Монголчууд америкчуудыг эсгий гэрээр “хангана”

АНУ-ын үл хөдлөх хөрөн­гийн зах зээл дампуурч олон иргэд орон сууцаа алдаж байна. Үүнтэй зэ­рэг­цэн Мон­голд эсгийний стандарт бат­лаг­дав. Хэдэн мянган жил эс­гий­гээ үйлдвэрлэж ирсэн нүүдэлч­дийн хамгийн шилдэг тех­но­логи­йг стан­дарт­чи­лах ямар шаардлага гарав. Албаны эх сурвалжийн өгүүлс­­нээр бол сүүлийн үед мон­гол­чууд га­даа­дад гэр гар­гах нь нэмэгдэж байгаа гэнэ. Тиймээс АНУ болон барууны орнуудын цаг уурт тохирсон эс­гий­ний стандартыг гаргах шаард­ла­га бий болсон аж. Орон гэргүй болсон аме­рик­чуу­дад ч энэ стандарт үр өгөөжөө өгөх юм байх. Энэ бүхэнд Засгийн газрын эрхэм ги­шүү­дээс өөр итгэх хүн байх­гүй л болов уу. Учир нь 2010 онд явуулсан хүн ам, орон сууцны тооллогоор мон­гол­чуудын 70 хувь нь гэрт амьдардаг гэсэн тоо гарчээ. Харин гадаадад гарсан гэ­рийн тоо сүүлийн хэдэн жилд зууд ч хү­рэхгүй.

Өнөөдөр Мон­голд 300 гаруй эсгийний үйлд­вэр 20 орчим мянган хүнийг тогтмол болон улир­лын чанартай ажлын бай­раар хангадаг гэнэ. Эдгээр үйлдвэ­рүү­дийн тал хувь нь заавал барууны орнуудын цаг уурт зориулсан стан­дар­тын шаардлага хангасан байх учиртай гэнэ. Өнөөдөр нийслэлд наад захын ариун цэврийн шаард­лага хан­гах­гүй хятад зоогийн газ­рууд олон бий. Улсын комисс хүлээж аваагүй боловч иргэд мөн­гөө тө­лөөд орчихсон орон сууцнууд түү­нээс ду­туу­гүй олон бий. Энэ бүхэнд л эхний ээлжид стандарт мөр­дүү­лэх шаардлагатай. Гэтэл хаа, хамаагүй иргэдийн хэрэг­цээг хан­гаад байгаа эсгийг яагаад, яаран стандарт­чи­лав гэдэг асуулт гарна. Мон­гол эсгийний чанар хэнд, ямар хохирол учруулаад, хэн гомдол эрэв гэдэг асуулт нэмэгдэнэ. Үнэн хэрэгтээ хэн ч гомдол эрээгүй. Тэгээд яагаад төр эсгийг стан­дарт­чи­лаад эхлэв. Хардвал олон зүйл бодож олж болно. Гэхдээ нэлээд магадлалтай нэгэн хар хамгийн түрүүнд орж ир­нэ. Засгийн газраас жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх зо­рил­гоор 300 тэрбум төг­рө­гийн бонд гаргасан. Түүнээс 50 тэрбум нь дотоодын ноос­ны үйлд­вэр­лэ­лийг сэргээх зорилгоор зар­цуу­лаг­да­на. Малчид дотоодын үйлдвэрт ноосоо тушаасан тохиол­долд кг ноос бүрт 2000 төг­рөг­ийн урам­шуу­лал олгоно. Эхэндээ нэгдүгээр зэргийн ноосонд урамшуулал ол­гох байсан боловч оны эхээр нийт ноосонд урамшуулал олгохоор шийдсэн. Энэ жил арван тэрбум төгрөг зар­цуулсан. Ирэх жил ч илүү ихээр мөнгө гаргана. Энэ арга хэмжээний үр дүнд дотоодын үйлдвэрүүдэд их хэмжээгээр ноос цугларна. Урам­шуул­лын их хэмжээний мөнгө, үйлдвэрлэлийн их хэмжээний түүхий эд болох ноос үйлд­вэр­лэгчдийн анхаарлыг тат­на. Маш их хэмжээний ноос, мөнгө төвлө­рүүлэх арга нь том үйлд­вэ­рүүд жижиг үйлд­вэрүүдийг зах зээлээс шахах байж болно. Үүнийг хэрэг­жүүлэх арга нь стандарт байж болно. Жижиг үйлд­вэ­рүүдэд хэрэг­жүү­лэхэд өндөр өртөгтэй стандарт тавь­чих­вал тэд хаалгаа барихаас өөр аргагүйд хүрнэ. Ингэс­нээр хэдэн том үйлдвэрүүд л их хэм­жээ­ний ашиг олно. Зах зээл моно­пол­жи­хын хэрээр үнэ хөөрөгдөх нөх­цөл бүр­дэ­нэ. Эхний ээлжинд эс­гийн стандартыг ингэж хардаж болно. Эндээс стандарт гэдэг юу вэ гэсэн асуулт гарч байна. Аливаа бараа, үйлчилгээний үйлд­вэр­лэ­лийн горим, орц, боловсруулалтын явцыг то­дор­хойлох баримт гэж үзэж болох нь. Гэтэл стандартыг мэргэжилтнүүд хэрхэн ашиг­ладаг тухай Ерөнхий сайдын хэмжээнд яригдаж байсан нь саяхан. Үйлд­вэрлэл эрх­лэгч­дийн ярьснаар бол манай стан­дарт бодож олдог мэр­гэжилтнүүд стан­дар­таа хав дар­чи­хаад бай­гуул­ла­гуу­дыг стан­дар­тад ний­цээ­гүй гэсэн шал­тгаа­наар да­рамт­лах нь их байдаг. Тэр бүү хэл стан­дар­таа хэвлэн, үнэ хүргэн за­рах оролдлого хийдэг тухай үйлд­вэрлэгчид Ерөн­хий сай­дад матаж амжсан. Тэгээд тус бай­гууллагын дарга огцор­сон удаатай. Манайд стандарт гэдэг зүйл иймэр­хүү маягаар хэрэг­жиж ирсэн. Байгаль орчин, хүний аюулгүй байдлыг хан­га­сан үй олон стан­дарт бай­даг гэнэ. Харин хэрэгжиж байгаа нь хэд бол гэвэл тойм­той тоо гарахгүй л болов уу. Дээр нь муу эрд халдага дараа гэгчээр түрүүнд баталсан стандартаа хэрэгжүүлж чадаагүй байгууллага дахин нэг стандарт батлах ямар шаардлага байв. Тэр тусмаа хэдэн зууны шалгарлыг да­ваад ирсэн Монголын уламж­лалт үйлд­вэр­лэлд Ноос, ноо­луу­рын холбоо, Стандарт хэмжил зүйн газрын хошуу дутсан гэвэл үнэнд үл нийц­нэ. Энэ жишиг тогтвол цаашид юу болох вэ гэдэг нь сонирхол татаж байна. Удахгүй, мах, сүүнд урам­шуу­лал олгоно. Тэр цагт бас л мах, сүүний стандарт тогтооно. Хүүх­дэд 100 мянган төгрөг өгөх шийд­вэр гарч болно. Хэн хүүхэд хийх эрх­тэй байх тухай стандарт гарч мэд­нэ. Стандарт гэдэг нь ямар нэгэн бараа, үйл­чил­гээ­ний чана­рыг сайжруулах зорил­гоор гардаг бол энэ удаа эсгийн стандарт мөнгө хүүлэх хэрэгсэл болж хувирч байгаа бололтой.

Х.БАТТӨГС


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих