Хагаралд хүргэсэн Хөгжлийн банкаа яах вэ?

Н.Алтанхуяг хамтарсан Зас­гийн газраас гарах мэдэгдлээ хийх үедээ хамтрах боломж яагаад дуусч байгаад тайлбар

өгөөгүй боловч үүнээс хэдхэн хоногийн дараа хуралдсан Ардчилсан намын ҮЗХ-ны хурал уг асуултад хариу өгсөн гэхэд болно. Засгийн газрын асууд­лаар улс төрийн шийдвэр гар­гах ҮЗХ-ны тогтоолд туссан нэг өгүүл­бэрийг энд онцольё.

Уг тогтоолд “Шинэ бүтээн байгуулалт”, 100 мянган айлын орон сууц, хурдны зам, төмөр зам зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх том төслүүдийн бодлогын баримт бичиг нь батлагдан санхүүжилт нь шийдэгдэх боломж байсаар байтал Засгийн газар бодит ажил хэрэг болгож чадсангүй” гэсэн дүгнэлтийг Ардчилсан нам хийсэн юм. Энэ бол улс төрийн, нөгөө талаас шууд утгаар Хөгжлийн банкинд өгсөн дүгнэлт. Үнэхээр ч тэдгээр төслүүдийг санхүүжүүлэх нь Хөгжлийн банкны ажил, үүрэг гэдэг утгаар авч үзвэл Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт цаашид ажиллах боломжгүй гэж үзсэний нэг шалтгаан тус банк байж таарна. Ямар ч сэтгэлзүйн бэлтгэлгүй бай­хад хамтарсан Засгийн газрынхаа багийг хуулсан зарим нэг сайдын бухимдлын нэг хэсэг тус банк руу чиглэсэн нь хий хоосон зүйл байгаагүйг Ардчилсан нам хүлээн зөвшөөрсөн хэрэг.

Уг нь уул уурхайн орлогоос хөгжлийн суурь болох асуудлуудыг санхүүжүүлэх, энэ хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг урагш­луу­л­ахын тулд Хөгжлийн банкийг МАНАН-гийн Засгийн газраас санаачлан байгуулсан билээ. Гэвч тус банк санаачлага гаргасан Засгийн газар­таа л лав үр дүн авчирсангүй. Харин ч хагарах шалтгаан болж орхилоо.

Мөн хамтарсны урхгаар шударга ёс тогтоох ажилд ахиц дэвшил гараагүйг Ардчилсан нам онцолж буй. Шударга ёсны талаарх ойлголтыг хүн бүр өөр өөрийн үнэлэмжээр хэмжиж болох бол барилга орон сууц, авто зам болон төмөр зам, дэд бүтэц бүтээн байгуулалтын ажлыг зөвхөн урт богино, тоо ширхгээр хэмжинэ. Сонгогчдод үр дүнгээ бодитой тоо ширхгээр хэмжин тайлагнах ёстой салбарт өнгөрсөн хугацаанд дорвитой санхүүжилтийг Хөгжлийн банкнаас гаргаж чадаагүйгээс ажил урагшлаагүй үнэн. Үүнд олон талын шалтгаан бий ч юун түрүүнд уул уурхайн орлогоос хөгжлийн төс­лүүдийг биш сонгуулийн ам­лалтаа санхүүжүүлэхийг чармайсан өнөө­гийн УИХ, Засгийн газар гээд улс төрийн шийдвэр гаргагчдад буруу бас бий.

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкинд хөрөнгө босгох гадаад эх үүсвэр байсан ч тэдгээр нь өндөр өртөгтэй байжээ. Өндөр өртгөөр олсон эх үүсвэрээр урт хугацааны төслүүдийг санхүүжүүлэх нь эрсдэлтэй. Үүнээс шалтгаалаад бүтээн байгуулалтын  төслүүдэд бараг л арилжааны банкны болзлоор буюу өндөр хүүтэй, богино хугацаатай, чамгүй барьцаатай зээл санал болгоход хүрсэн гэх.

Гэвч үйл ажиллагаагаа эхэлс­нээс хойш анхны удаа 20 сая ам.дол­ларын эх үүсвэр олсноо шинэ оны өмнө­хөн зарлаж, үүгээр юуны өмнө төмөр замын төслүүдийг сан­хүү­­жүүлэхээ мэдэгдсэнээс өөр гялайх зүйлгүй хэвээр л бай­на. Энэхүү 20 сая ам.доллар нь Хөгж­лийн банкинд хүлээгдэж байгаа төслүүдийг санхүүжилттэй жишихэд инээд хүрэм тоо. Төмөр замын салбарт гэхэд нийтдээ таван тэрбум ам.доллар, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор барихад 8,2 тэрбум ам.доллар, Тавантолгой, Оюутолгойн ордыг цахилгаан, эрчим хүчээр хангах эх үүсвэр барихад 3.2 тэрбум ам.доллар, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 18.2 их наяд төгрөг гээд тоочвол Хөгжлийн банкид маш их мөнгө хэрэгтэй.

Хөгжлийн банк энэ мэт өндөр өртөгтэй төслүүдийг санхүүжүүлэх чадвартай болохыг хүлээсээр суух уу, эсвэл “Хүний хөгжил”-д цацаж буй 21 мянгаараа тэтгэх үү, үгүй ядахдаа уул уурхайн орлогын тодорхой хувийг хуримтлуулж буй “Тогтвортой байдлын сан”-гаасаа зээлэх үү? Бүрэн эрхийнх нь хугацаа зургаан сарын дуусах Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн бие­лэлт­тэй хамт заавал сөхөгдөх нэг асуу­дал нь тус банк болчихоод байна. Үнэлэлт, дүгнэлт өгөхөөс гадна үйл ажиллагааг цаашид хэрхэн хөгжүүлэх вэ гэх асуултад ч бод­ло­гын шинжтэй хариу хэрэгтэй болжээ.

Хөгжлийн суурь асуудлуудыг шийдэх хэрэгцээ шаардлага, хүсэл мөрөөдөл Хөгжлийн банктайгаа хамт хөлд орохгүй гацаад байна. Хамтарсан засгийг “хагаралдуулсан” Хөгжлийн банкаа цаашид хэрхэх вэ?

З.БОРГИЛМАА

ardiin erx


URL:

Сэтгэгдэл бичих