Увсын дарга нарыг улстөрийн захиалгаар хорьсон байна

Аймгийн дарга нартай холбоотой бас нэгэн хэргийг шүүх тасалсан тухай мэ­дээлэл хэвлэлээр цацагдах боллоо. Энэ удаагийн “дарга” гэдэгт Увсын Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Бат­сайхан нар хамаар­сан байх юм. Тэд­нийг орон нутгийн төсвийн хөрөн­гөөс хувийн ком­панид 115 сая төгрөг өгсөн хэрэгт буруут­гаж, 2-3 жил хорих ял оноо­жээ.

Увс аймгийн удирдлагуудыг хорьсон тухай энэхүү мэдээлэл олон нийтэд тархаад байхад харин хорих болсон гол үндэслэл нь төдийлөн нээлттэй байсангүй. Хэнд, яагаад 115 сая төгрөг зүгээр өгчихсөн юм бол гэсэн энэхүү асуултын хариуг олохоор болсон явдлыг нэхэн сурвалжиллаа.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтээр бол Э.Цас­чихэр, Д.Бат­сайхан нарыг Увс аймагт барьсан 24 айлын орон сууцны барил­­гын мөнгөнөөс хувийн компанид өгсөн гэж буруутгасан юм байна. Гэтэл энэхүү 24 айлын орон сууцтай хол­боотой асуудал хэзээ­нээс эхтэйг судлаад үзэхэд 2007 онд тендер нь зар­лагдаж байжээ. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчдыг орон сууц­­жуулах бодлогын хүрээнд Увс аймгийн өмнөх Засаг дарга Тогоогийн үед 24 айлын орон сууцны барилгын тен­дерийг зарласан юм байна.

Тухайн үед тендер шал­га­руу­лалтад цөөнгүй ком­пани оролцсоноос “Ундарга конст­ракшн”, “Арвижих -Увс”, “Мөнхжим-Өргөө” гэ­­­сэн гурван компанийн кон­­­сор­циум ялж, 476 сая төг­рөгөөр уг ажлыг гүйцэтгэх эрх авчээ. Эндээс хийх эхний дүг­нэлт бол тендер шал­га­руулалтад Увс аймгийн одоо­­­гийн удирдлагууд ямар ч хол­боогүй, шалгарсан ком­па­ни нь ч тэдэнтэй хол­боо­гүй бай­гаа нь бэлхнээ тод бай­гаа юм.

Тус 24 айлын орон сууцны барилгын ажил тендерт заа­сан ёсоор эхэлж, ажил ч нэлээд урагшилж байжээ. Энэ бол 2007 он. Гэтэл 2008 оны сонгуулийн дараа дэл­хий нийтийг хамарсан санхүүгийн хямрал болж, Монголын эдийн засаг ч дагаж доройтсон. Үүнээс хам­гийн их хямарсан нь ба­рилга, замын компаниуд байс­ныг уншигчид санаж буй биз. Яагаад гэвэл барилгын материалын үнэ тэн­гэрт ха­даж, инфляци ч нэг байтугай орноор өсчихсөн үе. Ингээд тендерт шалгарсан гурван компани ажлаа үргэлж­лүү­лэх бололцоогүй болж, ба­рилгын материалын үнийн зөрүүг олгож өгөх хүсэл­тийг удаа дараа тавих болжээ. Энэ ажлыг гардан гүйцэтгэсэн “Ундарга констракшн”-ы за­хирал эцэстээ нэг бол үнийн зөрүү 150 сая төгрөгийг олго, эсвэл барилгаа гүйцээлгүй орхилоо гэсэн саналыг Увс аймгийн Засаг даргын Там­гын газарт тавьсан бай­на. Тиймээс төрийн албан хаагчдаа байртай болгох уу, Увсын төвд баригдаагүй балгас­тай болох уу гэсэн сонголт аймгийн Засаг дарга Э.Цасчихэрт иржээ. Ин­­гэж өнөөдөр ял сонсоод буй аймгийн удирдлагууд энэхүү барилгатай холбогдож эхэлсэн байгаа юм. Гэхдээ Э.Цасчихэр шууд л хэлсэн мөнгийг нь хувийн компанид шийдээд өгчихсөнгүй. Хөнд­лөнгийн экспертүүдийн баг гаргаж, “Ундарга конст­ракшн”-ы нэхээд буй 138 сая төгрөг үндэслэлтэй тооцоо мөн үү гэдгийг судлуул­жээ. Судалгааны баг зах зээл дэх үнийн өсөлтийг судалж үзээд, үнэхээр зөрүү мөнгө олгохгүй бол ажил урагш­лахгүй юм байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Гэхдээ “Ундарга конст­­ракшн”-д 138 биш, 115 сая төгрөг олгоход ба­рилгын ажлыг гүйцээх бү­рэн боломжтой гэж үз­­жээ. Тиймээс Засаг дарга Э.Цасчихэр уг асуудлыг Засаг даргын зөвлөлд танилцуулж, ул­маар аймгийн ИТХ-д та­нил­цуулжээ. Нөхцөл бай­дал­тай танилцсан ИТХ-ын тэргүүлэгчид 100 хувийн саналаар үнийн зөрүү 115 сая төгрөгийг олгож, барилгын ажлыг гүйцээх шийдвэр гар­гав. Эндээс хийх дараагийн дүгнэлт юу вэ. Аймгийн ИТХ 115 сая төгрөгийг шийдэж өгөөгүй бол (энэ шийдвэрийг Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан гар­гаагүй, аймгийн ИТХ гар­гасан шүү) өнөөдөр 24 айлын орон сууцны барилга бариг­даж дуусалгүй балгас болох байжээ. Санаж байвал яг энэ үед УИХ-аас хүртэл тогтоол баталж, замын компаниудад үнийн өсөлтийн зөрүүг улсын төсвөөс олгож байсан.

Аймгийн ИТХ-ын шийд­вэрийн дагуу хөрөнгө ший­дэж өгснөөр 24 айлын орон сууцны барилга босч дуусчээ. Өнөөдөр айлууд нь орчихсон амьдарч байгааг цохон тэмдэглэх нь зөв болов уу. Гэтэл гэнэтхэн л Авлигатай тэм­цэх газраас Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарыг шалгаж эхэлсэн байна. АТГ-ын тө­лөөлөгчид Увсад очиж хэр­гийг шалгаж, Нийслэлийн прокурор энэ хэргийг хэ­рэг­сэхгүй болгожээ. Энэ процесс зөвхөн нэг удаа яваагүйг сануулъя. Удалгүй АТГ-ынхан дахин хэргийг шалгаж буруугүй гэж үз­сэн бөгөөд, Нийслэлийн прокурор ч хэргийг дахин хэрэгсэхгүй болгосон юм байна. Эндээс хийх дүгнэлт юу вэ. Ерөөсөө ямар ч хууль зөрчигдөөгүй юм байна, хэн ч мөнгө завшаагүй гэсэн үг. Яагаад гэвэл, 24 айлын орон сууцны барилгыг гүйцээхийн тулд үнийн зөрүүг олгох зайлшгүй шаардлага байгааг аймгийн удирдлагууд биш, хөндлөнгийн экспертүүд тогтоочихсон. Энэ дагуу нь ИТХ 100 хувийн саналаар хөрөнгийн асуудлыг шийдэж өгсөн. Тэгэхээр ИТХ-ын олонхоороо шийдсэн асуу­далд Д.Батсайхан, ИТХ-ын гаргасан шийдвэрийг хэрэг­жүүлс­нийхээ төлөө Засаг дарга Э.Цасчихэр буруутах ямар ч үндэслэлгүй байгаа юм. Харин ИТХ бүрэн эр­хийн­­хээ хүрээнд шийдвэр гарга­­чихаад байхад аймгийн Засаг дарга Э.Цасчихэр хөрөн­гийг нь шийдэж өгөө­гүй бол харин хууль зөрчсөн болох байв.

Энэ асуудал ийнхүү хэрэг болон дахин дахин сөхөгдсөн гол шалтгаан нь Увс аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэнгийн олон удаа­гийн матаастай холбоотой байсан аж. Өөрөөр хэлбэл улс­төрийн зорилгоор л Засаг дарга, ИТХ-ын дарга хоёроо яллуулахаар удаа дараа матаас бичсэн нь хожим нь тодорхой болсон юм. Гэтэл удалгүй Улсын Ерөнхий прокуророор Д.Дорлигжав (Увс аймгаас УИХ-д сонгогдохоор АН-аас дөрвөн удаа нэр дэвшээд бүгдэд нь өвдөг шороодсон хүн) томилогдсоноор дахин сэргээсэн олон хэргийн нэг нь өнөөх  Д.Цэндсүрэнгийн матаас байв. Ингээд үүний үр дүнд Э.Цасчихэр, Д.Батсайхан нар 2-3 жилийн хорих ял сонсоод сууж байна. Тэгэхээр эндээс хийх сүүлчийн дүгнэлт бол Увс айм­гийн удирдлагуудыг улс­төрийн за­хиалгаар хорь­чих­жээ.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих