Н.Энхбаярыг таван үндэслэлээр яллажээ

-ТҮҮНИЙГ ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ-

МАХН-ын дарга Н.Энх­­баяр, “Улаан­баа­тар таймс” сонины Ерөн­хий эрхлэгч асан До.Чу­луун­баатар, Нийс­лэлийн өмчийн харил­цаа­ны га­зар (НӨХГ)-ын орлогч дарга Д.Дулам­сүрэн бо­лон “Helon Com­pany Ltd”, “Great global international” гэх компа­нийн захирал Ж.Мягмар­жаргал нарыг шүүх хурал өчигдөр тов­лосон цагтаа эхэллээ.

Н.Энхбаярын өмгөө­лөгч уржигдар Сүхбаатар дүүргийн шүүхэд хуралд гэрч, хохирогч, шинжээч оруулах хүсэлт гаргасан талаар манай сонин мэ­дээл­сэн. Нэгэнт ийм хү­сэлт гаргасан, оруу­лахыг хүссэн гэрчүүдийн олонхи нь эзгүй байгаа учраас шүүх хурал хой­шилно гэсэн найдвар шүүгдэгч талынханд байгаа нь ажиг­лагдаж байв. С.На­ран­­гэрэл өмгөөлөгчийг шүүхийн гадна ирэхэд МАХН-ын гишүүд “Нэртэй хуульчийн зангараг гэж өөр юм. С.Нарангэрэл өмгөө­лөгчийг хараад Е.Саг­сай прокурорын царай сонин болж байна лээ. Энэ хүн даргыг ялуул­на шүү” гэж шүтсэн бай­дал­тай ярьцгааж байв. Мөн тэд С.Нарангэрэл өмгөөлөгчид амжилт хүсч зарим нь гар барихаар ухасхийж ч байгаа нь харагдсан.

Энэ удаад МАХН-ын гишүүд, дэмжигчид цөөн харагдсан. УИХ-ын ги­шүүн Л.Цог, З.Баян­сэлэнгэ, МАХН-ын Ерөн­хий нарийн бичгийн дарга Н.Удвал, Н.Энх­баярын хүү Э.Батшугар, туслах Т.Тулга нар иржээ. Н.Энхбаяр шүүх танхим руу орохдоо хашааны гадна байсан цөөн хүн рүү гараа даллаад орлоо. Дэмжигчид нь хур­лыг хой­шилно гэж итгэ­сэн үү, “Та ялна” гэж сүр­тэй орилж ч сонсогдоо­гүй.

Шүүх танхимд УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Ор­гил, “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины газарт үнэлгээ хийсэн шинжээчид ирсэн байлаа.

ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАХ ХЭДХЭДЭН ҮНДЭСЛЭЛ ГАРГАВ

Шүүх хурлын эхэнд Н.Энх­бая­рын өмгөөлөгч С.Нарангэрэл “Шүүх надад хавтаст хэрэгтэй та­нил­цах найман хоногийн боломж олгосон. Хавтаст хэрэгтэй танил­цахад нэр бүхий гэрч, шинжээч, хо­хирог­чийг хуралд зайлшгүй оруу­лах шаардлагатай байна. Тухайл­бал, Д.Чойжамц хамбыг АТГ-аас хоёр удаа албадан ирүүлэх тогтоол гаргаж айлгаж, сүрдүүлсэн. Тиймээс ч хамба маань маш их айдастай мэдүүлэг өгсөн. Энэ хэрэгт хамба хамгийн гол гэрч. Заавал оролцох ёстой хүн” гэсэн юм. Мөн телевизийн тоног төхөөрөмж оруулж ирэх татвар төлсөн Ц.Баатарсайхан, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нарын арав гаруй гэрч, шинжээч, хохирогчдыг шүүх хуралд ирүүлэх хүсэлтийг гаргасан.

Шүүх хурлыг Сүхбаатар дүүр­гийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж шүүгчээр С.Оюун­чимэг, М.Алдар нар оролцсон. Шүүх бүрэлдэхүүн завсарласны дараа өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авах боломжгүй гээд хурлыг үргэлжлүүлсэн юм. Гэвч өмгөөлөгч С.Нарангэрэл Нийслэлийн орлогч прокурор Е.Сагсайг шүүгдэгчийн эсрэг хувийн сонирхолтой гэж татгалзах хүсэлтээ илэрхийлэв. Түүний үзэж байгаагаар Е.Сагсай иргэдийн мэдээллийн мөрөөр гэх нэрийдлээр Н.Энхбаярыг мөрдөн мөшгисөн, УИХ-ын сонгуульд оруу­­­лах­­­гүйн тулд Сүхбаатар дүүр­гийн шүүхэд нэр дэвшигчээс ха­суу­лах асуудал тавьсан гэнэ. Үүнийг Е.Сагсай “Н.Энхбаяр гэдэг хүнийг Төрийн өндөр албан тушаал эр­хэлж байсан гэдэг утгаар эчнээ та­ни­хаас хувийн ашиг сонирхол байх­гүй. Доод шатны прокурорын хэрэгсэхгүй болгосон хэргийг дээд шатных нь прокурор сэргээх нь хуулиар олгогдсон эрх. Намайг хасах эсэхийг шүүх шийднэ” гэв. Ингээд шүүх хурал дахин зав­сар­лаж Е.Сагсай прокурорыг шүүх бү­рэл­дэхүүнээс хасах эсэхийг хэлэл­цэв.

Шүүх бүрэлдэхүүн Е.Сагсайг бүрэлдэхүүнээс хасах хуулийн үндэслэлгүй гээд хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсний дараа С.Нарангэрэл өмгөөлөгч дахиад босоод ирэв. С.Соёмбо-Эрдэнэ шүүгч шүүгдэгчээс биеийн бай­цаалт авахаар босгочихсон байсан учраас “Та яах гэж байна вэ” гэж ахмад хуульч руу гайхсан байдал­тай харахад “Одоо танаас тат­гал­зах гэж байна” гээд бэлтгэсэн хүсэлт уншив. Н.Энхбаярыг барив­чилс­ны дараа суллаагүй, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг анхаарах прокурорын бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд дамжуулсан учраас С.Соёмбо-Эрдэнэ шүүгч хувийн сонирхолтой гэж үзэгдэж байгааг тэр тайл­бар­ласан. Ингээд С.Соёмбо-Эрдэнэ шүүгч танхимыг орхиж шүүгч М.Ал­дар, С.Оюунчимэг хоёр өмгөө­лөг­чийн хүсэлтийг хэлэлцэхээр дахин ху­рал завсарлалаа. Шүүхийн гад­на байсан хүмүүсийн дунд “С.На­ран­гэрэл өмгөөлөгч хурлыг хойш­луулах олон аргатай ирснээ хэрэг­жүүлж байна” гэх яриа ч гарч байв.

Гэвч шүүх бүрэлдэхүүн хүсэл­тийг хүлээж аваагүй учраас С.Соём­бо-Эрдэнэ шүүгч хурлыг үргэлжлүүлэн даргалахаар бол­лоо. Гэрчээр оролцохоор ирсэн Ц.Мөнх-Оргил танхимыг орхиж, шинжээчид болон сэтгүүлчид үлд­сэн юм.

Өмгөөлөгчид, улсын яллагчид хавтаст хэргээс шинэчлэн суд­луулах баримтуудаа зааж өгсний дараа яллагч яллах дүгнэлтээ уншиж танилцууллаа. Яллах дүг­нэл­тэд Н.Энхбаярыг нийтдээ таван асуудлаар яллаж байгаа аж. Бусад шүүгдэгчдийн хувьд дээрх асууд­луудад нь бүлэглэж оролцсон байв.

ТЕЛЕВИЗЭЭ ӨГӨӨД МӨНГӨӨ АВ

Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг  АТГ, УМБГ-ын Эдийн зас­гийн гэмт хэрэгтэй тэмцэх хэл­тэст шалгажээ. Түүний бусадтай бүлэг­лэн үйлдсэн гэх таван хэргийн ту­хайд яллах дүгнэлтэд дурдагдсан нот­лох баримтуудыг тоймлон хүр­гэе.

ТВтелевизийг хувьдаа завшсан гэх хэрэг.  Н.Энхбаяр УИХ дахь цөөнхийн бүлгийн дар­гаар ажиллаж байх үедээ 2000 оны хоёрдугаар сард Япон Улсын Киото хотод төвтэй буддын шашны “Агоши” байгууллагын галын ёс­лолын арга хэмжээнд Д.Чойжамц хамбатай оролцжээ. Тэр үеэр Японы талаас Монгол Улсад бурхны шашныг хөгжүүлэх, сү­сэг­тэн олонд сурталчлахад нь зо­риулж 119 сая төгрөгийн үнэтэй телевизийн тоног төхөөрөмж хан­див­ласан аж. Гэтэл уг тоног төхөө­рөм­жийг Н.Энхбаяр хувьдаа зав­шиж, ТВ9 телевизийг байгуулан Ган­дан­тэгчинлэн хийдэд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагджээ. Үүнийг Д.Чой­жамц хамбын өгсөн “Бидний хувьд Монголоос явахдаа л телевизтэй болох юм байна гэсэн бодол бай­сан. Н.Энхбаяр “Та, бид хоёрт өгсөн” гэж ярьж байсан” гэсэн мэдүүлгээр нотолж байгаа аж. Мөн бусад гэрчийн мэдүүлэгт Д.Чой­жамц хам­ба “Гандантэгчинлэн хийд маань телевизтэй болох нь” гэж ярьж байсан нь сүүлд өөр бол­чих­лоо. “Н.Энхбаяр “Нэг бол телевизээ аваад мөнгө өг, эсвэл мөнгө аваад телевизээ өг” гэж дарамталж бай­на” гэж хамба надад ярьсан гэх гэрчийн мэдүүлгийг ч нотлох ба­римт болгожээ.

МИАТ-ийн онгоцоор ном ачуул­сан гэх хэрэг. Н.Энхбаяр өөрийн бичсэн номоо БНСУ-д хэвлүүлсэн байна. Улмаар номоо төрийн өмчит МИАТ компанийн онгоцоор үнэгүй ачуулж 30 сая 454 мянган төгрөгийн хохирол уч­руулсан хэрэгт мөн яллагдсан. Үүнийг ТӨХ-ны дарга асан Д.Су­гарын “Ерөнхийлөгч өөрийнхөө бичсэн номыг борлуулахад дэмжиж туслаач гэсэн. Үүний дагуу МИАТ-ийн захиралд тээвэрлэлтийн асуудалд тусал гэсэн байх. Одоо санахгүй байна” гэсэн мэдүүлгийг нотлох баримт болгожээ. Мөн МИАТ-ийн ажилтнууд Ерөнхийлөгчийн ном гэж гурван контейнер ачаа явсан. Үүнийг илүү тээшээр тооцсон. Тэр үед нэг кг илүү тээшний үнэ 8000 вон байсан гэх утгатай мэдүүлгүүдээр нотолж байгаа гэв.

Өргөө“ зочид буудлын хууль бус хувьчлалНийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, ИТХ-ын дарга Н.Болормаа, НӨХГ-ын орлогч дарга Д.Дуламсүрэн нартай бүлэглэн “Өргөө” НӨҮГ-ыг сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Хар-Дун” компанид 75 хувь, нийс­лэлд 25 хувиар хамтарсан ком­пани байгуулсан. Ингэснээр 453 сая төгрөгийн эд хөрөнгийг үнэ­гүй­дүүлж, үрэгдүүлсэн хэрэгт ялласан. “Хар дун” компанийн захирал Т.Хуяг нь Н.Энхбаярын шадар туслах Т.Тулгын төрсөн ах аж. “Өргөө”-г шилжүүлж авснаас хойш төд удалгүй Н.Энхбаярын хүү Э.Бат­шугар “Хар дун” компанийг өөрийнхөө “Ремиф” компанидаа шилжүүлж авчээ. Хожим “Ремиф” компани хөрөнгөө Н.Энхбаярын нэр дээр байдаг “Скон” компанид шилжүүлсэн аж.

Эрдэнэт“ үйлдвэрт ган­бөм­бөлөг шилжүүлсэн гэх хэрэг. БНХАУ-д бүртгэлтэй “Helon Company Ltd”, “Great global international” гэх компанийн за­хирал Ж.Мягмаржаргал “Эрдэнэт” үйлдвэртэй ганбөмбөлөг ний­лүү­лэх гэрээ байгуулжээ. Харин Н.Энх­баяр “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Х.На­ран­хүү рүү ярьж “Мягмаржаргал гэдэг хүн очно. Гайгүй хүн, сайн бизнесмен. Дэмжээд өгөөрэй” гэсэн гэнэ. Ингээд Ж.Мягмаржаргалыг “Эрдэнэт” үйлдвэрийнхэн “Ерөн­хий­лөг­чийн хүн” гэж харьцаж байс­наа мэдүүлжээ. Ж.Мягмаржаргал ч “Би Ерөнхийлөгчийн хүн. Та нарын албан тушаалтай ярьж чадна” гэх мэтийн авир гаргаж гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байсныг гэрчүүд мэдүүлжээ. Гэрээгээ бие­лүү­лээгүйгээс “Эрдэнэт” үйлдвэрт гурван тэрбум 930 сая төгрөгийн хохирол учруулсан. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ган­бөм­бө­лө­гийн бэлдэц захиалах гэрээ байгуулснаа зөрчсөн гэнэ.

Улаанбаатар таймс“ сонины хувьчлалын гэх хэрэгУлаан­баатар хотын захирагч асан Т.Би­лэгт, сэтгүүлч До.Чулуунбаатар нар Н.Энх­баяртай бүлэглэн бизнес төлөвлөгөөгөө хэрэгжүүлээгүй, аудитын шалгалт оруулаагүй бай­хад менежментийн багт “Улаан­баатар таймс” сониныг хууль бу­саар хувьчилсан гэх хэрэгт Н.Энх­баяр, До.Чулуунбаатар нарыг ял­ла­жээ. Менежментийн багт Н.Энх­баярын дүү Н.Энхтуяагийн “Медиа холдинг” компани хөрөнгө оруулж хувьчилж авчээ. Дараа нь тус ком­пани Н.Энхбаярын “Скон” ком­панид нэгдсэнээрээ Н.Энхбаяртай холбогдож байгаа аж.

Дээрх үндэслэлүүдээр Н.Энх­баяр, До.Чулуунбаатар, Д.Дулам­сүрэн, Ж.Мягмаржаргал нарыг Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-т зааснаар яллажээ. Мөн Ж.Мяг­мар­жаргал гурван ч удаа мөрийтэй тоглоом тоглосон нь нотлогдсон учраас нэмээд Эрүүгийн хуулийн 243.2-т зааснаар ялласнаа танил­цуул­сан.

Н.ЭНХБАЯРИЙМ УТГАГҮЙ ЮМААР ШҮҮГДЭНЭ ГЭЖ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХДАА БОДСОНГҮЙ

Яллах дүгнэлт танилцуулсны дараа шүүгдэгчид мэдүүлэг өглөө. Н.Энхбаяр “Шүүх хурлыг мон­голчуудаас гадна гадаад ертөнц харж байгаа. Гадаад ертөнц Мон­гол Улсыг шударга шүүхтэй эсэхийг харж, дүгнэлт хийнэ. Энэ шүүх хурал олон хүний амьдралд нө­лөөл­нө. Би шүүхээс ял авбал олон хүн шүүгдэхээс айдаг болно. Тиймээс шинэ цагийг эхлүүлээрэй гэж даалгавар өгсөн гэж найдаж байна. Шударга ёсоор цангасан ард түмний сэтгэлийг дэвтээе гэж найдаж байна. Хүн хэлмэгдүүлэх, хувь заяагаар тоглох амархан. Гэхдээ ингэх нь олон хүний зовлон дээр давс цацсантай адил болно. Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа ийм утгагүй юмаар шүүгдэнэ гэж бодсонгүй. Буруу зүйл хийгээгүй байхад ял тулгаж байгаа бол 2,7 сая хүн эсэргүүцнэ гэдгийг хэлье.

“ТВ9″ телевизийн тухайд ярья. Би 1982 онд лам багштай болсон. Үйлийн үр гэдгийг мэднэ. Бусдын юмыг дундаас нь хулгайлж бо­лохгүй гэдгийг багшаасаа сурсан. Өнгөрсөн хугацаанд бурхан шаш­ныг дэлгэрүүлэхийн төлөө ихийг хийсэн. Чой хамба бид хоёрт буд­дын шашныг дэлгэрүүлээрэй гэж Японы “Агоши” байгууллага теле­визийн тоног төхөөрөмж өгсөн. Бид хоёрын дунд өгсөн. Га­н­дан­тэ­г­чин­лэн хийд эсвэл МАХН-д өгөөгүй шүү. Төхөөрөмжөө онгоцны буудал дээр буулгахад бид хоёрын хэн ч гаалийн татвар төлж чадаагүй. Ингээд “Таван богд” компанийн захирал Ц.Баатарсайхан гаалийн татвар төлсөн. Гэсэн ч телевиз байгуулах асуудалтай байна, ча­дах­гүй гэсэн. Ингэж байтал Ц.Мөнх-Оргил “Надад телевизийн эрх байгаа” гэхээр нь “Хамба бид хоёрт бэлэглэсэн юм аа. Чи хамбатай уулзаарай” гэсэн. Ц.Мөнх-Оргил хамбад зохих хувийг нь өгөх санал тавьсныг хүлээн зөвшөөрсөн юм билээ. Ингээд ТВ9 гэдэг шударга үнэний дуу хоолой болсон телевиз байгуулагдсан. Би Ган­дан­тэг­чин­лэн хийдээс ширхэг хадаас ч хул­гай­лах­гүй.

Номоо МИАТ-ийн онгоцоор ачуул­­сан гэж яллаж байна. Хоёр өөр номны талаар яриад бай­гаа­гаа АТГ, прокурор ялгахгүй байна уу. Би 2005 онд УИХ-ын дарга байхдаа найман боть ном бичсэн. Үүнийг Загдын Түмэнжаргал, До.Чу­луун­баатар нар дэмжиж ажил­­­­ласан. Ингээд З.Түмэнжаргал агсан ном хэвлэх асуудлыг ха­риуцаж БНСУ-д хэвлүүлэхээр бол­сон. Солонгосын тал хэвлэлтийн болон наашаа ачих зардлыг ха­риу­цах гэрээ байгуулсан. Ингээд 2005 онд төмөр замаар ачиж Монголд ав­чир­сан. Ном ирсний дараа бор­луулах асуудлыг До.Чулуунбаатар ха­риуц­сан.

Харин 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны ойгоор гадаадын улс орнуудын удирдагчдын ил захидлыг эмхэтгэж “Их Монгол Улс” гэдэг ном хийх саналыг би гар­га­сан. Номын зардлыг Засгийн газар хариуцсан. Тэр номыг МИАТ-ийн онгоцоор авчирсан юм байна.

“Өргөө” зочид буудлын ху­вьчлалд намайг холбоотой гэж байна. “Өргөө” надад ямар ч ха­маагүй. Т.Хуяг гэдэг хүн “Хар дун” ком­пани байгуулж, “Өргөө”-г өөд нь татсан юм байна гэж ойлгосон. Гэтэл тэр компанийг миний хүүгийн “Ремиф” компанийн охин компани гэж ойлгосон юм шиг байна. “Хар дун” компанийг “Ремиф”-тэй нэгт­гэсэн гэх гарын үсэг нь Э.Бат­шугарынх биш гэдгийг шинжээчид тог­тоочихсон.

Т.Хуяг нь миний туслах Т.Тул­гын ах юм байна. Миний дэргэд бай­сан хүний ах дүү ямар нэг юм хий­хээр буруутгадаг хууль байна уу.

“Улаанбаатар таймс” сонины тухайд Л.Сэргэлэн гэдэг хүнтэй би уулзаж байгаагүй. Хөвсгөлд аялал жуулчлал хөгжүүлэх гээд явж бай­хад нэг бүдүүн залуу үйлчлээд байсан нь Сэргэлэн юм билээ. Түүнээс хойш тэр хүнийг хараагүй. Гэтэл намайг сүрхий гүтгэсэн байна лээ. Н.Энхбаяр Д. Чулуунбаатарын ард байгаа. Тийм учраас хол­боо­той гэж дүгнэсэн байна. Д.Чулуун­баатар “Медиа холдинг” компаниас мөнгө зээлсэн нь намайг буруутгах үндэслэл болжээ. Тэр компани нь манай дүүгийн нэр дээр байдаг. Тэр компани хэнд мөнгө зээлж яаж ажиллахыг би яаж мэдэх юм бэ.

“Скон” гэдэг компанийн тухай би 2009 онд байгуулсан. Стратегийн зөвлөгөө өгөх компани юм. Тэр үед Т.Тулга маань гадаадад сурмаар байна, дэмжээч гэхээр нь дэмжиж АНУ-д хоёр жил сурах санхүүгийн асуудлыг хариуцсан. Т.Тулга “Би Монголд байхгүй юм чинь ком­па­нийнхаа хувьцааг танд өгье” гэсний дагуу миний компанид шилжсэн. Би “Скон” компанийнхаа охин компани болох “Эс Си Майнинг” компани байгуулсан. Уул уурхайн том компани болгохын тулд дүү, гэр бүлийнхнийхээ ком­панийг нэгт­гэсэн. Ингээд тусгай зөв­шөөрөл авах гэтэл АМГ-ын дарга Д.Батхуяг “С.Баяр дарга танд тусгай зөв­шөө­рөл өгч болохгүй гэсэн. Таныг дэмжихийг хориглосон” гэ­сэн. Тиймээс энэ асуудлаар шүүхэд хан­даж, гурван шатны шүүх надад тус­гай зөвшөөрөл өгөх ёстой гэсэн шийд­вэр гаргасан байдаг. Гэвч Д.Батхуяг надад зөвшөөрөл өгөө­гүй. Нэгэнт улс төрийн зорилгоор намайг бизнес эхлүүлэхгүй байгаа учраас гэр бүлийнхнийхээ ком­панийг буцааж өгөөд МАХН-аа байгуулж дахин улс төрд орсон.

“Эрдэнэт”-ийн ганбөмбөлөг гэж юу яриад байгааг ойлгохгүй юм. Юун ганбөмбөлөг вэ. Би “Эрдэнэт”-ийн захиралтай ганбөмбөлөг яриад байх завтай гэж үү. Харин миний нэрийг барьж ярьсан, Х.На­ран­­хүү надтай холбоотой мэтээр ойлгосон байхыг үгүйс­гэх­гүй” гэв.

Д.ДУЛАМСҮРЭН: “ӨРГӨӨ“-ГӨӨС НИЙСЛЭЛ ХОЖСОН

Шүүгдэгч Д.Дуламсүрэн “Би төрд 21 жил ажиллаж байна. Энэ бол бидний өдөр тутмын ажлын нэг. Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Өргөө”-гийн хувьчлал хууль ёсных болсон гэдгийг захиргааны шүүх тог­тоо­сон. “Өргөө” НӨҮГ дөрвөн жил ашиггүй ажилласан. Тиймээс хувьч­лалын асуудал бол Ний­с­лэ­лийн Засаг даргын эрх хэмжээний асуудал. Сонгон шалгаруулалт явуулах ёсгүй. 2006 онд  “Өргөө” НӨҮГ-т үнэлгээ хийлгэхэд 235 сая төгрөгийн эд хөрөнгөтэй байсан. Харин бид 25 хувийг нь л 468 сая төгрөгөөр үнэлж, 1.4 тэрбум төг­рө­гийн хөрөнгө оруулалтыг “Хар дун” компаниар хийлгэсэн. Харин ч нийслэлд ашигтай бизнесийн түнш­­лэл хийсэн. Хэн хохирчихоод бай­гаа юм бэ” гэв.

ДО.ЧУЛУУНБААТАРАЖИЛ НЬ НУРСАН ГАЗРЫГ ӨӨД ТАТАХ Л ГЭЖ БАГТ ОРСОН

Сэтгүүлч До.Чулуунбаатар “Би идэр залуу наснаасаа хэвлэл мэ­дээлэл, утга зохиол, соёлын сал­барт ажиллаж ирсэн. Би гэнэт гарч ирээд “Улаанбаатар таймс” сонины эрхлэгч болоогүй. Тухайн үед тэр сонины харанхуй өрөөнд үйл ажил­лагаа явуулдаг, цалингаа тавьж чаддаггүй хэцүү байсан. Сэт­гүүл­чид нь ч намайг эрхлэгч болооч гэсэн санал тавьдаг байлаа. Нурсан газрыг өөд нь татахыг хүссэндээ л багт орсон. Гэтэл сониныг авсны дараа миний бодож байснаас до­лоон дор байдал угтсан. Зөвхөн нийгмийн даатгалд 70 сая төгрөгийн өртэй байгууллага байсан. Би тэнд хоёр, гурван жил бүхий л энергиэ зориулж ажилласан. Хөрөнгө оруу­лах олон ч хүнтэй уулзсан. Ингээд хөрөнгө оруулагч олж сонин ч хувьчлагдаж өнгө төрх нь өөрч­лөгдөх үеэс Л.Сэргэлэн гэдэг хүн гарч ирсэн. Тэр хүн хөрөнгө оруул­сан гэж шүүхэд хандсанаар би өн­гөрсөн онд гурван сар хоригдлоо. Одоо ажилгүй, нэр хүндгүй хохир­сон байдалтай байна” хэмээв.

Ж.МЯГМАРЖАРГАЛБИ ”ЭРДЭНЭТ“-ЭЭС АВЛАГАТАЙ БАЙСАН

Шүүгдэгч Ж.Мягмаржаргал “Ма­най компани “Эрдэнэт” үйлдвэртэй 1993 оноос хойш хамтарч ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд бүх л үйл ажиллагаа гэрээний дагуу явагдаж байсан. Мөнгө төгрөгийн байтугай чанарын асуудал гарч байгаагүй. 2006 оноос миний бие муудаж гадаадад эмчилгээ хийл­гэсэн. Гадаадад байхад буюу 2008 онд тооцооны алдагдал гарч, хуу­лийн байгууллага шалгаж эхэлсэн. Гэрээний хугацаа дуусаагүй байхад дараагийн гэрээ байгуулсан гэх асуудал байхгүй. Харин ч манайх авлагатай байсан” гэв.

Шүүгдэгчид мэдүүлгээ өгсний дараа шүүгч, яллагч, өмгөөлөгчид тэднээс асуулт асуулаа. Асуулт, хариулт хоёр цаг шахам үргэл­жилс­ний дараа хохирогчид мэдүүлэг өгснөөр шүүх хурал өнөөдрийг хүртэл завсарлав.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих