Увсын дарга нарыг улстөрийн захиалгаар хорьсон байна
Аймгийн дарга нартай холбоотой бас нэгэн хэргийг шүүх тасалсан тухай мэдээлэл хэвлэлээр цацагдах боллоо. Энэ удаагийн “дарга” гэдэгт Увсын Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нар хамаарсан байх юм. Тэднийг орон нутгийн төсвийн хөрөнгөөс хувийн компанид 115 сая төгрөг өгсөн хэрэгт буруутгаж, 2-3 жил хорих ял оноожээ.
Увс аймгийн удирдлагуудыг хорьсон тухай энэхүү мэдээлэл олон нийтэд тархаад байхад харин хорих болсон гол үндэслэл нь төдийлөн нээлттэй байсангүй. Хэнд, яагаад 115 сая төгрөг зүгээр өгчихсөн юм бол гэсэн энэхүү асуултын хариуг олохоор болсон явдлыг нэхэн сурвалжиллаа.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтээр бол Э.Цасчихэр, Д.Батсайхан нарыг Увс аймагт барьсан 24 айлын орон сууцны барилгын мөнгөнөөс хувийн компанид өгсөн гэж буруутгасан юм байна. Гэтэл энэхүү 24 айлын орон сууцтай холбоотой асуудал хэзээнээс эхтэйг судлаад үзэхэд 2007 онд тендер нь зарлагдаж байжээ. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчдыг орон сууцжуулах бодлогын хүрээнд Увс аймгийн өмнөх Засаг дарга Тогоогийн үед 24 айлын орон сууцны барилгын тендерийг зарласан юм байна.
Тухайн үед тендер шалгаруулалтад цөөнгүй компани оролцсоноос “Ундарга констракшн”, “Арвижих -Увс”, “Мөнхжим-Өргөө” гэсэн гурван компанийн консорциум ялж, 476 сая төгрөгөөр уг ажлыг гүйцэтгэх эрх авчээ. Эндээс хийх эхний дүгнэлт бол тендер шалгаруулалтад Увс аймгийн одоогийн удирдлагууд ямар ч холбоогүй, шалгарсан компани нь ч тэдэнтэй холбоогүй байгаа нь бэлхнээ тод байгаа юм.
Тус 24 айлын орон сууцны барилгын ажил тендерт заасан ёсоор эхэлж, ажил ч нэлээд урагшилж байжээ. Энэ бол 2007 он. Гэтэл 2008 оны сонгуулийн дараа дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал болж, Монголын эдийн засаг ч дагаж доройтсон. Үүнээс хамгийн их хямарсан нь барилга, замын компаниуд байсныг уншигчид санаж буй биз. Яагаад гэвэл барилгын материалын үнэ тэнгэрт хадаж, инфляци ч нэг байтугай орноор өсчихсөн үе. Ингээд тендерт шалгарсан гурван компани ажлаа үргэлжлүүлэх бололцоогүй болж, барилгын материалын үнийн зөрүүг олгож өгөх хүсэлтийг удаа дараа тавих болжээ. Энэ ажлыг гардан гүйцэтгэсэн “Ундарга констракшн”-ы захирал эцэстээ нэг бол үнийн зөрүү 150 сая төгрөгийг олго, эсвэл барилгаа гүйцээлгүй орхилоо гэсэн саналыг Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт тавьсан байна. Тиймээс төрийн албан хаагчдаа байртай болгох уу, Увсын төвд баригдаагүй балгастай болох уу гэсэн сонголт аймгийн Засаг дарга Э.Цасчихэрт иржээ. Ингэж өнөөдөр ял сонсоод буй аймгийн удирдлагууд энэхүү барилгатай холбогдож эхэлсэн байгаа юм. Гэхдээ Э.Цасчихэр шууд л хэлсэн мөнгийг нь хувийн компанид шийдээд өгчихсөнгүй. Хөндлөнгийн экспертүүдийн баг гаргаж, “Ундарга констракшн”-ы нэхээд буй 138 сая төгрөг үндэслэлтэй тооцоо мөн үү гэдгийг судлуулжээ. Судалгааны баг зах зээл дэх үнийн өсөлтийг судалж үзээд, үнэхээр зөрүү мөнгө олгохгүй бол ажил урагшлахгүй юм байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Гэхдээ “Ундарга констракшн”-д 138 биш, 115 сая төгрөг олгоход барилгын ажлыг гүйцээх бүрэн боломжтой гэж үзжээ. Тиймээс Засаг дарга Э.Цасчихэр уг асуудлыг Засаг даргын зөвлөлд танилцуулж, улмаар аймгийн ИТХ-д танилцуулжээ. Нөхцөл байдалтай танилцсан ИТХ-ын тэргүүлэгчид 100 хувийн саналаар үнийн зөрүү 115 сая төгрөгийг олгож, барилгын ажлыг гүйцээх шийдвэр гаргав. Эндээс хийх дараагийн дүгнэлт юу вэ. Аймгийн ИТХ 115 сая төгрөгийг шийдэж өгөөгүй бол (энэ шийдвэрийг Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан гаргаагүй, аймгийн ИТХ гаргасан шүү) өнөөдөр 24 айлын орон сууцны барилга баригдаж дуусалгүй балгас болох байжээ. Санаж байвал яг энэ үед УИХ-аас хүртэл тогтоол баталж, замын компаниудад үнийн өсөлтийн зөрүүг улсын төсвөөс олгож байсан.
Аймгийн ИТХ-ын шийдвэрийн дагуу хөрөнгө шийдэж өгснөөр 24 айлын орон сууцны барилга босч дуусчээ. Өнөөдөр айлууд нь орчихсон амьдарч байгааг цохон тэмдэглэх нь зөв болов уу. Гэтэл гэнэтхэн л Авлигатай тэмцэх газраас Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарыг шалгаж эхэлсэн байна. АТГ-ын төлөөлөгчид Увсад очиж хэргийг шалгаж, Нийслэлийн прокурор энэ хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ процесс зөвхөн нэг удаа яваагүйг сануулъя. Удалгүй АТГ-ынхан дахин хэргийг шалгаж буруугүй гэж үзсэн бөгөөд, Нийслэлийн прокурор ч хэргийг дахин хэрэгсэхгүй болгосон юм байна. Эндээс хийх дүгнэлт юу вэ. Ерөөсөө ямар ч хууль зөрчигдөөгүй юм байна, хэн ч мөнгө завшаагүй гэсэн үг. Яагаад гэвэл, 24 айлын орон сууцны барилгыг гүйцээхийн тулд үнийн зөрүүг олгох зайлшгүй шаардлага байгааг аймгийн удирдлагууд биш, хөндлөнгийн экспертүүд тогтоочихсон. Энэ дагуу нь ИТХ 100 хувийн саналаар хөрөнгийн асуудлыг шийдэж өгсөн. Тэгэхээр ИТХ-ын олонхоороо шийдсэн асуудалд Д.Батсайхан, ИТХ-ын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлснийхээ төлөө Засаг дарга Э.Цасчихэр буруутах ямар ч үндэслэлгүй байгаа юм. Харин ИТХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргачихаад байхад аймгийн Засаг дарга Э.Цасчихэр хөрөнгийг нь шийдэж өгөөгүй бол харин хууль зөрчсөн болох байв.
Энэ асуудал ийнхүү хэрэг болон дахин дахин сөхөгдсөн гол шалтгаан нь Увс аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэнгийн олон удаагийн матаастай холбоотой байсан аж. Өөрөөр хэлбэл улстөрийн зорилгоор л Засаг дарга, ИТХ-ын дарга хоёроо яллуулахаар удаа дараа матаас бичсэн нь хожим нь тодорхой болсон юм. Гэтэл удалгүй Улсын Ерөнхий прокуророор Д.Дорлигжав (Увс аймгаас УИХ-д сонгогдохоор АН-аас дөрвөн удаа нэр дэвшээд бүгдэд нь өвдөг шороодсон хүн) томилогдсоноор дахин сэргээсэн олон хэргийн нэг нь өнөөх Д.Цэндсүрэнгийн матаас байв. Ингээд үүний үр дүнд Э.Цасчихэр, Д.Батсайхан нар 2-3 жилийн хорих ял сонсоод сууж байна. Тэгэхээр эндээс хийх сүүлчийн дүгнэлт бол Увс аймгийн удирдлагуудыг улстөрийн захиалгаар хорьчихжээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: