Европын эдийн засаг өдөр өдрөөр унаж байна
Европын эдийн засаг өдөр ирэх тусам унаж, Европын холбоо задрах өдөр ойртсоор байгаа нь дахин тодорхой боллоо.
Нөхцөл байдал хүнд байгаа энэ эргэлзээтэй цаг үед дэлхийн санхүүгийн хяналт, шалгалтын нэртэй компаниудын нэг “Эрнст энд Янг”-аас Евро бүсийг их уналтын өвөлтэй нүүр тулж буйг анхааруулсан нь үүнийг илтгэв. “Эрнст энд Янг”-ийн эдийн засагчдын үзэж буйгаар 2012 оны эхний хагас жилд европчууд өрийн хямралын хүндрэл гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь мэдрэх аж. Тиймээс өрийн хямралын хор хөнөөлийг багасгах хүндхэн үүрэг Европын холбооны удирдлагуудын өмнө ногдож байна.
Хамгийн түгшүүртэй нь “Эрнст энд Янг”-ийн эдийн засагчдын тооцоолсноор 2012 онд Евро бүсийн эдийн засгийн өсөлт ердөө 0.1 хувьтай байх гэнэ. 0.1 хувь гэдэг нь эдийн засгийн байдал таамаглаж байснаас хамаагүй хүнд байхыг илтгэсэн үзүүлэлт.
Эдийн засгийн өсөлтийн үзүүлэлт доогуур гарахад Грек, Итали, Ирланд, Испани зэрэг орны төсвийн алдагдал болон өрийн хэт аюултай байдал том нөлөө үзүүлж байна. Томоохон мэргэжилтнүүд, шинжээчдийн удаа дараалан анхааруулж байсны дагуу Грек, Итали тэргүүтэй хэдэн хэдэн улс бүс нутгийн эдийн засагт том хохирол учруулан, бүх зүйлийг хойш татаж байгаа нь энэ аж. Өөрөөр хэлбэл нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг зүйр үг одоо л хэрэгжиж эхлээд байна.
Нэг зүйлийг онцлоход Евро бүсийн эдийн засгийн өсөлт 2012 онд нэг хувиас дээш гарах нь тодорхой гэж бүс нутгийн эдийн засагчид бардамнаж байсан цаг саяхан. Гэтэл өрийн хямралын нөлөө хэт хурдацтай тархаж буйг дагаад нэг хувиар дээш гарах таамаг мөрөөдөл болж буй нь “Эрнст энд Янг”-ийн мэдэгдлээс илт байгаа нь санаа зовоож байна.
Эдийн засгийн өсөлтөөс гадна Евро бүсийн ажилгүйдлийн түвшин “Эрнст энд Янг”-ийнхны санааг мөн л зовоож байгаа аж.
Тэдний мэдэгдсэнээр Евро бүсийн ажилгүйдлийн түвшин 2012 онд 10 хувиас дээш гарах гэнэ. Ажилгүйчүүд багатайд тооцогддог байсан Европын өндөр хөгжилтэй орнуудын хувьд энэ нь маш таагүй үзүүлэлт гэдгийг хэлэх нь зүйтэй.
Ийнхүү Европыг их уналтын өвөл хүлээж буй нь Ази, Америк тивийн эдийн засагт ч маш муу нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Одоогоор Европын өрийн хямрал хүндэрч буй нь АНУ, Хятад гээд тэргүүлэгч гүрнүүдийн эдийн засагт хор хөнөөл учруулж эхэлсэн нь илт байна. Тодруулбал энд дурдсан улс орнуудад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний эрэлт сүүлийн гурван сард мэдэгдэхүйцээр буурсан аж.
Эцэст нь өгүүлэхэд Европын хамгийн их өртэй улс болох Грекийн эрх баригчид саяхан хямралд нэрвэгдэж буйгаа зарласан. Грекийн Ерөнхий сайд Лукас Пападемосын 2011 онд улсынх нь эдийн засаг одоогийн таамаг болох 5.5 хувиас ч өндөр хувиар буурч болзошгүй гэнэ.
2010 оны тухайд Грекийн эдийн засаг 4.5 хувиар буурсан нь Европын холбоо болон ОУВС-гийн тусламжийг авахаас өөр аргагүйд хүргэсэн юм.
Одоогоор Европын хөрөнгө оруулагчид бүс нутгийн эдийн засгийн байдалд санаа зовж, улмаар хөрөнгө оруулалт хийхдээ тун хянуур хандах болжээ.
Үүгээр ч зогсохгүй сүүлийн гурван сарын хугацаанд Европын томоохон биржүүд дээрх хувьцааны ханш их уналтыг мэдэрч буй нь хөрөнгө оруулагчдыг сандаргаж байна.
URL: