“Шударга ёс” эвслийнхэн хамтарсан Засгийн газарт орохоо албан ёсоор мэдэгдэв
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс өчигдөр албан ёсны мэдэгдэл гаргалаа. Сүүлийн үед МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялласантай холбоотойгоор тус эвслийг хамтарсан Засгийн газарт орохгүй гэсэн мэдээлэл цацагдаад байсан билээ. Тэгвэл “Шударга ёс” эвслийнхэн уг асуудлын талаар албан ёсны байр сууриа ийн илэрхийлсэн юм. Энэхүү мэдэгдэлд гурван зүйлийг дурдсан бөгөөд агуулга нь хамтарсан Засгийн газарт орох тухай шийдвэр хэвээр гэдгийг нотолсон байна.
Тухайлбал, “Тус эвсэл нь ард түмнийхээ сонголтоор төр барилцах үүрэг хүлээсэн хариуцлагатай улс төрийн хүчний хувьд нийгмийн шударга ёсыг тогтоож, баялагтаа эзэн суух нөхцөлийг хангасан, ард иргэддээ үйлчилдэг сайн засаглалыг бэхжүүлэх үүргээ гүнээ ухамсарлан, цаашид Монголын төр, засгийг эмхлэн байгуулахад бусад улс төрийн хүчинтэй нягт хамтран ажиллах болно гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна” хэмээсэн байна.
Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбогдолтой хэргийг хянан шийдвэрлэхдээ хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хууль ёсны дагуу үнэн зөв шийдвэрлэх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Т.ГЭРЭЛ
URL: