Бүлгийн дарга хэн байх нь чухал биш, Сонгуулийн хууль гарах ёстой байсан
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай ярилцлаа.
-Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг ахалж байсан үе танд бий. Танай ажлын хэсэг хуулийг батлуулж чадаагүй. Гэхдээ хууль мэндэллээ?
-Би Сонгуулийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, энэ хуулийг өргөн барьсан. Тэгэхээр ажлаа хийсэн байна уу, үгүй юу. Бодох л хэрэгтэй. Ажлын хэсгийн өргөн барьсан хуулийн төсөл нь улс нэг тойрог гэсэн пропорциональ хувилбар байсан.
Манай орны хувьд сонгуулийг мөнгөнөөс салгах нь хамгийн хэцүү асуудал.
Олон түмэн үүнийг л хүсдэг. Иймээс бодож бодож бодын шийр дөрөв гэгчээр улс нэг тойрог байх хувилбараар явбал шанстай, мөнгөний нөлөөлөл эрс багасах магадлалтай гэж үзсэн.
-Гэхдээ яг ийм хувилбараар явсангүй?
-Хуучин хуульд хэрэглэж болдоггүй бүрхэг заалт их байсан. Тиймээс сонгууль булхай луйвартай боллоо гэсэн хардалт их гарч байсан шүү дээ. Энэ хардалтуудыг арилгах үүднээс сонгуулийн нэрсийн жагсаалтыг цэгцлэх, бүртгэлийн тогтолцоонд үндэслэх гэх мэтийн олон өөрчлөлтийг оруулсан хуулийн төсөл өргөн барьсан юм.
-Үүний гол шалтгаан нь юу юм бол оо?
-УИХ бол төлөөллийн байгууллага. Тиймээс шууд өрсөлдөөд ард түмнээс гарч ирэх ёстой гэсэн байр суурьтай хүмүүс олонхыг эзэлсэн. Ийм санал сонгогчидтой хийсэн уулзалтаас газар сайгүй гарсан. “Энэ 76 хүн агаарт гарчихаад хөрсөн дээрээ бууж ирэхгүй. Сонгогч олон түмэнтэйгээ ямар ч эргэх холбоогүй болох нь ээ” гэсэн болгоомжлол их байсан нь нөлөөлсөн юм. Үүнээс болоод л яваагүй юм.
Мөн холимог тогтолцоо, тоо, тойрог том байх уу, жижиг байх уу, шилжих үү, үгүй юу гээд олон асуудал гарсан. Ер нь үндсэн 3-4 асуудал дээр л зөрөлдөөд суучихсан. Гэхдээ ямар ч байсан Сонгуулийн хууль төрлөө. Энэ л чухал.
-Сонгуулийн хууль дээр зөвшилцөл удаан үргэлжилж, дуншиж дуншиж 48, 28 гэдэг хувилбар дээр тогтсон. Энэ хувилбарыг та хэр үнэлж байна вэ?
-Миний хувьд энэ хувилбарыг дэмжиж байгаа. Гэхдээ Сонгуулийн хууль урагшаа шат ахих ёстой. Асуудлыг олонхоороо шийддэг учраас би УИХ-ын баталсан хуульд хүндэтгэлтэй хандаж байна.
Яагаад гэвэл хууль гарах нь хамгийн чухал байсан. Энэ хууль дээр намууд ч, гишүүд ч хоорондоо зөрөлдсөн. Гэхдээ энэ бүхний эцэст хуулиа батлахаас өөр аргагүй гэдэгт санал нэгдсэн. Цаг хугацаа ч тулсан. Иймээс зөвшилцлөөр батлагдсан хууль гэж ойлгож байгаа.
-Хууль батлах явцад саналын зөрүүтэй олон асуудал гарч, МАН-ын бүлгийн даргын суудал ч ганхсан шүү дээ?
-Би өөрөө ажлын хэсэг ахлаад, Сонгуулийн хуулийг өргөн барьсан ч зөвшилцөөн гацаанд орсон. Ийм хүнд нөхцөл байдалд бүлгийн удирдлага өөрчлөгдөж, шинэ хүн шинэ нүдээр харж, ярилцвал зөвшилцөлд нэмэр хандив болно байх гэж итгэсэн. Энэ нь ч талаар болоогүй.
-Таны анх дэвшүүлж байсан хувилбар пропорциональ гэлээ. АН ийм хувилбарыг дэмжсэн. Харин МАН мажораториар явсан нь дээр гэж үзэж байсан шүү дээ. Тэгэхээр намынхнаасаа өөр байр суурьтай байсан нь таныг бүлгийн даргын суудлаа өгөхөд нөлөөлөв үү?
-Бүлгийн дарга хэн байх нь чухал бус, Сонгуулийн хууль гарах нь л гол байсан. Сонгуулийн хууль зэрэг улс орны том асуудлын дэргэд бүлгийн даргын суудал бол жижигхэн зүйл.
-Шинэ хуулиар бэлэн мөнгө амлах, гарын бэлэг тараахыг хориглосон. Энэ үнэхээр биелэх болов уу. Хууль баталсан хүмүүс өөрсдөө сонгогчдодоо хайр зарлаад эхлэх вий дээ?
-Ийм зүйлийг таслан зогсоохын тулд Эрүүгийн хуульд хүртэл том өөрчлөлт оруулсан. Зөрчил гаргасан нэр дэвшигчид захиргааны болон, эрүүгийн арга хэмжээ авна.
Сонгууль бол төрийн эрх мэдлийг хэн барих вэ гэдгийг шийддэг Үндсэн хуулийн асуудал. Тиймээс үүнийг маш том зөрчлийн хэмжээнд авч үзэхээр болсон. Мөн хууль хэрэгжих баталгаа нь өмнөхөөсөө шат ахисан.
-Энэ 76 өөрсдөө эргээд сонгогдох хувилбарыг л боловсрууллаа гэсэн шүүмжлэл байна. Үүнтэй санал нийлэх үү?
-Давуу талууд бий. Гэхдээ хориглохоос аргагүй зүйлүүд байна. Зарим зүйлд гишүүний хувьд санал зөрөх асуудал байгаа. Гэхдээ олонхоороо шийдээд баталсан зүйлийг үгүйсгэж, хувийн байр сууринаас шүүмжлэхийг хүсэхгүй байна. Тэгээд ч УИХ-аас баталсан хуулийг батлалцсан хүн өөрөө шүүмжлээд байх нь зохимжгүй.
Яах вэ. Хүн хүн өөр өөрийн өнцгөөс харж байгаа. Улстөрийн хүчнүүд ч янз бүрээр харж байна. Ер нь бол улстөрийн намын босгыг таван хувиар тогтоосон нь парламентад олон нам орж ирэх бололцоог хангасан.
-Намын нэрийн суудалд хэн хэн суухыг нам дотроо ярьж шийдэх болох нь. Тэгэхээр намын даргадаа тал засч чадсан хүнд илүү боломж нээгдэх хувилбар болчихсон юм биш үү?
-Үүнийг намын анхан шатны байгууллагууд нэр дэвшүүлж, намын төлөөллийн төв байгууллага юм уу, их хурлаараа шийднэ. Энэ талаар хуульд нэлээд сайн оруулж өгсөн. Тийм учраас зөвхөн намын даргын үзэмжээр бүх зүйл шийдэгдэхгүй. Намын олонхын шийдлээр л явна шүү дээ.
-Намын нэр дээрх суудалд хэн суухыг нам өөрөө шийдэж байгаа нь ард түмний сонголтын дээр улстөрийн шийдэл явж байгаа хэлбэр биш гэж үү?
-Пропорциональ системээр сонгууль явуулахад эрэмбэлэгдэж байгаа 28, 48 бүгдээрээ сонгуульд оролцоно. Тойрогт нэр дэвших 48-аас намын нэрийн суудал руу шилжихдээ тодорхой хувийн босго давж орж ирнэ. Тэгэхээр эхлээд олон түмний шалгуураар эрэмбэлэгдэж байгаа биз дээ.
Ер нь нам өөрийн үзэмжээр шийдэхгүй. Нам 76 нэр дэвшигчийг сонгууль болохоос өмнө тодруулсан байна.
-Ингэхэд та ирэх сонгуульд нэр дэвших үү?
-Юуны өмнө ирэх хавар сонгогчдодоо тайлангаа тавина. Би нэр дэвшинэ гэж мэдэгдэл хийх эрх хувь хүнд нээлттэй байж болно. Гэхдээ дэвшүүлэх эсэхийг нь нам шийднэ. Нам гэдэг ойлголт намын дарга, Удирдах зөвлөл, дээд байгууллагаар хязгаарлагдахгүй. Намын бүх шатны байгууллага санал нэгдэж байж нэр дэвшүүлнэ.Тиймээс энэ асуудал нээлттэй. Би нэр дэвшинэ гэж мэдэгдэл хийхгүй.
-Хэрэв намаас итгэл хүлээлгэвэл?
-Үүнийг тухайн үеийн нөхцөл байдал мэдэх биз. Би тэр болтол өмнөх ажлаа л хийе.
Сонгууль хаяанд тулж, хувь хүмүүс сонголтоо хийж байгаа нь үнэн. Гэхдээ надад нэг зарчим бий. Сонгуульд албан ёсоор нэр дэвшин дэвштэл юу ч бодолгүй зөвхөн ажлаа хийх нь л чухал.
За тэгээд буянаараа л болно биз дээ.
-Нэр дэшигчид намдаа мөнгө өгдөг. Үүнээс үүдэн намууд их мөнгө өгсөн хүнээ нэр дэвшүүлж, гаргаж ирэхийн тулд чадалтай улстөрчдөө хүртэл жийж эхэлсэн сураг байна. Энэ үнэн үү?
-Нам надаас лав мөнгө нэхсэн юм алга. Өмнө нь ч нэхэж байгаагүй.
-Сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал хөндөгдөж байна. Ер нь Үндсэн хуульдаа гар хүрэх нь хэр зөв юм бол доо?
-Би Үндсэн хуулийг батлалцсан хүний нэг. Энэ Үндсэн хууль бол Монголын ард түмний хамтын бүтээл. Ардын их хурлын депутатууд 76 хоног хуралдсаны бараг 70 хоног нь үүнд зориулагдсан. Анх Үндсэн хуулийг ярьж байхдаа 11 дүгээр сарын 26-нд дуусгана гэж төлөвлөөд амжаагүй.
Ер нь маш нарийн хэлэлцсэн. Тийм ч учраас энэ хууль он цагийн сорилтыг давж гараад Монгол орны хөгжилд ихээхэн нөлөө үзүүлсэн. Энэ Үндсэн хууль байгаагүй бол Монгол Улс өдий хүртэл ийм хэмжээнд явж чадахгүй байсан гэж би боддог. Энэ утгаараа Үндсэн хуульд саналаа өгсөн, боловсруулсан хүмүүс гавьяатай.
Мөн Үндсэн хуулийн заалт бүрийг амилуулах чиглэлээр үе үеийн парламент их зүйлийг хийсэн. Энэ хуульд 15-20 жил болоод нэмэлт өөрчлөлт ордог жамтай. Үндсэн хууль өөрөө амьд организм. Улс орон бас хөгжиж байгаа амьд организм. Тийм учраас амьд бүтээлч байж, шинэчлэгдэх учиртай. Гэхдээ тохиолдлоор судалгаагүй зүйл хийх ёсгүй.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын хуулийг УИХ баталсан. Үүгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх нээгдсэн гэж ойлгож болох уу?
-Энэ журам Үндсэн хуулийн юуг нь хөндөж болохгүй вэ, хаана нь ямар өөрчлөлт оруулах вэ гэдгийг нэг бүрчлэн хуульчилж өгснөөрөө их ач холбогдолтой. Нэг талаасаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үүдийг нээж, нөгөө талаасаа хамгаалж байгаа.
Хоёр нам гэрээ байгуулахдаа ч Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийнэ гэдэг дээр тохирсон. Энэ дагуу Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хууль гарлаа. Ингээд ажлын хэсгүүд ажиллаад, 5-6 асуудалд төвлөрсөн. Одоогоор тэр дотроосоо нэг хоёрыг сугалж ярьж байна.
-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс хэтэрч болохгүй гэсэн өөрчлөлт яригдаж байгаа. Үүнийг дэмжиж байна уу?
-Дэмжиж байгаа. Би өмнө нь ийм хуулийн төсөл санаачилж байсан хүн. Даанч явж өгөөгүй.
Харин сумын Засаг даргыг иргэдээс нь шууд сонгох гэдэгт санал хуваагдмал байна. Миний хувьд ч эргэлзэж байгаа. Ингэж хуульчлахаар дүүргийн даргаа яах юм. Сумын Засаг даргыг иргэд нь сонгосноос ямар эерэг болон сул тал байна гэдгийг нарийн судлах, сайн бодох шаардлага бий. Би бас хууль санаачлагчийн нэгээр явж байгаа л даа. Гэхдээ саналын жаахан зөрүү байна.
-Энэ өөрчлөлтийг оруулснаар Засгийн газрын гишүүдийн ихэнх нь салбараа мэддэг хүмүүс байх нь ээ?
-Тийм шүү. Гадаадын парламентын засаглалтай улсад сайд, тэр бүү хэл дэд сайд, парламент хариуцсан Төрийн нарийн нь хүртэл парламентын гишүүн байдаг юм билээ. Гэхдээ ганц танхимтай, 76 гишүүнтэй манай улсын хувьд Засгийн газрын гишүүд бүгдээрээ парламентын гишүүн байх нь тохиромжгүй. Тиймээс ядахдаа тоог нь хязгаарлах хэрэгтэй гэж үзэж байна.
URL: