Европын холбоо Их Британигүйгээр өрийн хямралын эсрэг зогсоно
Европын холбоо задрах өдөр ойртсоор байна.
Өнгөрсөн баасан гарагт Европын холбооны эрх баригчдын оролцсон дээд хэмжээний уулзалт болж, өндөр албан тушаалтнууд өрийн хямралтай тэмцэх гэрээ байгуулсан ч бүс нутгийн гурав дахь том эдийн засаг Их Британи энэхүү хэлэлцээрт нэгдсэнгүй. Уг нь Европын холбооны гол орнуудын эрх баригчид энэхүү санхүүгийн гэрээг урт хугацааны туршид нарийн боловсруулсан гэж мэдэгдсэн ч Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон гэрээнд нэгдэхээс татгалзсан нь олон нийтийн анхаарлыг их татаж байна.
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон гэрээг хүлээн зөвшөөрөөгүй шалтгаанаа улсынх нь ашиг сонирхолд нийцэхгүй байгаатай холбон тайлбарлажээ. Тэрбээр мэдэгдэхдээ “Бид өнөөг хүртэл тусдаа зах зээл байж ирсэн. Энэ нь зах зээлийг нээлттэй хэвээр хадгалахад сайн хамгаалалт болно. Тиймээс энэ гэрээ ашиг сонирхолд нийцэхгүй байна” гэв.
Ийнхүү Европын холбооны гол хүчин Их Британи өрийн хямралын эсрэг маш чухал гэрээнд нэгдээгүй нь Европын холбоо задрах өдөр бидний таамаглаж байснаас ч эрт байж болохыг илтгэж байна. Тэгээд ч одоо хямралд гүн нэрвэгдсэн Грек, Итали зэрэг улс Европын холбооноос сайн дураараа гарах шаардлагатайг эдийн засагчид анхааруулсаар байна.
“Европын холбооны 26 улсын эрх баригчдын нэгдсэн гэрээ нь Их Британигүй ч гэсэн бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийг тогтворжуулахад чухал үүрэгтэй” гэж Францын Ерөнхийлөгч Николя Саркози болон Германы канцлер Ангела Меркель нар үзэж байна.
Энэхүү гэрээний талаар товч мэдээллийг хүргэе. Гэрээний дагуу Евро бүсийн улсууд илүү тэнцвэртэй, үр ашигтай төсвийг боловсруулах аж. Тэнцвэртэй, үр ашигтай төсвийг нэгдсэн журмаар боловсруулах нь илүү зардал гаргахгүйн дээр хэт бага татвар ногдуулалтыг давтагдахгүй байх баталгааг хангах гэнэ. Европын холбооны мэдэгдсэнээр тэнцвэртэй, үр ашигтай төсөв нь Грекийн төсвийн гамшгийн жишээг давтахгүй байхад маш чухал аж. Хамгийн гол нь улс орнууд өрийнхөө хэмжээг цаг тухайд нь мэдээлж байх ёстой.
Нэг зүйлийг онцлоход энэхүү гэрээг хэрэгжихэд өнгөрсөн жил байгуулагдсан Европын Санхүүгийн тогтвортой байдлын хэлтэс онцгой үүрэг гүйцэтгэж, зээлийн аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах гэнэ.
Европын холбооны мэдэгдсэнээр Европын холбоо болон бүс нутгийн улсууд одоогоор Олон улсын валютын сан (ОУВС)-гийн мөнгөний нөөцийг нэмэгдүүлэхэд 200 тэрбум хүртэлх еврогийн зээл олгох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ ажлын тайлан ойрын 10 өдөрт эцсийн байдлаар гарах аж.
Санхүүжилт хаанаас олох вэ
Энэхүү гэрээг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Европын орнуудын баталгаатай бондуудыг худалдах орлогоос бүрдүүлэхээ тэд мэдэгджээ. Тиймээс энэхүү гэрээ ном журмынхаа дагуу биелэхэд хөрөнгө оруулагчид онцгой үүрэг гүйцэтгэх аж. Өөрөөр хэлбэл Япон тэргүүтэй Азийн чинээлэг орнууд ч гэрээний хэрэгжилтэд тодорхой үүрэг гүйцэтгэхийг эдийн засагчид онцолжээ.
Эцэст нь хэлэхэд нөхцөл байдал хэцүү багйаа энэ цаг үед Европын холбооны эдийн засаг гамшгийн үедээ ирснийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны экс тэргүүн Жак Аггали анхаарууллаа. Тэрбээр “Европын холбооны орнуудын эдийн засагт төгсгөл ирэх нь тодорхой болсон. Грек, Испани, Португал тэргүүтэй орнууд дампуурсны улмаас уг холбоог араасаа чирсэн. Өнөөдөр сүйрлийн ирмэгт байгаа Италиас Европын ирээдүй шууд хамааралтай болоод байна. Бидний үзэж буйгаар евро шинэ оныг үзэхгүй ч байж болзошгүй. Европын холбоо хямралыг тэсч гарах магадлал дөнгөж 50 хувьтай байна” хэмээн мэдэгджээ.
Гэхдээ хямралыг Европын холбооны түвшинд ярилцаж, дорвитой арга хэмжээ авахаас гадна Европын тэргүүлэх орнууд Италийн Засгийн газартай нягт холбоотой ажиллаж чадвал хүндрэлийг давах боломж байгааг зарим мэргэжилтэн онцолжээ.
URL: