Энэ сарын 1-нээс хэрэгжиж буй шинэ хуулиуд

15463237125c2b0700ab7b52018 оны хаврын чуулганаар баталсан хуулиуд энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байна.

44-өөс дээш хүүхэдтэй бага ангиуд туслах багштай болно
Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль. Энэ хууль нь багш нарын хөгжил боломжийг нэмэгдүүлэхээс гадна нийгмийн асуудлыг нь сайжруулахад чиглэгджээ. Тухайн хууль батлагдсаны дараа УИХ-ын Тамгын газраас ач холбогдлыг дараах байдлаар тодорхойлсон юм.

1. Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, оролцоог хангах, тэдний хөдөлмөрийг бодитой үнэлэх асуудлыг зохицуулсан бие даасан эрх зүйн орчинтой болсноор багш өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, сургууль бүр багшийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар сургалтын чанарт ахиц гарах боломж бүрдэж байна.

2. Багшийн мэдлэг, боловсрол, хандлага, ёс зүй, эрүүл мэнд, нийгмийн баталгаа, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд чиглэсэн багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөртэй байна.

3. Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсролын сургалтын нийт хувьсах зардлын хоёр хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний зардлыг зарцуулна.

4. Багш мэргэжлээр дээд боловсрол олгох их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт зургаан сарын хугацаатай дадлагажигч багшаар ажиллах агуулгыг багтаана. Дадлагажигч хөдөө орон нутагт ажиллавал тэтгэлэг олгож болох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.

5. Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно. Ингэснээр багш хүүхэд бүрт хүрч ажиллах боломж нээгдэнэ.

6. Багшид ажлын гүйцэтгэлд суурилсан урамшууллыг олгох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.

7. Засгийн газар багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг таван жил тутамд баталж, багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, хэрэгжүүлнэ.

8. Багшийг түрээсийн орон сууц, ипотекийн зээлд хөнгөлттэй нөхцөлтэйгээр хамруулах хөтөлбөрийг барилга хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

Мод, модон хийцийг НӨАТ-аас чөлөөллөө
Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг өнөөдрөөс НӨАТ-аас чөлөөлж эхэллээ.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай энэ хууль нь 2022 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд үйлчилнэ. Энэхүү хууль нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бууруулах, ойгоос нялх моддыг авч хот суурин газруудыг ойжуулах  явдлыг зогсоох зорилтой юм.

Нийгмийн даатгалын шимтгэл нэг хувиар нэмэгдэнэ
2017 оны дөрөвдүгээр сард Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалтад оруулсан өөрчлөлт болон УИХ-аас баталсан 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогын хүрээнд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл  нэг хувиар нэмэгдэнэ. Нэмэгдэж буй нэг хувийн шимтгэлийг ажил олгогч, ажилтан хоёроос тэнцүү хуваан гаргуулах бөгөөд тус бүр 0.5 хувийн шимтгэл нэмж төлнө гэсэн үг.
Тус бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оноос 2 хувь, 2019 оноос 1 хувь, 2020 онд мөн 2 хувь нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан.

2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилтан 11 хувь, ажил олгогч 12-14 хувийн шимтгэл/ямар үйл ажиллагаа явуулж буйгаас хамаарч/ төлж байгаа бол 2019 оны нэгдүгээр сараас ажилтан 11.5, ажил олгогч 12.5-14.5 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төлөх юм.

Төрийн албыг улс төрөөс ангид байлгана
Өнөөдрөөр хүчин төгөлдөр бус болж буй  хуучин Төрийн албаны тухай хууль долоон бүлэг, 41 зүйлтэй. Харин шинээр хэрэгжиж буй хууль нь 23 бүлэг, 77 зүйлтэй. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 190 орчим мянган төрийн албан хаагч ажиллаж байна гэсэн судалгааны дүн бий. Тэднээс хэдэн хувь нь тогтвор суурьшилтай ажилласныг тогтооход амаргүй. Сонгууль болгоны дараа, дөрвөн жил тутамд төрийн албан хаагчид солигддог, улс төрөөс хэт хамааралтай болоод удаж байна. Үүнээс үүдэж төрийн алба тогтворгүй, чадваргүй боллоо гэх шүүмжлэлийг иргэд хэлдэг. Тиймээс төрийн албыг дөрвөн гол чиглэлээр шинэчлэн зорилтыг тухайн хуульд тусгасан юм.

Нэгдүгээрт: Төрийн албыг улс төрөөс ангид байлгах. Сонгууль дуусахад төрийн алба хөдөлдөггүй, улстөрчид нь явдаг зарчим руу оруулах зорилго. Төрийн алба хөдөлсөн ч дотроо хөдөлдөг, гаднаас хүн ордоггүй байх чиглэлийг баримталжээ. Тухайлбал, яамдын төрийн нарийн бичгийн даргыг  зургаан жилийн хугацаатай томилдог болохоор тусгасан. Яамны ажилтан албан хаагчдын эрх ашгийг хамгаалах, яамны өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүрэг бүхий төрийн албан хаагч бол төрийн нарийн бичгийн дарга. Тиймээс томилогдох хугацааг нь сонгуулийн циклээс нь зөрүүлж байхаар хуульд тусгасан. Мөн төрийн нарийн бичгийн дарга нь улсад 16 жил ажилласан, тухайн яаманд газар, хэлтсийн даргаар найман жил ажилласан байх шаардлага тавих юм.

Хоёрдугаарт: Төрийн албыг тогтвортой, шатлан дэвших (мерит) тогтолцоогоор явуулах заалт оруулсан. Ингэснээр төрийн албан хаагчид дотроо шатлан дэвших хэлбэрээр томилогддог болох юм. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн гэнэт дарга болдог байдлыг таслан зогсооно гэсэн үг. Жишээ нь, нэг байгууллагад даргын орон тоо гарлаа гэж бодоход дотроосоо томилогдох, эсвэл яг ижил төрлийн байгууллагаас томилогдож болох ажээ.

Гуравдугаарт: Төрийн албыг хариуцлагатай болгох. Төрийн удирдах албан тушаалтан томилгоо, чөлөөлөлттэй холбоотой буруу шийдвэр гаргах тохиолдол олон гардаг. Үүнээс үүдэж гарсан зардлыг төсвөөс  гаргадаг. Харин Төрийн албаны шинэ хууль хэрэгжиж эхэлснээр буруу шийдвэр гаргаж, төрд учруулсан санхүүгийн хохирлыг буруутай албан тушаалтан хувиасаа төлдөг болж байгаа юм. Мөн авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, ял эдэлсэн хүн дахиж хэзээ ч төрийн албанд орохгүй байх заалтыг оруулсан юм. Бусад гэмт хэрэг төрийн албанд хамаарахгүй бөгөөд ялтай байдлын хугацаа нь дууссан бол төрийн албанд ажиллаж болох ажээ. Энэ мэтээр төрийн албыг хариуцлагатай болгох олон заалт багтжээ.

Дөрөвдүгээрт: Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээг өргөтгөж, хариуцлагыг чангатгаж байгаа юм. Одоо бол Төрийн албаны зөвлөл шалгалт зохион байгуулдаг газрын л үүрэг гүйцэтгэдэг. Шинэ хуулиар энэ байгууллага төрийн албантай холбоотой хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй болсон юм. Хууль бус шийдвэртэй холбоотой асуудал өмнө нь зөвхөн шүүхээр явдаг байсан бол өнөөдрөөс эхлээд шүүх дээр очихоос өмнө Төрийн албаны зөвлөл шийдэх боломжтой болсон гэсэн үг.

Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчилнэ
Өнөөдрөөс хэрэгжиж эхэлж буй дараагийн хууль бол Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга. Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулах асуудлыг энэ хуулиар зохицуулж байгаа юм.

Мансуурах донтой ч жирэмсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглох юм байна. Тухайн иргэнийг албадан эмчлүүлэх саналыг цагдаагийн байгууллагаас гаргах бөгөөд албандан эмчлэх эсэхийг шүүхээс шийдэх аж. Албадан эмчлүүлэгч оргон зайлсан тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагаанд зарцуулсан зардлыг тухайн иргэнээс гаргуулахаар хуульд тусгажээ. “Албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийнэ” гэж тус хуульд заасан байна.

Банкууд иргэдийн орлогын 70 хувийг үндэслэн   зээл олгоно

Өнөөдрийг хүртэл арилжааны банкууд иргэдийн орлогыг 100 үндэслэн цалин, тэтгэвэр болон бусад хэрэглээний зээлийг олгож ирсэн. Тэгвэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс арилжааны банкуудын зээлтэй холбоотой гурван шинэ зохицуулалт хэрэгжинэ. Мөнгөний бодлогын хорооны хурлаар иргэдийн өр орлогын харьцаанд 70 хувийн хязгаар тогтоох, ипотекийн бус иргэдийн хэрэглээний зээлийн хугацаанд 30 сараар хязгаар тогтоох шийдвэр гаргасан. Мөн валютын зээлийн эрсдэлийн жинг 150 хувь болгож өсгөхөөр шийдвэрлээд байгаа юм. Хэрэглээний зээлд хязгаар тогтоосноор иргэдийн өрийн дарамт буурахад үр дүнгээ үзүүлнэ гэж эдийн засагчид үзэж байгаа.


URL:

Сэтгэгдэл бичих