Н.Энхбаярыг таван үндэслэлээр яллажээ
МАХН-ын дарга Н.Энхбаяр, “Улаанбаатар таймс” сонины Ерөнхий эрхлэгч асан До.Чулуунбаатар, Нийслэлийн өмчийн харилцааны газар (НӨХГ)-ын орлогч дарга Д.Дуламсүрэн болон “Helon Company Ltd”, “Great global international” гэх компанийн захирал Ж.Мягмаржаргал нарыг шүүх хурал өчигдөр товлосон цагтаа эхэллээ.
Н.Энхбаярын өмгөөлөгч уржигдар Сүхбаатар дүүргийн шүүхэд хуралд гэрч, хохирогч, шинжээч оруулах хүсэлт гаргасан талаар манай сонин мэдээлсэн. Нэгэнт ийм хүсэлт гаргасан, оруулахыг хүссэн гэрчүүдийн олонхи нь эзгүй байгаа учраас шүүх хурал хойшилно гэсэн найдвар шүүгдэгч талынханд байгаа нь ажиглагдаж байв. С.Нарангэрэл өмгөөлөгчийг шүүхийн гадна ирэхэд МАХН-ын гишүүд “Нэртэй хуульчийн зангараг гэж өөр юм. С.Нарангэрэл өмгөөлөгчийг хараад Е.Сагсай прокурорын царай сонин болж байна лээ. Энэ хүн даргыг ялуулна шүү” гэж шүтсэн байдалтай ярьцгааж байв. Мөн тэд С.Нарангэрэл өмгөөлөгчид амжилт хүсч зарим нь гар барихаар ухасхийж ч байгаа нь харагдсан.
Энэ удаад МАХН-ын гишүүд, дэмжигчид цөөн харагдсан. УИХ-ын гишүүн Л.Цог, З.Баянсэлэнгэ, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, Н.Энхбаярын хүү Э.Батшугар, туслах Т.Тулга нар иржээ. Н.Энхбаяр шүүх танхим руу орохдоо хашааны гадна байсан цөөн хүн рүү гараа даллаад орлоо. Дэмжигчид нь хурлыг хойшилно гэж итгэсэн үү, “Та ялна” гэж сүртэй орилж ч сонсогдоогүй.
Шүүх танхимд УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил, “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины газарт үнэлгээ хийсэн шинжээчид ирсэн байлаа.
ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАХ ХЭД, ХЭДЭН ҮНДЭСЛЭЛ ГАРГАВ
Шүүх хурлын эхэнд Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл “Шүүх надад хавтаст хэрэгтэй танилцах найман хоногийн боломж олгосон. Хавтаст хэрэгтэй танилцахад нэр бүхий гэрч, шинжээч, хохирогчийг хуралд зайлшгүй оруулах шаардлагатай байна. Тухайлбал, Д.Чойжамц хамбыг АТГ-аас хоёр удаа албадан ирүүлэх тогтоол гаргаж айлгаж, сүрдүүлсэн. Тиймээс ч хамба маань маш их айдастай мэдүүлэг өгсөн. Энэ хэрэгт хамба хамгийн гол гэрч. Заавал оролцох ёстой хүн” гэсэн юм. Мөн телевизийн тоног төхөөрөмж оруулж ирэх татвар төлсөн Ц.Баатарсайхан, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нарын арав гаруй гэрч, шинжээч, хохирогчдыг шүүх хуралд ирүүлэх хүсэлтийг гаргасан.
Шүүх хурлыг Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж шүүгчээр С.Оюунчимэг, М.Алдар нар оролцсон. Шүүх бүрэлдэхүүн завсарласны дараа өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авах боломжгүй гээд хурлыг үргэлжлүүлсэн юм. Гэвч өмгөөлөгч С.Нарангэрэл Нийслэлийн орлогч прокурор Е.Сагсайг шүүгдэгчийн эсрэг хувийн сонирхолтой гэж татгалзах хүсэлтээ илэрхийлэв. Түүний үзэж байгаагаар Е.Сагсай иргэдийн мэдээллийн мөрөөр гэх нэрийдлээр Н.Энхбаярыг мөрдөн мөшгисөн, УИХ-ын сонгуульд оруулахгүйн тулд Сүхбаатар дүүргийн шүүхэд нэр дэвшигчээс хасуулах асуудал тавьсан гэнэ. Үүнийг Е.Сагсай “Н.Энхбаяр гэдэг хүнийг Төрийн өндөр албан тушаал эрхэлж байсан гэдэг утгаар эчнээ танихаас хувийн ашиг сонирхол байхгүй. Доод шатны прокурорын хэрэгсэхгүй болгосон хэргийг дээд шатных нь прокурор сэргээх нь хуулиар олгогдсон эрх. Намайг хасах эсэхийг шүүх шийднэ” гэв. Ингээд шүүх хурал дахин завсарлаж Е.Сагсай прокурорыг шүүх бүрэлдэхүүнээс хасах эсэхийг хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн Е.Сагсайг бүрэлдэхүүнээс хасах хуулийн үндэслэлгүй гээд хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсний дараа С.Нарангэрэл өмгөөлөгч дахиад босоод ирэв. С.Соёмбо-Эрдэнэ шүүгч шүүгдэгчээс биеийн байцаалт авахаар босгочихсон байсан учраас “Та яах гэж байна вэ” гэж ахмад хуульч руу гайхсан байдалтай харахад “Одоо танаас татгалзах гэж байна” гээд бэлтгэсэн хүсэлт уншив. Н.Энхбаярыг баривчилсны дараа суллаагүй, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг анхаарах прокурорын бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд дамжуулсан учраас С.Соёмбо-Эрдэнэ шүүгч хувийн сонирхолтой гэж үзэгдэж байгааг тэр тайлбарласан. Ингээд С.Соёмбо-Эрдэнэ шүүгч танхимыг орхиж шүүгч М.Алдар, С.Оюунчимэг хоёр өмгөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэхээр дахин хурал завсарлалаа. Шүүхийн гадна байсан хүмүүсийн дунд “С.Нарангэрэл өмгөөлөгч хурлыг хойшлуулах олон аргатай ирснээ хэрэгжүүлж байна” гэх яриа ч гарч байв.
Гэвч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж аваагүй учраас С.Соёмбо-Эрдэнэ шүүгч хурлыг үргэлжлүүлэн даргалахаар боллоо. Гэрчээр оролцохоор ирсэн Ц.Мөнх-Оргил танхимыг орхиж, шинжээчид болон сэтгүүлчид үлдсэн юм.
Өмгөөлөгчид, улсын яллагчид хавтаст хэргээс шинэчлэн судлуулах баримтуудаа зааж өгсний дараа яллагч яллах дүгнэлтээ уншиж танилцууллаа. Яллах дүгнэлтэд Н.Энхбаярыг нийтдээ таван асуудлаар яллаж байгаа аж. Бусад шүүгдэгчдийн хувьд дээрх асуудлуудад нь бүлэглэж оролцсон байв.
“ТЕЛЕВИЗЭЭ ӨГӨӨД МӨНГӨӨ АВ“
Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг АТГ, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгажээ. Түүний бусадтай бүлэглэн үйлдсэн гэх таван хэргийн тухайд яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтуудыг тоймлон хүргэе.
ТВ9 телевизийг хувьдаа завшсан гэх хэрэг. Н.Энхбаяр УИХ дахь цөөнхийн бүлгийн даргаар ажиллаж байх үедээ 2000 оны хоёрдугаар сард Япон Улсын Киото хотод төвтэй буддын шашны “Агоши” байгууллагын галын ёслолын арга хэмжээнд Д.Чойжамц хамбатай оролцжээ. Тэр үеэр Японы талаас Монгол Улсад бурхны шашныг хөгжүүлэх, сүсэгтэн олонд сурталчлахад нь зориулж 119 сая төгрөгийн үнэтэй телевизийн тоног төхөөрөмж хандивласан аж. Гэтэл уг тоног төхөөрөмжийг Н.Энхбаяр хувьдаа завшиж, ТВ9 телевизийг байгуулан Гандантэгчинлэн хийдэд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагджээ. Үүнийг Д.Чойжамц хамбын өгсөн “Бидний хувьд Монголоос явахдаа л телевизтэй болох юм байна гэсэн бодол байсан. Н.Энхбаяр “Та, бид хоёрт өгсөн” гэж ярьж байсан” гэсэн мэдүүлгээр нотолж байгаа аж. Мөн бусад гэрчийн мэдүүлэгт Д.Чойжамц хамба “Гандантэгчинлэн хийд маань телевизтэй болох нь” гэж ярьж байсан нь сүүлд өөр болчихлоо. “Н.Энхбаяр “Нэг бол телевизээ аваад мөнгө өг, эсвэл мөнгө аваад телевизээ өг” гэж дарамталж байна” гэж хамба надад ярьсан гэх гэрчийн мэдүүлгийг ч нотлох баримт болгожээ.
МИАТ-ийн онгоцоор ном ачуулсан гэх хэрэг. Н.Энхбаяр өөрийн бичсэн номоо БНСУ-д хэвлүүлсэн байна. Улмаар номоо төрийн өмчит МИАТ компанийн онгоцоор үнэгүй ачуулж 30 сая 454 мянган төгрөгийн хохирол учруулсан хэрэгт мөн яллагдсан. Үүнийг ТӨХ-ны дарга асан Д.Сугарын “Ерөнхийлөгч өөрийнхөө бичсэн номыг борлуулахад дэмжиж туслаач гэсэн. Үүний дагуу МИАТ-ийн захиралд тээвэрлэлтийн асуудалд тусал гэсэн байх. Одоо санахгүй байна” гэсэн мэдүүлгийг нотлох баримт болгожээ. Мөн МИАТ-ийн ажилтнууд Ерөнхийлөгчийн ном гэж гурван контейнер ачаа явсан. Үүнийг илүү тээшээр тооцсон. Тэр үед нэг кг илүү тээшний үнэ 8000 вон байсан гэх утгатай мэдүүлгүүдээр нотолж байгаа гэв.
“Өргөө“ зочид буудлын хууль бус хувьчлал. Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, ИТХ-ын дарга Н.Болормаа, НӨХГ-ын орлогч дарга Д.Дуламсүрэн нартай бүлэглэн “Өргөө” НӨҮГ-ыг сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Хар-Дун” компанид 75 хувь, нийслэлд 25 хувиар хамтарсан компани байгуулсан. Ингэснээр 453 сая төгрөгийн эд хөрөнгийг үнэгүйдүүлж, үрэгдүүлсэн хэрэгт ялласан. “Хар дун” компанийн захирал Т.Хуяг нь Н.Энхбаярын шадар туслах Т.Тулгын төрсөн ах аж. “Өргөө”-г шилжүүлж авснаас хойш төд удалгүй Н.Энхбаярын хүү Э.Батшугар “Хар дун” компанийг өөрийнхөө “Ремиф” компанидаа шилжүүлж авчээ. Хожим “Ремиф” компани хөрөнгөө Н.Энхбаярын нэр дээр байдаг “Скон” компанид шилжүүлсэн аж.
“Эрдэнэт“ үйлдвэрт ганбөмбөлөг шилжүүлсэн гэх хэрэг. БНХАУ-д бүртгэлтэй “Helon Company Ltd”, “Great global international” гэх компанийн захирал Ж.Мягмаржаргал “Эрдэнэт” үйлдвэртэй ганбөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулжээ. Харин Н.Энхбаяр “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Х.Наранхүү рүү ярьж “Мягмаржаргал гэдэг хүн очно. Гайгүй хүн, сайн бизнесмен. Дэмжээд өгөөрэй” гэсэн гэнэ. Ингээд Ж.Мягмаржаргалыг “Эрдэнэт” үйлдвэрийнхэн “Ерөнхийлөгчийн хүн” гэж харьцаж байснаа мэдүүлжээ. Ж.Мягмаржаргал ч “Би Ерөнхийлөгчийн хүн. Та нарын албан тушаалтай ярьж чадна” гэх мэтийн авир гаргаж гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байсныг гэрчүүд мэдүүлжээ. Гэрээгээ биелүүлээгүйгээс “Эрдэнэт” үйлдвэрт гурван тэрбум 930 сая төгрөгийн хохирол учруулсан. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ганбөмбөлөгийн бэлдэц захиалах гэрээ байгуулснаа зөрчсөн гэнэ.
“Улаанбаатар таймс“ сонины хувьчлалын гэх хэрэг. Улаанбаатар хотын захирагч асан Т.Билэгт, сэтгүүлч До.Чулуунбаатар нар Н.Энхбаяртай бүлэглэн бизнес төлөвлөгөөгөө хэрэгжүүлээгүй, аудитын шалгалт оруулаагүй байхад менежментийн багт “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар хувьчилсан гэх хэрэгт Н.Энхбаяр, До.Чулуунбаатар нарыг яллажээ. Менежментийн багт Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн “Медиа холдинг” компани хөрөнгө оруулж хувьчилж авчээ. Дараа нь тус компани Н.Энхбаярын “Скон” компанид нэгдсэнээрээ Н.Энхбаяртай холбогдож байгаа аж.
Дээрх үндэслэлүүдээр Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Д.Дуламсүрэн, Ж.Мягмаржаргал нарыг Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-т зааснаар яллажээ. Мөн Ж.Мягмаржаргал гурван ч удаа мөрийтэй тоглоом тоглосон нь нотлогдсон учраас нэмээд Эрүүгийн хуулийн 243.2-т зааснаар ялласнаа танилцуулсан.
Н.ЭНХБАЯР: ИЙМ УТГАГҮЙ ЮМААР ШҮҮГДЭНЭ ГЭЖ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХДАА БОДСОНГҮЙ
Яллах дүгнэлт танилцуулсны дараа шүүгдэгчид мэдүүлэг өглөө. Н.Энхбаяр “Шүүх хурлыг монголчуудаас гадна гадаад ертөнц харж байгаа. Гадаад ертөнц Монгол Улсыг шударга шүүхтэй эсэхийг харж, дүгнэлт хийнэ. Энэ шүүх хурал олон хүний амьдралд нөлөөлнө. Би шүүхээс ял авбал олон хүн шүүгдэхээс айдаг болно. Тиймээс шинэ цагийг эхлүүлээрэй гэж даалгавар өгсөн гэж найдаж байна. Шударга ёсоор цангасан ард түмний сэтгэлийг дэвтээе гэж найдаж байна. Хүн хэлмэгдүүлэх, хувь заяагаар тоглох амархан. Гэхдээ ингэх нь олон хүний зовлон дээр давс цацсантай адил болно. Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа ийм утгагүй юмаар шүүгдэнэ гэж бодсонгүй. Буруу зүйл хийгээгүй байхад ял тулгаж байгаа бол 2,7 сая хүн эсэргүүцнэ гэдгийг хэлье.
“ТВ9″ телевизийн тухайд ярья. Би 1982 онд лам багштай болсон. Үйлийн үр гэдгийг мэднэ. Бусдын юмыг дундаас нь хулгайлж болохгүй гэдгийг багшаасаа сурсан. Өнгөрсөн хугацаанд бурхан шашныг дэлгэрүүлэхийн төлөө ихийг хийсэн. Чой хамба бид хоёрт буддын шашныг дэлгэрүүлээрэй гэж Японы “Агоши” байгууллага телевизийн тоног төхөөрөмж өгсөн. Бид хоёрын дунд өгсөн. Гандантэгчинлэн хийд эсвэл МАХН-д өгөөгүй шүү. Төхөөрөмжөө онгоцны буудал дээр буулгахад бид хоёрын хэн ч гаалийн татвар төлж чадаагүй. Ингээд “Таван богд” компанийн захирал Ц.Баатарсайхан гаалийн татвар төлсөн. Гэсэн ч телевиз байгуулах асуудалтай байна, чадахгүй гэсэн. Ингэж байтал Ц.Мөнх-Оргил “Надад телевизийн эрх байгаа” гэхээр нь “Хамба бид хоёрт бэлэглэсэн юм аа. Чи хамбатай уулзаарай” гэсэн. Ц.Мөнх-Оргил хамбад зохих хувийг нь өгөх санал тавьсныг хүлээн зөвшөөрсөн юм билээ. Ингээд ТВ9 гэдэг шударга үнэний дуу хоолой болсон телевиз байгуулагдсан. Би Гандантэгчинлэн хийдээс ширхэг хадаас ч хулгайлахгүй.
Номоо МИАТ-ийн онгоцоор ачуулсан гэж яллаж байна. Хоёр өөр номны талаар яриад байгаагаа АТГ, прокурор ялгахгүй байна уу. Би 2005 онд УИХ-ын дарга байхдаа найман боть ном бичсэн. Үүнийг Загдын Түмэнжаргал, До.Чулуунбаатар нар дэмжиж ажилласан. Ингээд З.Түмэнжаргал агсан ном хэвлэх асуудлыг хариуцаж БНСУ-д хэвлүүлэхээр болсон. Солонгосын тал хэвлэлтийн болон наашаа ачих зардлыг хариуцах гэрээ байгуулсан. Ингээд 2005 онд төмөр замаар ачиж Монголд авчирсан. Ном ирсний дараа борлуулах асуудлыг До.Чулуунбаатар хариуцсан.
Харин 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны ойгоор гадаадын улс орнуудын удирдагчдын ил захидлыг эмхэтгэж “Их Монгол Улс” гэдэг ном хийх саналыг би гаргасан. Номын зардлыг Засгийн газар хариуцсан. Тэр номыг МИАТ-ийн онгоцоор авчирсан юм байна.
“Өргөө” зочид буудлын хувьчлалд намайг холбоотой гэж байна. “Өргөө” надад ямар ч хамаагүй. Т.Хуяг гэдэг хүн “Хар дун” компани байгуулж, “Өргөө”-г өөд нь татсан юм байна гэж ойлгосон. Гэтэл тэр компанийг миний хүүгийн “Ремиф” компанийн охин компани гэж ойлгосон юм шиг байна. “Хар дун” компанийг “Ремиф”-тэй нэгтгэсэн гэх гарын үсэг нь Э.Батшугарынх биш гэдгийг шинжээчид тогтоочихсон.
Т.Хуяг нь миний туслах Т.Тулгын ах юм байна. Миний дэргэд байсан хүний ах дүү ямар нэг юм хийхээр буруутгадаг хууль байна уу.
“Улаанбаатар таймс” сонины тухайд Л.Сэргэлэн гэдэг хүнтэй би уулзаж байгаагүй. Хөвсгөлд аялал жуулчлал хөгжүүлэх гээд явж байхад нэг бүдүүн залуу үйлчлээд байсан нь Сэргэлэн юм билээ. Түүнээс хойш тэр хүнийг хараагүй. Гэтэл намайг сүрхий гүтгэсэн байна лээ. Н.Энхбаяр Д. Чулуунбаатарын ард байгаа. Тийм учраас холбоотой гэж дүгнэсэн байна. Д.Чулуунбаатар “Медиа холдинг” компаниас мөнгө зээлсэн нь намайг буруутгах үндэслэл болжээ. Тэр компани нь манай дүүгийн нэр дээр байдаг. Тэр компани хэнд мөнгө зээлж яаж ажиллахыг би яаж мэдэх юм бэ.
“Скон” гэдэг компанийн тухай би 2009 онд байгуулсан. Стратегийн зөвлөгөө өгөх компани юм. Тэр үед Т.Тулга маань гадаадад сурмаар байна, дэмжээч гэхээр нь дэмжиж АНУ-д хоёр жил сурах санхүүгийн асуудлыг хариуцсан. Т.Тулга “Би Монголд байхгүй юм чинь компанийнхаа хувьцааг танд өгье” гэсний дагуу миний компанид шилжсэн. Би “Скон” компанийнхаа охин компани болох “Эс Си Майнинг” компани байгуулсан. Уул уурхайн том компани болгохын тулд дүү, гэр бүлийнхнийхээ компанийг нэгтгэсэн. Ингээд тусгай зөвшөөрөл авах гэтэл АМГ-ын дарга Д.Батхуяг “С.Баяр дарга танд тусгай зөвшөөрөл өгч болохгүй гэсэн. Таныг дэмжихийг хориглосон” гэсэн. Тиймээс энэ асуудлаар шүүхэд хандаж, гурван шатны шүүх надад тусгай зөвшөөрөл өгөх ёстой гэсэн шийдвэр гаргасан байдаг. Гэвч Д.Батхуяг надад зөвшөөрөл өгөөгүй. Нэгэнт улс төрийн зорилгоор намайг бизнес эхлүүлэхгүй байгаа учраас гэр бүлийнхнийхээ компанийг буцааж өгөөд МАХН-аа байгуулж дахин улс төрд орсон.
“Эрдэнэт”-ийн ганбөмбөлөг гэж юу яриад байгааг ойлгохгүй юм. Юун ганбөмбөлөг вэ. Би “Эрдэнэт”-ийн захиралтай ганбөмбөлөг яриад байх завтай гэж үү. Харин миний нэрийг барьж ярьсан, Х.Наранхүү надтай холбоотой мэтээр ойлгосон байхыг үгүйсгэхгүй” гэв.
Д.ДУЛАМСҮРЭН: “ӨРГӨӨ“-ГӨӨС НИЙСЛЭЛ ХОЖСОН
Шүүгдэгч Д.Дуламсүрэн “Би төрд 21 жил ажиллаж байна. Энэ бол бидний өдөр тутмын ажлын нэг. Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Өргөө”-гийн хувьчлал хууль ёсных болсон гэдгийг захиргааны шүүх тогтоосон. “Өргөө” НӨҮГ дөрвөн жил ашиггүй ажилласан. Тиймээс хувьчлалын асуудал бол Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудал. Сонгон шалгаруулалт явуулах ёсгүй. 2006 онд “Өргөө” НӨҮГ-т үнэлгээ хийлгэхэд 235 сая төгрөгийн эд хөрөнгөтэй байсан. Харин бид 25 хувийг нь л 468 сая төгрөгөөр үнэлж, 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг “Хар дун” компаниар хийлгэсэн. Харин ч нийслэлд ашигтай бизнесийн түншлэл хийсэн. Хэн хохирчихоод байгаа юм бэ” гэв.
ДО.ЧУЛУУНБААТАР: АЖИЛ НЬ НУРСАН ГАЗРЫГ ӨӨД ТАТАХ Л ГЭЖ БАГТ ОРСОН
Сэтгүүлч До.Чулуунбаатар “Би идэр залуу наснаасаа хэвлэл мэдээлэл, утга зохиол, соёлын салбарт ажиллаж ирсэн. Би гэнэт гарч ирээд “Улаанбаатар таймс” сонины эрхлэгч болоогүй. Тухайн үед тэр сонины харанхуй өрөөнд үйл ажиллагаа явуулдаг, цалингаа тавьж чаддаггүй хэцүү байсан. Сэтгүүлчид нь ч намайг эрхлэгч болооч гэсэн санал тавьдаг байлаа. Нурсан газрыг өөд нь татахыг хүссэндээ л багт орсон. Гэтэл сониныг авсны дараа миний бодож байснаас долоон дор байдал угтсан. Зөвхөн нийгмийн даатгалд 70 сая төгрөгийн өртэй байгууллага байсан. Би тэнд хоёр, гурван жил бүхий л энергиэ зориулж ажилласан. Хөрөнгө оруулах олон ч хүнтэй уулзсан. Ингээд хөрөнгө оруулагч олж сонин ч хувьчлагдаж өнгө төрх нь өөрчлөгдөх үеэс Л.Сэргэлэн гэдэг хүн гарч ирсэн. Тэр хүн хөрөнгө оруулсан гэж шүүхэд хандсанаар би өнгөрсөн онд гурван сар хоригдлоо. Одоо ажилгүй, нэр хүндгүй хохирсон байдалтай байна” хэмээв.
Ж.МЯГМАРЖАРГАЛ: БИ ”ЭРДЭНЭТ“-ЭЭС АВЛАГАТАЙ БАЙСАН
Шүүгдэгч Ж.Мягмаржаргал “Манай компани “Эрдэнэт” үйлдвэртэй 1993 оноос хойш хамтарч ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд бүх л үйл ажиллагаа гэрээний дагуу явагдаж байсан. Мөнгө төгрөгийн байтугай чанарын асуудал гарч байгаагүй. 2006 оноос миний бие муудаж гадаадад эмчилгээ хийлгэсэн. Гадаадад байхад буюу 2008 онд тооцооны алдагдал гарч, хуулийн байгууллага шалгаж эхэлсэн. Гэрээний хугацаа дуусаагүй байхад дараагийн гэрээ байгуулсан гэх асуудал байхгүй. Харин ч манайх авлагатай байсан” гэв.
Шүүгдэгчид мэдүүлгээ өгсний дараа шүүгч, яллагч, өмгөөлөгчид тэднээс асуулт асуулаа. Асуулт, хариулт хоёр цаг шахам үргэлжилсний дараа хохирогчид мэдүүлэг өгснөөр шүүх хурал өнөөдрийг хүртэл завсарлав.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН
URL: