Хагаралд хүргэсэн Хөгжлийн банкаа яах вэ?
Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газраас гарах мэдэгдлээ хийх үедээ хамтрах боломж яагаад дуусч байгаад тайлбар
өгөөгүй боловч үүнээс хэдхэн хоногийн дараа хуралдсан Ардчилсан намын ҮЗХ-ны хурал уг асуултад хариу өгсөн гэхэд болно. Засгийн газрын асуудлаар улс төрийн шийдвэр гаргах ҮЗХ-ны тогтоолд туссан нэг өгүүлбэрийг энд онцольё.
Уг тогтоолд “Шинэ бүтээн байгуулалт”, 100 мянган айлын орон сууц, хурдны зам, төмөр зам зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх том төслүүдийн бодлогын баримт бичиг нь батлагдан санхүүжилт нь шийдэгдэх боломж байсаар байтал Засгийн газар бодит ажил хэрэг болгож чадсангүй” гэсэн дүгнэлтийг Ардчилсан нам хийсэн юм. Энэ бол улс төрийн, нөгөө талаас шууд утгаар Хөгжлийн банкинд өгсөн дүгнэлт. Үнэхээр ч тэдгээр төслүүдийг санхүүжүүлэх нь Хөгжлийн банкны ажил, үүрэг гэдэг утгаар авч үзвэл Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт цаашид ажиллах боломжгүй гэж үзсэний нэг шалтгаан тус банк байж таарна. Ямар ч сэтгэлзүйн бэлтгэлгүй байхад хамтарсан Засгийн газрынхаа багийг хуулсан зарим нэг сайдын бухимдлын нэг хэсэг тус банк руу чиглэсэн нь хий хоосон зүйл байгаагүйг Ардчилсан нам хүлээн зөвшөөрсөн хэрэг.
Уг нь уул уурхайн орлогоос хөгжлийн суурь болох асуудлуудыг санхүүжүүлэх, энэ хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг урагшлуулахын тулд Хөгжлийн банкийг МАНАН-гийн Засгийн газраас санаачлан байгуулсан билээ. Гэвч тус банк санаачлага гаргасан Засгийн газартаа л лав үр дүн авчирсангүй. Харин ч хагарах шалтгаан болж орхилоо.
Мөн хамтарсны урхгаар шударга ёс тогтоох ажилд ахиц дэвшил гараагүйг Ардчилсан нам онцолж буй. Шударга ёсны талаарх ойлголтыг хүн бүр өөр өөрийн үнэлэмжээр хэмжиж болох бол барилга орон сууц, авто зам болон төмөр зам, дэд бүтэц бүтээн байгуулалтын ажлыг зөвхөн урт богино, тоо ширхгээр хэмжинэ. Сонгогчдод үр дүнгээ бодитой тоо ширхгээр хэмжин тайлагнах ёстой салбарт өнгөрсөн хугацаанд дорвитой санхүүжилтийг Хөгжлийн банкнаас гаргаж чадаагүйгээс ажил урагшлаагүй үнэн. Үүнд олон талын шалтгаан бий ч юун түрүүнд уул уурхайн орлогоос хөгжлийн төслүүдийг биш сонгуулийн амлалтаа санхүүжүүлэхийг чармайсан өнөөгийн УИХ, Засгийн газар гээд улс төрийн шийдвэр гаргагчдад буруу бас бий.
Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкинд хөрөнгө босгох гадаад эх үүсвэр байсан ч тэдгээр нь өндөр өртөгтэй байжээ. Өндөр өртгөөр олсон эх үүсвэрээр урт хугацааны төслүүдийг санхүүжүүлэх нь эрсдэлтэй. Үүнээс шалтгаалаад бүтээн байгуулалтын төслүүдэд бараг л арилжааны банкны болзлоор буюу өндөр хүүтэй, богино хугацаатай, чамгүй барьцаатай зээл санал болгоход хүрсэн гэх.
Гэвч үйл ажиллагаагаа эхэлснээс хойш анхны удаа 20 сая ам.долларын эх үүсвэр олсноо шинэ оны өмнөхөн зарлаж, үүгээр юуны өмнө төмөр замын төслүүдийг санхүүжүүлэхээ мэдэгдсэнээс өөр гялайх зүйлгүй хэвээр л байна. Энэхүү 20 сая ам.доллар нь Хөгжлийн банкинд хүлээгдэж байгаа төслүүдийг санхүүжилттэй жишихэд инээд хүрэм тоо. Төмөр замын салбарт гэхэд нийтдээ таван тэрбум ам.доллар, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор барихад 8,2 тэрбум ам.доллар, Тавантолгой, Оюутолгойн ордыг цахилгаан, эрчим хүчээр хангах эх үүсвэр барихад 3.2 тэрбум ам.доллар, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 18.2 их наяд төгрөг гээд тоочвол Хөгжлийн банкид маш их мөнгө хэрэгтэй.
Хөгжлийн банк энэ мэт өндөр өртөгтэй төслүүдийг санхүүжүүлэх чадвартай болохыг хүлээсээр суух уу, эсвэл “Хүний хөгжил”-д цацаж буй 21 мянгаараа тэтгэх үү, үгүй ядахдаа уул уурхайн орлогын тодорхой хувийг хуримтлуулж буй “Тогтвортой байдлын сан”-гаасаа зээлэх үү? Бүрэн эрхийнх нь хугацаа зургаан сарын дуусах Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлттэй хамт заавал сөхөгдөх нэг асуудал нь тус банк болчихоод байна. Үнэлэлт, дүгнэлт өгөхөөс гадна үйл ажиллагааг цаашид хэрхэн хөгжүүлэх вэ гэх асуултад ч бодлогын шинжтэй хариу хэрэгтэй болжээ.
Хөгжлийн суурь асуудлуудыг шийдэх хэрэгцээ шаардлага, хүсэл мөрөөдөл Хөгжлийн банктайгаа хамт хөлд орохгүй гацаад байна. Хамтарсан засгийг “хагаралдуулсан” Хөгжлийн банкаа цаашид хэрхэх вэ?
З.БОРГИЛМАА
ardiin erx
URL: