Авлигатай тэмцэх газар болон Н.Энхбаяр нарын тулаан

Экс Ерөнхийлөгч Н.Энх­баярыг шүүх хурлын товоос болж АТГ-ынхан хэвлэлийн хурал зарлав. Учир юун гэвээс тэдэнд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шүүх хурал хойшлогдох вий гэх болгоомжлол байгаа аж.

МАХН-ын дарга Н.Энх­баярын холбогдсон хэргийг шүүсний дараа албан ту­шаалтан, улстөрчдийн хэрэг ар араасаа хөврөх юм гэнэ. Тиймээс  авлигын сүлжээний загалмайлсан эцэг гэгддэг МАХН-ын даргын хэргийг л эхний ээлжинд, яаралтай шийдүүлэх шаардлагатай байгаа ажээ.

Албан тушаалтнуудын хэргийг хэчнээн шалгасан ч, шүүхийн шатанд очоод замхардаг гэдэг. Тиймээс авлигачдыг  үндсээр  нь  устгах зорилгоо бие­лүү­лэхээр АТГ-ынхан экс Ерөн­хийлөгчийг шүүх ху­ралд анхаарлаа хандуулж буй нь энэ.  Мөн эхлүүлсэн аж­лынхаа үр дүнг харахын тулд араас нь сайтар хянаж байгаа нь энэ байж ч болох юм.

Үнэхээр Н.Энхбаярыг шүүх хурлыг яаравч­луу­лахгүй бол Үндсэн хуулийн Цэцээс түүний гомдлыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх аваас УИХ-д тавтай морил хэмээн улстөрийн хүрээнийхэн дахин угтаж авахаас аргагүй байдалд орж мэдэхээр байна.

Ингэснээр АТГ-ын сүрийг үзүүлж, албан тушаал, эрх мэдэл ямар байдгийг   Монгол байтугай дэлхий нийтэд “гайхуулсан” хэрэг, баривчилгаа замхарна. Н.Энх­баяр ч УИХ-ын ги­шүүний тангаргаа өргөж, халдашгүй дархан эрхээ эд­лээд эхлэхийн цагт АТГ-ынхныг занаж байсан бүхий л хорслоо тайлах биз ээ. Мэдээж түүний араас шалгагдах олон улстөрчийн хэрэг ч замхарна.

Ингээд улстөрч хийгээд АТГ-ынхны хооронд хамтын ажиллагаа бус өс хонзонгийн цусгүй дайн гээч дэгдэх болов уу. Өөрөөр хэлбэл, энэ шүүх хурлаас шалтгаалж АТГ болон улстөрч, албан тушаалтнуудын хэн нь хүч­тэй болох нь олон нийтэд харагдах биз ээ. Байнга л жараахай барилаа гэж хэ­лүүлж байдаг юм хойно ганц барьсан тулаа тийм амар­хан тавиад туучихгүй байл­гүй. Тиймээс АТГ-ынхан Ерөнхийлөгч асныг шүүх хуралд дахин олон нийтийн анхаарлыг татахыг хүссэн нь энэ буй заа.

Ганц Ерөнхийлөгч асан ч биш урьд нь УИХ-ын хэд, хэдэн гишүүнийг шалгаж буй тухай яригддаг байсан. Гэсэн ч дархан эрх гэдэг халхавчаар дуулиан нь тэгсхийгээд чимээгүй бол­чихдог байв. Эрх мэ­дэлтнүүдээс эцсийг нь хүр­тэл шалгаж, “аав”-ынх руу ачуулсан нь ганц, хоёр аймгийн Засаг дарга. Хэдэн жил ял аваад явдаг ч давж заалдах шатнаас хэрэгсэхгүй болчихдог уламжлал тогт­чихоод байгаа. Үндсэндээ улстөрийн ашиг, сонирхлоор хорссондоо нэгнээ “матдаг”. Үүнийг нь АТГ шалгаж, хорслыг нь засах эсвэл ма­таачийх нь замыг засч өгөх зарчмаар ажиллаад байгаа мэт харагддаг.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих