Балчир сайдын БАЖГА
Ж.ЭНХБАЯР ХУУЛИЙН ДООРХ ЗҮЙЛ, ЗААЛТУУДЫГ ЗӨРЧЧИХӨӨД БАЙНА-
Ж.Энхбаярыг “Батлан хамгаалахын сайдын ажлыг зургаан сар хийгээд ир” гэж Ерөнхий сайд С.Батболд явуулав. Харин Ж.Энхбаяр очоод өөрийн багаа бүрдүүлж байна гээд тус яамныхныг “самарч” эхэлсэн. Түүний анхны зарчим өмнөх сайдын үед яамны удирдлагад ажиллаж байсан өөр намын харьяалалтай хүмүүсийг шахан зайлуулах тактик байв. Ингээд анхны халаа сэлгээний гол бай нь Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан тушаал байсан юм. Энэ албанд нутгийн ах хошууч генерал Я.Чойжамцыг томилсон. Мөн хоёр зөвлөхөөрөө хошууч генерал Д.Мягмар, Н.Жалбажав нарыг авсан нь тус яамны дээрээсээ тоологдох гурван албан тушаалыг Говь-Алтайн буюу нутгийнхаа хөгшчүүлд өгсөн явдал байв. Ж.Энхбаяр өөрөө энэ нутгийнх. Тэгэхээр Батлан хамгаалах яамны толгой албан тушаалыг Говь-Алтай аймгийн дөрвөн хүн хаших болж буй юм. Үнэндээ нэг яаманд Говь-Алтай, Өвөрхангайн ч юм уу аль аймгийн харьяат хэдэн иргэн ажиллах нь хэнд ч падгүй зүйл. Гол яамны удирдлагын багт нэг нутгийн дөрвөн хүн байна гэдэг С.Батболдын Засгийн газар өөрөө эрүүл бус байгаагийн дохио гэж олон хүн шүүмжлэхэд хүрсэн.
Цөвүүн цагт битгий хэл энх цагт ч Монголын зэвсэгт хүчний толгойд ийм нутгархаг, жалгын үзлээр эх орныхоо аюулгүй тайван байдлыг эмхлэн зохион байгуулж, хангах үүрэгтэй гол яам нэг нутгийнхнаар дүүрч байсан түүх байхгүй. Монгол Улсын төрийн залгамж чанар, хар хайрцагны бодлогыг алдагдуулах “хар мөр”-ийг хожим хүү нь “зурна” гэж Жадамбаа генерал бодоо ч үгүй явсан биз. Батлан хамгаалах яам бол улс төрөөс ангид байх ёстой. Тийм ч учраас Зэвсэгт хүчний ерөнхий командлал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн шууд мэдэлд явдаг. Ажил нь уначихсан салбарын ажлыг төвхнүүлэхээр Ж.Энхбаяр ирээгүй. Өмнөх сайд нь огцорч Ж.Энхбаяр ажил сайжруулахаар Батлан хамгаалах яаманд очоогүй. Зөвхөн зургаан сар, сонгууль болтол “Ажлыг нь унагачихгүй байж байгаад ир” гэж явуулсан. Тэгэхэд нь балчир сайд өөрийн багаа бүрдүүлэх гэж тус яамыг түйвээсэн нь энэ. Түүний ажилд авсан хоёр генерал аль хэдийн чөлөөндөө гарчихсан улс.
Үнэндээ тэдэнд зэвсэгт хүчинд ажиллаж байсан дурсамжаа бичихээс өөр ажил үлдээгүй байсан юм. Гэвч залуу сайд төрийн ажлыг дур мэдэн өөрийнхөөрөө хийж, хувийн компанидаа ажилд авч байгаа мэт аяглав. Хоморголон аливаа зүйлийг хийх сонирхолтой юм байна, энэ сайд чинь. Хэдхэн сарын өмнө үй олноор нь чоно хөнөөх ажлыг нутагтаа хийсэн удаатай. Үүнээсээ болоод “чоно” Энхбаяр нэрийг ч зүүсэн. Харин одоо Говь-Алтай аймгийн хошууч генералуудаар өөрийгөө хүрээлүүлж байгаа нь бас л хоморголон юманд туйлширдаг зантай нь холбоотой бололтой. Аав нь сайд байсан тул энэ салбарт хүү нь сайд болох гэж улайрсан. Дараа нь сайдын зангараг гаргах гээд мордохын хазгай болсон нь Батлан хамгаалах яамныхны элэг доог болж сууна. Уг нь хуулиа мэддэг бас ёс зүйтэй хүн байсан бол Ж.Энхбаяр ийн аяглахгүй байв. Зургаахан сарын хооронд түүнд багаа бүрдүүлэх шаардлага үнэндээ байгаагүй. УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших энэ нөхөр нутгийнхандаа, сонгуулиар үнэгүй сурталчилгаагаа хийж авах гэсэндээ сайд болсноос өөр зүйлгүй. Сайдын албан тушаалд очиж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр чөлөөтэй “бурах” гэсэндээ л тэр шүү дээ. Ингэхийн тулд л энэ албан тушаалд хорхойсч очсон. Батлан хамгаалах яаманд “элэгтэй” хэмээн түүнийг Засгийн газрын тэргүүн С.Батболд тодорхойлж байв. Түүний “элэгтэйнх” юу байсан бэ. Тэр Алтайн сан гэж төрийн бус байгууллагатай. Энэ сан нь өнгөрсөн онд Батлан хамгаалах яамны үе үеийн сайд нарын тухай цуврал кино хийсэн.
Энэ киног нь хариуцаж хийсэн хүн бол хошууч генерал Д.Мягмар. Цуврал кино хийснийг нь Ерөнхий сайд нь энэ салбарт “элэгтэй” хэмээн дөвийлгөж, харин Ж.Энхбаяр киноны зөвлөхөөр ажилласан Д.Мягмарт сайдын зөвлөх гэсэн “хэргэм” зүүж байх юм. Ийм л маягаар төрд алба хашигчид нэг нэгэндээ явцуу саймшрах нь олширч. Нэгэн цагт аав нь энэ салбарын сайд байсан тул хүү нь удам залгасан сайд болох гэж улайрснаас өнөөдөр төрийн болон төрийн албан хаагчдын ажилд ийм л хямдхан бодлоготой сайдууд тушаа болж байгаа биш үү. Тэрбээр хэвлэлээр шүүмжлүүлснийхээ дараа Я.Чойжамцыг Зэвсэгт хүчин жанжин штаб руу илгээх тухай зөвлөлийнхөө хүрээний хүмүүстэй ярилцсан сурагтай. Шүүмжлүүлээд бажга авсан сайд харин дараагийнхаа халаа сэлгээг түр хугацаанд завсарласан тухай тус яамныхан шивэр авир хийж байна. Сайдын албан тушаалд очоод тэрбээр Засгийн газрын, Төрийн албаны Яамны эрх зүйн байдлын тухай зэрэг олон хууль зөрчсөн байна. Түүний хууль зөрчсөн заалтуудыг жагсаавал нэлээн урт болох төлөвтэй. Иймд гол хэсгүүдийг нь тайлбаргүй хүргэе. Үүнийг хараад уншигч та өөрийнхөө дүгнэлтийг хийх биз ээ. Тухайлбал, Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн долоод “Монгол Улсын яам Төрийн нарийн бичгийн даргатай байна. Төрийн нарийн бичгийн дарга нь яамны аппаратын гүйцэтгэх ажлыг зохион байгуулан удирдаж, сайд үйл ажиллагаагаа шуурхай явуулахад шууд туслах үндсэн чиг үүрэгтэй” гэж заасан байгаа юм. Мөн “Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын сайд, дэд сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлнэ” гэсэн байгаа юм.
Түүнээс энэ албаны хүнийг халж өөрийн багийн хүнээр томилох тухай заагаагүй байх жишээний. Наймд нь “Яамны төрийн нарийн бичгийн даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө гэжээ. Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8.2-т Сайд Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн ажлын хэсэг, тэргүүлж буй яамныхаа аппаратад түшиглэж эрхлэх асуудлын хүрээнийхээ чиглэлээр зөвлөгөө, туслалцаа авч яам, агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангана гэсэн байх юм. 9 дүгээр зүйл. Төрийн нарийн бичгийн дарга 9.1.Төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө. 9.2.Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах, захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулахыг хориглоно. Харин Төрийн албаны тухай хуулийн тавдугаар зүйлд “Төрийн албан тушаалын ангилал, төрлийн тухай тодорхой заажээ. 5.1. Төрийн албан тушаалыг төрийн улс төрийн, төрийн захиргааны төрийн тусгай, төрийн үйлчилгээний” хэмээгээд наймдугаар зүйлийн нэгийн тавд дипломат албан тушаалд “Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн мөн энэ хуулийн 11.З. Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө гэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл улс төрийн болон төрийн албан хаагчийг тодорхой хуулиудаар хязгаарлан зааж өгсөн байхад
Ж.Энхбаяр дур мэдэн бусдыг халсан гэдэг нь тодорхой харагдаж буй юм. Ж.Энхбаяр гэдэг учир мэдэхгүй жаалын томоогүй авирлал Монгол Улсын төрийн хар хайрцаг, Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол төрж байна.
Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
ӨДРИЙН СОНИН
URL: