ДЭЛГҮҮРҮҮД ХҮҮХДЭД АРХИ ХУДАЛДДАГ БОЛ ЗОЧИД БУУДЛУУД УУХ БОЛОМЖИЙГ ОЛГОДОГ
“Зууны мэдээ” сониноос санаачилсан “Ирээдүйгээ архинаас аваръя” аян эхлээд удаагүй байна. Бид Монголын ирээдүй хойч үе болсон хүүхэд, залуусыг согтууруулах ундааны хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэхээр тус аяныг санаачлаад байгаа юм.
Энэ хүрээнд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд учирч буй саад бэрхшээлийн тухай холбогдох албаны хүмүүс, мэргэжилтнүүдийг оролцуулсан уулзалт ярилцлагыг зохион байгууллаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч О.Нямдаваа, Хүүхдийн төлөө газрын хэлтсийн дарга Д.Сайханбилэг, Нийслэлийн цагдаагийн газрын хэв журмын хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Баатархүү нар багачуудын архидан согтуурах үзэгдэл ямар төвшинд хүрснийг ийн өгүүллээ.
ХҮҮХДЭД АРХИ ЗАРСАН ДЭЛГҮҮРИЙН ХААЛГЫГ БАРИХ ХҮСЭЛТИЙГ ХҮРГҮҮЛДЭГ Ч ХҮЛЭЭЖ АВДАГГҮЙ
-Хүүхдүүд согтууруулах ундаа хэрэглэх нь хэрээс хэтэрч байна. Худалдааны төвийнхөн тэдэнд согтууруулах ундаа худалддаг нь нууц биш. Мэргэжлийн байгууллагынхан үүнд ямар хяналт тавьдаг юм бэ. Энэ үзэгдэл та нарын хяналтаас гадна өнгөрөөд байгаа юм биш үү?
Б.Баатархүү:
-Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд шөнийн 00 цагаас хойш согтууруулах ундаа худалдаалах, 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчлэх, 18 нас хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон бий. Энд нэг зүйлийг тодотгож хэлмээр байна. Цагдаагийн байгууллага бол архи худалдаалах үйл явцад эрх олгодоггүй, хяналт тавьдаг субъект. Харин нийслэлийн захирагчийн ажлын албанаас тусгай зөвшөөрөл олгодог. Цагдаагийн байгууллага бол зөвхөн хяналт тавиад зөрчил гаргасан газруудыг хаах саналаа тусгай зөвшөөрөл олгож байгаа газруудад хүргүүлэх үүрэгтэй. Бид өнгөрсөн онд зөрчил гаргасан 935 иргэн, 130 албан тушаалтан, 605 албан байгууллагыг 130 сая төгрөгөөр торгосон. Үүний зэрэгцээ насанд хүрээгүй хүмүүст согтууруулах ундаагаар удаа дараа үйлчилсэн байгууллагуудыг хаах саналыг Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн ч үр дүн муутай байна. Харин өнгөрсөн оны төгсгөлд Ерөнхийлөгчийн Тамгын газрынхантай хамтарсан шалгалт хийсний эцэст 140 гаруй албан байгууллагын үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож чадсан. Өнөөдөр шөнийн 00 цаг гэхэд согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагууд ажиллахгүй байгаа.
-Үйчилгээг зогсоох цагийн хуваарьт биш багачууд түүнээс өмнө шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэх эсвэл согтууруулах ундаа хэрэглэх тохиолдол шүү дээ?
-Б.Баатархүү: Насанд хүрээгүй хүмүүсийг таних боломж муу байна. Сүүлийн үед хүүхдүүд их өсгөлүүн болж, өмсч буй хувцас, нүүрээ будсан байдал зэргээр нь ялгах боломжгүй болоод байна. Тиймээс согтууруулах ундаагаар үйлчлэхдээ заавал иргэний үнэмлэхээр үйлчилдэг болох хэрэгтэй байгаа юм. Барууны хөгжилтэй орон төдийгүй Азийн ихэнхи улсад иргэний үнэмлэх, гишүүнчлэлийн картаар үйлчилдэг. Цагдаагийн байгууллагаас жил бүр дунд сургуулийн сурагчдын дунд явуулдаг судалгаагаар тэд архи уух гэхээсээ илүү бүжиглэх сонирхолтой байдаг. Гэтэл манайд бүжиглэх орчин алга. Бүжиглэхэр бол заавал шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж согтууруулах ундаа авах шаардлага гарч байх жишээтэй. Өнөөдөр ахуйн хүрээ, зочид буудалд архидан согтуурах үзэгдэл түгээмэл байна. Нийслэлийн хэмжээнд 1485 шөнийн цэнгээний газар, 2197 архи худалдаалах эрхтэй дэлгүүр, 3682 аж ахуйн нэгж байгууллага архи худалдаалах эрхтэй байгаа нь нийслэлийн цагдаа нар хүчин мөхөсдөж байна.
О.Нямдаваа:
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд голчлон хяналт тавьдаг. Архины үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн ажлын байрны эрүүл ахуй технологийн горимд хяналт тавьдаг гэсэн үг. Бага насны хүүхдүүдийг архидалтаас аврахад хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо чухал байна. Хүүхэд, залуус шөнийн цэнгээний газарт ороод заавал архи биш ундаа уугаад бүжиглээд гардаг болох хэмжээний ухамсар шаардлагатай байна. Үүний тулд шөнийн цэнгээний газрынханд хандсан сурталчилгаа ч хэрэгтэй байгаа юм. Нөгөө талаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр согтууруулах ундааг сурталчлахаа болих хэрэгтэй. Мөн архи зохисгүй хэрэглээнд багтах байтал хэрэглээний хүнстэй холиод худалдаж байдгийг зогсоох шаардлагатай. Төр, засгаас энэ бүхнийг зохицуулж хязгаарлах зөв бодлого барьж ажиллах хэрэгтэй байна. Бид хуулийн дагуу хяналт шалгалтаа хийж зөрчлийг илрүүлж тухайн үед нь торгоод, зөрчил давтагдвал тусгай зөвшөөрлийг нь цуцалдаг. Цуцлагдсан газрууд дор хаяж хоёр жилийн дараа ажиллах байтал 1-2 сарын дараа зөвшөөрлөө авчихаад ажиллах нь элбэг бий.
ЗӨРЧИЛТЭЙ ЖУРАМ ТӨВӨГ УЧРУУЛЖ БАЙНА
-Цуцлагдчихаад байгаа газрууд зөвшөөрлөө удалгүй авчихдаг нь хууль хэрэгжихгүй байгааг илтгэж байна уу?
О.Нямдаваа:
-Аж ахуйн нэгж газруудын тусгай зөвшөөрлийн хуулиар хоёр жилийн хугацаанд дахин олгохгүй гэсэн заалт бий. Гэтэл хуультай зөрчилтэй нэгэн журам бас үйлчилж байна. Юу гэхээр Нийслэлийн худалдаа үйлчилгээний журам гэж. Журамд зөрчил дутагдлаа арилгасан тохиолдолд зөвшөөрлийг нь эргүүлж олгоно гэсэн байдаг. Энэ нь хууль хэрэгжихэд хүндрэл учруулж байна.
Д.Сайханбилэг:
-Үндэсний хэмжээнд хийсэн судалгаагаар 70,6 хувь нь ямар нэг байдлаар согтууруулах ундаа хэрэглэж үзсэн. Архи, согтууруулах ундаа худалдаж авч үзсэн хүүхдийн 52,4 хувь нь аав, 35 хувь нь ах эгч, 20 хувь нь ээж, сургуулийн багш нарын захиалгаар 6,5 хувь нь архины дэлгүүр рүү явсан байна. Хамгийн сүүлд хийсэн хүн амын судалгаагаар 0-18 нас хүртэлх хүүхэд нэг сая 38 мянга байна. Энэ нь нийт хүн амын 37 хувийг эзэлж байгаа юм. Ер нь хүүхэд өсвөр үеийнхний эрхийг хамгаалах, тэднийг хүчирхийлэлд өртүүлэхгүй байх, хүмүүжлийн асуудалд нийт эцэг эхчүүдийн үүрэг хамгаас чухал. Үр хүүхдээ юмаар дутаахгүй өсгөн хүмүүжүүлэх нь эцэг, эхийн хуулиар хүлээсэн үүрэг шүү дээ. Гэтэл тэнд нэг ээж гудамжинд хүүхдээ хаясны төлөө хүүхдийн байгууллагыг буруутгадаг. Өөрөөр хэлбэл, олон нийтийн дунд хүүхдийн эрхийн ноцтой зөрчлийг төрийн захиргааны байгууллагад нялзаах хандлага их байна. Хүүхдийг өдөр тутам харж хандах ёстой эцэг эхчүүд үнэхээр хариуцлагагүй байна. Хууль, эрхзүйн санкцууд нь ч гэсэн шаардлага хангахгүй байна. Одоогоор “Гэр бүлийн тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль” гэсэн нийгмийн харилцааг зохицуулдаг гурван хуулийг шинэчлэн найруулж байгаа. Шинэчилсэн найруулгад хүүхдийн суурь хүмүүжилд анхаардаггүй эцэг, эхийг албадан сургах, захиргааны хариуцлага хүлээлгэхээр тусгаж байна. Ер нь хүүхэд, залуусын архидалт нь чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх өөр газар байдаггүйтэй шууд холбоотой. Уг Нийслэлийн Засаг даргын 2008-2012 оны мөрийн хөтөлбөрт дүүрэг болгонд хүүхэд хөгжлийн төв байгуулна гэж заасан ч Налайх, Багануур дүүрэгт л байгуулсан. Бидний хийсэн судалгааны “Аав, ээж нь архи уудаг уу?” гэсэн асуултад хүүхдүүдийн 81,9 хувь нь аав, 60,1 хувь нь ээжийгээ архи уудаг гэж хариулсан байдаг. Энэ нь архидалт эцэг эх, гэр бүл орчны нөлөөллөөс хамааралтайг харуулж байгаа хэрэг. Насанд хүрэгчдийн архи тамхины хэрэглээ буурахгүй бол хүүхдийнх ч гэсэн буурахгүй.
АРХИДАЛТЫН ЭСРЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ
-Хууль хэрэгжихгүй байна гэж та бүхэн ярьж байна. Хуулийн хэрэгжилтийг хангах ёстой хүчнийхэн ажлаа хийж чадахгүй байгаа гэж ойлгож болох уу?
Д.Сайханбилэг: Юуны өмнө бид хууль, эрхзүйн орчноо сайжруулах хэрэгтэй. Хууль бол заавал хэрэгжих ёстой баримт бичиг. Хуулийг хэрэгжүүлэх үүрэг нь зөвхөн мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагын хүлээх үүрэг биш. Энэ бол иргэн бүрийн хариуцлага. Бид хэдий их хяналт тавьж, зөрчил илрүүлдэг ч нэмэр алга. Учир нь хүмүүсийн архидах зан үйл арилахгүй байна. Архидах зан үйлийг өөрчлөхөд хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоо их бий. Хүүхдийн асуудалд бүх байгууллага оролцох ёстой. Танай сонины өрнүүлсэн “Охидоо хаанаа нуух вэ?” цуврал сурвалжлага, нийтлэл нийгэмд их цочроо өгсөн. Энэ мэт бүх л салбарын байгууллагууд хүүхдийн асуудалд оролцох ёстой.
Б.Баатархүү:
-Аливаа зүйлийн хандлагыг өөрчилнө гэдэг хүмүүсийн ухамсартай холбоотой. Нэгэнт тогтсон сэтгэлгээ, олон нийтийн хандлагыг өөрчилнө гэдэг урт хугацааны ажил. Тамхи татах, архи уух бурууг мэдсээр байж хэрэглэсээр л байдаг. Өнөөдөр согтууруулах ундаа худалдан борлуулж буй аж ахуйн нэгжийг дээд тал нь 250 мянган төгрөгөөр торгож байна. 250 мянган төгрөг бол тухайн шөнийн цэнгээний газрын 1-2 ширээний тооцооны мөнгө. Тэр хүмүүст бол энэ торгууль асуудалгүй. Сүүлийн үед бид Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газартай хамтран хариуцлагын тогтолцоог өндөржүүлэх, торгуулийн мөнгийг дор хаяж нэг сая төгрөг болгохоор ярилцаж байна.
ӨНГӨРСӨН ОНД 38 ХҮҮХЭД СОГТУУГААР ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН
-Хууль болохгүй байна гээд яриад байдаг. Гэтэл яагаад өөрчлөх, шинэчлэх талд анхаарахгүй байна вэ?
Б.Баатархүү:
-Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийг өөрчлөх саналыг жилд хоёр удаа өгдөг. УИХ-аар хэлэлцүүлэхээр санал явуулдаг ч тоодоггүй. Саяхан чуулганаар энэ хуулийг өөрчлөх санал орсон боловч буцаагдсан. Механик аргаар тэмцэхэд цагдаа төмөр нүүр нь болж байна. Өнгөрсөн онд Нийслэлийн хэмжээнд 21, улсын хэмжээнд 38 хүүхэд согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байна. Эхний ээлжинд архи уудаг байсаг бол одоо согтуугаар гэмт хэрэг үйлдээд эхэлсэн нь аюулын харанга дэлдэж байгаа юм.
О.Нямдаваа:
-Хуулийг хэлэлцэхгүй байх сонирхол УИХ-ын гишүүдэд байгаа болоод л тэр. Хэд нь архины үйлдвэртэй билээ дээ.
-Насанд хүрэгчдийн архидалт хязгаараа алдаад буй нь үнэн байх. Гэхдээ тэр дотроо хүүхэд багачууд архидан согтуурч гэмт хэрэгт холбогдохоос эхлээд амь насаа алдах тохиолдол гарч байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?
О.Нямдаваа:
-Манайх бас цагдаагийн байгууллага ч архидан согтуурахтай чадлынхаа хэрээр тэмцэж байна. Гэтэл төр, засгаас бодлогын хэмжээнд авч үзсэн юм алга. Хуулийн заалтуудад ч өөрчлөлт оруулахгүй. Зар сурталчилгааны хуулиар архи согтууруулах ундаа сурталчлахыг хориглосон ч одоо шар айргийг сурталчилж болно гээд заачихлаа. Зөрчлийг нь хэлдгээрээ хяналтын байгууллага л муу нэртэй болж байна. Хэдийгээр “Хэлсэн эрүү хувхайрч, хэлүүлсэн бут ургана” гэгчээр биднийг шүүмжилсэн ч нийгмийн сайн сайхны төлөө ажилласаар л байх болно.
Б.Баатархүү:
-Эцэг эхчүүд өөрсдийнхөө хүүхдийг хэзээ ч архи ууж байгаа гэж төсөөлдөггүй. Эрүүлжүүлэгдсэн хүүхдүүдийн эцэг эх “Миний хүүхэд архи уудаггүй, найз нь л уруу татаж” гээд хүүхдээ өмөөрнө. Өнөөдөр хүүхэддээ анхаарал халамж тавь, хаана юу хийж байгааг нь мэд гэж хэлэх ч хэрэгтний ширээний ард суусан хойно нь амаа барих эцэг, эхчүүд олон байна.
Д.Сайханбилэг:
-Мансууруулах бодис гэдэгт морфины төрөл ордог юм. Харин сэтгэц идэвхт бодис дотор энержи дринк ордог юм байна. Дэлхийн улс орнуудад үүнийг худалдаалахыг хориглосон байгаа. Худалдаалсан ч өндөрт татвартай байдаг. Хүнийг донтуулдаг элемент агуулдаг учир тодорхой хэмжээгээр хөөрлийн процессийг хурцалдаг. Өсвөр насны охид энержи дринк их уудаг болжээ. Энэ бас л нэг бидний ярьж байгаагүй сэдэв гарч ирж байгаа юм.
Хөдөө орон нутагт бага насны хүүхдүүдийн архидалт харьцангуй гайгүй харин нийслэлд илүү төвлөрч байна. Нийслэлийн хүүхдийн төлөө газрын энэ оны төлөвлөгөөнд хүүхдийг гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тэр дундаа архидалтыг арилгах тухай оруулсан байгаа.
ХҮҮХДҮҮДЭД ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ДУТАЖ БАЙНА
-Худалдааны төв, гудамж талбайд архи уучихсан хүүхдүүд явж байгаа. Энэ нь архидалт цадигаа алдсныг илтгэж байна гэдэгтэй санал нийлэх үү?
Б.Баатархүү:
-Хараа хяналтгүй 200 гаруй хүүхдэд хүүхдийн төлөө газар, төрийн бус байгууллагатай хамтран хяналт тавьж байна. Өнөөдөр тэднийг аваад өсгөн хүмүүжүүлэх газар алга. Цагдаагийн байгууллага хараа хяналтгүй хүүхдийг хуулиараа 7-30 хоног л халамж, асрамжийн төвүүдэд орогнуулах үүрэгтэй. Өнөөдөр нийслэлд 35 халамж асрамжийн төв байх ч архаг тэнэмэл хүүхдүүдийг авахгүй байна. Яагаад гэвэл бусаддаа муу үлгэр дууриалал үзүүлж дагуулаад оргочихно гээд тэр. Хүүхдүүдэд цогц үйлчилгээ үзүүлэх төрийн байгууллага дутагдаж байна.
Д.Сайханбилэг:
-157 хүүхдэд дэмжлэг үйлчилгээ үзүүлэх шаардлагатай боломжийг бид хайж байна. Өнгөрсөн онд Засгийн газар анх удаа хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Энэ төлөвлөгөөгөөр 2015 оныг дуустал хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулах ёстой. Бид таван төрийн бус байгууллагатай гэрээлээд 157 хүүхдээ бүлэг болгон хуваагаад ажиллаж байна.
Б.Баатархүү:
-Төрийн бус байгууллагуудтай гэрээлж байгаа нь гал унтраах арга юм. Өнөөдөр манай нийгэмд хөдөлмөрөөр боловсрол олгодог хагас цэрэгжүүлсэн сургууль нээхгүй бол болохгүй. Манай улс хүүхдийн эрх гэж яриад байгаа ч дорвитой арга хэмжээ авдаггүй. Монголын олонхи гэр бүлд орой ширээгээ тойрч суугаад хооллодог зүйл алга болсон. Ээж нь турна гээд 18 цагаас хойш хоол идэхгүй, хүүхдүүд нь саад бүү бол гээд өрөөгөө түгжинэ, аав нь ажилтай гээд эрт харихгүй. Энэ л байдлаас болж гэр бүлийн халуун дулаан уур амьсгал алдагдаж улмаар хүүхдүүд муу зүйлд татагдаж буй юм.
-Дэлгүүрүүд 18 нас хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаа худалдана. Зочид буудлынхан ч тэднийг архидах боломж олгож байна. Үүнд ямар хяналт тавьж байна вэ?
Б.Баатархүү:
-Архи уух сэдэл нь байвал хүүхдүүд хаана ч ууна. Цагийн 2000, 5000 төгрөгийн буудлууд зөндөө байна. Зочид буудлыг 12 цаг юм уу, хоногоор л оруулдаг болгох хэрэгтэй. Цагийн буудал гэдэг архидалт, мөрийтэй тоглоом, биеэ үнэлэлтийг өөгшүүлж байгаа юм.
О.Нямдаваа:
-Одоогийн мөрдөж байгаа хуулиар бол бид тусгай зөвшөөрөлтэй нь ярьдаг байсан. Одоо бол худалдаа үйлчилгээ, шөнийн цэнгээний газар, дэлгүүр, буудал хамаарахгүй байгаа юм. Архийг хязгаарлах тал дээр зөвхөн цагдаагийн байгууллага л хяналт тавих эрхтэй.
Х.МОНГОЛХАТАН, Д.БОЛОРМАА
URL: