Тамирчин хүний гол зорилго бол ОЛИМП
Казахстан улсад зохиогдсон Азийн боксчдод олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнээс 52 кг-ын жинд гавьяат тамирчин Н.Төгсцогт, 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат нар олимпийн эрх тус тус хүртсэн. Ингэснээр Лондонгийн олимпод манай дөрвөн боксчин өрсөлдөхөөр болж байгаа юм. Эрх авсан боксчид болон Монголын олимпийн боксын холбооныхон өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, сонирхсон асуултуудад нь хариуллаа.
Н.Төгсцогт: ОЛИМПООС АЛТАН МЕДАЛЬТАЙ ИРЖ БАЙНА ГЭЭД Л ТОГЛОДОГ БАЙЛАА
-Финалын тоглолтод Казахстаны тамирчинтай тоглосон. Медалийн өнгө гэхээсээ илүүтэй олимпийн эрх авах нь чухал байсан болохоор эхний гурван тоглолтдоо хамаг хүчээ шавхаж олимпийн эрхээ авсан. Нэгэнт эрхээ авчихсан болохоор финалын тоглолтод нэг их мэрийгээгүй. Амралтын маягтай байсан. Тэр тоглолтод дөрвөн онооны зөрүүгээр ялагдсан. Гэхдээ Казахстаны тэр тамирчинтай олимпод таарч тоглох байх. Тэгэхдээ арай өөр тактикаар тоглоно оо.
-Саяын эрх олгох тэмцээний шүүлт хэр шударга байв?
-Сугалаа их хатуу байсан. Шүүлт зүгээр байсан шүү. Эхний өдрүүдэд сайн тамирчид хоорондоо их таарч тоглосон. Би Азийн аварга тамирчидтай тоглосон. Харамсалтай нь тэд олимпийн эрх хүртэж чадсангүй. Сүүлийн тоглолтод БНХАУ, Казахстаны хүчтэй тамирчидтай таарч тоглолоо. Олимпод сайн бэлдээд сайн оролцоно доо гэж бодож байна даа.
-Та өнгөрсөн жил дэлхийн лигт тоглож байсан. Харин энэ жил яагаад тоглосонгүй вэ?
-Тэнд тоглоход хэмнэл маш их алдагдсан. Мэргэжлийн бокс болохоор. Хөдөлгөөнгүй, зогсонги тоглолттой учир больё гэж бодсон л доо. Цагийн мэдрэмжгүй. Тэнд тоглож байгаад энд ирээд сонирхогчийн бокстоо тоглосон чинь их зөрүүтэй юм шиг санагдсан. Гэхдээ ирэх жилээс, олимпийн дараа дахиж мэргэжлийн бокст тоглоно.
-Казахстанд болсон эрхийн төлөөх тэмцээн бол сүүлчийн боломж байлаа. Тэмцээний өмнө сэтгэлзүй тань ямар байв. Боломжоо алдчихвал яана гэсэн айдас байсан уу?
-Байсан. Сугалаа хатуу байсан болохоор тийм болгоомжлол төрсөн л дөө. Хожихгүй бол болохгүй дээ гэж их бодсон. Тэглээ ч өөртөө их итгэлтэй байсан шүү.
-Олимпийг хэрхэн төсөөлж байна вэ?
-Тамирчин хүний гол зорилго бол олимп. Би хар багаасаа л олимпийн тухай ярьдаг байсан. Тамирчин болоогүй байхдаа ч тэр. Олимпоос алтан медальтай ирж байна гээд гэртээ чемодан зөөгөөд тоглодог байлаа. Тэгэхэд томчуул намайг “Олимпийн аварга” энэ тэр гээд л өхөөрддөг байлаа. Тэгтэл одоо ингээд олимпод орох болчихлоо. Баяртай байна.
-Олимпийн бэлтгэлээ хаана хийх вэ?
-Монголдоо. Олимп дөхөөд ирэхээр Европ руу явна даа, цагийн зөрүүгээ гаргана.
-Лондонгийн олимп бол таны хувьд анхных. Олимпийн өмнөх сэтгэгдлийг тань сонсъё?
-Их баяртай байна аа. Хорьхон насандаа олимпод орох гээд байж байна.
-Жин хэр их хасдаг вэ?
-6-7 кг хасдаг даа. Гайгүй үедээ таван кг орчим хасдаг.
-Бэртэл байгаа юу?
-Хуруу, гарны бага зэрэг гэмтэл бий. Тиймэрхүү л юм байна. Түүнээс биш биед хүчтэй нөлөөлөөд байх юм алга.
-Олимп ч ойртлоо. Тэгэхээр жингээ одооноос барьж эхлэх нь дээ?
-Жингээ сайн барьж байгаад л орно доо. Олимпод тулж очоод жингээ баривал ядарна. Олимпийн дараа жин өгсч тоглохоор болсон.
-Таны бэлтгэл хангагчдыг сонирхвол?
-49-56 кг-ын жингийн тамирчид бүгд хамт бэлтгэл хийдэг болохоор бүгд л сайн.
-Олимпийн аварга Э.Бадар-Ууган энэ удаагийн олимпийг өнжих болсныг юу гэж бодож байна вэ?
-Би мэдэж байсан л даа, биеийнх нь байдлыг. Гэхдээ арай больчихно гэж бодоогүй. Бид хоёр нэг өрөөнд байрладаг байсан. Бие биедээ урам, эрч хүч өгөөд “Чадна аа” л гэцгээдэг байсан. Гэтэл сүүл рүүгээ түүний нуруу нь өвдсөн. Нэгэнт л бэртчихсэн болохоор надад гэлтгүй монголчуудын хувьд харамсалтай л санагдсан.
-Олимпод хүч үзэхээр болчихлоо. 17 настайдаа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан үеэ нэхэн санавал…?
-Гоё байна аа. Одоо эргээд бодохоор сайхан байдаг ш дээ. Гурван жил маш хурдан өнгөрчээ.
-Та спортын гараагаа жүдогоор эхэлж байсан. Тэр чинь хэдэн он билээ?
-2002 оны есдүгээр сард жүдогийн секцэнд ороод хоёр жил гаруй явсан.
-Яагаад боксчин болчихов?
-Багаасаа л зодоонд дуртай байсан. Гудмандаа л хүүхдүүдтэй бокс тоглосоор байгаад боксын дугуйланд орчихсон.
-Та хүүхдээрээ шахуу байхдаа Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх хүндтэй цолыг хүртсэн. Тэр үед танд ямар санагдсан бэ?
-Гоё л байсан даа. Тухайн үед ямар байсныг мартчихаж (инээв).
-Тэгвэл олимпийн эрх хүртсэн тэр үед ямар байв?
-Маш их баярласан. Жаахан амьсгаа авч тайвширсан. Олимпийн эрхийн тоглолтод яагаад ч юм бэ ядраад байсан. Тэгсэн хэрнээ л тоглолт гараад байсан нь сонин. Цаг хугацаа яагаад ч юм маш удаанаар өнгөрч байсан.
-Та хүүхэд байхаасаа л энэ спортоор олон улсад танигдчихсан. Багагүй судалгаа хийгдсэн байх…?
-Гадны тамирчид надаас “Чи хэдтэй юм бэ” гэж асуугаад “Хорьтой” гэхээр итгэдэггүй. Гайхаад байдаг юм. Чи хэдтэйдээ тэгээд дэлхийн аваргаас мөнгөн медаль авсан юм гээд байдаг юм. Цаашаа их юм байна даа. Цаашдын үйл хэрэгтээ л бэлдэнэ. Өнгөрсөн бүхнийг эргээд бодоход их дурсамжтай.
Б.Түвшинбат: АНХ РИНГЭН ДЭЭР ГАРСАН ЦАГААСАА Л ОЛИМПИЙН НААДМЫГ МӨРӨӨДСӨН
-Казахстаны дэвжээнээс олимпод оролцох эрхээ авлаа. Мөнгөн медалийн төлөөх тулаан ямар болсон бэ?
-Энэ удаагийн тэмцээнд Ази тивийн орнууд бүгд л эрх авахын төлөө тамирчдаа маш сайн бэлдсэн байна лээ. Бидний хувьд ч тэр. Их хичээсэн. Би эхний тоглолтод гоц мөргөсөн. Дараагийн тулаанд Пакистаны тамирчныг илт давуугаар буюу гуравдугаар үед нам цохилтоор буулгаж авсан. Ингээд хүрэл медалийн болзол хангачихсан. Мөнгөн медаль, олимпийн эрхийн төлөө тоглолтод гурав хоног амарч байгаад Солонгосын тамирчинтай тулалдсан. Өрсөлдөгч маань мөн л эрх авахын төлөө зүтгэсэн болохоор хэн хэн нь хичээж, нэлээд ширүүхэн үзэлцлээ. Хамаг хүчээ шавхаад, бензинээ дуустал гэдэг шиг л зүтгэсэн.
-Өөрийн тань хувьд энэ жилээс жин өгсч тоглож байна. Ширүүхэн тулаанд орж байна уу?
-Би өмнө нь 64 кг-ын жинд тоглож байгаад өнөө жилээс 69 кг-ын жинд тоглож байна. Миний жингийн тамирчид 74, 75 кг-аас уруудаж тоглодог болохоор чац урттай, бие томтой. Сул өрсөлдөгч алга. Жин нь илүүдсэн байх гэмээр биерхүү тамирчид байдаг юм байна. Одоо гэхдээ жиндээ тоглоод дасч байна шүү. Доод жингээс орж ирж байгаа болохоор өрсөлдөгчдийгөө бодвол хурдтай байгаа.
-Олимпийн бэлтгэлдээ хэзээнээс гарах вэ. Бэлтгэлээ хаана хийх гэж байна?
-Ямар ч байсан олимпийн эрхээ аваад нэг хэсэгтээ л амьсгаа авахтайгаа болчихлоо. Энэ долоо хоногт сэргээлтийн бэлтгэл хийж байна. Ирэх долоо хоногоос Эрдэнэт явж байнгын бэлтгэлд гарна. Дундуур нь хоёр, гурван тэмцээнд орох байх.
-Гадныхантай хамтарсан бэлтгэл хийх үү?
-Казахстан, Хятад, Буриадын тамирчдыг урьж авчран хамтарсан бэлтгэл хийх гэж байгаа.
-Тэмцээнд орно гэлээ. Ямар тэмцээн юм бэ?
-ОХУ-ын Хабаровск хотод болох “А” зэрэглэлийн том тэмцээн. Мөн Казахстаны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээнд орно.
-Олимпийн эрхээ авчихсан юм чинь тэмцээнд орох хэрэг байдаг юм уу. Бэртэл авчихаж магадгүй гэдэг утгаараа орохгүй байж болохгүй юу?
-Уг нь бэртэл авчих вий гэсэн зүйл байдаг л даа. Гэхдээ бас олимпийн рингэнд шууд гарах жаахан эвгүй. Тиймээс наана нь тэмцээн, уралдаанд орж өөрийгөө задлах л хэрэгтэй.
-Эрх авчихлаа. Одоо олимпийн медаль бодогдож байгаа биз дээ?
-Мэдээж хэрэг тэгэлгүй яахав. Яах гэж эрх авав, юуны төлөө оролцож байгаа гэдэг маань тодорхой болчихлоо.
-Анхны олимпдоо оролцох гэж байна. Хэрхэн төсөөлж байна вэ?
-Би энэ спортоор хичээллээд 14 жил болж байна. Анх рингэн дээр гарсан цагаасаа эхлээд олимпийн наадмыг мөрөөдсөн. Эхлээд оролцоод үзчих юмсан гэж мөрөөдөж байсан бол одоо мэдээж хэрэг медалийн төлөө зүтгэнэ ээ. Хүн төрөлхтний эв нэгдлийн наадамд оролцоно гэдэг утгаараа сэтгэл хангалуун байна даа.
-Саяын тэмцээнд аварга болсон тамирчинтай Лондонгийн дэвжээн дээр дахин таарах байх. Тактикаа боловсруулж байна уу?
-Таарах л байх даа. Тиймээс одооноос багш, дасгалжуулагчидтайгаа ярилцаж байна. Тоглолтынх нь бичлэгүүдийг авчихсан. Үзэж байгаад яаж тоглохоо боловсруулна даа.
-Таны жинд хаанахын тамирчид хүчтэй байгаа вэ?
-Миний жинд олимп, дэлхийн аваргууд байгаа. Казахстан, Украин, Хятадын тамирчид сайн. Жин өгсч орж байгаа болохоор том, том залуучууд байгаа. Би жиндээ жижигдээд байгаа хэдий ч овоо дассан.
-Өмнө нь олимпийн эрхийн төлөө тоглож байсан уу?
-Би 2008 оны Бээжингийн олимпод оролцох эрхийн төлөө Туркменстаны тамирчинтай тоглосон. Хичээж тоглосон ч оноогоор хожигдчихсон. Олимпийн эрхээ атгаад алдсан гэсэн үг. Энэ жил даагаа нэхэж ямар ч байсан олимпод хүч үзнэ дээ гэж бодож байлаа. Эхний даваагаа давчихлаа.
Д.САРУУЛ С.АЛТАНЦЭЦЭГ
URL: