Шинэ УИХ-ын 50 хувь нь өмнөх парламентын гишүүн байна

АН ОЛОНХИ БОЛЛОО

Монголчууд бид ирэх дөрвөн жилд төрөө түшүүлэх 76 гишүүнээ сонголоо. Хэдийгээр албан ёсны дүн гараагүй байгаа ч одоогийн байгаа мэдээнээс нэг их хол зө­рөхгүй болов уу. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмэн шинэ парла­ментын гишүүдээ үндсэндээ тод­руулсан гэдэгтээ итгэлтэй байж болохоор болжээ.

Учир нь 2012 оны УИХ-ын сон­гуулийн урьдчилсан дүнгээс ха­рахад 2012-2016 оны УИХ-д АН-аас 33, МАН-аас 27, МАХН-МҮАН-аас 11, ИЗНН-аас хоёр, бие даагч гурван гишүүн тус тус суух нь тодорхой болж байна. Гэхдээ үүнд дахин санал хураалт явуулах хоёр тойрог байна.

Тойрогт хуваарилсан 48 мандатын хувьд 23-ыг АН, 18-ыг МАН, дөрвийг МАХН, бие дааг­чид гурвыг нь тус тус авчээ. Өөрөөр хэлбэл, АН 2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгууллаа. Хэ­дий тийм боловч АН дангаараа Засгийн газраа байгуулах эрхгүй. Учир нь намын жагсаалтаар орох гишүүдээ нийлүүлээд ч 39 суудалд хүрэхгүй тул аль нэг намтай эвсэж байж Засгийн газраа байгуулах ёстой юм. Ингэхдээ мэдээж бусад намаасаа илүү хувийн санал авсан тул АН түрүүлж бусдадаа санал тавих эрхтэй болно гэсэн үг.

АН, МАН-ын авсан мандатын тоонд нэг хүний зөрүү гарч бол­зошгүй байгааг энд хэлэх хэрэгтэй. Учир нь дахин санал хураалт явуу­лах хоёр тойрог эргэлзээтэй байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүр­гийн дахин санал хураалтад АН-аас Л.Эрхэмбаяр, МАН-аас Д.Сумъяабазар нар өрсөлдөнө. Тиймээс хоёр намын суудлын тоо нэгээр хэлбэлзэж магадгүй. Гэхдээ үүнд АН-аас нэр дэвшигч Л.Эр­хэмбаяр ялах магадлал өндөр. Учир нь тэрээр хураалтад өрсөл­дөг­чөөсөө хоёр хувийн илүү санал авсан. Өөрөөр хэлбэл, сон­гинохайр­­ханчууд энэ удаа бөх хүн парламентад хэрэггүй гэж үзсэн болохоор үүнийгээ баталгаа­жуу­лах биз ээ. Дахин санал хураалт явуулах хоёр дахь тойрог буюу Баянзүрх дүүрэгт өрсөлдөх хоёр нэр дэвшигчийн тухайд хоёулаа МАН-ынх учир аль нь ч ялсан намуудын эзлэх суудлын тоонд нөлөөлөхгүй.

Сонгуулийн ерөнхий хорооноос зарласан урьдчилсан мэдээгээр Ардчилсан нам 35.32, Мон­­гол ардын нам 31.31, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 22.31, Иргэний зо­риг ногоон нам 5.51, “Гу­равдагч хүчин” эвсэл 1.37, Монголын ногоон нам 1.33, Эх орон нам 0.8, Монголын Уламжлалын нэгдсэн нам 0.58, Иргэний хөдөлгөөний нам 0.56, Эх орончдын нам 0.30, Монголын социал де­мок­рат нам 0.18, Хөгжлийн хөтөлбөр нам 0.18, Эрх чө­лөөг хэрэгжүүлэгч нам 0.15 хувийн санал аваад байгаа юм. Ингээд АН-аас жагсаалтын эхэнд бичигд­сэн эхний 10, МАН-аас ес, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс долоо, ИЗНН-аас хоёр хүн тус бүр УИХ-ын гишүүн болох боломж гарна гэсэн тооцоо гараад буй. Гэхдээ намуудын авсан хувьтай харьцуулахад АН-д арай цөөхөн суудал оногдоод байх шиг.

ШИНЭ УИХ-ЫН 50 ХУВЬ НЬ ӨМНӨХ ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮН БАЙНА

Тойрогт ялалт байгуулсан бо­лон намын жагсаалтаар орох ги­шүүдийг тооцож үзэхэд сонгогчид маань өмнөх парламентаа яг 50 хувиар шинэчилсэн гэсэн сонир­холтой дүгнэлт гарч байна. Тод­руулбал, 2008-2012 оны пар­ла­ментад сууж байсан 38 гишүүн дахин сонгогдсон бол мөн тооны гишүүд ирэх дөрвөн жил хууль тогтоох дээд байгууллагад ажил­лах эрхгүй болжээ. Харин 38 хүн шинээр орж ирж байгаа юм.

Тойрогт ялалт байгуулсан 48 гишүүний 23 нь өмнөх парламен­тын гишүүн байлаа. Гэхдээ үүнд дахин санал ху­раалт явуулах хоёр тойргийн дүн нөлөөлнө.

Харин намын жагсаалтаар орж ирэх 28 хүний 15 нь өмнөх УИХ-ын гишүүн байв.

Энэ удаагийн сонгуулийн хам­гийн азгүй хүнээр УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба тодроод буй. Тэрээр 51 хүний саналаар өмнүү­рээ таслуулж, дараагийн пар­ла­ментад суух эрхгүй болсон. Тэгвэл түүний эсрэг азтай хүнээр ИЗНН-ын салбар хариуцсан дарга С.Дэм­бэрэлийг нэрлэж болохоор байна. Учир нь түүнийг намын жагсаал­таар УИХ-д суухад ердөө 0.05 хувь дутсан. Гэхдээ үүн дээр таван хувийн босго даваагүй намуудын хувийг нэмэхэд УИХ-ын гишүүн болох боломж бүрджээ.

Харин МАХН-МҮАН-ын “Шу­дарга ёс” эвслийн жагсаалтын тухайд эхний таваас зургаан хүн орох боломжтой байсан. Гэхдээ СЕХ-ны хамгийн сүүлчийн мэдээл­лээр үүн дээр дахин нэг хүн нэ­мэгдэж орж ирэх бололтой. Тэр бол МҮАН-ын бодлогын зөвлөх Ц.Цол­мон юм. Уг нь тус эвслийн анх гаргасан жагсаалтаар бол МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Бат­шу­гар жагсаалтынхаа зургаад байсан билээ. Гэвч түүнийг хол­богдох хуульд заасан шалгуурт тэнцэхгүй хэмээн үзсэн тул намын жагсаалтаас хассан. Энэ үйл явцаас харахад ҮШН-ын дарга асан Ц.Цолмонг азтай хүмүүсийн тоонд оруулж ч болохоор байна.

Сонгогчид тойрогт гишүүдээ нэр дэвшүүлсэн 11 намаас гурвыг нь буюу АН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг давамгай сонгожээ. Ингэхдээ 48 мандатын 44-ийг АН, МАН-ын гишүүд авсан бол үлдсэн дөрвөн мандатыг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшигчид авчээ. Тэд бол Ховд аймагт нэр дэвшигч Д.Батцогт, Орхон аймагт нэр дэв­шигч Л.Цог, Сонгинохайрхан дүүрэг нэр дэвшигч Д.Тэрбишдагва, Чин­гэлтэй дүүрэгт нэр дэвшигч Г.Уянга нар юм.

ШИНЭ ГИШҮҮДИЙН ИХЭНХ НЬ КОМПАНИЙН ЗАХИРАЛ

Шинэ парламентын гишүүдийн мэргэжлийн хувьд хуульч хүн тун цөөхөн байгаа юм. Тухайлбал, өмнөх парламентад сууж байгаа гишүүдийг эс тооцвол шинэ орж ирж буй хүмүүсийн дунд хуульч мэргэжилтэй хүн бараг байхгүй гэхэд болно. Харин компанийн захирал эсвэл ТУЗ-ийн дарга, гишүүн хүн нэлээд олон байгааг энд онцлох хэрэгтэй. Тухайлбал, Ор­хон аймагт ялалт байгуулсан О.Содбилэг нь “Петровис” ХХК-ийн дэд захирал, Баянхонгор аймагт ялсан Д.Ганбат нь “Техник импорт” компанийн захирал, Сүхбаатар аймагт ялалт байгуулсан М.Зоригт нь “Бодь групп”-ын ерөнхийлөгч, Өмнөговь аймагт нэр дэвшсэн Д.Бат-Эрдэнэ нь “Ажнай корпо­рац”-ийн ерөнхийлөгч, Дор­нод аймагт бие даан нэр дэвшсэн Х.Болорчулуун нь “Дорнод гурил” компанийн захирал зэрэг 10-аад захирлыг шинэ парламентын ги­шүүн болгохоор иргэд маань сонгожээ.

Т.ГЭРЭЛМАА


URL:

Сэтгэгдэл бичих