Тамирчин хүний гол зорилго бол ОЛИМП

Казахстан улсад зохиогдсон Азийн боксчдод олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнээс 52 кг-ын жинд гавьяат тамирчин Н.Төгсцогт, 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат нар олимпийн эрх тус тус хүртсэн. Ингэснээр Лондонгийн олимпод манай дөрвөн боксчин өрсөлдөхөөр болж байгаа юм. Эрх авсан боксчид болон Монголын олимпийн боксын холбооныхон өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, сонирхсон асуултуудад нь хариуллаа.

Н.Төгсцогт: ОЛИМПООС АЛТАН МЕДАЛЬТАЙ ИРЖ БАЙНА ГЭЭД Л ТОГЛОДОГ БАЙЛАА

-Финалын тоглолтод Ка­захстаны тамирчинтай тог­лосон. Медалийн өнгө гэхээ­сээ илүүтэй олимпийн эрх авах нь чухал байсан боло­хоор эхний гурван тоглолтдоо хамаг хүчээ шавхаж олим­пийн эрхээ авсан. Нэгэнт эрхээ авчихсан болохоор финалын тоглолтод нэг их мэрийгээгүй. Амралтын маягтай байсан. Тэр тоглолтод дөрвөн оноо­ны зөрүүгээр ялагдсан. Гэх­дээ Казахстаны тэр тамир­чинтай олимпод таарч тоглох байх. Тэгэхдээ арай өөр так­тикаар тоглоно оо.

-Саяын эрх олгох тэм­цээний шүүлт хэр шу­дарга байв?

-Сугалаа их хатуу байсан. Шүүлт зүгээр байсан шүү. Эхний өдрүүдэд сайн тамир­чид хоорондоо их таарч тог­лосон. Би Азийн аварга та­мирчидтай тоглосон. Харам­салтай нь тэд олимпийн эрх хүртэж чадсангүй. Сүүлийн тоглолтод БНХАУ, Казахс­таны хүчтэй тамирчидтай таарч тоглолоо. Олимпод сайн бэлдээд сайн оролцоно доо гэж бодож байна даа.

-Та өнгөрсөн жил дэл­хийн лигт тоглож бай­сан. Харин энэ жил яагаад тоглосонгүй вэ?

-Тэнд тоглоход хэмнэл маш их алдагдсан. Мэргэж­лийн бокс болохоор. Хөдөл­гөөн­гүй, зогсонги тоглолттой учир больё гэж бодсон л доо. Ца­гийн мэдрэмжгүй. Тэнд тоглож байгаад энд ирээд сонир­хогчийн бокстоо тогло­сон чинь их зөрүүтэй юм шиг са­нагдсан. Гэхдээ ирэх жи­лээс, олимпийн дараа дахиж мэр­гэжлийн бокст тоглоно.

-Казахстанд болсон эр­хийн төлөөх тэмцээн бол сүүлчийн боломж байлаа. Тэмцээний өмнө сэт­гэлзүй тань ямар байв. Боломжоо алд­чихвал яана гэсэн айдас байсан уу?

-Байсан. Сугалаа хатуу байсан болохоор тийм бол­гоомжлол төрсөн л дөө. Хо­жихгүй бол болохгүй дээ гэж их бодсон. Тэглээ ч өөртөө их итгэлтэй байсан шүү.

-Олимпийг хэрхэн тө­сөөлж байна вэ?

-Тамирчин хүний гол зо­рил­го бол олимп. Би хар ба­гаасаа л олимпийн тухай ярь­даг байсан. Тамирчин бо­лоогүй байхдаа ч тэр. Олим­поос алтан медальтай ирж байна гээд гэртээ чемо­дан зөөгөөд тоглодог байлаа. Тэ­гэ­хэд томчуул намайг “Олим­пийн аварга” энэ тэр гээд л өхөөрддөг байлаа. Тэгтэл одоо ингээд олимпод орох болчихлоо. Баяртай байна.

-Олимпийн бэлтгэлээ хаана хийх вэ?

-Монголдоо. Олимп дө­хөөд ирэхээр Европ руу явна даа, цагийн зөрүүгээ гаргана.

-Лондонгийн олимп бол таны хувьд анхных. Олим­пийн өмнөх сэт­гэгд­лийг тань сонсъё?

-Их баяртай байна аа. Хорьхон насандаа олимпод орох гээд байж байна.

-Жин хэр их хасдаг вэ?

-6-7 кг хасдаг даа. Гайгүй үедээ таван кг орчим хасдаг.

-Бэртэл байгаа юу?

-Хуруу, гарны бага зэрэг гэм­тэл бий. Тиймэрхүү л юм байна. Түүнээс биш биед хүчтэй нөлөөлөөд байх юм алга.

-Олимп ч ойртлоо. Тэгэ­хээр жингээ одооноос барьж эхлэх нь дээ?

-Жингээ сайн барьж бай­гаад л орно доо. Олимпод тулж очоод жингээ баривал ядарна. Олимпийн дараа жин өгсч тоглохоор болсон.

-Таны бэлтгэл хангагч­дыг сонирхвол?

-49-56 кг-ын жингийн тамир­чид бүгд хамт бэлтгэл хийдэг болохоор бүгд л сайн.

-Олимпийн аварга Э.Ба­дар-Ууган энэ удаагийн олимпийг өнжих болс­ныг юу гэж бодож байна вэ?

-Би мэдэж байсан л даа, биеийнх нь байдлыг. Гэхдээ арай больчихно гэж бодоогүй. Бид хоёр нэг өрөөнд байрла­даг байсан. Бие биедээ урам, эрч хүч өгөөд “Чадна аа” л гэцгээдэг байсан. Гэтэл сүүл рүүгээ түүний нуруу нь өвд­сөн. Нэгэнт л бэртчихсэн бо­лохоор надад гэлтгүй монгол­чуудын хувьд харамсалтай л санагдсан.

-Олимпод хүч үзэхээр болчихлоо. 17 настай­даа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан үеэ нэхэн санавал…?

-Гоё байна аа. Одоо эр­гээд бодохоор сайхан байдаг ш дээ. Гурван жил маш хур­дан өнгөрчээ.

-Та спортын гараагаа жүдогоор эхэлж байсан. Тэр чинь хэдэн он би­лээ?

-2002 оны есдүгээр сард жүдогийн секцэнд ороод хоёр жил гаруй явсан.

-Яагаад боксчин бол­чи­хов?

-Багаасаа л зодоонд дур­тай байсан. Гудмандаа л хүүхдүүдтэй бокс тоглосоор байгаад боксын дугуйланд орчихсон.

-Та хүүхдээрээ шахуу байхдаа Монгол Улсын гавьяат тамирчин хэ­мээх хүндтэй цолыг хүртсэн. Тэр үед танд ямар санагдсан бэ?

-Гоё л байсан даа. Тухайн үед ямар байсныг мартчихаж (инээв).

-Тэгвэл олимпийн эрх хүртсэн тэр үед ямар байв?

-Маш их баярласан. Жаа­хан амьсгаа авч тайвширсан. Олимпийн эрхийн тоглолтод яагаад ч юм бэ ядраад байсан. Тэгсэн хэрнээ л тог­лолт гараад байсан нь сонин. Цаг хугацаа яагаад ч юм маш удаанаар өнгөрч байсан.

-Та хүүхэд байхаасаа л энэ спортоор олон ул­сад танигдчихсан. Бага­гүй судалгаа хийгдсэн байх…?

-Гадны тамирчид надаас “Чи хэдтэй юм бэ” гэж асуу­гаад “Хорьтой” гэхээр итгэ­дэггүй. Гайхаад байдаг юм. Чи хэд­тэйдээ тэгээд дэлхийн авар­гаас мөнгөн медаль ав­сан юм гээд байдаг юм. Цаа­шаа их юм байна даа. Цааш­дын үйл хэрэгтээ л бэлдэнэ. Өнгөрсөн бүхнийг эргээд бодоход их дурсамжтай.

Б.Түвшинбат: АНХ РИНГЭН ДЭЭР ГАРСАН ЦАГААСАА Л ОЛИМПИЙН НААДМЫГ МӨРӨӨДСӨН

-Казахстаны дэвжээ­нээс олимпод оролцох эрхээ авлаа. Мөнгөн ме­далийн төлөөх тулаан ямар болсон бэ?

-Энэ удаагийн тэмцээнд Ази тивийн орнууд бүгд л эрх авахын төлөө тамирчдаа маш сайн бэлдсэн байна лээ. Бидний хувьд ч тэр. Их хи­чээсэн. Би эхний тоглолтод гоц мөргөсөн. Дараагийн ту­лаанд Пакистаны тамирчныг илт давуугаар буюу гурав­дугаар үед нам цохилтоор буулгаж авсан. Ингээд хүрэл медалийн болзол хангачих­сан. Мөнгөн медаль, олим­пийн эрхийн төлөө тоглолтод гурав хоног амарч байгаад Солонгосын тамирчинтай тулалдсан. Өрсөлдөгч маань мөн л эрх авахын төлөө зүтгэсэн болохоор хэн хэн нь хичээж, нэлээд ширүүхэн үзэлцлээ. Хамаг хүчээ шав­хаад, бензинээ дуустал гэдэг шиг л зүтгэсэн.

-Өөрийн тань хувьд энэ жилээс жин өгсч тоглож байна. Ширүүхэн ту­лаанд орж байна уу?

-Би өмнө нь 64 кг-ын жинд тоглож байгаад өнөө жилээс 69 кг-ын жинд тоглож байна. Миний жингийн тамирчид 74, 75 кг-аас уруудаж тоглодог болохоор чац урттай, бие томтой. Сул өрсөл­дөгч алга. Жин нь илүүдсэн байх гэмээр биерхүү тамир­чид байдаг юм байна. Одоо гэхдээ жиндээ тоглоод дасч байна шүү. Доод жингээс орж ирж байгаа болохоор өрсөл­дөгчдийгөө бодвол хурдтай байгаа.

-Олимпийн бэлтгэлдээ хэзээнээс гарах вэ. Бэлтгэлээ хаана хийх гэж байна?

-Ямар ч байсан олимпийн эрхээ аваад нэг хэсэгтээ л амьсгаа авахтайгаа бол­чихлоо. Энэ долоо хоногт сэргээлтийн бэлтгэл хийж байна. Ирэх долоо хоногоос Эрдэнэт явж байнгын бэлт­гэлд гарна. Дундуур нь хоёр, гурван тэмцээнд орох байх.

-Гадныхантай хам­тар­сан бэлтгэл хийх үү?

-Казахстан, Хятад, Бу­риадын тамирчдыг урьж авчран хамтарсан бэлтгэл хийх гэж байгаа.

-Тэмцээнд орно гэлээ. Ямар тэмцээн юм бэ?

-ОХУ-ын Хабаровск хотод болох “А” зэрэглэлийн том тэмцээн. Мөн Казахстаны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээнд орно.

-Олимпийн эрхээ авчих­сан юм чинь тэмцээнд орох хэрэг байдаг юм уу. Бэртэл авчихаж магад­гүй гэдэг утгаараа орох­гүй байж болохгүй юу?

-Уг нь бэртэл авчих вий гэсэн зүйл байдаг л даа. Гэхдээ бас олимпийн рингэнд шууд гарах жаахан эвгүй. Тиймээс наана нь тэмцээн, уралдаанд орж өөрийгөө задлах л хэрэгтэй.

-Эрх авчихлаа. Одоо олим­пийн медаль бо­дог­дож байгаа биз дээ?

-Мэдээж хэрэг тэгэлгүй яахав. Яах гэж эрх авав, юуны төлөө оролцож байгаа гэдэг маань тодорхой болчихлоо.

-Анхны олимпдоо орол­цох гэж байна. Хэрхэн төсөөлж байна вэ?

-Би энэ спортоор хичээл­лээд 14 жил болж байна. Анх рингэн дээр гарсан цагаасаа эхлээд олимпийн наадмыг мөрөөдсөн. Эхлээд оролцоод үзчих юмсан гэж мөрөөдөж байсан бол одоо мэдээж хэрэг медалийн төлөө зүтгэнэ ээ. Хүн төрөлхтний эв нэгд­лийн наадамд оролцоно гэдэг утгаараа сэтгэл хангалуун байна даа.

-Саяын тэмцээнд аварга болсон тамирчинтай Лон­­­донгийн дэвжээн дээр дахин таарах байх. Тактикаа боловсруулж байна уу?

-Таарах л байх даа. Тий­мээс одооноос багш, дасгал­жуулагчидтайгаа ярилцаж байна. Тоглолтынх нь бичлэ­гүүдийг авчихсан. Үзэж бай­гаад яаж тоглохоо боловс­руулна даа.

-Таны жинд хаанахын тамирчид хүчтэй байгаа вэ?

-Миний жинд олимп, дэл­хийн аваргууд байгаа. Ка­захстан, Украин, Хятадын тамирчид сайн. Жин өгсч орж байгаа болохоор том, том залуучууд байгаа. Би жиндээ жижигдээд байгаа хэдий ч овоо дассан.

-Өмнө нь олимпийн эрхийн төлөө тоглож байсан уу?

-Би 2008 оны Бээжингийн олимпод оролцох эрхийн тө­лөө Туркменстаны тамир­чинтай тоглосон. Хичээж тог­лосон ч оноогоор хожигд­чихсон. Олимпийн эрхээ атгаад алдсан гэсэн үг. Энэ жил даагаа нэхэж ямар ч байсан олимпод хүч үзнэ дээ гэж бодож байлаа. Эхний даваагаа давчихлаа.

Д.САРУУЛ С.АЛТАНЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих