Европын эдийн засаг өдөр өдрөөр унаж байна

Европын эдийн засаг өдөр ирэх тусам унаж, Европын холбоо задрах өдөр ойрт­соор байгаа нь дахин тодор­хой боллоо.
Нөхцөл байдал хүнд байгаа энэ эргэлзээтэй цаг үед дэлхийн санхүүгийн хяналт, шалгалтын нэртэй компаниудын нэг “Эрнст энд Янг”-аас Евро бүсийг их унал­тын өвөлтэй нүүр тулж буйг анхааруулсан нь үүнийг илтгэв. “Эрнст энд Янг”-ийн эдийн засагчдын үзэж буйгаар 2012 оны эхний хагас жилд европчууд өрийн хям­ралын хүндрэл гэж юу байд­гийг жинхэнэ утгаар нь мэдрэх аж. Тиймээс өрийн хямралын хор хө­нөөлийг багасгах хүндхэн үүрэг Европын холбооны удирд­лагуудын өмнө ногдож бай­на.
Хам­гийн түгшүүртэй нь “Эрнст энд Янг”-ийн эдийн засагч­дын тооцоолсноор 2012 онд Евро бүсийн эдийн засгийн өсөлт ердөө 0.1 хувьтай байх гэнэ. 0.1 хувь гэдэг нь эдийн засгийн бай­дал таамаглаж байснаас ха­маагүй хүнд байхыг илт­гэсэн үзүүлэлт.
Эдийн засгийн өсөлтийн үзүү­лэлт доогуур гарахад Грек, Итали, Ирланд, Ис­пани зэрэг орны төсвийн алдаг­дал болон өрийн хэт аюултай байдал том нөлөө үзүүлж байна. Томоохон мэр­гэжилт­нүүд, шин­жээчдийн удаа дараалан анхааруулж байсны дагуу Грек, Итали тэргүүтэй хэдэн хэдэн улс бүс нутгийн эдийн засагт том хохирол учруулан, бүх зүйлийг хойш татаж байгаа нь энэ аж. Өөрөөр хэлбэл нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг зүйр үг одоо л хэрэгжиж эх­лээд байна.
Нэг зүйлийг онцлоход Евро бүсийн эдийн засгийн өсөлт 2012 онд нэг хувиас дээш гарах нь тодорхой гэж бүс нутгийн эдийн засагчид бардамнаж байсан цаг саяхан. Гэтэл өрийн хямралын нөлөө хэт хурдацтай тархаж буйг дагаад нэг хувиар дээш гарах таамаг мөрөөдөл болж буй нь “Эрнст энд Янг”-ийн мэдэгдлээс илт байгаа нь санаа зовоож байна.
Эдийн засгийн өсөлтөөс гадна Евро бүсийн ажил­гүйдлийн түвшин “Эрнст энд Янг”-ийнхны санааг мөн л зовоож байгаа аж.
Тэдний мэдэгдсэнээр Евро бүсийн ажилгүйдлийн түв­шин 2012 онд 10 хувиас дээш гарах гэнэ. Ажил­гүй­чүүд багатайд тооцогддог байсан Европын өндөр хөгжилтэй орнуудын хувьд энэ нь маш таагүй үзүүлэлт гэдгийг хэлэх нь зүйтэй.
Ийнхүү Европыг их унал­тын өвөл хүлээж буй нь Ази, Америк тивийн эдийн засагт ч маш муу нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Одоогоор Европын өрийн хямрал хүндэрч буй нь АНУ, Хятад гээд тэр­гүүлэгч гүрнүүдийн эдийн за­сагт хор хөнөөл учруулж эхэл­­сэн нь илт байна. Тод­руул­бал энд дурдсан улс ор­­нуудад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний эрэлт сүүлийн гурван сард мэдэг­дэхүйцээр буурсан аж.
Эцэст нь өгүүлэхэд Европын хамгийн их өр­тэй улс болох Грекийн эрх баригчид саяхан хямралд нэрвэгдэж буйгаа зарласан. Грекийн Ерөнхий сайд Лукас Пападемосын 2011 онд улсынх нь эдийн засаг одоо­гийн таамаг болох 5.5 хувиас ч өндөр хувиар буурч бол­зошгүй гэнэ.
2010 оны тухайд Грекийн эдийн засаг 4.5 хувиар буурсан нь Европын холбоо болон ОУВС-гийн тус­лам­жийг авахаас өөр аргагүйд хүргэсэн юм.
Одоогоор Европын хө­рөнгө оруулагчид бүс нут­гийн эдийн засгийн бай­далд санаа зовж, улмаар хөрөнгө оруулалт хийхдээ тун хянуур хан­дах болжээ.
Үүгээр ч зогсохгүй сүүлийн гурван сарын хуга­цаанд Европын томоохон биржүүд дээрх хувьцааны ханш их уналтыг мэдэрч буй нь хөрөнгө оруулагчдыг сандаргаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих