Ц.Нямдорж Д.Цэвээнжав хоёрын“амраг”-ийн харилцаа улсад хэдэн тэрбумын хохирол учруулсан бол?
Увс аймгаас гаралтай нутгийн андууд болох ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ГЕГ-ын дарга Д.Цэвээнжав нар салж хагацахааргүй сайн найзууд. Хайр сэтгэлтэй эр эм хоёроос ч илүү. Ямар сайндаа л Гүнтэд зуслангийн хауснуудаа зэрэгцүүлж барьчихаад эр хоёр загал шиг аж төрж байх вэ дээ.
Ц.Нямдорж нь Д.Цэвээнжавыг өөд татаж, ГЕГ-ын даргын суудалд бат бөх гэгч нь суулгасан гэдэг. Харин үүний хариу болгож Д.Цэвээнжав нь Д.Нямдорждоо зуслангийнхаа хаусныхаа хажууд газар авч, хаус бариулж өгсөн бололтой. Учир нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг туйлын ядуу хүн гэдгийг Н.Энхбаярын буянаар монголчууд мэдэх болсон. Хотын төвд байр түрээсэлж амьдардаг сайдад маань таван одтой зочид буудал шиг чамин хувийн хаус барих мөнгө байхгүй шүү дээ. Тиймээс ГЕГ гэдэг саалийн үнээг жилийн дөрвөн улирлын турш шувтарч суудаг нутгийн анд Д.Цэвээнжав нь албан тушаалын хариу болгож, Гүнтэд “зочид буудал” бэлэглэсэн сурагтай.Хамгийн гол нь бид Ц.Нямдорж, Д.Цэвээнжав нарын нөхөрлөлийг буруутгах гэсэнгүй. Эрчүүд амьдрал дээр сайн найз, сайхан андууд байж болно. Гэхдээ анд нөхрийн барилдлагыг албан тушаал, эрх мэдэл, мөнгө болгон ашиглаж байгаа нь сэтгэл гонсойлгож байна.
Найз нөхдийн ажил алба тусдаа байх ёстой. Иймээс ч үүнийг хуулийн хэллэгээр албан тушаалын ашиг сонирхлын зөрчил гэдэг.
Тухайлбал, Д.Цэвээнжав ГЕГ-ын дарга болсноос хойш 27 вагон самрын хэрэг, 180 тонн төмрийн хэрэг гээд олон тэрбум төгрөгийн хохиролтой асар том хэргүүд гарсаар байна. Энэ мэт гаальчидтай холбоотой бүх том хэргүүд хуулийн байгууллагад, тэр тусмаа цагдаагийн байгууллагад очоод л замхардаг нь нууц биш. Энэ бүхнийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж зохицуулдаг гэсэн хардлага төрж байгаа юм. Тэгвэл Ц.Нямдорж, Д.Цэвээнжав нарт самар, төмрийн хэргийг илрүүлэхгүй, нам дарах ямар шалтгаан байна вэ?
Мэдээж, олон нийтэд цацагдсан том хэргүүдэд хэн нэгнийг буруутгах шаардлагатай. Ийм нөхцөлд буруутай эсэх нь тодорхойгүй гаалийн хэдэн байцаагчийг ажлаас нь халж, золигт гаргадаг болсон билээ.
ГЕГ-ын дарга Д.Цэвээнжавын асуудал Ерөнхий сайдын түвшинд яригдсан боловч нам дарагдсан байна. Уг нь самар, төмрийн хэрэг гээд ГЕГ-ын дарга Д.Цэвээнжавыг албан тушаалаас нь огцруулах хангалттай шалтгаан бий. Яг л ажлын хариуцлага алдсан хэмээн ажлаасаа халагдсан Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах, Цөмийн энергийн газрын дарга асан Ц.Энхбат нар шиг. Гэвч ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Д.Цэвээнжавтай холбоотой асуудлыг цээжээрээ хамгаалдаг учраас өдий хүртэл суудал дээрээ тэсч үлдсэн хэрэг.
Иймэрхүү байдлаар Ц.Нямдорж, Д.Цэвээнжав нарын улстөрийн “амраг”-ийн холбооноос болж Монгол Улсад өчнөөн тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Тиймээс ашиг сонирхлын зөрчилтэй энэ хоёр эрхмийн албан тушаалыг салгах цаг болжээ. Үүний тулд нэг бол ахмадаар нь Д.Цэвээнжавыг тэтгэвэрт гаргах, эсвэл Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайдын албан тушаалаас буулгах хэрэгтэй болох байх.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: