Бүлгийн дарга хэн байх нь чухал биш, Сонгуулийн хууль гарах ёстой байсан

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай ярилцлаа.

-Сонгуулийн хуулийн аж­лын хэсгийг ахалж бай­сан үе танд бий. Танай ажлын хэсэг хуулийг бат­луулж ча­даагүй. Гэхдээ хууль мэн­дэллээ?
-Би Сонгуулийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, энэ хуулийг өргөн барьсан. Тэгэхээр ажлаа хийсэн байна уу, үгүй юу. Бодох л хэрэг­тэй. Ажлын хэсгийн өр­гөн барьсан хуулийн төсөл нь улс нэг тойрог гэсэн про­порциональ хувилбар байсан.
Манай орны хувьд сон­гуу­лийг мөнгөнөөс салгах нь хам­гийн хэцүү асуудал.
Олон түмэн үүнийг л хүсдэг. Иймээс бодож бодож бодын шийр дөрөв гэгчээр улс нэг тойрог байх хувилбараар явбал шанстай, мөнгөний нө­лөө­лөл эрс багасах магад­лал­тай гэж үзсэн.
-Гэхдээ яг ийм хувил­бараар явсангүй?
-Хуучин хуульд хэрэглэж бол­доггүй бүрхэг заалт их бай­сан. Тиймээс сонгууль бул­хай луйвартай боллоо гэсэн хардалт их гарч байсан шүү дээ. Энэ хардалтуудыг арил­гах үүднээс сонгуулийн нэр­сийн жагсаалтыг цэгцлэх, бүрт­­­гэлийн тогтолцоонд үн­­дэс­лэх гэх мэтийн олон өөрч­­лөл­тийг оруулсан хуу­лийн төсөл өргөн барьсан юм.
-Үүний гол шалтгаан нь юу юм бол оо?
-УИХ бол төлөөллийн бай­гууллага. Тиймээс шууд өр­­сөл­дөөд ард түмнээс гарч ирэх ёстой гэсэн байр суурь­тай хүмүүс олон­хыг эзэл­сэн. Ийм санал сон­гог­чидтой хий­сэн уулзалтаас газар сай­гүй гар­сан. “Энэ 76 хүн агаарт гар­­чихаад хөрсөн дээрээ бууж ирэхгүй. Сонгогч олон тү­мэнтэйгээ ямар ч эргэх хол­боогүй болох нь ээ” гэсэн бол­гоомжлол их байсан нь нө­лөөлсөн юм. Үүнээс болоод л яваагүй юм.
Мөн холимог тогтолцоо, тоо, тойрог том байх уу, жи­жиг байх уу, шилжих үү, үгүй юу гээд олон асуудал гар­сан. Ер нь үндсэн 3-4 асуу­дал дээр л зөрөлдөөд суу­чихсан. Гэхдээ ямар ч бай­сан Сонгуулийн хууль төр­лөө. Энэ л чухал.
-Сонгуулийн хууль дээр зөв­­шилцөл удаан үргэл­жилж, дуншиж дуншиж 48, 28 гэдэг хувилбар дээр тогт­сон. Энэ хувилбарыг та хэр үнэлж байна вэ?
-Миний хувьд энэ ху­вил­барыг дэмжиж байгаа. Гэх­дээ Сонгуулийн хууль урагшаа шат ахих ёстой. Асуудлыг олонхоороо шийддэг учраас би УИХ-ын баталсан хуульд хүндэтгэлтэй хандаж байна.
Яагаад гэвэл хууль гарах нь хамгийн чухал байсан. Энэ хууль дээр намууд ч, ги­шүүд ч хоорондоо зөрөлд­сөн. Гэхдээ энэ бүхний эцэст хуу­лиа батлахаас өөр аргагүй гэ­дэгт санал нэгдсэн. Цаг ху­га­цаа ч тулсан. Иймээс зөв­шилц­лөөр батлагдсан хууль гэж ойлгож байгаа.
-Хууль батлах явцад са­налын зөрүүтэй олон асуу­дал гарч, МАН-ын бүл­гийн даргын суудал ч ганхсан шүү дээ?
-Би өөрөө ажлын хэсэг ах­лаад, Сонгуулийн хуулийг өр­гөн барьсан ч зөвшилцөөн гацаанд орсон. Ийм хүнд нөх­цөл байдалд бүлгийн удирд­лага өөрчлөгдөж, шинэ хүн шинэ нүдээр харж, ярилцвал зөвшилцөлд нэмэр хандив болно байх гэж итгэсэн. Энэ нь ч талаар болоогүй.
-Таны анх дэвшүүлж бай­сан хувилбар пропор­цио­наль гэлээ. АН ийм хувил­ба­рыг дэмжсэн. Харин МАН мажораториар явсан нь дээр гэж үзэж байсан шүү дээ. Тэгэхээр намынхнаасаа өөр байр суурьтай байсан нь таныг бүлгийн даргын сууд­лаа өгөхөд нөлөөлөв үү?
-Бүлгийн дарга хэн байх нь чухал бус, Сонгуулийн хууль гарах нь л гол байсан. Сон­гуулийн хууль зэрэг улс ор­ны том асуудлын дэргэд бүлгийн даргын суудал бол жижигхэн зүйл.
-Шинэ хуулиар  бэлэн мөн­гө амлах, гарын бэлэг та­раахыг хориглосон. Энэ үнэ­хээр биелэх болов уу. Хууль баталсан хүмүүс өөрс­дөө сонгогчдодоо хайр зар­лаад эхлэх вий дээ?
-Ийм зүйлийг таслан зог­соохын тулд Эрүүгийн хуульд хүртэл том өөрчлөлт оруул­сан. Зөрчил гаргасан нэр дэвшигчид захиргааны бо­лон, эрүүгийн арга хэмжээ ав­на.
Сонгууль бол төрийн эрх мэдлийг хэн барих вэ гэдгийг шийддэг Үндсэн хуулийн асуу­дал. Тиймээс үүнийг маш том зөрчлийн хэмжээнд авч үзэхээр болсон. Мөн хууль хэрэгжих баталгаа нь өм­нө­хөөсөө шат ахисан.
-Энэ 76 өөрсдөө эргээд сон­гогдох хувилбарыг л бо­ловсрууллаа гэсэн шүүмж­лэл байна. Үүнтэй санал ний­лэх үү?
-Давуу талууд бий. Гэх­дээ хориглохоос аргагүй зүй­лүүд байна. Зарим зүйлд гишүүний хувьд са­нал зө­рөх асуудал байгаа. Гэх­дээ олонхоо­роо шийдээд батал­сан зүйлийг үгүйсгэж, ху­вийн байр сууринаас шүүмж­лэхийг хүсэхгүй байна. Тэгээд ч УИХ-аас баталсан хуу­лийг батлалцсан хүн өө­рөө шүүмж­лээд байх нь зо­химж­гүй.
Яах вэ. Хүн хүн өөр өөрийн өнцгөөс харж байгаа. Улстөрийн хүчнүүд ч янз бүрээр харж байна. Ер нь бол улстөрийн намын босгыг таван хувиар тогтоосон нь парламентад олон нам орж ирэх бололцоог хангасан.
-Намын нэрийн суудалд хэн хэн суухыг нам дотроо ярьж шийдэх болох нь. Тэ­гэх­ээр намын даргадаа тал засч чадсан хүнд илүү бо­ломж нээгдэх хувилбар бол­чихсон юм биш үү?
-Үүнийг намын анхан шат­ны байгууллагууд нэр дэв­шүүлж, намын төлөөл­лийн төв байгууллага юм уу, их хурлаараа шийднэ. Энэ та­лаар хуульд нэлээд сайн оруулж өгсөн. Тийм учраас зөв­хөн намын даргын үзэм­жээр бүх зүйл шийдэг­дэхгүй. Намын олонхын шийдлээр л явна шүү дээ.
-Намын нэр дээрх суу­далд хэн суухыг нам өөрөө шийдэж байгаа нь ард түм­ний сонголтын дээр улс­тө­рийн шийдэл явж байгаа хэл­­бэр биш гэж үү?
-Пропорциональ сис­те­мээр сонгууль явуулахад эрэм­­­­бэ­лэгдэж байгаа 28, 48 бүг­­дээрээ сонгуульд орол­цоно. Тойрогт нэр дэвших 48-аас намын нэрийн суудал руу шилжихдээ тодорхой ху­вийн босго давж орж ирнэ. Тэ­гэ­хээр эхлээд олон түмний шал­гуураар эрэмбэлэгдэж бай­гаа биз дээ.
Ер нь нам өөрийн үзэм­жээр шийдэхгүй. Нам 76 нэр дэвшигчийг сонгууль бо­ло­хоос өмнө тодруулсан бай­на.
-Ингэхэд та ирэх сон­гуульд нэр дэвших үү?
-Юуны өмнө ирэх хавар сон­гогчдодоо тайлангаа та­вина. Би нэр дэвшинэ гэж мэ­дэг­дэл хийх эрх хувь хүнд нээлттэй байж болно. Гэхдээ дэвшүүлэх эсэхийг нь нам шийднэ. Нам гэдэг ойлголт намын дарга, Удирдах зөв­лөл, дээд байгууллагаар хяз­гаар­лагдахгүй. Намын бүх шат­ны байгууллага санал нэг­дэж байж нэр дэвшүүлнэ.Тий­мээс энэ асуудал нээлт­тэй. Би нэр дэвшинэ гэж мэ­дэгдэл хийхгүй.
-Хэрэв намаас итгэл хү­лээлгэвэл?
-Үүнийг тухайн үеийн нөхцөл байдал мэдэх биз. Би тэр болтол өмнөх ажлаа л хийе.
Сонгууль хаяанд тулж, хувь хүмүүс сонголтоо хийж байгаа нь үнэн. Гэхдээ надад нэг зарчим бий. Сонгуульд албан ёсоор нэр дэвшин дэвштэл юу ч бодолгүй зөвхөн ажлаа хийх нь л чухал.
За тэгээд буянаараа л болно биз дээ.
-Нэр дэшигчид намдаа мөнгө өгдөг. Үүнээс үүдэн на­мууд их мөнгө өгсөн хүнээ нэр дэвшүүлж, гаргаж ирэ­хийн тулд чадалтай улс­төрч­дөө хүртэл жийж эхэлсэн су­раг байна. Энэ үнэн үү?
-Нам надаас лав мөнгө нэх­сэн юм алга. Өмнө нь ч нэ­хэж байгаагүй.
-Сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуу­дал хөндөгдөж байна. Ер нь Үндсэн хуульдаа гар хүрэх нь хэр зөв юм бол доо?
-Би Үндсэн хуулийг бат­лалцсан хүний нэг. Энэ Үнд­сэн хууль бол Монголын ард түмний хамтын бүтээл. Ар­дын их хурлын депутатууд 76 хоног хуралдсаны бараг 70 хоног нь үүнд зориулагдсан. Анх Үндсэн хуулийг ярьж байхдаа 11 дүгээр сарын 26-нд дуусгана гэж төлөвлөөд ам­жаагүй.
Ер нь маш нарийн хэлэлц­сэн. Тийм ч учраас энэ хууль он цагийн сорилтыг давж га­раад Монгол орны хөгжилд ихээхэн нөлөө үзүүлсэн. Энэ Үндсэн хууль байгаагүй бол Монгол Улс өдий хүртэл ийм хэмжээнд явж чадахгүй бай­сан гэж би боддог. Энэ ут­гаа­раа Үндсэн хуульд са­на­лаа өгсөн, боловсруулсан хү­мүүс гавьяатай.
Мөн Үндсэн хуулийн заалт бүрийг амилуулах чиг­лэ­лээр үе үеийн парла­мент их зүйлийг хийсэн. Энэ хуульд 15-20 жил болоод нэ­мэлт өөрчлөлт ордог жам­тай. Үндсэн хууль өөрөө амьд ор­ганизм. Улс орон бас хөг­жиж байгаа амьд ор­га­низм. Тийм учраас амьд бүтээлч байж, шинэчлэгдэх учиртай. Гэхдээ тохиолдлоор судалгаагүй зүйл хийх ёсгүй.
-Үндсэн хуульд нэмэлт өөрч­лөлт оруулах журмын хуу­лийг УИХ баталсан. Үү­­гээр Үндсэн хуульд өөрч­лөлт оруулах эрх нээгдсэн гэж ойлгож болох уу?
-Энэ журам Үндсэн хуу­лийн юуг нь хөндөж бо­лох­гүй вэ, хаана нь ямар өөрч­лөлт оруулах вэ гэд­гийг нэг бүрчлэн хууль­чилж өгс­нөө­рөө их ач хол­бог­дол­той. Нэг та­лаасаа Үндсэн хуульд нэ­­мэлт өөрч­лөлт оруулах үү­­дийг нээж, нөгөө талаасаа хам­­гаалж байгаа.
Хоёр нам гэрээ байгуулах­даа ч Үндсэн хуулийн өөрч­лөл­тийг хийнэ гэдэг дээр то­хирсон. Энэ дагуу Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хууль гарлаа. Ингээд ажлын хэс­гүүд ажиллаад, 5-6 асуу­далд төвлөрсөн. Одоо­гоор тэр дотроосоо нэг хоёрыг су­галж ярьж байна.
-УИХ-ын гишүүн Зас­гийн газрын гишүүдийн гу­рав­ны нэгээс хэтэрч бо­лох­гүй гэсэн өөрчлөлт яригдаж бай­гаа. Үүнийг дэмжиж бай­на уу?
-Дэмжиж байгаа. Би өмнө нь ийм хуулийн төсөл са­наа­чилж байсан хүн. Даанч явж өгөөгүй.
Харин сумын Засаг дар­гыг иргэдээс нь шууд сон­гох гэдэгт санал хуваагд­мал байна. Миний хувьд ч эр­гэлзэж байгаа. Ингэж хуульч­лахаар дүүргийн даргаа яах юм. Сумын Засаг даргыг ир­гэд нь сонгосноос ямар эерэг бо­лон сул тал байна гэдгийг нарийн судлах, сайн бодох шаардлага бий. Би бас хууль санаачлагчийн нэгээр явж байгаа л даа. Гэхдээ саналын жаахан зөрүү байна.
-Энэ өөрчлөлтийг оруулс­наар Засгийн газрын гишүү­дийн ихэнх нь салбараа мэд­дэг хүмүүс байх нь ээ?
-Тийм шүү. Гадаадын пар­ламентын засаглалтай ул­сад сайд, тэр бүү хэл дэд сайд, парламент хариуцсан Тө­рийн нарийн нь хүртэл пар­ламен­тын гишүүн байдаг юм билээ. Гэхдээ ганц тан­хим­тай, 76 гишүүнтэй ма­най улсын хувьд Засгийн газ­рын гишүүд бүгдээрээ пар­ламен­тын гишүүн байх нь тохи­ромж­гүй. Тиймээс  ядахдаа тоог нь хязгаарлах хэрэгтэй гэж үзэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих