Газрын тосны тухай хууль хөгжлийн тушаа болсон уу?
Газрын тосны тухай хууль хөгжлийн тушаа болсон гэнэ. Энэ нь үндэсний хэмжээний аж ахуйн нэгжид газрын тос
хайх, ашиглах компани байхгүйтэй холбоотой гаргасан яриа ч байж болох юм. Сүүлийн жилдүүдэд хайгуул, олборлолтын ажил Хятадын төрийн өмчийн компанийн мэдэлд очсоноос хойш хөрөнгө оруулалт нь эрс өссөнийг хаа хаанаа ярьцгаадаг.
Мэдээж Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл шийдэж, ЭБЭХЯ, Газрын тосны газар хэрэгжүүлнэ. Газрын тосны тухай хуулинд чухамдаа энэ л байгууллага газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг төлөвлөж, Монголын төрийг төлөөлж байгуулах, бас хяналтыг нь “зөвхөн” дангаараа тавих эрхтэй гажиг хууль тогтоцтой гэдгийг шүүмжлэх хүн олон гарах болсон. Өөрөөр хэлбэл, ардчилсан тодотголтой хэрнээ энэ салбарын эрх мэдэл нь хэсэг бүлэг хүмүүст үйлчлээд байна гэсэн хардлага дагуулах үүднээс дээрх тайлбарыг хийхэд хүргэсэн бололтой.
Нөгөө талаар “Монгол Улсад газрын тос илэрдэг ч хайгуул хийхэд дотоодын хэрэгцээг хангах хэмжээгээр олдохгүй байна. Үйлдвэр барьсан тохиолдолд түүхий тос импортлоход хүрнэ” гэж холбогдох албаныхан ярьдаг. Гэтэл хувийн хэвшлийн шатахуун импортлогч бус компанийн төлөөллүүд “Газрын тосны нөөц хангалттай бий. Энэ салбарт хамгийн гол тулгамдаад буй асуудал нь хууль эрх зүйн орчин бүрхэг байгаа явдал. Өнөөгийн газрын тосны салбарт баримталж буй хууль журам л хөгжлийн тушаа болж байна” хэмээдэг.
Аль аль нь өөрсдийн эрх ашгийн үндсэн дээр хийж буй тайлбар.
Тэр ч утгаараа алт, зэс, нүүрс зэрэг баялгаа олборлоод баяжсан, баларсан улсын тооны харьцаа ойролцоо байдгийг дэлхий нийтийн жишгээс харж болно.
Харин газрын тосоо эргэлтэд оруулж, түүхийгээр нь гаргах бус ямар нэгэн хэмжээгээр боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь улс орны хөгжлийн замыг нээдэг жамтай. Хэдийгээр газрын тосны нөөц хангалтгүй ч өөрсдийн боломжоороо үйлдвэрлэл явуулах нь инфляци, үнийн хэт хөөрөгдөлд орохгүй. Жирийн иргэдийн авч буй цалин нь хүртээмжтэй байж жинхэнэ тусгаар улс шиг хөгжих боломж бүрддэг.
Нэгэн сонирхолтой баримтыг сөхөхөд монголчуудыг бензин шатахуундаа хэр их мөнгө зарцуулж байгааг хөндлөнгийн судлаачид гаргасан байдаг. Тухайлбал, ХБНГУ-ын Фрайбергийн Техникийн их сургууль-Уул уурхайн академид судалгааны ажил хийж байгаа докторант Д.Алтанцэцэгийн судалгаагаар Монгол Улс 2010 онд 866 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг 700 орчим сая ам.доллараар худалдан авсан бол 2011 онд нэг сая орчим тонн газрын тосны бүтээгдэхүүнийг 1,16 тэрбум ам.доллараар импортолжээ.
Ийнхүү сүүлийн жилүүдэд түлш шатахууны эрэлт хэрэгцээний байнгын өсөлтийг юун түрүүнд авто тээврийн хэрэгслийн тоо огцом өссөнтэй холбон тайлбарлаж болно. Түүнээс гадна уул уурхай ба хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаатай холбогдон түлш, шатахуун тэр дундаа дизель түлшний хэрэглээ огцом нэмэгдэж байна. Тиймээс газрын тосны боловсруулах үйлдвэрийг төлөвлөхдөө гарах бүтээгдэхүүний томоохон хувь нь дизель түлшинд ногдох байдлаар зах зээлийн ирээдүйн хэрэгцээнд тохируулах нь зүйд нийцнэ.
Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ цаашид жилд 10 хувийн өсөлттэй байх, түүнчлэн боловсруулах үйлдвэр ойролцоогоор 40 жилийн хугацаанд ажиллана гэж үзвэл үйлдвэрийн хүчин чадлын доод хэмжээ жилд 2,5 сая тонн байх тооцоог гаргасан байдаг.
Мэдээж газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад түүхийн эдийн найдвартай эх үүсвэртэй байх нь нэн чухал. Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуулын 30 талбай байгаагаас өнөөдрийн байдлаар 18 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагааг явуулдаг. Эдгээрээс Зүүнбаян, Цагаан-Элс, Тосон-Уул, Тамсагийн ордуудын нөөц тогтоогдож, 15 талбайд хайгуулын үйл ажиллагаа явагдаж байна.
Газрын тосны газраас гаргасан мэдээллээс харахад одоогийн байдлаар газрын тосны баталгаат, магадлалтай, боломжит нөөцийн хэмжээ 870 гаруй сая тонн, үүнээс баталгаат нөөцийн хэмжээ энэ оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд нийт 332,6 сая тонноор тогтоогдоод байна. Дээрх талбайн нөөцийн хэмжээ цаашид ч нэмэгдэх боломжтой гэдгийг судлаачид хэлдэг.
Нэгэн цагт дэлхийн хоёрдугаар дайны үед Германд анх гаргаж хэрэглэж байсан нүүрсийг шингэрүүлэх тухай манайхан хоёр жилийн өмнөөс л ярьж эхэллээ.
Одоогийн байдлаар 160-аад тэрбум тонн нөөц нь тогтоогдоод байгаа гэж үзвэл манай улсын хувьд шатахууны ямар их түүхий эд байгаа нь харагдаж байна. Гэвч бид он удаан жил эдийн засгийн хараат байдалд байсаар байгаа нь ямар ч хүнд тун ойлгомжгүй санагддаг.
Магадгүй эрх мэдэлтнүүд 2016 онд өөрсдийн үйлдвэртэй болно хэмээн ам бардан хэлж байгаа. Үнэн л байх болтугай.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: