“Мөрөөдлийн усан оргилуур”-ын оронд 16 давхар үйлчилгээний төв сүндэрлэчихлээ
Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, Ялалтын талбайн баруун талд хэдхэн сарын дотор асар том барилга баригдчихав. Гэхдээ хууль бусаар.Энэ барилгын тухайд өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн шуугиан тарьсан.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч хангалттай бичиж, иргэд, оршин суугчид хотын удирдлагуудад удаа дараа албан бичиг хүргүүлсэн боловч жишим ч хийлгүй байсаар өдий хүрсэн юм.Тухайн үед нийтийн эзэмшлийн талбайд сүндэрлэж буй энэ барилгын асуудлаар хотын удирдлагуудын амнаас үг унагах гээд хүчрээгүй. Харин өнгөрсөн сард Улаанбаатар хотын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ шинэчлэгдсэн тул хууль бусаар, эзлэн түрэмгийлэн баригдаж байгаа энэ мэт барилгын асуудлыг нухацтай авч хэлэлцэнэ байх хэмээн улаанбаатарчууд найдаж байна.
Хүмүүсийн ярьж байгаагаар 16 давхар бүхий үйлчилгээний зориулалттай энэ барилгыг “Түмэн занги” гэх компанийн захиалгаар “D&N” гэдэг компани гүйцэтгэж байгаа гэнэ.“Тэнгис” кино театрын урдах энэ газарт эхэндээ “Мөрөөдлийн усан оргилуур” гэсэн самбар өлгөж байсан санагдана. Гурван давхар өндөр, Монголд анх удаа ийм том усан оргилууртай болох нь гэж найдсан улаанбаатарчууд халимны дүрс бүхий хуучин усан оргилуурыг нь нурааж эхлэхэд хэл ам хийсэнгүй.Гэтэл өнгөрсөн оны 10 дугаар сарын нэгнээс эхлэн “Мөрөөдлийн усан оргилуур” гэсэн самбараа буулгачихаад дулааны шугам ухаад эхэлчихэв.
Гайхаж ядсан үйлчилгээний байгууллагынхан, иргэд жаал тээнэгэлзсэн боловч том усан оргилуур барихад ингэж нүх ухах шаардлагатай гэсэн барилгачдын үгэнд хууртаж орхижээ. Ингээд арваадхан хоногийн дараа гэнэтхэн барилгын суурь цутгаж, эхлэхэд нь “Мөрөөдлийн усан оргилуур” гэсэн самбараар хуурч, барилга барьж байгааг нь мэдсэн байна.Иймээс “Тэнгис” кино театрын ажилтнууд, ойр орчмын албан байгууллагынхан нийтийн эзэмшлийн талбайг эзлэн түрэмгийлсэн барилгын ажилчдын ажилд саад хийн эсэргүүцжээ.
Гэвч сүүлийн үед барилгын компаниудад уламжлал болоод буй хамгаалагч нараар сүрдүүлж, хөөж туудаг аргыг ашиглаж, хүчээр барилгаа барьчихаад байгаа нь энэ аж.Тус газарт 2007 онд барилга барих захирамж гарсан ч хөрөнгө оруулалт хийгдээгүйн улмаас газрын эрх авсан компани нь “Түмэн занги” ХХК-д зарсан сурагтай. Одоогоор газрын зөвшөөрөл нь Колъя овогтой Пүрэв гэдэг хүний нэр дээр байдаг аж. Хамгийн гол нь “Түмэн занги” ХХК барилгаа барихдаа К.Пүрэвийн эзэмшлийн кадастрын зурагнаас 3-4 дахин том хэмжээнд буюу нийтийн эзэмшлийн талбай дээр барьчихаад байна.
Уг нь “Тэнгис” кино театрын удирдлагуудын зүгээс энэ газарт “Хайрын цэцэрлэгт хүрээлэн” барих зөвшөөрлийг хүссэн боловч, “Нийтийн эзэмшлийн талбайд цэцэрлэг ч барьж болохгүй” гээд зөвшөөрөл олгоогүй аж. Гэтэл удалгүй нийтийн эзэмшлийн талбайг “Түмэн занги” ХХК худалдан авч, усан оргилуур ч биш бүхэл бүтэн 16 давхар үйлчилгээний барилга барьчихав.Мэдээж барилгынх нь эргэн тойронд автомашины зогсоол байхгүй, тохижилт ч хийгдэх боломжгүй. Хууль дүрэмд зааснаар аж ахуйн нэгжүүд үйлчилгээний төв барихдаа зөвшөөрөл авсан талбайн 70 хувьд нь барилга барьж, 30 хувьд нь орчны тохижуулалт хийх ёстой байдаг аж.
Гэтэл “Түмэн занги” ХХК автомашины зогсоол барьж, тохижилт хийх нь байтугай кадастарт бүртгэлтэй газраа хэд хэд нугалан томруулчихаад байна. “Мөрөөдлийн усан оргилуур” барина хэмээн зөвшөөрөл авчихаад улайм цайм үйлчилгээний төв барьчихаж байгаа энэ компанид гаднах тохижилтын асуудлыг зөрчих бол инээдэм биз. Ийм л бүрэн эрх дархтай нэг барилга хотын төвд баригдсаар байна.Улаанбаатар бол залуусын хот.
Гэвч үнэндээ залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар даанч хомс. Байгаа ганц, хоёр кино театрыг нь энэ мэт хөрөнгөтэй компаниуд хаалга үүдийг нь дарчихаад сүүлдээ кино үзэх ч газаргүй болох нь. Мэдээж барилга үйлчилгээний зориулалттай учраас баар, сав нээгдэх нь тодорхой. Өөрөөр хэлбэл, үзвэрийн газрыг хааж, оронд нь баар сав барьж байна.Хамгийн гол нь энэ зөвхөн “Тэнгис” кино театрын асуудал биш. Барилгын компаниуд хэрхэн даварч, хотын хууль дүрмийг юу болгож байдгийн өчүүхэн жишээ юм.
Тиймээс улаанбаатарчууд бид хүнээ, иргэнээ гэсэн чин сэтгэл өвөрлөж шинэ Улаанбаатарыг бий болгохын төлөө ханцуй шамлан ажилдаа орж байгаа хотын шинэхэн удирдлагуудад найдах л үлдлээ.Эрч хүчээр дүүрэн шинэ удирдлагууд маань нийтийн эзэмшлийн талбайг дээрэмдчихээд буй “Түмэн занги” ХХК-ийн асуудалд хэрхэн анхаарал хандуулах бол оо. Магадгүй энэ асуудал “Ардын баатар”-ын тэргүүлсэн хотын удирдлагуудын ирэх дөрвөн жилд хийж бүтээх нүсэр ажлын өнгийг тодорхойлох ч юм бил үү, хэн мэдлээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: