлдээ кино үзэх ч газаргүй болох нь. Мэдээж барилга үйл­­­­­чил­гээний зориу­лалттай учраас баар, сав нээгдэх нь тодор­хой. Өөрөөр хэлбэл, үзвэрийн газрыг хааж, оронд нь баар сав барьж байна.Хамгийн гол нь энэ зөвхөн “Тэнгис” кино театрын асуудал биш. Барилгын компаниуд хэрхэн даварч, хотын хууль дүрмийг юу болгож байдгийн өчүүхэн жишээ юм.

Тиймээс улаанбаатарчууд бид хүнээ, иргэнээ гэсэн чин сэтгэл өвөрлөж шинэ Улаанбаатарыг бий болгохын төлөө ханцуй шамлан ажилдаа орж байгаа хотын шинэхэн удирдлагуудад найдах л үлдлээ.Эрч хүчээр дүүрэн шинэ удирдлагууд маань нийтийн эзэмшлийн талбайг дээрэмдчихээд буй “Түмэн занги” ХХК-ийн асуудалд хэрхэн анхаарал хандуулах бол оо. Магадгүй энэ асуудал “Ардын баатар”-ын тэргүүлсэн хотын удирдлагуудын ирэх дөрвөн жилд хийж бүтээх нүсэр ажлын өнгийг тодорхойлох ч юм бил үү, хэн мэдлээ.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих