НҮБ МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХИЙГ САНУУЛАВ

НҮБ-ын Хүний эр­хийн хорооныхон дол­ду­гаар сарын 1-ний үй­мээний хэргээр  өөрийн байр сууриа илэрхийлж зөвлөмж гаргажээ.

Сон­гууль дөхөж, хэрэг сэдэрч Ерөнхийлөгч Ц.Элбэгдор­жийг ард түм­нээс уучлалт гуйх ёстой гэсэн байр суурь идэвхтэй өрнөж буй энэ үед НҮБ-ынхан ч са­нал бод­лоо нэ­мэр­лэсэн бай­на. Тус хорооны ги­шүүн Крисгер Телин, Пат­рик Мутзен­берг нар өнгөрсөн долоо хоногт ма­най улсад айл­чилж тө­рийн болон төрийн бус байгуул­лагын төлөөлөлтэй уулзаж улс төрийн эрх зөрчигддөг эсэхийг хэлэлцсэн юм. Тэд хэлэлцсэн асуудлаа үндэслэн Монголд улс төрийн эрх дээд зэргээр зөрчигдөж, иргэдийн эрх туйлдаа хүртэл унасан байна гэсэн дүгнэлтэд хүрсэн гэх. Тодруулбал, “2008 оны долдугаар сарын 1-нд болсон ний­тийг хамарсан эмх зам­бараагүй байдлын үеэр үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийхээ амь насыг хөнөөсөн нь үүний тод илрэл. Хөнөөгөөд зогсох­гүй буруутай этгээд нь өнөөг хүртэл хариуцлага хүлээлгээгүйд санаа зов­ниж байна. Хариуцлага алдсан улстөрч болон хууль хяналтынхан  бүгд адилхан шийтгүүлэх ёс­той” гэжээ. Тэд цаашид өгүүлэхдээ Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийн томилгоо ил тод биш байгааг буруушаасан байна. Зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэе.

ЗӨВЛӨМЖ 1

Хүний эрхийг ханган хамгаалахад үндэсний институцын зохицуулах олон улсын хороон дахь магадлан итгэмжлэгдсэн дэд хорооны Парисын зарчимтай нийцсэн Хү­ний эрхийн үндэсний ко­миссын тухай хуулиа ба­талсан сайшаалтай яв­дал. Гэвч 2008 оны долдугаар сарын 1-ний нийтийг ха­мар­сан эмх замбараагүй байдлын үеэр амиа алдсан залуусын хохирлыг бараг­д­уул­сан нь хангалтгүй байна. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын ги­шүүдийн томилгооны ажил­­­лагаа ил тод биш бай­гаад санаа зовниж байна.

Биелүүлэх ажил: НҮБ-ын гишүүн орны хувьд  Хүний эрхийн үндэсний комиссын бие даасан байд­лыг хангахад шаард­лагатай санхүүжилт, хү­ний нөөцийн асуудал бо­лон комиссын гишүүдийн томилгоог нээлтэй  болгох

ЗӨВЛӨМЖ 2

2008 оны долдугаар сарын 1-нд зарласан онц байдлын үеэр цагдаагийн экс удирдлагуудтай хол­боотой аллага, эрүү шүүлт, хүнлэг бус харгис байдалд үүсгэсэн эрүүгийн хэргийг эргүүлэн сэргээсэн ч одоог хүртэл эцэслэн хянан шийд­вэрлээгүй байна.  Онц байдлын үеэр хүний эрхийг ноцтой зөрчсөн цагдаагийн бусад ажил­тан­­тай холбоотой хэрэг нь нотлох баримт дутуу гэх үндэс­лэлээр хэрэгсэхгүй бол­го­сонд харамсч байна.

Биелүүлэх ажил: Монгол Улс нь онц байд­лын үеэр гаргасан бүхий л хүний эрхийн ноцтой зөрчил, энэ гэмт хэргийн улмаас хохирсон хохи­рогч, түүний гэр бүлийн гишүүдэд нөхөн төлбөр төлөгдсөн хэргүүдийг шал­гах. Тухайн хэрэгт шалгагдаж байгаа этгээд гэм буруутай нь шүүхээр тоогтогдвол зохих ял ногдуулах ба хохи­рогчид зохих нөхөн төлбөр авсан байхыг хангасан байх ёстой.

ЗӨВЛӨМЖ 3

2009 оноос шүүх эрх мэдлийг шинэчилж эхэл­сэн гэх ч  түүний ил тод, бие даасан хараат бус байдал нь хязгаарлагдмал байна. Авлига байгааг анхааруулсан. Шүүхийн байгууллагын ажлын үзүү­лэлтийг сайжруулахын тулд шүүгч нарт нэмэлт тэтгэлэг үзүүлэх ёстой. Тухайлбал, нийгмийн үйл­чилгээ, зээл, хал­дашгүй эрх ямба, боловс­ролдоо зарцуулах зардал нь хомс байна.

Биелүүлэх ажил: Шүүхийн бие даасан ил тод байдлыг хангасан бү­тэц механизмыг бүрдүүл­сэн шүүх эрх мэдлийн шинэчлэлийн төсөл Пактад нийцсэн эсэхийг хянасны дараа хөтөл­бө­рийг батлуулах. Оролцогч улс нь Пактыг бүрэн хэ­рэгжүүлэхэд шүүх эрх мэдлийн системийн ил тод, бие даасан байдлыг хангахад шаардлагатай өөрчлөлтийг иргэний нийг­мийн байгуул­лагуу­дын  оролцоотойгоор хийх. Шүүхийн авлигын асууд­лаар шаардлагатай арга хэмжээг авах, мөрдөн бай­цаах ажиллагаа хийх” гэсэн зөвлөмж гаргажээ.

Д.БОЛОРМАА


URL:

Сэтгэгдэл бичих