ДЭЛГҮҮРҮҮД ХҮҮХДЭД АРХИ ХУДАЛДДАГ БОЛ ЗОЧИД БУУДЛУУД УУХ БОЛОМЖИЙГ ОЛГОДОГ

“Зууны мэдээ” сони­ноос санаачилсан “Ирээ­дүйгээ архинаас аваръя” аян эхлээд удаагүй байна. Бид Монголын ирээдүй хойч үе болсон хүүхэд, за­луусыг согтууруулах ун­даа­ны хор хөнөөлөөс урьд­чилан сэргийлэхээр тус аяныг санаачлаад бай­гаа юм.

Энэ хүрээнд Архидан сог­туурахтай тэм­цэх тухай хуулийн хэ­рэгжилтэд учирч буй саад бэрхшээ­лийн тухай хол­богдох ал­баны хүмүүс, мэргэжилт­нүү­дийг орол­цуул­сан уул­залт ярилц­лагыг зохион байгууллаа. Нийс­лэ­лийн Мэр­гэжлийн хянал­тын газрын улсын ахлах бай­цаагч О.Ням­даваа, Хүүх­­дийн төлөө газрын хэлт­сийн дарга Д.Сайхан­би­лэг, Нийс­лэлийн цаг­даа­гийн газрын хэв жур­мын хэлт­сийн чиглэлийн ахлах бай­цаагч, цагдаа­гийн ах­мад Б.Баатархүү нар бага­чуу­дын архидан согтуурах үзэг­дэл ямар төвшинд хүрс­­нийг ийн өгүүллээ.

ХҮҮХДЭД АРХИ ЗАРСАН ДЭЛГҮҮРИЙН ХААЛГЫГ БАРИХ ХҮСЭЛТИЙГ ХҮРГҮҮЛДЭГ Ч ХҮЛЭЭЖ АВДАГГҮЙ

-Хүүхдүүд согтууруу­лах ундаа хэрэглэх нь хэрээс хэтэрч байна. Ху­да­лдааны төвийнхөн тэдэнд согтууруулах ундаа ху­далд­даг нь нууц биш. Мэргэжлийн байгуул­ла­гынхан үүнд ямар хяналт тавьдаг юм бэ. Энэ үзэг­дэл та нарын хяналтаас гадна өнгөрөөд байгаа юм биш үү?

Б.Баатархүү:

-Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд шөнийн 00 цагаас хойш согтууруулах ундаа худалдаалах, 21 нас хүрээ­гүй хүнд согтууруулах ун­даагаар үйлчлэх, 18 нас хүрээгүй хүнийг ажил­луулахыг хориглосон бий. Энд нэг зүйлийг тодотгож хэлмээр байна. Цагдаа­гийн байгууллага бол архи худалдаалах үйл явцад эрх олгодоггүй, хяналт тавьдаг субъект. Харин нийс­лэ­лийн захирагчийн ажлын албанаас тусгай зөв­шөө­рөл олгодог. Цагдаагийн байгууллага бол зөвхөн хяналт тавиад зөрчил гар­гасан газруудыг хаах сана­лаа тусгай зөвшөөрөл ол­гож байгаа газруудад хүр­гүүлэх үүрэгтэй. Бид өн­гөрсөн онд зөрчил гаргасан 935 иргэн, 130 албан ту­шаалтан, 605 албан бай­гууллагыг 130 сая төгрө­гөөр торгосон. Үүний зэ­рэг­цээ насанд хүрээгүй хүмүүст согтууруулах ун­даагаар удаа дараа үйл­чилсэн  байгууллагуудыг хаах саналыг Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн ч үр дүн муутай байна.  Харин өнгөрсөн оны төгс­гөлд Ерөнхийлөгчийн Там­гын газрынхантай хам­тарсан шалгалт хийс­ний эцэст 140 гаруй албан байгууллагын үйл ажил­лагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй бол­гож чадсан. Өнөөдөр шөнийн 00 цаг гэхэд согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагууд ажиллахгүй байгаа.

-Үйчилгээг зогсоох цагийн хуваарьт биш бага­чууд түүнээс өмнө шөнийн цэнгээний газраар үйлч­лүүлэх эсвэл согтууруулах ундаа хэрэглэх тохиолдол шүү дээ?

-Б.Баатархүү: Насанд хүрээгүй хүмүүсийг таних боломж муу байна. Сүү­лийн үед хүүхдүүд их өсгө­лүүн болж, өмсч буй хув­цас, нүүрээ будсан байдал зэргээр нь ялгах боломж­гүй болоод байна. Тиймээс согтууруулах ундаагаар үйлчлэхдээ заавал иргэний үнэмлэхээр үйлчилдэг бо­лох хэрэгтэй байгаа юм. Барууны хөгжилтэй орон төдийгүй Азийн ихэнхи улсад иргэний үнэмлэх, гишүүнчлэлийн картаар үйлчилдэг. Цагдаагийн байгууллагаас жил бүр дунд сургуулийн сурагч­дын дунд явуулдаг судал­гаа­гаар тэд архи уух гэхээ­сээ илүү бүжиглэх сонир­холтой байдаг. Гэтэл ма­найд бүжиглэх орчин алга. Бүжиглэхэр бол заавал шөнийн цэнгээний газ­раар үйлчлүүлж согтуу­руулах ундаа авах шаард­лага гарч байх жишээтэй. Өнөөдөр ахуйн хүрээ, зо­чид буудалд архидан сог­туурах  үзэгдэл түгээмэл байна. Нийслэлийн хэм­жээнд 1485 шөнийн цэн­гээний газар, 2197 архи худалдаалах эрхтэй дэл­гүүр, 3682 аж ахуйн нэгж байгууллага архи худал­даалах эрхтэй байгаа нь нийслэлийн цагдаа нар хүчин мөхөсдөж байна.

О.Нямдаваа:

-Мэргэжлийн хянал­тын байгууллагаас бүтээг­дэхүүний чанар, аюулгүй байдалд голчлон хяналт тавьдаг. Архины үйлд­вэрүүдийн үйлдвэрлэлийн ажлын байрны эрүүл ахуй технологийн горимд хя­налт тавьдаг гэсэн үг. Бага насны хүүхдүүдийг архи­далтаас аврахад хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо чухал байна. Хүү­хэд, залуус шөнийн цэн­гээний газарт ороод заавал архи биш ундаа уугаад бүжиглээд гардаг болох хэмжээний ухамсар шаард­лагатай байна. Үү­ний тулд шөнийн цэнгээ­ний газрынханд хандсан сурталчилгаа ч  хэрэгтэй байгаа юм. Нөгөө талаас хэвлэл мэдээллийн хэ­рэгс­лээр согтууруулах ун­дааг сурталчлахаа болих хэрэгтэй. Мөн архи зохис­гүй хэрэглээнд багтах бай­тал хэрэглээний хүнс­тэй холиод худалдаж байд­гийг зогсоох шаардла­гатай. Төр, засгаас энэ бүхнийг зохицуулж хяз­гаар­лах зөв бодлого барьж ажиллах хэрэгтэй байна. Бид хуулийн дагуу хяналт шалгалтаа хийж зөрчлийг илрүүлж тухайн үед нь торгоод, зөрчил давтагдвал тусгай зөвшөөрлийг нь цуцалдаг. Цуцлагдсан газ­рууд дор хаяж хоёр жи­лийн дараа ажиллах байтал 1-2 сарын дараа зөв­шөөр­лөө авчихаад ажиллах нь элбэг бий.

ЗӨРЧИЛТЭЙ ЖУРАМ ТӨВӨГ УЧРУУЛЖ БАЙНА

-Цуцлагдчихаад байгаа газрууд зөвшөөрлөө удал­гүй авчихдаг нь хууль хэрэгжихгүй байгааг илт­гэж байна уу?

О.Нямдаваа:

-Аж ахуйн нэгж газруудын тусгай зөвшөөрлийн хуу­лиар хоёр жилийн хуга­цаанд дахин олгохгүй гэ­сэн заалт бий. Гэтэл хууль­тай зөрчилтэй нэгэн журам бас үйлчилж байна. Юу гэхээр Нийслэлийн худалдаа үйлчилгээний журам гэж. Журамд зөрчил дутагдлаа арилгасан то­хиолдолд зөвшөөрлийг нь эргүүлж олгоно гэсэн бай­даг. Энэ нь хууль хэрэг­жихэд хүндрэл учруулж байна.

Д.Сайханбилэг:

-Үндэсний хэмжээнд хийсэн судалгаагаар 70,6 хувь нь ямар нэг байдлаар согтууруулах ундаа хэрэг­лэж үзсэн. Архи, согтуу­руулах ундаа худалдаж авч үзсэн хүүхдийн 52,4 хувь нь аав, 35 хувь нь ах эгч, 20 хувь нь ээж, сургуулийн багш нарын захиалгаар  6,5 хувь нь архины дэлгүүр рүү явсан байна. Хамгийн сүүлд хийсэн хүн амын судалгаагаар 0-18 нас хүр­тэлх хүүхэд нэг сая 38 мянга байна. Энэ нь нийт хүн амын 37 хувийг эзэлж байгаа юм. Ер нь хүүхэд өсвөр үеийнхний эрхийг хамгаалах, тэднийг хүчир­хийлэлд өртүүлэхгүй байх, хүмүүжлийн асуудалд нийт эцэг эхчүүдийн үүрэг хамгаас чухал. Үр хүүхдээ юмаар дутаахгүй өсгөн хүмүүжүүлэх нь эцэг, эхийн хуулиар хүлээсэн үүрэг шүү дээ. Гэтэл тэнд нэг ээж гудамжинд хүүх­дээ хаясны төлөө хүүх­дийн байгууллагыг буруут­гадаг. Өөрөөр хэлбэл, олон нийтийн дунд хүүхдийн эрхийн ноцтой зөрчлийг төрийн захиргааны бай­гуул­лагад нялзаах ханд­лага их байна. Хүүхдийг өдөр тутам харж хандах ёстой эцэг эхчүүд үнэхээр хариуцлагагүй байна. Хууль, эрхзүйн санкцууд нь ч гэсэн шаардлага хан­гахгүй байна. Одоогоор “Гэр бүлийн тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэл­тэй тэмцэх тухай хууль”, “Хүүхдийн эрхийг хам­гаа­лах тухай хууль” гэсэн нийгмийн харилцааг зо­хицуулдаг гурван хуулийг шинэчлэн найруулж бай­гаа.  Шинэчилсэн най­руулгад хүүхдийн суурь хүмүүжилд анхаардаггүй эцэг, эхийг албадан сур­гах, захиргааны хариуц­лага хүлээлгэхээр тусгаж байна.  Ер нь хүүхэд, за­луусын архидалт нь чөлөөт цагаа зөв боловсон өнгө­рөөх өөр газар байдаг­гүйтэй шууд холбоотой. Уг Нийслэлийн Засаг даргын 2008-2012 оны мөрийн хөтөлбөрт дүүрэг болгонд хүүхэд хөгжлийн төв бай­гуулна гэж заасан ч На­лайх, Багануур дүүрэгт л байгуулсан.  Бидний хий­сэн судалгааны “Аав, ээж нь архи уудаг уу?” гэсэн асуултад хүүхдүүдийн 81,9 хувь нь аав, 60,1 хувь нь ээжийгээ архи уудаг гэж хариулсан байдаг. Энэ нь архидалт  эцэг эх, гэр бүл орчны нөлөөллөөс хамаа­ралтайг харуулж байгаа хэрэг. Насанд хүрэгчдийн архи тамхины хэрэглээ буурахгүй бол хүүхдийнх ч гэсэн буурахгүй.

АРХИДАЛТЫН ЭСРЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

-Хууль хэрэгжихгүй байна гэж та бүхэн ярьж байна. Хуулийн хэрэгжил­тийг хангах ёстой хүч­нийхэн ажлаа хийж ча­дахгүй байгаа гэж ойлгож болох уу?

Д.Сайханбилэг: Юуны өмнө бид хууль, эрхзүйн орчноо сайжруулах хэрэг­тэй. Хууль бол заавал хэрэгжих ёстой баримт бичиг. Хуулийг  хэрэгжүү­лэх үүрэг нь зөвхөн мэр­гэжлийн хяналт, цагдаа­гийн байгууллагын хүлээх үүрэг биш. Энэ бол иргэн бүрийн хариуцлага. Бид хэдий их хяналт тавьж, зөрчил илрүүлдэг ч нэмэр алга. Учир нь хүмүүсийн архидах зан үйл арилахгүй байна. Архидах зан үйлийг өөрчлөхөд  хэвлэл мэдээл­лийн хэрэгслийн оролцоо их бий. Хүүхдийн асуу­далд бүх байгууллага орол­цох ёстой. Танай сонины өрнүүлсэн “Охидоо хаанаа нуух вэ?” цуврал сурвалж­лага, нийтлэл нийгэмд их цочроо өгсөн. Энэ мэт бүх л салбарын байгууллагууд хүүхдийн асуудалд орол­цох ёстой.

Б.Баатархүү:

-Аливаа зүйлийн ханд­лагыг өөр­чилнө гэдэг хү­мүүсийн ухамсартай хол­боотой. Нэгэнт тогтсон сэтгэлгээ, олон нийтийн хандлагыг өөрчилнө гэдэг урт хуга­цааны ажил. Тамхи татах, архи уух бурууг мэдсээр байж хэ­рэг­лэсээр л байдаг. Өнөө­дөр согтууруулах ундаа худалдан борлуулж буй аж ахуйн нэгжийг дээд тал нь 250 мянган төгрөгөөр тор­гож байна. 250 мянган төгрөг бол тухайн шөнийн цэнгээний газрын 1-2 ши­рээний тооцооны мөнгө. Тэр хүмүүст бол энэ торгууль асуудалгүй. Сүү­лийн үед бид Шударга бус өрсөлдөөнийг хянан зохи­цуулах газартай хамтран хариуцлагын тогтолцоог өндөржүүлэх, торгуулийн мөнгийг дор хаяж нэг сая төгрөг болгохоор ярилцаж байна.

ӨНГӨРСӨН ОНД 38 ХҮҮХЭД СОГТУУГААР ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН

-Хууль болохгүй байна гээд яриад байдаг. Гэтэл яагаад өөрчлөх, шинэчлэх талд анхаарахгүй байна вэ?

Б.Баатархүү:

-Архидан согтуу­руу­лахтай тэмцэх тухай хуулийг өөрчлөх саналыг жилд хоёр удаа өгдөг. УИХ-аар хэлэлцүү­лэхээр санал явуулдаг ч тоодоггүй. Саяхан чуулга­наар энэ хуулийг өөрчлөх санал орсон боловч бу­цаагдсан. Механик аргаар тэмцэхэд цагдаа төмөр нүүр нь болж байна. Өн­гөр­сөн онд Нийслэлийн хэмжээнд 21, улсын хэм­жээнд 38 хүүхэд согтуу­гаар гэмт хэрэг үйлдсэн байна. Эхний ээлжинд архи уудаг байсаг бол одоо согтуугаар гэмт хэрэг үйл­дээд эхэлсэн нь  аюулын харанга дэлдэж байгаа юм.

О.Нямдаваа:

-Хуулийг хэлэлцэхгүй байх сонирхол УИХ-ын гишүүдэд байгаа болоод л тэр. Хэд нь архины үйлдвэртэй билээ дээ.

-Насанд хүрэгчдийн архидалт хязгаараа алдаад буй нь үнэн байх. Гэхдээ тэр дотроо хүүхэд бага­чууд архидан согтуурч гэмт хэрэгт холбогдохоос эхлээд амь насаа алдах тохиолдол гарч байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?

О.Нямдаваа:

-Манайх бас цагдаа­гийн байгуул­лага ч архи­дан согтуурахтай чадлын­хаа хэрээр тэмцэж байна. Гэтэл төр, засгаас бодло­гын хэмжээнд авч үзсэн юм алга. Хуулийн заал­туудад ч өөрчлөлт оруу­лахгүй. Зар сурталчилгаа­ны хуулиар архи согтуу­руулах ундаа сурталч­ла­хыг хориглосон  ч одоо шар айргийг сурталчилж болно гээд заачихлаа. Зөрчлийг нь хэлдгээрээ хяналтын байгууллага л муу нэртэй болж байна. Хэдийгээр “Хэлсэн эрүү хувхайрч, хэлүүлсэн бут ургана” гэгчээр биднийг шүүм­жилсэн ч нийгмийн сайн сайхны төлөө ажилласаар л байх болно.

Б.Баатархүү:

-Эцэг эхчүүд өөрс­дийн­хөө хүүхдийг хэзээ ч архи ууж байгаа гэж тө­сөөлдөггүй. Эрүүлжүү­лэгд­сэн хүүхдүүдийн эцэг эх “Миний хүүхэд архи уудаггүй, найз нь л уруу татаж”  гээд хүүхдээ өмөөр­нө. Өнөөдөр хүүхэд­дээ анхаарал халамж тавь, хаана юу хийж байгааг нь мэд гэж хэлэх ч хэрэгтний ширээний ард суусан хойно нь амаа барих эцэг, эхчүүд олон байна.

Д.Сайханбилэг:

-Мансууруулах бодис гэдэгт морфины төрөл ордог юм. Харин сэтгэц идэвхт бодис дотор энержи дринк ордог юм байна. Дэлхийн улс орнуу­дад үүнийг худалдаалахыг хориглосон байгаа. Худал­даалсан ч өндөрт татвар­тай байдаг. Хүнийг дон­туулдаг элемент агуулдаг учир тодорхой хэмжээгээр хөөрлийн процессийг хур­цалдаг. Өсвөр насны охид энержи дринк их уудаг болжээ. Энэ бас л нэг бид­ний ярьж байгаагүй сэдэв гарч ирж байгаа юм.

Хөдөө орон нутагт бага насны хүүхдүүдийн архи­далт харьцангуй гайгүй харин  нийслэлд илүү төв­лөрч байна. Нийслэлийн хүүхдийн төлөө газрын энэ оны төлөвлөгөөнд хүүх­дийг гэмт хэрэг, хүчир­хийллээс урьдчилан сэр­гийлэх тэр дундаа архи­далтыг арилгах тухай оруул­сан байгаа.

ХҮҮХДҮҮДЭД ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ДУТАЖ БАЙНА

-Худалдааны төв, гу­дамж талбайд архи уучих­сан хүүхдүүд явж байгаа. Энэ нь архидалт цадигаа алдсныг илтгэж байна гэдэгтэй санал нийлэх үү?

Б.Баатархүү:

-Хараа хяналтгүй 200 гаруй хүүх­дэд хүүхдийн төлөө газар, төрийн бус байгууллагатай хамтран хяналт тавьж байна. Өнөө­дөр тэднийг аваад өсгөн хүмүүжүүлэх газар алга. Цагдаагийн байгууллага хараа хяналтгүй хүүхдийг хуулиараа 7-30 хоног л халамж, асрамжийн тө­вүү­дэд орогнуулах үүрэг­тэй. Өнөөдөр нийслэлд 35 халамж асрамжийн төв байх ч архаг тэнэмэл хүүх­дүүдийг авахгүй байна. Яагаад гэвэл бусаддаа муу үлгэр дууриалал үзүүлж дагуулаад оргочихно гээд тэр. Хүүхдүүдэд цогц үйл­чилгээ үзүүлэх төрийн бай­гууллага дутагдаж байна.

Д.Сайханбилэг:

-157 хүүхдэд дэмжлэг үйлчилгээ үзүүлэх шаард­лагатай боломжийг бид хайж байна. Өнгөрсөн онд Засгийн газар анх удаа хүүхэд хамгааллын чиглэ­лээр үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Энэ төлөвлөгөөгөөр  2015 оныг дуустал хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулах ёстой. Бид таван төрийн бус байгууллагатай гэрээ­лээд 157 хүүхдээ бүлэг болгон хуваагаад ажиллаж байна.

Б.Баатархүү:

-Төрийн бус байгуул­ла­гуудтай гэрээлж байгаа нь гал унтраах  арга юм.  Өнөөдөр манай нийгэмд хөдөлмөрөөр боловсрол олгодог хагас цэрэгжүүл­сэн сургууль нээхгүй бол болохгүй.  Манай улс хүүх­дийн эрх гэж яриад байгаа ч дорвитой арга хэмжээ авдаггүй. Монго­лын олонхи гэр бүлд орой ширээгээ тойрч суугаад хооллодог зүйл алга бол­сон. Ээж нь турна гээд 18 цагаас хойш хоол идэхгүй, хүүхдүүд нь саад бүү бол гээд өрөөгөө түгжинэ, аав нь ажилтай гээд эрт харих­гүй. Энэ л байдлаас болж гэр бүлийн халуун дулаан уур амьсгал алдагдаж ул­маар хүүхдүүд муу зүйлд татагдаж буй юм.

-Дэлгүүрүүд 18 нас хүрээгүй хүүхдэд согтуу­руулах ундаа худалдана. Зочид буудлынхан ч тэд­нийг архидах боломж ол­гож байна. Үүнд ямар хяналт тавьж байна вэ?

Б.Баатархүү:

-Архи уух сэдэл нь байвал хүүхдүүд хаана ч ууна. Цагийн 2000, 5000 төгрөгийн буудлууд зөндөө байна. Зочид буудлыг 12 цаг юм уу, хоногоор л оруулдаг болгох хэрэгтэй. Цагийн буудал гэдэг архи­далт, мөрийтэй тоглоом, биеэ үнэлэлтийг өөгшүүлж байгаа юм.

О.Нямдаваа:

-Одоогийн мөрдөж бай­гаа хуулиар бол бид тусгай зөвшөөрөлтэй нь ярьдаг байсан. Одоо бол худалдаа үйлчилгээ, шө­нийн цэнгээний газар, дэлгүүр, буудал хамаарах­гүй байгаа юм. Архийг хязгаарлах тал дээр зөвхөн цагдаагийн байгууллага л хяналт тавих эрхтэй.

Х.МОНГОЛХАТАН, Д.БОЛОРМАА


URL:

Сэтгэгдэл бичих