Хятадын “Air China” компани Монголоор тоглож байна
Учир нь олон улсын нислэг үйлддэг энэ компанийнхан Монголд газардахын тулд “агаар муу” гэсэн тайлбар хийж, сүүлийн нэг сар зорчигчдын тав тух, цагийг алдуулж байна.
Энэ чиглэлийн өвлийн цагийн хуваарь ёсоор бол Бээжингээс нисэх цаг нь 11:55, Улаанбаатарт буух цаг нь 14:30 байдаг. Эргээд 15:30-д нисч, 17:35-д Бээжинд газардах ёстой. Гэтэл “Air China” компанийн онгоцоор зорчин Монголд газардахын тулд заавал хойшилсон цагийн хуваариар ирэх ёстой бололтой.
Түрүүч 1-р нүүрт
Гэр бүлдээ ирж буй, амарч зугаалж яваа хүмүүс яах вэ цагийн асуудал тийм ч чухал биш байж болох юм. Эмнэлэг болон хурал цуглаанд оролцох шаардлагатай хүмүүсийн хувьд энэ нь маш том асуудал төдийгүй хоцорсноос болж өчнөөн саяын гэрээ нь цуцлагдаж, ашгаа алдах тохиолдол бишгүй байдаг ажээ.
Зорчигчид ийн ажил нь бүтэлгүйтсэнээс болж бухимдаж байхад “Air China”-гийнхан өөрсдийн компаниуддаа ашигтай санал бий болгодог байна. Хэрвээ тухайн нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон бол зорчигчдоо нэг цагт 150 юанийн үнэтэй, хоол ундгүй, дотроо бие засах газаргүй, шивэр, хулмас гээд муухай үнэр дүүрэн буудалд хүчээр буулгаж байна.
Энэ нислэгийг үйлддэг “Боинг-733” онгоц 150 хүний суудалтай. Тэгвэл онгоц нэг цаг саатахад тухайн зочид буудалд 22500 юань буюу дөрвөн сая гаруй төгрөгийн орлого орж байгаа юм. Нислэг ихэнхдээ 4-6 цаг хойшилдог бол заримдаа хонох тохиолдол ч гардаг.
Уг нь онгоцноос хоцрохгүйн тулд Монголыг зорих зорчигчид Бээжингийн олон улсын нисэх буудалд нэлээд эрт очоод ч хүрэх газраа цагтаа хүрч чаддаггүй. Бээжин-Улаанбаатарын чиглэлээр монголчуудаас гадна хятад иргэд олноор зорчдог. “Air China” компанийнхан цаг агаар муу гэж чанга яригчаар зарлаад зорчигчид бухимдахаар “Улаанбаатарын утаанаас болоод” гэж зорчигчдын амыг тагладаг болсон байна.
Энэ сарын 24-ний өдөр Улаанбаатарт 14:30 газардах байсан СА901 аяллын цаг нь хойшилж 18:00 цагт нисч, 20:30-д буух байтал буулгүйгээр буцаад Бээжинг зорьсон ажээ. Арайхийн буух газар дөхөж, онгоц дугуйгаа дэлгэж байснаа гэнэт буцаад өндөр авч, газардахгүй болсон тухайгаа зарласан байна. Учрыг лавлахад Улаанбаатарт утаа ихтэй байгаа учраас буулт хийх боломжгүй гэсэн хариулт өгчээ. Ингээд хоёр цаг 35 минут нисээд газардах ёстой байсан зорчигчид буцаад Бээжинд буув. Бүр бүтэн хоногийг тэндээ өнгөрүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн аяллын зорчигчид Бээжингээс хоёр хоног нисч иржээ.
Гэвч энэ нь цаг агаар муугийнх биш, утаа униарынх бүр ч биш байсныг зорчигчид тухайн үед мэдээгүй ажээ. Харин буцаад Бээжинд газардсан хойноо нисгэгчийн буруугаас болж зорьсон газраа хүрч чадаагүй гэдгээ мэдсэн байна. Нисгэгчийн бүхээгт олон хүний амь нас хариуцаж яваа хүн алдаа гаргаж болохгүй гэдгийг захын хүн мэдэх ёстой. Гэтэл нисэх багийн гаргасан алдааг “танай утаанаас боллоо” хэмээн чихэж байгаа нь ичгэвтэр юм биш үү.
Үнэхээр онгоц бууж чадахгүй хэмжээнд очтолоо утаатай байгаа юм бол бусад авиа компанийн нислэгүүд Монголд газардаж чадаад байгаа нь ямар учиртай байж болох вэ.
Утаа ихтэй гэдэг нь Улаанбаатарт байгаа асуудлуудын нэг яахын аргагүй мөн. Гэхдээ Бээжин өнгөрсөн жил утаатай хотуудын жагсаалтыг тэргүүлж байх үед Улаанбаатар долоод л жагсаж байсан. Тэр үед онгоцнууд Бээжинд хэвийн газарддаг байсан.
URL: