Газрын тосны тухай хууль хөгжлийн тушаа болсон уу?

Газрын тосны тухай хууль хөгжлийн тушаа болсон гэнэ. Энэ нь үндэсний хэм­жээний аж ахуйн нэгжид газрын тос

хайх, ашиглах компани байхгүйтэй хол­боотой гар­гасан яриа ч байж болох юм. Сүүлийн жилдүүдэд хайгуул, олборлолтын ажил Хятадын төрийн өмчийн компанийн мэдэлд очсоноос хойш хөрөнгө оруулалт нь эрс өссөнийг хаа хаанаа ярьцгаадаг.

Мэдээж Үндэсний Аюул­гүй Байдлын Зөвлөл ший­­­дэж, ЭБЭХЯ, Газрын тосны газар хэрэгжүүлнэ. Газрын тос­­ны тухай хуулинд чухам­­даа энэ л байгууллага газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг төлөвлөж, Монголын төрийг төлөөлж байгуулах, бас хяналтыг нь “зөвхөн” дангаараа тавих эрхтэй гажиг хууль тогтоцтой гэд­гийг шүүмжлэх хүн олон гарах болсон. Өөрөөр хэлбэл, ардчилсан тодотголтой хэр­нээ энэ салбарын эрх мэдэл нь хэсэг бүлэг хүмүүст үйлч­лээд байна гэсэн хардлага дагуулах үүднээс дээрх тайл­барыг хийхэд хүргэсэн бололтой.

Нөгөө талаар “Монгол Улсад газрын тос илэрдэг ч хайгуул хийхэд дотоодын хэрэгцээг хангах хэмжээгээр олдохгүй байна. Үйлдвэр барьсан тохиолдолд түүхий тос импортлоход хүрнэ” гэж холбогдох албаныхан ярьдаг. Гэтэл хувийн хэвшлийн шатахуун импортлогч бус компанийн төлөөллүүд “Газ­рын тосны нөөц хангалт­тай бий. Энэ салбарт хамгийн гол тулгамдаад буй асуудал нь хууль эрх зүйн орчин бүрхэг байгаа явдал. Өнөөгийн газрын тосны салбарт ба­римталж буй хууль журам л хөгжлийн тушаа болж байна” хэмээдэг.

Аль аль нь өөрсдийн эрх ашгийн үндсэн дээр хийж буй тайлбар.

Тэр ч утгаараа алт, зэс, нүүрс зэрэг баялгаа олборлоод баяжсан, балар­сан улсын тооны харьцаа ойролцоо байдгийг дэлхий нийтийн жишгээс харж болно.

Харин газрын тосоо эргэлтэд оруулж, түүхийгээр нь гаргах бус ямар нэгэн хэмжээгээр боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь улс орны хөгжлийн замыг нээдэг жамтай. Хэдийгээр газрын тосны нөөц хангалтгүй ч өөрсдийн боломжоороо үйлдвэрлэл явуулах нь инфляци, үнийн хэт хөөрөгдөлд орохгүй. Жирийн иргэдийн авч буй цалин нь хүртээмжтэй байж жинхэнэ тусгаар улс шиг хөгжих боломж бүрддэг.

Нэгэн сонирхолтой ба­римтыг сөхөхөд монгол­чуудыг бензин шатахуундаа хэр их мөнгө зарцуулж байгааг хөндлөнгийн суд­лаачид гаргасан байдаг. Тухайлбал, ХБНГУ-ын Фрай­бергийн Техникийн их сургууль-Уул уурхайн ака­демид судалгааны ажил хийж байгаа докто­рант Д.Алтанцэцэгийн судал­гаагаар Монгол Улс 2010 онд 866 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг 700 орчим сая ам.доллараар худалдан авсан бол 2011 онд нэг сая орчим тонн газрын тосны бүтээгдэхүүнийг 1,16 тэрбум ам.доллараар импортолжээ.

Ийнхүү сүүлийн жилүү­дэд түлш шатахууны эрэлт хэрэгцээний байнгын өсөл­тийг юун түрүүнд авто тээврийн хэрэгслийн тоо огцом өссөнтэй холбон тайлбарлаж болно. Түүнээс гадна уул уурхай ба хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаатай холбогдон түлш, шатахуун тэр дундаа дизель түлшний хэрэглээ огцом нэмэгдэж байна. Тиймээс газрын тосны боловсруулах үйлдвэрийг төлөвлөхдөө гарах бүтээг­дэхүүний томоохон хувь нь дизель түлшинд ногдох байдлаар зах зээлийн ирээ­дүйн хэрэгцээнд тохи­руулах нь зүйд нийцнэ.

Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэг­лээ цаашид жилд 10 хувийн өсөлттэй байх, түүнчлэн боловсруулах үйлдвэр ойрол­­­цоогоор 40 жилийн хуга­цаанд ажиллана гэж үзвэл үйлдвэрийн хүчин чадлын доод хэмжээ жилд 2,5 сая тонн байх тооцоог гаргасан байдаг.

Мэдээж газрын тос боловсруулах үйлдвэр бай­гуулахад түүхийн эдийн найдвартай эх үүсвэртэй байх нь нэн чухал. Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуулын 30 талбай байгаагаас өнөөд­рийн байдлаар 18 тал­байд Бүтээгдэхүүн хуваах гэрээ­ний дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагааг явуулдаг. Эдгээрээс Зүүн­баян, Цагаан-Элс, Тосон-Уул, Тамсагийн ордуудын нөөц тогтоогдож, 15 талбайд хайгуулын үйл ажиллагаа явагдаж байна.

Газрын тосны газраас гаргасан мэдээллээс хара­хад одоогийн байдлаар газрын тосны баталгаат, магадлалтай, боломжит нөө­цийн хэмжээ 870 гаруй сая тонн, үүнээс баталгаат нөөцийн хэмжээ энэ оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд нийт 332,6 сая тонноор тогтоогдоод байна. Дээрх талбайн нөөцийн хэмжээ цаашид ч нэмэгдэх боломжтой гэдгийг судлаачид хэлдэг.

Нэгэн цагт дэлхийн хоёрдугаар дайны үед Гер­­­манд анх гаргаж хэрэглэж байсан нүүрсийг шингэрүүлэх тухай манайхан хоёр жилийн өмнөөс л ярьж эхэллээ.

Одоогийн байдлаар 160-аад тэрбум тонн нөөц нь тогтоогдоод байгаа гэж үзвэл манай улсын хувьд шатахууны ямар их түүхий эд байгаа нь харагдаж байна. Гэвч бид он удаан жил эдийн засгийн хараат байдалд байсаар байгаа нь ямар ч хүнд тун ойлгомжгүй санагддаг.

Магадгүй эрх мэдэлтнүүд 2016 онд өөрсдийн үйлд­вэртэй болно хэмээн ам бардан хэлж байгаа. Үнэн л байх болтугай.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих