Авлигатай тэмцэх газар болон Н.Энхбаяр нарын тулаан
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг шүүх хурлын товоос болж АТГ-ынхан хэвлэлийн хурал зарлав. Учир юун гэвээс тэдэнд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шүүх хурал хойшлогдох вий гэх болгоомжлол байгаа аж.
МАХН-ын дарга Н.Энхбаярын холбогдсон хэргийг шүүсний дараа албан тушаалтан, улстөрчдийн хэрэг ар араасаа хөврөх юм гэнэ. Тиймээс авлигын сүлжээний загалмайлсан эцэг гэгддэг МАХН-ын даргын хэргийг л эхний ээлжинд, яаралтай шийдүүлэх шаардлагатай байгаа ажээ.
Албан тушаалтнуудын хэргийг хэчнээн шалгасан ч, шүүхийн шатанд очоод замхардаг гэдэг. Тиймээс авлигачдыг үндсээр нь устгах зорилгоо биелүүлэхээр АТГ-ынхан экс Ерөнхийлөгчийг шүүх хуралд анхаарлаа хандуулж буй нь энэ. Мөн эхлүүлсэн ажлынхаа үр дүнг харахын тулд араас нь сайтар хянаж байгаа нь энэ байж ч болох юм.
Үнэхээр Н.Энхбаярыг шүүх хурлыг яаравчлуулахгүй бол Үндсэн хуулийн Цэцээс түүний гомдлыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх аваас УИХ-д тавтай морил хэмээн улстөрийн хүрээнийхэн дахин угтаж авахаас аргагүй байдалд орж мэдэхээр байна.
Ингэснээр АТГ-ын сүрийг үзүүлж, албан тушаал, эрх мэдэл ямар байдгийг Монгол байтугай дэлхий нийтэд “гайхуулсан” хэрэг, баривчилгаа замхарна. Н.Энхбаяр ч УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, халдашгүй дархан эрхээ эдлээд эхлэхийн цагт АТГ-ынхныг занаж байсан бүхий л хорслоо тайлах биз ээ. Мэдээж түүний араас шалгагдах олон улстөрчийн хэрэг ч замхарна.
Ингээд улстөрч хийгээд АТГ-ынхны хооронд хамтын ажиллагаа бус өс хонзонгийн цусгүй дайн гээч дэгдэх болов уу. Өөрөөр хэлбэл, энэ шүүх хурлаас шалтгаалж АТГ болон улстөрч, албан тушаалтнуудын хэн нь хүчтэй болох нь олон нийтэд харагдах биз ээ. Байнга л жараахай барилаа гэж хэлүүлж байдаг юм хойно ганц барьсан тулаа тийм амархан тавиад туучихгүй байлгүй. Тиймээс АТГ-ынхан Ерөнхийлөгч асныг шүүх хуралд дахин олон нийтийн анхаарлыг татахыг хүссэн нь энэ буй заа.
Ганц Ерөнхийлөгч асан ч биш урьд нь УИХ-ын хэд, хэдэн гишүүнийг шалгаж буй тухай яригддаг байсан. Гэсэн ч дархан эрх гэдэг халхавчаар дуулиан нь тэгсхийгээд чимээгүй болчихдог байв. Эрх мэдэлтнүүдээс эцсийг нь хүртэл шалгаж, “аав”-ынх руу ачуулсан нь ганц, хоёр аймгийн Засаг дарга. Хэдэн жил ял аваад явдаг ч давж заалдах шатнаас хэрэгсэхгүй болчихдог уламжлал тогтчихоод байгаа. Үндсэндээ улстөрийн ашиг, сонирхлоор хорссондоо нэгнээ “матдаг”. Үүнийг нь АТГ шалгаж, хорслыг нь засах эсвэл матаачийх нь замыг засч өгөх зарчмаар ажиллаад байгаа мэт харагддаг.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: