120 мянган хүн Путингүй Орос орны төлөө жагслаа

ОХУ-ын нийслэл Москва хотын төвд 12 дугаар сарын дөрвөний пар­ламентын сон­гууль шу­дарга бус явагдсан гэж үзсэн 120 мянга гаруй иргэн бямба га­рагт жаг­слаа.
Жагсагчид “Нэгдсэн Орос намын­хан сонгуулийг луй­вардсан” гэж үзэж бай­гаа юм. Энэ­хүү жагсаалд оролцсон иргэд “Путингүй Орос орны төлөө. Сонгуулийг дахин явуулъя. Путинг зайлуулъя” гэсэн лоозон барин эсэргүүцлээ илэр­хийлжээ. “BBC” агент­лаг жагсагч­дын уур хилэн дээд цэгтээ хүрснийг  онцолжээ.
Нэгдсэн Орос намынхан сон­гуулийг луйвардсаныг  бат­лах хангалттай баримт бай­гаа талаар жаг­сагчид мэдэгдсэн байна. Харин үүний хариуд ОХУ-ын Зас­гийн газар сонгууль шудар­га явагдсан гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Сонирхолтой нь ОХУ-ын Дотоод хэргийн яам бям­ба гарагийн жаг­саалд 28 мянган хүн оролц­сон гэж мэдэгдсэн бол уг жаг­саалыг удирдагч Алексей Навальный 120 мянган иргэн оролц­соныг баталсан байна. Тэрбээр мэдэгдэхдээ “Яг одоо Засгийн газрын ордныг эзэлж чадахаар хангалттай олон хүн цугласан байгаа ч бид бол тайван ард түмэн. Тиймээс тиймэрхүү зүйлийг хараахан хийх болоо­гүй” гэв.
Алексей Навальный бол нэртэй блогчин бөгөөд хууль завхруулалтын эсрэг олон нийтлэлээрээ нэрд гарсан юм. Түүнийг цаг­даагийнхан ба­ривч­илж, 12 дугаар са­рын 21-нд сулласан билээ. Ир­гэд, сонгуулийн дүнг үл зөв­шөөрөгсөд Алексей Навальныйг баривчилсан явд­лыг тууштай эсэргүүцээд сул­лахыг шаардаж, багахан хэм­жээний жагсаал цуглаан зохион байгуулж байжээ. Түүнчлэн энэхүү жаг­саал, хө­дөлгөөн ОХУ-ын бусад хо­тод ч дэгдсэн талаар ба­рууны томоохон агент­лагууд мэдээ­лэв. Сүүлийн үед ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Пу­тиний нэр хүнд хур­дацтай унаж байгаа нь энэ­хүү жаг­саалаас тодорхой харагдсан талаар ажиглагчид мэдэгджээ.
Нөхцөл байдал ээдрээтэй бол­сон энэ үед Владимир Путин мэдэгдэл хийгээд амж­сан. Тэрбээр мэдэгдэхдээ “Иргэд жагсаал цуглаан зо­хион байгуулах эрх бий. Хуу­лийн дагуу бүхнийг хийх ёстой” гэв.
Зохион байгуулагчид дараа­­гийн жагсаал хэзээ болох талаар ямар нэг зүйл мэдэг­дээгүй байна. Зарим эх сурвалжаас үзэхэд хоёрдугаар сард жагсаал цуглаан зохион байгуулах бололтой. Учир нь оросууд шинэ жилийг 10 өдөр тэмдэглэдэг заншилтай. “Иймээс энэ үеэр олон хүнийг дахин нэг дор цуг­луулахад хэцүү байх магад­лалтай” гэж улстөр судлаачид мэдэгдэж байна.
Тэдний үзэж буйгаар жагсаал цуглаан цаашид үр­гэл­­жилбэл пар­ламентын сонгуулийг дахин зохион байгуулахаас өөр аргагүй гэнэ.
Дашрамд дур­дахад ЗХУ-ын удирдагч асан Михаил Горбачёв “Эрх баригчид тө­рийн байгууллагууд руу ту­­шаал явуулсаар, бизнес эрх­лэгчдэд дарамт үзүүлсээр, тэтгэв­рийн хөгшчүүлийн саналыг худалдан авсаар л байсан. Өөрөөр хэлбэл Пу­тиний гэгд­дэг Нэгдсэн Орос намыг ялуулахын тулд бүх бо­­лом­жийг ашигласан” гэж мэ­дэгдсэн нь гал дээр тос нэмэхтэй адил хэрэг болсон.
Нэмж өгүүлэхэд 12 ду­гаар сарын дөрвөний сон­гуульд Нэгдсэн Орос нам ялсан ч суудлын тоо нь өмнөхөөсөө  77-гоор  цөөрсөн. Түүнчлэн улстөрийн бусад хүчин сонгогчдын саналыг хууль бусаар авч, луйвардсан гэж Путиний намыг буруутгаж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих