“Молотовын коктейль” буюу С.Баяр
Хаврын хаварт улс төрийн амьдрал буцалж эхэлдэг бичигдээгүй хууль бий. Энэ хаврын тухайд сонгуулийн өмнөх гэдгээрээ бүр ч ширүүхэн улстөржилтөөр дүүрэн байх нь тодорхой байна. Харин улс төрийн амьдрал халуухан байгаа энэ өдрүүдэд долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой асуудлууд эргэн сөхөгдөж эхэллээ. Долдугаар сарын 1-ний хэрэг өөрөө маш ээдрээтэй. Тэр ч утгаараа учрыг нь олох юмсан гэсэн хүмүүс олон байна. Гэтэл учрыг нь олох үүрэг зөвхөн шүүхэд л байгаа. Өнгөрсөн долоо хоногт АН-ын сэтгүүлчидтэй уулздаг уламжлалт 4:11 уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хийсэн мэдээллээр цагдаагийн экс дарга нар “Бид албан тушаалдаа хайнга хандсан байна. Хэрэв цагдаа хүн буудсан байвал бид хамаагүй шүү” гэсэн мэдүүлгийг өгчээ. Энэ нь тэднийг албан тушаалдаа хайнга хандсан гэм буруутай гэсэн зүйл анги руу хэргийг оруулж зөвхөн хяналт тавьж чадаагүй гэдгээр цагаатгагдаад явчих хэмжээний гарц. Насаараа шахам цагдаагийн байгууллагад ажилласан тэдгээр нөхдүүд өөрсдийгөө яавал авч гарах вэ гэдгийг тооцоолохгүй өчиг өгч чадахаа үүгээрээ харууллаа. Харин тэдний энэ амиа бодсон мэдүүлэг доор нь үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн долоон албан хаагч дарга нарыг тушаалгүйгээр бүлэглэн, өөрсдийн дураар хүн алчихсан гэдгээр цаазын тавцанд зогсох хэмжээний ял руу түлхэж буй хэрэг. Гэтэл нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлсэн цагдаа нар нөгөө талаас хүний эрхэнд халдаад зогсохгүй амь насыг нь хороосон хэрэгтэн болохгүйн эрхэнд “Бид тушаал биелүүлсэн. Хэн буу, сум тараасан юм. Хэн биднийг энэ маршрутаар гараад үймээнийг зогсоо гэсэн тушаал өгсөн юм. Энэ дарга нар шүү дээ. Яахаараа бид сайн дураараа өөрсдөө буу олоод хүн буудчихсан юм шиг болж байгаа юм” хэмээн хүн буудсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн аж. Харин эндээс хамгийн ойлгомжгүй бөгөөд хэрэг байдлыг хааш нь ч эргүүлж болохуйц нэг асуулт гарч ирж байгаа юм. Буу сум тараасан нь бууд гэсэн тушаал мөн үү гэж. Дээрх асуултын хариулт ямар байхаас шалтгаалж долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдох цагдаагийн дарга нарын хувь заяа хаашаа эргэх вэ гэдэг нь тодорхой болох учиртай. Хэрэв буу сум тараасан нь бууд гэсэн тушаал биш юм бол яагаад Ерөнхийлөгчийг онц байдал зарласны дараа тарааж байгаа юм. Хэрэв биш бол дөрвөн хүний амийг буудаж хөнөөсөн цагдаа нар бүлэглэж, ямар ч тушаалгүйгээр гал нээсэн болох нь үнэн үү. Хэрэв тийм бол цагдаагийн албан хаагчид яагаад… гээд 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой ар араасаа цуврах ноцтой асуудлуудын эцсийн цэгийг шүүх хурал хатгаж, үнэлэлт өгөх үлдлээ. Өөрөөр хэлбэл, М.Алтанхуяг, Д.Дорлигжав прокурорын аль алиных нь үед бууг хэн тараасан. Сумыг нь хаанаас худалдаж авсан тухай нэгэнт тодорхой болчихсон байгаа. Тэгэхээр буу сум тараасан нь нотлогдоогүй тухай биш, тушаалаар буудагдсан юм уу, үгүй юу гэдгийг тодорхой болгохын тулд шүүх хурал хийх ёстой болоод байгаа юм. Үүнийг тогтоохыг тулд Монголын шүүх урьд өмнөхөөсөө илүү ажиллаж эхэлж байгаа болов уу гэдэгт найдаж байна. Учир нь Долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдох цагдаагийн экс дарга нарыг шүүх хоёр дахь шатны шүүх хурлын үеэр тушаал өгөх магадлал бүхий албан тушаалтнууд буюу Н.Энхбаяр С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Д.Лүндээжанцан гэх мэт тухайн үеийн ҮАБЗ-ийн гишүүдээс анх удаа гэрчийн мэдүүлэг авсан юм. Гэрчийн мэдүүлэг авахдаа аль нэг дүүргийн шүүх хурлын танхимд биш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр анги цагдах хорих төвд дуудаж хууль дүрмийн дагуу байцаасан нь эерэг үр дагавар өгсөн байх ч талтай. Гэхдээ тэдгээр төрийн өндөр албан тушаалыг хашиж байсан хүмүүс “Би тушаал өгсөн” гэж ганц үг ганхийгээгүй нь бас л асуудал. Учир нь тухайн үед Молотовын коктейлийн тухай ам нээж байсан С.Баяр гэрчийн мэдүүлэгтээ тэр талаар дурьдсан уу. С.Баяр яагаад Молотовын коктейл гэдгийг түрүүлж дуугарав. Молотовын коктейль гэгч нь дэлхийн хоёрдугаар дайны үед Монголд оруулж ирсэн өнгөгүй шингэн, тэсэрч дэлбэрэх бодис болох тухай ярьдаг юм билээ. Хэрэв 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн самууны үеэр энэ бодисыг хэрэглэсэн бол хаанаас оруулж ирсэн бэ гэдэг нь мөн л хардалт дагуулж байгаа юм. Хэрэв энэ талаар гэрч тодорхой хэлэх юм бол асуудал улам бүр тодорхой болох учиртай. Тиймээс тухайн үеийн ҮАБЗ-ийн гишүүд төрийн хүний зангараг гаргаж болсон бүх явдлыг үнэнээр нь хэлж шүүх ажиллагаанд дэм болохгүй бол цаашид юу болохыг хэн ч таашгүй биз ээ.
URL: