Энэ сарын 1-нээс хэрэгжиж буй шинэ хуулиуд
1. Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, оролцоог хангах, тэдний хөдөлмөрийг бодитой үнэлэх асуудлыг зохицуулсан бие даасан эрх зүйн орчинтой болсноор багш өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, сургууль бүр багшийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар сургалтын чанарт ахиц гарах боломж бүрдэж байна.
2. Багшийн мэдлэг, боловсрол, хандлага, ёс зүй, эрүүл мэнд, нийгмийн баталгаа, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд чиглэсэн багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөртэй байна.
3. Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсролын сургалтын нийт хувьсах зардлын хоёр хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний зардлыг зарцуулна.
4. Багш мэргэжлээр дээд боловсрол олгох их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт зургаан сарын хугацаатай дадлагажигч багшаар ажиллах агуулгыг багтаана. Дадлагажигч хөдөө орон нутагт ажиллавал тэтгэлэг олгож болох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.
5. Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно. Ингэснээр багш хүүхэд бүрт хүрч ажиллах боломж нээгдэнэ.
6. Багшид ажлын гүйцэтгэлд суурилсан урамшууллыг олгох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.
7. Засгийн газар багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг таван жил тутамд баталж, багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, хэрэгжүүлнэ.
8. Багшийг түрээсийн орон сууц, ипотекийн зээлд хөнгөлттэй нөхцөлтэйгээр хамруулах хөтөлбөрийг барилга хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай энэ хууль нь 2022 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд үйлчилнэ. Энэхүү хууль нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бууруулах, ойгоос нялх моддыг авч хот суурин газруудыг ойжуулах явдлыг зогсоох зорилтой юм.
2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилтан 11 хувь, ажил олгогч 12-14 хувийн шимтгэл/ямар үйл ажиллагаа явуулж буйгаас хамаарч/ төлж байгаа бол 2019 оны нэгдүгээр сараас ажилтан 11.5, ажил олгогч 12.5-14.5 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төлөх юм.
Нэгдүгээрт: Төрийн албыг улс төрөөс ангид байлгах. Сонгууль дуусахад төрийн алба хөдөлдөггүй, улстөрчид нь явдаг зарчим руу оруулах зорилго. Төрийн алба хөдөлсөн ч дотроо хөдөлдөг, гаднаас хүн ордоггүй байх чиглэлийг баримталжээ. Тухайлбал, яамдын төрийн нарийн бичгийн даргыг зургаан жилийн хугацаатай томилдог болохоор тусгасан. Яамны ажилтан албан хаагчдын эрх ашгийг хамгаалах, яамны өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүрэг бүхий төрийн албан хаагч бол төрийн нарийн бичгийн дарга. Тиймээс томилогдох хугацааг нь сонгуулийн циклээс нь зөрүүлж байхаар хуульд тусгасан. Мөн төрийн нарийн бичгийн дарга нь улсад 16 жил ажилласан, тухайн яаманд газар, хэлтсийн даргаар найман жил ажилласан байх шаардлага тавих юм.
Хоёрдугаарт: Төрийн албыг тогтвортой, шатлан дэвших (мерит) тогтолцоогоор явуулах заалт оруулсан. Ингэснээр төрийн албан хаагчид дотроо шатлан дэвших хэлбэрээр томилогддог болох юм. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн гэнэт дарга болдог байдлыг таслан зогсооно гэсэн үг. Жишээ нь, нэг байгууллагад даргын орон тоо гарлаа гэж бодоход дотроосоо томилогдох, эсвэл яг ижил төрлийн байгууллагаас томилогдож болох ажээ.
Гуравдугаарт: Төрийн албыг хариуцлагатай болгох. Төрийн удирдах албан тушаалтан томилгоо, чөлөөлөлттэй холбоотой буруу шийдвэр гаргах тохиолдол олон гардаг. Үүнээс үүдэж гарсан зардлыг төсвөөс гаргадаг. Харин Төрийн албаны шинэ хууль хэрэгжиж эхэлснээр буруу шийдвэр гаргаж, төрд учруулсан санхүүгийн хохирлыг буруутай албан тушаалтан хувиасаа төлдөг болж байгаа юм. Мөн авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, ял эдэлсэн хүн дахиж хэзээ ч төрийн албанд орохгүй байх заалтыг оруулсан юм. Бусад гэмт хэрэг төрийн албанд хамаарахгүй бөгөөд ялтай байдлын хугацаа нь дууссан бол төрийн албанд ажиллаж болох ажээ. Энэ мэтээр төрийн албыг хариуцлагатай болгох олон заалт багтжээ.
Дөрөвдүгээрт: Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээг өргөтгөж, хариуцлагыг чангатгаж байгаа юм. Одоо бол Төрийн албаны зөвлөл шалгалт зохион байгуулдаг газрын л үүрэг гүйцэтгэдэг. Шинэ хуулиар энэ байгууллага төрийн албантай холбоотой хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй болсон юм. Хууль бус шийдвэртэй холбоотой асуудал өмнө нь зөвхөн шүүхээр явдаг байсан бол өнөөдрөөс эхлээд шүүх дээр очихоос өмнө Төрийн албаны зөвлөл шийдэх боломжтой болсон гэсэн үг.
Мансуурах донтой ч жирэмсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглох юм байна. Тухайн иргэнийг албадан эмчлүүлэх саналыг цагдаагийн байгууллагаас гаргах бөгөөд албандан эмчлэх эсэхийг шүүхээс шийдэх аж. Албадан эмчлүүлэгч оргон зайлсан тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагаанд зарцуулсан зардлыг тухайн иргэнээс гаргуулахаар хуульд тусгажээ. “Албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийнэ” гэж тус хуульд заасан байна.
Өнөөдрийг хүртэл арилжааны банкууд иргэдийн орлогыг 100 үндэслэн цалин, тэтгэвэр болон бусад хэрэглээний зээлийг олгож ирсэн. Тэгвэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс арилжааны банкуудын зээлтэй холбоотой гурван шинэ зохицуулалт хэрэгжинэ. Мөнгөний бодлогын хорооны хурлаар иргэдийн өр орлогын харьцаанд 70 хувийн хязгаар тогтоох, ипотекийн бус иргэдийн хэрэглээний зээлийн хугацаанд 30 сараар хязгаар тогтоох шийдвэр гаргасан. Мөн валютын зээлийн эрсдэлийн жинг 150 хувь болгож өсгөхөөр шийдвэрлээд байгаа юм. Хэрэглээний зээлд хязгаар тогтоосноор иргэдийн өрийн дарамт буурахад үр дүнгээ үзүүлнэ гэж эдийн засагчид үзэж байгаа.
URL: