УИХ-ын үйл ажиллагаа жигдэрч эхэллээ

БАЙНГЫН ХОРООДЫГ БАЙГУУЛЛАА

УИХ-ын анхдугаар чуул­ган өчигдөр үдээс өмнө үргэлжлэн хуралд­лаа. Хурлаар УИХ-ын бүтэц бүрэлдэхүүн, байн­гын хороодыг байгуулах тухай тогтоолыг хэлэлцэв. Энэ удаагийн чуулганы хуралдаанд МАН-ын ги­шүүд мөн л ирсэнгүй. АН, “Шударга ёс” эвсэл, бие даагчид гэсэн субъектээс ирцийг бүрдүүлж дээрх асуудлыг хэлэлцэн шийд­вэрлэсэн юм.

УИХ-ын ажлыг тас­ралт­гүй үргэлж­лүү­лэх зо­рилготойгоор анхдугаар чуулган нээл­тээ хийсэн даруйд Төрийн байгуу­лалтын байнгын хороог байгуулаад бай­сан. Тий­мээс энэ өдөр нийт до­лоон байнгын хо­роог бай­гуулж, тогтоолыг ба­тал­сан юм. Өмнөх пар­ла­­ментийн хугацаанд УИХ нь нийт долоон байн­­гын хороо­той ажил­лаж бай­сан ч энэ пар­ла­ментаас Өргө­дөл гомд­лын байн­гын хо­роог нэмж бий бол­гос­ноор най­ман байнгын хороо­той болж байгаа юм. Энэ тухай тайлбарыг хийж тогтоолыг УИХ-ын дарга З.Энхболд унш­саны дараа хуралдаа­наар асуудлыг хэлэлцсэн.

Хэлэлцэж буй асуу­далтай холбогдуулан үг хэлж, санал тавих гишүүн байсангүй. Тиймээс  Бай­галь орчин, хүнс хөдөө аж ахуйн, Төсөв, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны, Эдийн засгийн, Аюулгүй байдал, гадаад бодлогын, Хууль зүйн, өргөдөл гомдлын байнгын хороог бай­гуул­сан. Эдгээр байнгын хо­роод нь 14-16 гишүүнтэй байхаар тогтоол бат­лаг­дав. Харин УИХ дахь энэ удаагийн байнгын хороо­дын гишүүнчлэлд МАН-аас гишүүн оруулсангүй. Гэхдээ МАН-ынхныг УИХ-ын үйл ажиллагаанд орол­цож эхлэхэд уг тог­тоолд нэмэлт, өөрчлөлт оруулж байнгын хороо­дын гишүүнчлэлийг өөрч­лөх боломж нь нээлттэй байгаа билээ. Ийн өчиг­дөр УИХ-ын бүтэц байн­гын хороодыг байгуулс­наар чуулганы хурал­даан зав­сарласан юм.

УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГЭЭС МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

Чуулганы хуралдаан дууссаны дараа өдрийн 11 цагийн орчимд АН-ын бүлгийн дарга Д.Эр­дэнэбат мэдээлэл хийв. Тэрээр УИХ-ын бүтэц бү­рэлдэхүүнийг томилсныг дурдаад өнөөгийн улс төрийн үйл явцад АН-ын баримталж буй байр суу­рийг илэрхийлсэн юм.

Өнгөрсөн долоо хо­ногт МАН-ын зүгээс АН-ынханд зарим асуудлаар зөвшилцөх саналыг ирүүл­сэн. Уг асуудалд дурдагдсан сонгуулийн санал хураалтыг гараар тоолж баталгаажуулах ажлыг хийж болно гэж үзсэн хариугаа МАН-ын­ханд хүргүүлсэн байна. Ингэхдээ иргэдийн дунд зарим тойргийн саналыг гараар тоолох хэрэгтэй юу гэсэн санал асуулга явуулсны үндсэн дээр дээрх ажлыг хийх болно гэж мэдэгдлээ. Мөн Өвөр­хангайн тойрогт нэр дэв­шигчдийн асуудлыг шуур­хайлан шийдэх асууд­лыг МАН-ын зүгээс хөндөөд байсан. Үүнд АН-ынхан шүүх, хуулийн байгууллагын шийдвэрт хөндлөнгөөс улс төрийн хүчин нөлөөлөх ёсгүй. Тиймээс асуудлыг хуу­лийн байгууллага ший­дэх хугацаандаа шийдэх болно гэсэн байр суурь­тай байгаагаа МАН-ын удирдлагуудад илэр­хийл­сэн байна. Энэ мэ­тээр МАН-ын ирүүлсэн саналын хариуг АН-аас өгч хоёр нам ерөнхийдөө ойлголцолд хүрээд бай­гаа юм байна.

Ингээд түүнийг мэдээ­лэл хийж дууссаны дараа түүнээс Н.Энхбаяр дар­гад ял оноосон нь хам­тарсан Засгийн газар байгуулагдах асуудалд нөлөөлж байгаа гэх яриа гараад байна гэж сэт­гүүлчид асуухад дараахь хариултыг өгсөн юм. “Сүү­лийн үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хол­боо­той асуудлаар МАХН-МҮАН-ын “Шу­дарга ёс” эвсэл байр сууриа идэвх­тэй илэр­хийлж байгаа. АН-ын байр суурь юу вэ гэхээр УИХ бол хууль тогтоох эрх мэдлийг хэ­рэг­жүүлдэг байгууллага. Шүүх бол өөрийн Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх мэд­лийг хэрэгжүүлдэг тусдаа байгууллага. Шүү­хийн үйл ажиллагаанд улс тө­рийн намууд, олон ний­тийн байгууллагууд орол­цож болохгүй гэсэн Үнд­сэн хуулийн хатуу зарч­мыг баримтлах ёс­той. Гэхдээ Монгол Улсад өмнө гарч байсан улс тө­рийн хэлмэгдүүлэлт дахин гарах ёсгүй. Ардчи­лал, хэлмэг­дүүлэлт хоёр зохи­цож бо­лохгүй гэдэг дээр АН байтугай Мон­го­лын олон нийт санал нэг­дэх байх гэж үзэж байна” хэ­мээв.

МАН-ЫНХАН УИХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАСАЛДУУЛАХГҮЙ ГЭЛЭЭ

АН-ын бүлгээс мэ­дээ­лэл хийж байх явцад МАН-ын бүлэг хуралдаж эхлээд байв. Ингээд 12.30 цагт бүлгийн хуралдаан дуусч бүлгийн дарга Н.Энх­болд, УИХ-ын ги­шүүн С.Бямбацогт нар хурлын талаарх намын­хаа байр суурийг илэр­хийлсэн юм.

МАН-ынхан энэ өдөр УИХ-ын түвшинд зөв­шилцөх ажлын хэсгийн мэдээллийг сонссон байв. Ажлын хэсгийн мэдээ­лэлд дурдсанаар “УИХ-ын олонхийн бүлэг, МАН-аас ирүүлсэн зөвшилцөх саналын нэгийг нь хүлээж авсан” гэдгийг дуулгасан байна. Энэ нь сонгуулийн санал хураалтын дүнг гараар тоолж баталгаа­жуулан МАН-ынхны эр­гэл­зээг тайлах явдал аж. Ер нь ганц энэ асуудал төдийгүй бусад зөвшил­цөх саналд АН-аас нааш­тай хариу ирүүлж бай­гааг энэ үеэр бүлгийн дарга мэдээлэв. Тэрээр нэмж хэлэхдээ “МАН-ын бүлэг УИХ, төрийн үйл ажил­лагааг тасал­дуу­лал­гүй үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Манай нам УИХ-ын чуулганы ху­рал­даан жигдрэх үед, зарим тодорхойгүй асуу­дал цэгц­рэхээр хурал­даандаа орол­цоод явна. Манай намын бүлэг ал­бан ёсоор байгуулагд­сан. Тэгэхээр одоо зөвхөн улс төрийн өрнөлийг харз­нах хэрэг­тэй болж байна. Эндээс хамгийн гол нь чуулганы хурал­даан хуулийн дагуу явах ёстой гэсэн байр суурь­тай байгаа. Байн­гын хо­роодыг байгуулсан асууд­лын тухайд, тэр тус­маа УИХ-ын түвшинд хийж байгаа зохион бай­гуулалтын ажлууд нь хэд­хэн хүнд зориулсан ажил болж хувираад байна. Наад зах нь урт хуга­цааны туршид байнгын хороод ямар байх ёстой юм, үйл ажиллагаа нь яаж явах ёстой юм, ирц нь ямар байх ёстой вэ гэд­гийг бодолцох ёстой. Гэвч байнгын хороодын ир­цийн тоог бууруулсан нь цаашдаа муу үр дагавар дагуулж мэдэхээр байна. Тухайлбал, байнгын хо­роодын гишүүдийн тоог доод тал нь 10 байхаар зааж өгсөн гэсэн. Энэ бол бага тоо. Ард түмнээс санал авч сонгогдсон 76 гишүүн УИХ-д байхад байнгын хорооны түв­шинд дөрвөн гишүүнтэй­гээр асуудал шийдээд явахыг ямар үндэслэлээр хэний эрх ашгийг илэр­хийлсэн шийдвэрүүд болно гэж үзэх вэ гэх мэт олон асуудлууд бий” хэ­мээж байв.

Мэдээллийн дараа “Тэгвэл танай нам яг хэ­дийнээс УИХ-ын үйл ажил­лагаанд оролцоно гэсэн үг вэ” гэсэн сэт­гүүлчийн асуултад тэрээр “Нөхцөл байд­лыг харж байна. Бүх асууд­лаа оруулаад ирэг. Засгийн газраа байгуулж, Ерөнхий сайдынхаа нэ­рийг оруулчихаг. Энэ бүх­нийг ажиглаад бид ху­ралдаандаа оролцох бол­но” гэсэн хариултыг өгсөн.

БАЙНГЫН ХОРООДЫН ДАРГА НАРЫН НЭРИЙГ ДЭВШҮҮЛЭВ

Ингээд үдийн хэрд хэсэг завсарласан улс төр өдрийн 15 цагийн ор­чимд дахин өрнөлөө. Хэд хэдэн байнгын хорооны хурал давхар товлогдож байнгын хороодын дарга нарыг томилох тухай асуу­­­дал яригдав. Хам­гийн эхлээд төсвийн байн­гын хороо 100 хувийн ирцтэйгээр хуралдаанаа эхлүүлж бие даагч гишүүн Ц.Да­ваа­сү­рэнг даргаа­раа ажил­луу­лах хүсэлтэй байгаагаа уламжилж, уг асуудлыг хэлэлцсэн юм. Байнгын хороогоор хэ­лэл­цэж буй асуудалд са­нал хэлэх гишүүн бай­сангүй. Тий­мээс УИХ-ын гишүүн Ц.Да­ваасүрэнг Төсвийн байнгын хо­рооны дар­гаар сонгоё гэсэн томьёол­лоор санал ху­раалт явуулсан. Тэгэхэд байнгын хорооны гишүүд дэмжсэн учир уг асуудлыг УИХ-ын чуулганы ху­рал­даанд оруулж хэлэл­цэ­хээр болсон юм.

Үүний дараа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо даргаа сонгохоор хуралдсан юм. Ирц бүр­дэж хурал эхлэхэд ху­ралдааныг даргалагч ги­шүүн С.Дэмбэрэл байн­гын хорооны даргаар Б.Га­­рамгайбаатарыг ажил­луулах саналыг оруул­­сан юм. Хуралдаан даргалагчийн оруулсан саналаас татгалзах ги­шүүн байгаагүй учир шууд санал хураалт явуулж байнгын хорооны даргаар Ц.Даваасүрэнг томилохоор болж УИХ-д уг саналаа хүргүүлсэн.

Ингээд эцэст нь Бай­галь орчин, хүнс, хөдөө, аж ахуйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод хурал­даж даргаа томилох асууд­лыг хэлэлцэв. Ху­рал­дааны дүнгээр Бай­галь орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хо­рооны даргад Г.Баяр­сайхан гишүүний нэрийг дэвшүүлж дэмжсэн юм. Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байн­гын хорооны даргаар Ц.Цолмонг ажиллуулах нь зүйтэй гэж байнгын хорооны гишүүд үзсэн учир УИХ-аар хэлэл­цүү­лэхээр болсон.

БАЙНГЫН ХОРООДЫН ДАРГА НАРЫГ ТОМИЛОВ

Ингээд энэ өдрийн 17 цаг гэхэд дөрвөн байн­гын хороо хуралдаж амж­сан учир УИХ-ын нэгд­сэн чуулганы хурал­дааныг зарлалаа. Чуул­ганаар дээрх байнгын хороодын дарга нарыг томилох тухай тогтоо­лын төслийг хэлэлцсэн. Тогтоолын төсөлтэй хол­боотой үг хэлэх гишүүн хуралдааны явцад гар­сангүй. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд зарим байнгын хорооны даргыг томилох тухай тогтоолыг танилцуулж санал ху­раав. Тэгэхэд тогтоолын төслийг эсэргүүцэх ги­шүүн байгаагүй учир бат­лагдаж байнгын хороо­дын дарга нар албан ёсоор томилогдсон юм.

Л.МӨНХТӨР



URL:

Сэтгэгдэл бичих