УИХ-ын үйл ажиллагаа жигдэрч эхэллээ
УИХ-ын анхдугаар чуулган өчигдөр үдээс өмнө үргэлжлэн хуралдлаа. Хурлаар УИХ-ын бүтэц бүрэлдэхүүн, байнгын хороодыг байгуулах тухай тогтоолыг хэлэлцэв. Энэ удаагийн чуулганы хуралдаанд МАН-ын гишүүд мөн л ирсэнгүй. АН, “Шударга ёс” эвсэл, бие даагчид гэсэн субъектээс ирцийг бүрдүүлж дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
УИХ-ын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх зорилготойгоор анхдугаар чуулган нээлтээ хийсэн даруйд Төрийн байгуулалтын байнгын хороог байгуулаад байсан. Тиймээс энэ өдөр нийт долоон байнгын хороог байгуулж, тогтоолыг баталсан юм. Өмнөх парламентийн хугацаанд УИХ нь нийт долоон байнгын хороотой ажиллаж байсан ч энэ парламентаас Өргөдөл гомдлын байнгын хороог нэмж бий болгосноор найман байнгын хороотой болж байгаа юм. Энэ тухай тайлбарыг хийж тогтоолыг УИХ-ын дарга З.Энхболд уншсаны дараа хуралдаанаар асуудлыг хэлэлцсэн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, санал тавих гишүүн байсангүй. Тиймээс Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн, Төсөв, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны, Эдийн засгийн, Аюулгүй байдал, гадаад бодлогын, Хууль зүйн, өргөдөл гомдлын байнгын хороог байгуулсан. Эдгээр байнгын хороод нь 14-16 гишүүнтэй байхаар тогтоол батлагдав. Харин УИХ дахь энэ удаагийн байнгын хороодын гишүүнчлэлд МАН-аас гишүүн оруулсангүй. Гэхдээ МАН-ынхныг УИХ-ын үйл ажиллагаанд оролцож эхлэхэд уг тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж байнгын хороодын гишүүнчлэлийг өөрчлөх боломж нь нээлттэй байгаа билээ. Ийн өчигдөр УИХ-ын бүтэц байнгын хороодыг байгуулснаар чуулганы хуралдаан завсарласан юм.
УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГЭЭС МЭДЭЭЛЭЛ ХИЙВ
Чуулганы хуралдаан дууссаны дараа өдрийн 11 цагийн орчимд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийв. Тэрээр УИХ-ын бүтэц бүрэлдэхүүнийг томилсныг дурдаад өнөөгийн улс төрийн үйл явцад АН-ын баримталж буй байр суурийг илэрхийлсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт МАН-ын зүгээс АН-ынханд зарим асуудлаар зөвшилцөх саналыг ирүүлсэн. Уг асуудалд дурдагдсан сонгуулийн санал хураалтыг гараар тоолж баталгаажуулах ажлыг хийж болно гэж үзсэн хариугаа МАН-ынханд хүргүүлсэн байна. Ингэхдээ иргэдийн дунд зарим тойргийн саналыг гараар тоолох хэрэгтэй юу гэсэн санал асуулга явуулсны үндсэн дээр дээрх ажлыг хийх болно гэж мэдэгдлээ. Мөн Өвөрхангайн тойрогт нэр дэвшигчдийн асуудлыг шуурхайлан шийдэх асуудлыг МАН-ын зүгээс хөндөөд байсан. Үүнд АН-ынхан шүүх, хуулийн байгууллагын шийдвэрт хөндлөнгөөс улс төрийн хүчин нөлөөлөх ёсгүй. Тиймээс асуудлыг хуулийн байгууллага шийдэх хугацаандаа шийдэх болно гэсэн байр суурьтай байгаагаа МАН-ын удирдлагуудад илэрхийлсэн байна. Энэ мэтээр МАН-ын ирүүлсэн саналын хариуг АН-аас өгч хоёр нам ерөнхийдөө ойлголцолд хүрээд байгаа юм байна.
Ингээд түүнийг мэдээлэл хийж дууссаны дараа түүнээс Н.Энхбаяр даргад ял оноосон нь хамтарсан Засгийн газар байгуулагдах асуудалд нөлөөлж байгаа гэх яриа гараад байна гэж сэтгүүлчид асуухад дараахь хариултыг өгсөн юм. “Сүүлийн үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой асуудлаар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл байр сууриа идэвхтэй илэрхийлж байгаа. АН-ын байр суурь юу вэ гэхээр УИХ бол хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага. Шүүх бол өөрийн Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх мэдлийг хэрэгжүүлдэг тусдаа байгууллага. Шүүхийн үйл ажиллагаанд улс төрийн намууд, олон нийтийн байгууллагууд оролцож болохгүй гэсэн Үндсэн хуулийн хатуу зарчмыг баримтлах ёстой. Гэхдээ Монгол Улсад өмнө гарч байсан улс төрийн хэлмэгдүүлэлт дахин гарах ёсгүй. Ардчилал, хэлмэгдүүлэлт хоёр зохицож болохгүй гэдэг дээр АН байтугай Монголын олон нийт санал нэгдэх байх гэж үзэж байна” хэмээв.
МАН-ЫНХАН УИХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАСАЛДУУЛАХГҮЙ ГЭЛЭЭ
АН-ын бүлгээс мэдээлэл хийж байх явцад МАН-ын бүлэг хуралдаж эхлээд байв. Ингээд 12.30 цагт бүлгийн хуралдаан дуусч бүлгийн дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар хурлын талаарх намынхаа байр суурийг илэрхийлсэн юм.
МАН-ынхан энэ өдөр УИХ-ын түвшинд зөвшилцөх ажлын хэсгийн мэдээллийг сонссон байв. Ажлын хэсгийн мэдээлэлд дурдсанаар “УИХ-ын олонхийн бүлэг, МАН-аас ирүүлсэн зөвшилцөх саналын нэгийг нь хүлээж авсан” гэдгийг дуулгасан байна. Энэ нь сонгуулийн санал хураалтын дүнг гараар тоолж баталгаажуулан МАН-ынхны эргэлзээг тайлах явдал аж. Ер нь ганц энэ асуудал төдийгүй бусад зөвшилцөх саналд АН-аас нааштай хариу ирүүлж байгааг энэ үеэр бүлгийн дарга мэдээлэв. Тэрээр нэмж хэлэхдээ “МАН-ын бүлэг УИХ, төрийн үйл ажиллагааг тасалдуулалгүй үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Манай нам УИХ-ын чуулганы хуралдаан жигдрэх үед, зарим тодорхойгүй асуудал цэгцрэхээр хуралдаандаа оролцоод явна. Манай намын бүлэг албан ёсоор байгуулагдсан. Тэгэхээр одоо зөвхөн улс төрийн өрнөлийг харзнах хэрэгтэй болж байна. Эндээс хамгийн гол нь чуулганы хуралдаан хуулийн дагуу явах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Байнгын хороодыг байгуулсан асуудлын тухайд, тэр тусмаа УИХ-ын түвшинд хийж байгаа зохион байгуулалтын ажлууд нь хэдхэн хүнд зориулсан ажил болж хувираад байна. Наад зах нь урт хугацааны туршид байнгын хороод ямар байх ёстой юм, үйл ажиллагаа нь яаж явах ёстой юм, ирц нь ямар байх ёстой вэ гэдгийг бодолцох ёстой. Гэвч байнгын хороодын ирцийн тоог бууруулсан нь цаашдаа муу үр дагавар дагуулж мэдэхээр байна. Тухайлбал, байнгын хороодын гишүүдийн тоог доод тал нь 10 байхаар зааж өгсөн гэсэн. Энэ бол бага тоо. Ард түмнээс санал авч сонгогдсон 76 гишүүн УИХ-д байхад байнгын хорооны түвшинд дөрвөн гишүүнтэйгээр асуудал шийдээд явахыг ямар үндэслэлээр хэний эрх ашгийг илэрхийлсэн шийдвэрүүд болно гэж үзэх вэ гэх мэт олон асуудлууд бий” хэмээж байв.
Мэдээллийн дараа “Тэгвэл танай нам яг хэдийнээс УИХ-ын үйл ажиллагаанд оролцоно гэсэн үг вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр “Нөхцөл байдлыг харж байна. Бүх асуудлаа оруулаад ирэг. Засгийн газраа байгуулж, Ерөнхий сайдынхаа нэрийг оруулчихаг. Энэ бүхнийг ажиглаад бид хуралдаандаа оролцох болно” гэсэн хариултыг өгсөн.
БАЙНГЫН ХОРООДЫН ДАРГА НАРЫН НЭРИЙГ ДЭВШҮҮЛЭВ
Ингээд үдийн хэрд хэсэг завсарласан улс төр өдрийн 15 цагийн орчимд дахин өрнөлөө. Хэд хэдэн байнгын хорооны хурал давхар товлогдож байнгын хороодын дарга нарыг томилох тухай асуудал яригдав. Хамгийн эхлээд төсвийн байнгын хороо 100 хувийн ирцтэйгээр хуралдаанаа эхлүүлж бие даагч гишүүн Ц.Даваасүрэнг даргаараа ажиллуулах хүсэлтэй байгаагаа уламжилж, уг асуудлыг хэлэлцсэн юм. Байнгын хороогоор хэлэлцэж буй асуудалд санал хэлэх гишүүн байсангүй. Тиймээс УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг Төсвийн байнгын хорооны даргаар сонгоё гэсэн томьёоллоор санал хураалт явуулсан. Тэгэхэд байнгын хорооны гишүүд дэмжсэн учир уг асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанд оруулж хэлэлцэхээр болсон юм.
Үүний дараа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо даргаа сонгохоор хуралдсан юм. Ирц бүрдэж хурал эхлэхэд хуралдааныг даргалагч гишүүн С.Дэмбэрэл байнгын хорооны даргаар Б.Гарамгайбаатарыг ажиллуулах саналыг оруулсан юм. Хуралдаан даргалагчийн оруулсан саналаас татгалзах гишүүн байгаагүй учир шууд санал хураалт явуулж байнгын хорооны даргаар Ц.Даваасүрэнг томилохоор болж УИХ-д уг саналаа хүргүүлсэн.
Ингээд эцэст нь Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод хуралдаж даргаа томилох асуудлыг хэлэлцэв. Хуралдааны дүнгээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад Г.Баярсайхан гишүүний нэрийг дэвшүүлж дэмжсэн юм. Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ц.Цолмонг ажиллуулах нь зүйтэй гэж байнгын хорооны гишүүд үзсэн учир УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон.
БАЙНГЫН ХОРООДЫН ДАРГА НАРЫГ ТОМИЛОВ
Ингээд энэ өдрийн 17 цаг гэхэд дөрвөн байнгын хороо хуралдаж амжсан учир УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааныг зарлалаа. Чуулганаар дээрх байнгын хороодын дарга нарыг томилох тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Тогтоолын төсөлтэй холбоотой үг хэлэх гишүүн хуралдааны явцад гарсангүй. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд зарим байнгын хорооны даргыг томилох тухай тогтоолыг танилцуулж санал хураав. Тэгэхэд тогтоолын төслийг эсэргүүцэх гишүүн байгаагүй учир батлагдаж байнгын хороодын дарга нар албан ёсоор томилогдсон юм.
Л.МӨНХТӨР
URL: