Шинэ УИХ-ын 50 хувь нь өмнөх парламентын гишүүн байна
Монголчууд бид ирэх дөрвөн жилд төрөө түшүүлэх 76 гишүүнээ сонголоо. Хэдийгээр албан ёсны дүн гараагүй байгаа ч одоогийн байгаа мэдээнээс нэг их хол зөрөхгүй болов уу. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмэн шинэ парламентын гишүүдээ үндсэндээ тодруулсан гэдэгтээ итгэлтэй байж болохоор болжээ.
Учир нь 2012 оны УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээс харахад 2012-2016 оны УИХ-д АН-аас 33, МАН-аас 27, МАХН-МҮАН-аас 11, ИЗНН-аас хоёр, бие даагч гурван гишүүн тус тус суух нь тодорхой болж байна. Гэхдээ үүнд дахин санал хураалт явуулах хоёр тойрог байна.
Тойрогт хуваарилсан 48 мандатын хувьд 23-ыг АН, 18-ыг МАН, дөрвийг МАХН, бие даагчид гурвыг нь тус тус авчээ. Өөрөөр хэлбэл, АН 2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгууллаа. Хэдий тийм боловч АН дангаараа Засгийн газраа байгуулах эрхгүй. Учир нь намын жагсаалтаар орох гишүүдээ нийлүүлээд ч 39 суудалд хүрэхгүй тул аль нэг намтай эвсэж байж Засгийн газраа байгуулах ёстой юм. Ингэхдээ мэдээж бусад намаасаа илүү хувийн санал авсан тул АН түрүүлж бусдадаа санал тавих эрхтэй болно гэсэн үг.
АН, МАН-ын авсан мандатын тоонд нэг хүний зөрүү гарч болзошгүй байгааг энд хэлэх хэрэгтэй. Учир нь дахин санал хураалт явуулах хоёр тойрог эргэлзээтэй байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалтад АН-аас Л.Эрхэмбаяр, МАН-аас Д.Сумъяабазар нар өрсөлдөнө. Тиймээс хоёр намын суудлын тоо нэгээр хэлбэлзэж магадгүй. Гэхдээ үүнд АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр ялах магадлал өндөр. Учир нь тэрээр хураалтад өрсөлдөгчөөсөө хоёр хувийн илүү санал авсан. Өөрөөр хэлбэл, сонгинохайрханчууд энэ удаа бөх хүн парламентад хэрэггүй гэж үзсэн болохоор үүнийгээ баталгаажуулах биз ээ. Дахин санал хураалт явуулах хоёр дахь тойрог буюу Баянзүрх дүүрэгт өрсөлдөх хоёр нэр дэвшигчийн тухайд хоёулаа МАН-ынх учир аль нь ч ялсан намуудын эзлэх суудлын тоонд нөлөөлөхгүй.
Сонгуулийн ерөнхий хорооноос зарласан урьдчилсан мэдээгээр Ардчилсан нам 35.32, Монгол ардын нам 31.31, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 22.31, Иргэний зориг ногоон нам 5.51, “Гуравдагч хүчин” эвсэл 1.37, Монголын ногоон нам 1.33, Эх орон нам 0.8, Монголын Уламжлалын нэгдсэн нам 0.58, Иргэний хөдөлгөөний нам 0.56, Эх орончдын нам 0.30, Монголын социал демократ нам 0.18, Хөгжлийн хөтөлбөр нам 0.18, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 0.15 хувийн санал аваад байгаа юм. Ингээд АН-аас жагсаалтын эхэнд бичигдсэн эхний 10, МАН-аас ес, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс долоо, ИЗНН-аас хоёр хүн тус бүр УИХ-ын гишүүн болох боломж гарна гэсэн тооцоо гараад буй. Гэхдээ намуудын авсан хувьтай харьцуулахад АН-д арай цөөхөн суудал оногдоод байх шиг.
ШИНЭ УИХ-ЫН 50 ХУВЬ НЬ ӨМНӨХ ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮН БАЙНА
Тойрогт ялалт байгуулсан болон намын жагсаалтаар орох гишүүдийг тооцож үзэхэд сонгогчид маань өмнөх парламентаа яг 50 хувиар шинэчилсэн гэсэн сонирхолтой дүгнэлт гарч байна. Тодруулбал, 2008-2012 оны парламентад сууж байсан 38 гишүүн дахин сонгогдсон бол мөн тооны гишүүд ирэх дөрвөн жил хууль тогтоох дээд байгууллагад ажиллах эрхгүй болжээ. Харин 38 хүн шинээр орж ирж байгаа юм.
Тойрогт ялалт байгуулсан 48 гишүүний 23 нь өмнөх парламентын гишүүн байлаа. Гэхдээ үүнд дахин санал хураалт явуулах хоёр тойргийн дүн нөлөөлнө.
Харин намын жагсаалтаар орж ирэх 28 хүний 15 нь өмнөх УИХ-ын гишүүн байв.
Энэ удаагийн сонгуулийн хамгийн азгүй хүнээр УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба тодроод буй. Тэрээр 51 хүний саналаар өмнүүрээ таслуулж, дараагийн парламентад суух эрхгүй болсон. Тэгвэл түүний эсрэг азтай хүнээр ИЗНН-ын салбар хариуцсан дарга С.Дэмбэрэлийг нэрлэж болохоор байна. Учир нь түүнийг намын жагсаалтаар УИХ-д суухад ердөө 0.05 хувь дутсан. Гэхдээ үүн дээр таван хувийн босго даваагүй намуудын хувийг нэмэхэд УИХ-ын гишүүн болох боломж бүрджээ.
Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн жагсаалтын тухайд эхний таваас зургаан хүн орох боломжтой байсан. Гэхдээ СЕХ-ны хамгийн сүүлчийн мэдээллээр үүн дээр дахин нэг хүн нэмэгдэж орж ирэх бололтой. Тэр бол МҮАН-ын бодлогын зөвлөх Ц.Цолмон юм. Уг нь тус эвслийн анх гаргасан жагсаалтаар бол МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар жагсаалтынхаа зургаад байсан билээ. Гэвч түүнийг холбогдох хуульд заасан шалгуурт тэнцэхгүй хэмээн үзсэн тул намын жагсаалтаас хассан. Энэ үйл явцаас харахад ҮШН-ын дарга асан Ц.Цолмонг азтай хүмүүсийн тоонд оруулж ч болохоор байна.
Сонгогчид тойрогт гишүүдээ нэр дэвшүүлсэн 11 намаас гурвыг нь буюу АН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг давамгай сонгожээ. Ингэхдээ 48 мандатын 44-ийг АН, МАН-ын гишүүд авсан бол үлдсэн дөрвөн мандатыг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшигчид авчээ. Тэд бол Ховд аймагт нэр дэвшигч Д.Батцогт, Орхон аймагт нэр дэвшигч Л.Цог, Сонгинохайрхан дүүрэг нэр дэвшигч Д.Тэрбишдагва, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Г.Уянга нар юм.
ШИНЭ ГИШҮҮДИЙН ИХЭНХ НЬ КОМПАНИЙН ЗАХИРАЛ
Шинэ парламентын гишүүдийн мэргэжлийн хувьд хуульч хүн тун цөөхөн байгаа юм. Тухайлбал, өмнөх парламентад сууж байгаа гишүүдийг эс тооцвол шинэ орж ирж буй хүмүүсийн дунд хуульч мэргэжилтэй хүн бараг байхгүй гэхэд болно. Харин компанийн захирал эсвэл ТУЗ-ийн дарга, гишүүн хүн нэлээд олон байгааг энд онцлох хэрэгтэй. Тухайлбал, Орхон аймагт ялалт байгуулсан О.Содбилэг нь “Петровис” ХХК-ийн дэд захирал, Баянхонгор аймагт ялсан Д.Ганбат нь “Техник импорт” компанийн захирал, Сүхбаатар аймагт ялалт байгуулсан М.Зоригт нь “Бодь групп”-ын ерөнхийлөгч, Өмнөговь аймагт нэр дэвшсэн Д.Бат-Эрдэнэ нь “Ажнай корпорац”-ийн ерөнхийлөгч, Дорнод аймагт бие даан нэр дэвшсэн Х.Болорчулуун нь “Дорнод гурил” компанийн захирал зэрэг 10-аад захирлыг шинэ парламентын гишүүн болгохоор иргэд маань сонгожээ.
Т.ГЭРЭЛМАА
URL: