120 мянган хүн Путингүй Орос орны төлөө жагслаа
ОХУ-ын нийслэл Москва хотын төвд 12 дугаар сарын дөрвөний парламентын сонгууль шударга бус явагдсан гэж үзсэн 120 мянга гаруй иргэн бямба гарагт жагслаа.
Жагсагчид “Нэгдсэн Орос намынхан сонгуулийг луйвардсан” гэж үзэж байгаа юм. Энэхүү жагсаалд оролцсон иргэд “Путингүй Орос орны төлөө. Сонгуулийг дахин явуулъя. Путинг зайлуулъя” гэсэн лоозон барин эсэргүүцлээ илэрхийлжээ. “BBC” агентлаг жагсагчдын уур хилэн дээд цэгтээ хүрснийг онцолжээ.
Нэгдсэн Орос намынхан сонгуулийг луйвардсаныг батлах хангалттай баримт байгаа талаар жагсагчид мэдэгдсэн байна. Харин үүний хариуд ОХУ-ын Засгийн газар сонгууль шударга явагдсан гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Сонирхолтой нь ОХУ-ын Дотоод хэргийн яам бямба гарагийн жагсаалд 28 мянган хүн оролцсон гэж мэдэгдсэн бол уг жагсаалыг удирдагч Алексей Навальный 120 мянган иргэн оролцсоныг баталсан байна. Тэрбээр мэдэгдэхдээ “Яг одоо Засгийн газрын ордныг эзэлж чадахаар хангалттай олон хүн цугласан байгаа ч бид бол тайван ард түмэн. Тиймээс тиймэрхүү зүйлийг хараахан хийх болоогүй” гэв.
Алексей Навальный бол нэртэй блогчин бөгөөд хууль завхруулалтын эсрэг олон нийтлэлээрээ нэрд гарсан юм. Түүнийг цагдаагийнхан баривчилж, 12 дугаар сарын 21-нд сулласан билээ. Иргэд, сонгуулийн дүнг үл зөвшөөрөгсөд Алексей Навальныйг баривчилсан явдлыг тууштай эсэргүүцээд суллахыг шаардаж, багахан хэмжээний жагсаал цуглаан зохион байгуулж байжээ. Түүнчлэн энэхүү жагсаал, хөдөлгөөн ОХУ-ын бусад хотод ч дэгдсэн талаар барууны томоохон агентлагууд мэдээлэв. Сүүлийн үед ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путиний нэр хүнд хурдацтай унаж байгаа нь энэхүү жагсаалаас тодорхой харагдсан талаар ажиглагчид мэдэгджээ.
Нөхцөл байдал ээдрээтэй болсон энэ үед Владимир Путин мэдэгдэл хийгээд амжсан. Тэрбээр мэдэгдэхдээ “Иргэд жагсаал цуглаан зохион байгуулах эрх бий. Хуулийн дагуу бүхнийг хийх ёстой” гэв.
Зохион байгуулагчид дараагийн жагсаал хэзээ болох талаар ямар нэг зүйл мэдэгдээгүй байна. Зарим эх сурвалжаас үзэхэд хоёрдугаар сард жагсаал цуглаан зохион байгуулах бололтой. Учир нь оросууд шинэ жилийг 10 өдөр тэмдэглэдэг заншилтай. “Иймээс энэ үеэр олон хүнийг дахин нэг дор цуглуулахад хэцүү байх магадлалтай” гэж улстөр судлаачид мэдэгдэж байна.
Тэдний үзэж буйгаар жагсаал цуглаан цаашид үргэлжилбэл парламентын сонгуулийг дахин зохион байгуулахаас өөр аргагүй гэнэ.
Дашрамд дурдахад ЗХУ-ын удирдагч асан Михаил Горбачёв “Эрх баригчид төрийн байгууллагууд руу тушаал явуулсаар, бизнес эрхлэгчдэд дарамт үзүүлсээр, тэтгэврийн хөгшчүүлийн саналыг худалдан авсаар л байсан. Өөрөөр хэлбэл Путиний гэгддэг Нэгдсэн Орос намыг ялуулахын тулд бүх боломжийг ашигласан” гэж мэдэгдсэн нь гал дээр тос нэмэхтэй адил хэрэг болсон.
Нэмж өгүүлэхэд 12 дугаар сарын дөрвөний сонгуульд Нэгдсэн Орос нам ялсан ч суудлын тоо нь өмнөхөөсөө 77-гоор цөөрсөн. Түүнчлэн улстөрийн бусад хүчин сонгогчдын саналыг хууль бусаар авч, луйвардсан гэж Путиний намыг буруутгаж байгаа юм.
URL: