Монголчууд америкчуудыг эсгий гэрээр “хангана”
АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дампуурч олон иргэд орон сууцаа алдаж байна. Үүнтэй зэрэгцэн Монголд эсгийний стандарт батлагдав. Хэдэн мянган жил эсгийгээ үйлдвэрлэж ирсэн нүүдэлчдийн хамгийн шилдэг технологийг стандартчилах ямар шаардлага гарав. Албаны эх сурвалжийн өгүүлснээр бол сүүлийн үед монголчууд гадаадад гэр гаргах нь нэмэгдэж байгаа гэнэ. Тиймээс АНУ болон барууны орнуудын цаг уурт тохирсон эсгийний стандартыг гаргах шаардлага бий болсон аж. Орон гэргүй болсон америкчуудад ч энэ стандарт үр өгөөжөө өгөх юм байх. Энэ бүхэнд Засгийн газрын эрхэм гишүүдээс өөр итгэх хүн байхгүй л болов уу. Учир нь 2010 онд явуулсан хүн ам, орон сууцны тооллогоор монголчуудын 70 хувь нь гэрт амьдардаг гэсэн тоо гарчээ. Харин гадаадад гарсан гэрийн тоо сүүлийн хэдэн жилд зууд ч хүрэхгүй.
Өнөөдөр Монголд 300 гаруй эсгийний үйлдвэр 20 орчим мянган хүнийг тогтмол болон улирлын чанартай ажлын байраар хангадаг гэнэ. Эдгээр үйлдвэрүүдийн тал хувь нь заавал барууны орнуудын цаг уурт зориулсан стандартын шаардлага хангасан байх учиртай гэнэ. Өнөөдөр нийслэлд наад захын ариун цэврийн шаардлага хангахгүй хятад зоогийн газрууд олон бий. Улсын комисс хүлээж аваагүй боловч иргэд мөнгөө төлөөд орчихсон орон сууцнууд түүнээс дутуугүй олон бий. Энэ бүхэнд л эхний ээлжид стандарт мөрдүүлэх шаардлагатай. Гэтэл хаа, хамаагүй иргэдийн хэрэгцээг хангаад байгаа эсгийг яагаад, яаран стандартчилав гэдэг асуулт гарна. Монгол эсгийний чанар хэнд, ямар хохирол учруулаад, хэн гомдол эрэв гэдэг асуулт нэмэгдэнэ. Үнэн хэрэгтээ хэн ч гомдол эрээгүй. Тэгээд яагаад төр эсгийг стандартчилаад эхлэв. Хардвал олон зүйл бодож олж болно. Гэхдээ нэлээд магадлалтай нэгэн хар хамгийн түрүүнд орж ирнэ. Засгийн газраас жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх зорилгоор 300 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Түүнээс 50 тэрбум нь дотоодын ноосны үйлдвэрлэлийг сэргээх зорилгоор зарцуулагдана. Малчид дотоодын үйлдвэрт ноосоо тушаасан тохиолдолд кг ноос бүрт 2000 төгрөгийн урамшуулал олгоно. Эхэндээ нэгдүгээр зэргийн ноосонд урамшуулал олгох байсан боловч оны эхээр нийт ноосонд урамшуулал олгохоор шийдсэн. Энэ жил арван тэрбум төгрөг зарцуулсан. Ирэх жил ч илүү ихээр мөнгө гаргана. Энэ арга хэмжээний үр дүнд дотоодын үйлдвэрүүдэд их хэмжээгээр ноос цугларна. Урамшууллын их хэмжээний мөнгө, үйлдвэрлэлийн их хэмжээний түүхий эд болох ноос үйлдвэрлэгчдийн анхаарлыг татна. Маш их хэмжээний ноос, мөнгө төвлөрүүлэх арга нь том үйлдвэрүүд жижиг үйлдвэрүүдийг зах зээлээс шахах байж болно. Үүнийг хэрэгжүүлэх арга нь стандарт байж болно. Жижиг үйлдвэрүүдэд хэрэгжүүлэхэд өндөр өртөгтэй стандарт тавьчихвал тэд хаалгаа барихаас өөр аргагүйд хүрнэ. Ингэснээр хэдэн том үйлдвэрүүд л их хэмжээний ашиг олно. Зах зээл монополжихын хэрээр үнэ хөөрөгдөх нөхцөл бүрдэнэ. Эхний ээлжинд эсгийн стандартыг ингэж хардаж болно. Эндээс стандарт гэдэг юу вэ гэсэн асуулт гарч байна. Аливаа бараа, үйлчилгээний үйлдвэрлэлийн горим, орц, боловсруулалтын явцыг тодорхойлох баримт гэж үзэж болох нь. Гэтэл стандартыг мэргэжилтнүүд хэрхэн ашигладаг тухай Ерөнхий сайдын хэмжээнд яригдаж байсан нь саяхан. Үйлдвэрлэл эрхлэгчдийн ярьснаар бол манай стандарт бодож олдог мэргэжилтнүүд стандартаа хав дарчихаад байгууллагуудыг стандартад нийцээгүй гэсэн шалтгаанаар дарамтлах нь их байдаг. Тэр бүү хэл стандартаа хэвлэн, үнэ хүргэн зарах оролдлого хийдэг тухай үйлдвэрлэгчид Ерөнхий сайдад матаж амжсан. Тэгээд тус байгууллагын дарга огцорсон удаатай. Манайд стандарт гэдэг зүйл иймэрхүү маягаар хэрэгжиж ирсэн. Байгаль орчин, хүний аюулгүй байдлыг хангасан үй олон стандарт байдаг гэнэ. Харин хэрэгжиж байгаа нь хэд бол гэвэл тоймтой тоо гарахгүй л болов уу. Дээр нь муу эрд халдага дараа гэгчээр түрүүнд баталсан стандартаа хэрэгжүүлж чадаагүй байгууллага дахин нэг стандарт батлах ямар шаардлага байв. Тэр тусмаа хэдэн зууны шалгарлыг даваад ирсэн Монголын уламжлалт үйлдвэрлэлд Ноос, ноолуурын холбоо, Стандарт хэмжил зүйн газрын хошуу дутсан гэвэл үнэнд үл нийцнэ. Энэ жишиг тогтвол цаашид юу болох вэ гэдэг нь сонирхол татаж байна. Удахгүй, мах, сүүнд урамшуулал олгоно. Тэр цагт бас л мах, сүүний стандарт тогтооно. Хүүхдэд 100 мянган төгрөг өгөх шийдвэр гарч болно. Хэн хүүхэд хийх эрхтэй байх тухай стандарт гарч мэднэ. Стандарт гэдэг нь ямар нэгэн бараа, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор гардаг бол энэ удаа эсгийн стандарт мөнгө хүүлэх хэрэгсэл болж хувирч байгаа бололтой.
Х.БАТТӨГС
URL: