“Молотовын коктейль” буюу С.Баяр

Хаврын хаварт улс төрийн амьдрал буцалж эхэлдэг бичиг­дээгүй хууль бий. Энэ хаврын ту­хайд сонгуулийн өмнөх гэд­гээ­рээ бүр ч ширүүхэн улс­төр­­жилтөөр дүүрэн байх нь то­дорхой байна. Харин улс төрийн амьдрал халуухан байгаа энэ өдрүүдэд долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой асууд­­­лууд эргэн сөхөгдөж  эхэл­­­лээ. Долдугаар сарын 1-ний хэ­­­рэг өөрөө маш ээдрээтэй. Тэр ч утгаараа  учрыг  нь олох юм­сан  гэсэн хүмүүс олон бай­­на. Гэтэл учрыг нь олох үүрэг зөвхөн шүүхэд л байгаа. Өн­гөрсөн долоо хо­ногт АН-ын сэт­гүүлчидтэй уулз­­даг уламж­лалт 4:11 уулзал­тын үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин­гийн хий­­сэн мэдээллээр цагдаа­гийн экс дарга нар “Бид албан ту­шаалдаа хайнга хандсан байна. Хэ­рэв цагдаа хүн буудсан бай­вал бид хамаагүй шүү” гэ­сэн мэдүүлгийг өгчээ. Энэ нь тэднийг албан ту­шаал­даа хайнга хандсан гэм буруутай гэсэн зүйл анги руу хэр­гийг оруулж зөвхөн хя­налт тавьж чадаагүй гэд­гээр цагаатгагдаад явчих хэмжээ­ний гарц. Насаараа шахам цаг­­­даа­гийн байгууллагад ажил­­­­ла­сан тэдгээр нөхдүүд өөрс­­­­дий­гөө яавал авч гарах  вэ гэдгийг тооцоолохгүй өчиг өгч чадахаа үүгээрээ ха­руул­л­аа. Харин тэдний энэ амиа бод­­сон мэдүүлэг доор нь үүрэг гүй­­цэтгэж байсан цагдаа­гийн до­лоон албан хаагч дар­­га на­рыг тушаалгүйгээр бүлэг­­лэн, өөрсдийн дураар хүн ал­­чих­сан гэдгээр цаазын тав­­цанд зогсох хэмжээний ял руу түлхэж буй хэрэг. Гэ­тэл нийг­мийн хэв журам са­хиу­лах үүргээ биелүүлсэн цаг­даа нар нөгөө талаас хүний эр­хэнд халдаад зогсохгүй амь  на­сыг нь хороосон хэрэгтэн болохгүйн эрхэнд “Бид тушаал биелүүлсэн. Хэн буу, сум та­раасан юм. Хэн биднийг энэ маршрутаар гараад үймээнийг  зогсоо гэсэн тушаал өгсөн юм. Энэ дарга нар шүү дээ. Яахаараа бид  сайн дураараа өөрсдөө  буу олоод хүн буудчихсан юм шиг болж байгаа юм”  хэмээн  хүн буудсан гэдгээ хүлээн зөв­шөөрсөн мэдүүлэг өгсөн аж. Харин эндээс хамгийн ойл­гомж­гүй  бөгөөд хэрэг байдлыг хааш нь ч эргүүлж болохуйц нэг асуулт гарч ирж байгаа юм. Буу сум тараасан нь бууд гэсэн тушаал мөн үү гэж.  Дээрх асуултын хариулт ямар байхаас шалтгаалж долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдох цагдаагийн дарга нарын хувь заяа хаашаа эргэх вэ гэдэг нь тодорхой болох учиртай. Хэрэв буу сум тараасан нь бууд гэсэн тушаал биш  юм бол яагаад  Ерөн­хийлөгчийг онц байдал зар­­ласны дараа  тарааж байгаа юм. Хэрэв биш бол дөрвөн хүний амийг буудаж хөнөө­сөн цагдаа нар бүлэглэж, ямар ч тушаалгүйгээр гал нээ­сэн  болох нь үнэн үү. Хэрэв тийм бол цагдаагийн албан хааг­чид яагаад… гээд 2008 оны долдугаар сарын 1-ний хэ­рэгтэй холбоотой ар араасаа цув­рах ноцтой асуудлуудын эц­сийн цэгийг  шүүх хурал  хат­гаж,  үнэлэлт өгөх  үлдлээ. Өөрөөр хэлбэл,  М.Алтанхуяг, Д.Дор­лиг­жав прокурорын аль алиных нь үед бууг хэн та­­раасан. Сумыг нь  хаанаас ху­дал­даж авсан тухай нэгэнт  тодор­хой болчихсон байгаа. Тэгэ­хээр  буу сум тараасан нь нотлогдоогүй тухай биш, тушаа­лаар буудагдсан юм уу, үгүй юу гэд­гийг тодорхой болгохын тулд шүүх хурал хийх ёстой бо­лоод байгаа юм. Үүнийг тог­тоохыг тулд Монголын шүүх урьд өмнөхөөсөө илүү ажил­лаж эхэлж байгаа болов уу гэдэгт  найдаж байна. Учир нь  Долдугаар сарын 1-ний хэрэгт  холбогдох цагдаагийн экс дарга нарыг шүүх хоёр дахь шатны шүүх хурлын үеэр тушаал өгөх магадлал бүхий албан ту­шаалт­нууд буюу  Н.Энхбаяр С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Д.Лүндээ­жан­цан гэх мэт тухайн үеийн ҮАБЗ-ийн гишүүдээс анх удаа гэрчийн мэдүүлэг ав­сан юм. Гэр­чийн мэдүүлэг авах­даа аль нэг дүүргийн шүүх хур­лын тан­химд биш Шүү­хийн шийд­вэр гүйцэтгэх 461 дү­гээр анги цаг­дах хорих төвд дуудаж хууль дүрмийн дагуу байцаасан нь эерэг үр  дагавар өгсөн байх  ч талтай. Гэхдээ тэдгээр  төрийн өндөр албан тушаалыг хашиж байсан хүмүүс “Би тушаал өг­сөн” гэж ганц үг ганхийгээгүй  нь бас л асуудал.  Учир нь тухайн үед Молотовын коктейлийн тухай ам нээж байсан С.Баяр гэрчийн мэдүүлэгтээ тэр та­лаар дурьдсан уу. С.Баяр яагаад  Молотовын коктейл гэд­гийг түрүүлж дуугарав. Молото­вын коктейль гэгч нь дэлхийн хоёр­дугаар дайны үед Монголд оруулж ирсэн өнгөгүй шингэн, тэсэрч дэлбэрэх бодис болох тухай ярьдаг юм билээ. Хэрэв  2008 оны долдугаар сарын 1-ний  үймээн самууны үеэр энэ бо­дисыг хэрэглэсэн бол хаа­наас оруулж ирсэн  бэ гэдэг нь мөн л хардалт дагуулж байгаа юм. Хэрэв энэ  талаар  гэрч то­дорхой хэлэх юм бол асуудал улам бүр тодорхой болох учир­тай. Тиймээс тухайн үеийн ҮАБЗ-ийн гишүүд төрийн хүний зан­гараг гаргаж болсон бүх явдлыг үнэнээр нь хэлж шүүх ажил­лагаанд  дэм болохгүй бол цаашид юу болохыг хэн ч тааш­гүй  биз ээ.


URL:

Сэтгэгдэл бичих