НҮБ МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХИЙГ САНУУЛАВ
НҮБ-ын Хүний эрхийн хорооныхон долдугаар сарын 1-ний үймээний хэргээр өөрийн байр сууриа илэрхийлж зөвлөмж гаргажээ.
Сонгууль дөхөж, хэрэг сэдэрч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ард түмнээс уучлалт гуйх ёстой гэсэн байр суурь идэвхтэй өрнөж буй энэ үед НҮБ-ынхан ч санал бодлоо нэмэрлэсэн байна. Тус хорооны гишүүн Крисгер Телин, Патрик Мутзенберг нар өнгөрсөн долоо хоногт манай улсад айлчилж төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж улс төрийн эрх зөрчигддөг эсэхийг хэлэлцсэн юм. Тэд хэлэлцсэн асуудлаа үндэслэн Монголд улс төрийн эрх дээд зэргээр зөрчигдөж, иргэдийн эрх туйлдаа хүртэл унасан байна гэсэн дүгнэлтэд хүрсэн гэх. Тодруулбал, “2008 оны долдугаар сарын 1-нд болсон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийхээ амь насыг хөнөөсөн нь үүний тод илрэл. Хөнөөгөөд зогсохгүй буруутай этгээд нь өнөөг хүртэл хариуцлага хүлээлгээгүйд санаа зовниж байна. Хариуцлага алдсан улстөрч болон хууль хяналтынхан бүгд адилхан шийтгүүлэх ёстой” гэжээ. Тэд цаашид өгүүлэхдээ Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийн томилгоо ил тод биш байгааг буруушаасан байна. Зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэе.
ЗӨВЛӨМЖ 1
Хүний эрхийг ханган хамгаалахад үндэсний институцын зохицуулах олон улсын хороон дахь магадлан итгэмжлэгдсэн дэд хорооны Парисын зарчимтай нийцсэн Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулиа баталсан сайшаалтай явдал. Гэвч 2008 оны долдугаар сарын 1-ний нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр амиа алдсан залуусын хохирлыг барагдуулсан нь хангалтгүй байна. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийн томилгооны ажиллагаа ил тод биш байгаад санаа зовниж байна.
Биелүүлэх ажил: НҮБ-ын гишүүн орны хувьд Хүний эрхийн үндэсний комиссын бие даасан байдлыг хангахад шаардлагатай санхүүжилт, хүний нөөцийн асуудал болон комиссын гишүүдийн томилгоог нээлтэй болгох
ЗӨВЛӨМЖ 2
2008 оны долдугаар сарын 1-нд зарласан онц байдлын үеэр цагдаагийн экс удирдлагуудтай холбоотой аллага, эрүү шүүлт, хүнлэг бус харгис байдалд үүсгэсэн эрүүгийн хэргийг эргүүлэн сэргээсэн ч одоог хүртэл эцэслэн хянан шийдвэрлээгүй байна. Онц байдлын үеэр хүний эрхийг ноцтой зөрчсөн цагдаагийн бусад ажилтантай холбоотой хэрэг нь нотлох баримт дутуу гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонд харамсч байна.
Биелүүлэх ажил: Монгол Улс нь онц байдлын үеэр гаргасан бүхий л хүний эрхийн ноцтой зөрчил, энэ гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч, түүний гэр бүлийн гишүүдэд нөхөн төлбөр төлөгдсөн хэргүүдийг шалгах. Тухайн хэрэгт шалгагдаж байгаа этгээд гэм буруутай нь шүүхээр тоогтогдвол зохих ял ногдуулах ба хохирогчид зохих нөхөн төлбөр авсан байхыг хангасан байх ёстой.
ЗӨВЛӨМЖ 3
2009 оноос шүүх эрх мэдлийг шинэчилж эхэлсэн гэх ч түүний ил тод, бие даасан хараат бус байдал нь хязгаарлагдмал байна. Авлига байгааг анхааруулсан. Шүүхийн байгууллагын ажлын үзүүлэлтийг сайжруулахын тулд шүүгч нарт нэмэлт тэтгэлэг үзүүлэх ёстой. Тухайлбал, нийгмийн үйлчилгээ, зээл, халдашгүй эрх ямба, боловсролдоо зарцуулах зардал нь хомс байна.
Биелүүлэх ажил: Шүүхийн бие даасан ил тод байдлыг хангасан бүтэц механизмыг бүрдүүлсэн шүүх эрх мэдлийн шинэчлэлийн төсөл Пактад нийцсэн эсэхийг хянасны дараа хөтөлбөрийг батлуулах. Оролцогч улс нь Пактыг бүрэн хэрэгжүүлэхэд шүүх эрх мэдлийн системийн ил тод, бие даасан байдлыг хангахад шаардлагатай өөрчлөлтийг иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор хийх. Шүүхийн авлигын асуудлаар шаардлагатай арга хэмжээг авах, мөрдөн байцаах ажиллагаа хийх” гэсэн зөвлөмж гаргажээ.
Д.БОЛОРМАА
URL: