АРДЫН НАМЫНХАН АРДЧИЛСАН НАМ РУУ ЧУЛУУ НҮҮЛГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Ардын намынхан Ардчилсан нам руу чулуу нүүлгэж, УИХ дахь тус намын дэд хорооны дарга нарын дунд “яс хаяж” байгаа сураг байна. Гол мессэж нь Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайхан, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмжүүжин нарыг “зодолдуулахад” чиглэсэн гэнэ.
-Г.Баярсайхан, Х.Тэмүүжин нар “зодолдох” уу?-
Чулууг хэн хаанаас ямар зорилгоор дүүгүүрдсэн, тэр нь төрийн ордонд хэрхэн нисч ирсэн гээд хөөвөл урт учиг хөврөх биз. Ямар ч байсан Өвөрхангайн Ардын намын гишүүн гэртээ телевиз үзэж байтал Х.Тэмүүжин УИХ-ын чуулганы танхимд “Ардын нам бол алуурчин нам” хэмээн чичилж байгаа нь шууд нэвтрүүлгээр гарсан гэнэ. Нам бол гишүүдийн нэгдэл. Тиймээс Х.Тэмүүжингийн хэлсэн үг Ардын намын бүх гишүүдийг алуурчин гэж хэлсэнд тооцогдоно гэж тэрээр үзжээ. Ингээд Ардын намын ахмад гишүүн, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд захидал бичиж, ёс зүйгүй авирласан Х.Тэмүүжингээс Ардын намыг алуурчин гэж үзэж буй талаарх нотолгоог гаргуулах, улмаар Ёс зүйн дэд хороонд өгч хариуцлага тооцуулахыг хүссэн байна. УИХ-ын дарга уг захидлыг Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайханд цохсон юм байх. Ингээд Ардын намын олон мянган гишүүнийг “Алуурчин” гэж дуудсан үндэслэлээр АН-ын хоёр дэд даргын нэг нь нөгөөдөө арга хэмжээ авах үүрэг хүлээжээ. Аль аль нь АН-ын гишүүн, журмын нөхөд. УИХ дахь нэг ангийнхан.
Парламент дахь шударга залуу түшээд гэж ярьдаг. Гэтэл одоо хэн, хэнээ хүсээгүй “дуэльд” дуудах боллоо. АН-ыг сонгуулийн өмнө гадагш нь биш дотор нь “алалцуулж” хүчгүйдүүлэх гоё төлөвлөгөө харахад жирийн нэг иргэний захидал мэт боловч ардаа ийнхүү том улс төрийг нууж байна. Одоо Г.Баярсайхан журмын нөхөртөө шударга хандах уу, Д.Дэмбэрэл даргад “үйлчлэх үү” гэдэг асуулт дагуулж байна. “Зэлтэрийн гацаа”-нд орсон эрхэм гишүүний улс төрийн ноён нурууг харах л үлдэж байх шиг.
Ч.ЗОТОЛ
URL: