АЙЛЧЛАЛ УУ, АЯЛАЛ УУ?

Манай эрх баригчид улс орноо “Эзэнгүй айл” болгочихоод төрийн нэ­рээр айл хэсч, аялж явдаг боллоо.Яг л хормойд нь салхи шүглэчихсэн юм шиг.

Манай  эрх баригчид улс орноо  “Эзэнгүй айл” болгочихоод төрийн нэ­рээр айл хэсч,  аялж явдаг боллоо.Яг л хормойд нь салхи шүглэчихсэн юм шиг.  Яваагүй газар,  очоо­гүй улс орон ч гэж  алга.  Ерөнхий сайд  Индонез улсад болсон Балийн чуул­ганаас дөнгөж өчигдөрхөн ирсэн бол Ерөнхийлөгч  Кувейт улсад, УИХ-ын дарга Японд “аялж”  явна.  Нэгийгээ ирэнгүүт нөгөө нь зөрөөд явдаг байсан бол  сүүлийн үед гурвуулаа зэрэг  алга болчихдог стан­дарт бус  хачин жишиг тогтов.  Төрийн өндөр  алба хашиж буй эрх мэдэлт­нүүдийн тухайд  АНУ-д хаус худалдаж авч, Моск­вад орон сууц бариулсан, Английн банкинд  тэрбум тэрбумаар нь ам.доллар  байршуулж гэнэ гэсэн мэдээлэл  байсхийгээд л гардаг. Гэхдээ “Цогт тайж” киноны Арслан тайжийн араас орчихоогүй  л бол  ар хударгаар нь  юу болж яах нь тэдэнд  хамаа­гүй биш байлтай. Наад зах нь л гэхэд байхгүй хооронд нь ямар ч аюул нүүрлэж мэднэ шүү дээ. Амны  бэл­гээс ашдын бэлгэ боддог монгол ёсоор муу ёрло­моор­гүй байгаа ч хэлж сануулмаар   үг бас байна аа. Тухайлбал, саяын хэ­дэн өдөр айгаагүй ч гэсэн аягүй гэгчээр  битүү манан татаж, урд байгаа юм ха­рагдахгүй нар үзэгдэхгүй хэчнээн хэцүү байв даа. Тэгж байгаад гэнэт  гам­шиг нүүрлэж, онц байдал зарлах хэмжээнд хүрсэн бол яана. Төрийн гурван өндөрлөг байхгүй, хэн удирдах нь тодорхойгүй,  учраа олохгүй цөөхөн мон­голчууд сүйрэхэд хүрсэн бол яана. Аюултай байгаа биз. Өдийд Ерөнхийлөг­чийн айлчилж байгаа Кувейт, Катараас эхлээд УИХ-ын дарга Д.Дэмбэ­рэ­лийн найрсаг гэрээ, хэлцэл өрнүүлж буй  Япон улс, өчигдөрхөн манантай Монгол руу Ерөнхий сай­дыг  маань  үдэж өгсөн Индонезчууд энэ байдлыг баримт болгож манай улс­тай юун хамтран ажил­лаж, харилцаа холбоогоо өргөтгөх харин ч  удирд­лагын эрсдэлтэй орноор бүртгэж хар дэвтэртээ бич­чихсэн ч юм бил үү. Асуудал үүсэхэд төрийн гурван өндөрлөг нь нэгэн зэрэг байхгүй байх ийм хариуцлагагүй, салан задгай улсад хэн итгэж найдах вэ дээ.

Дэлхийн томоохон банкны тухай сургамжтай явдлыг өнөөдөр амтай болгон дээр дооргүй л  ярьж байна. Томоохон хүлээн авалтад уригдсан тус банкныхан манайхаар бол Монголбанкны ерөн­хийлөгч, дэд ерөнхийлөгч нь  албан тушаалтнуудын хамт нэг машинаар очиж л дээ. Ухаандаа маш том хүндэтгэл  үзүүлсэн шиг байгаа юм. Гэтэл эсрэ­гээрээ  удирдлагын эрсдэлтэй  банк гэсэн дүн авч, хамтын ажиллагаа нь цуцлагдсан гэж байгаа. Гэтэл аюултайгаас гадна  ийм эрс­дэлтэй  байдалд бид бүхэл бүтэн улс орноороо нэг биш нэлээд хэд хонолоо шүү дээ.

Аливаа айлчлалын зорилго бол сайн харил­цаагаа бататгаж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, эсвэл шинээр харилцаа тогтоох буюу маш том асуудал шийдэхэд чиглэгддэг. Харин манай гурав бие биеэ дууриаж, эсвэл барьцах байдлаар айлчлал хийдэг учраас ямар ч үр дүн гардаггүй.  Харил­цаагаа бататгаад байгааг ч бүү мэд, бэхжүүлээд байгааг ч бүү мэд. Тодорхойгүй бөгөөд ойлгомжгүй. Гэхдээ үнэхээр Монгол Улсад ашигтай, ард түмэнд өгөөжтэй асар том гэрээ хэлцэл байгуулаад  ирсэн бол үндэсний баатар шиг гарч ирээд мэдэгдэл хий л дээ, яагаад болохгүй гэж. Харин ингэж бичсэ­ний маргааш  Гадаад харилцааны  сайд Г.Зан­дан­шатар намын дарга, Ерөнхий сайдынхаа   айлчлалын зургийг тогосын өнгөөр будах  хэцүү даалгавар авч   мэдэх юм. Энэ ч яахав. Тийм сонин зүйл  биш, угаасаа  сүүлийн үед тогтсон жишиг юм чинь. Нэг аймаар зүйл нуруу руу хүйт оргиулж байгаа нь айлчлал нэрээр гадагшаа явж байгаа эрхмүүд тэнд очоод юу шийдэж, ямар амлалт өгч гарын үсгээ   зурчихаад ирж байгааг бид мэдэхгүй. Хожмын өдөр тэр нь гай  дагуулж мэднэ.  “Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх” гэгчээр  хожмын өдөр хаанаас ч юм нэг нөхөр ирээд Ерөнхийлөгч чинь зөвшөөрсөн, гарын үсэг нь энэ байна гээд дааж давшгүй өр нэхвэл яах вэ. Саяхны жишээ гэхэд л цөмийн хог хаягдлыг эх орондоо  булшлахаар Япон улстай гэрээ хийсэн гэсэн мэдээлэл шуугиан тарьсан. Нэг болохоор Ерөнхий сайд нь Арабуудтай ярьсан  юм шиг,  Гадаад харилцааны сайд Г.Занданшатар  ч гэрээ хийхэд оролцсон   юм шиг, энэ асуудлыг хариуцсан тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд А.Ундраа гэх эмэгтэй тусгүй үүрэг гүйцэтгэсэн ч юм шиг учир нь олдоогүй.   Эзэн, холбогдогч нь тодорхойгүй  энэ хэрэг өдгөө С.Зориг агсаны амийг хөнөөсөн хэрэг, таван хүн зэрэг амиа алдсан долдугаар сарын  1-ний  хэргийн араас ороод чимээ алдарч байна.  Хормойд нь салхи шүглэсэн юм  шиг гэртээ, эх орондоо тог­тохгүй хэсч яваа хүмүүс  ийм л юм хийж явдаг бололтой. Төрийн гурван өндөрлөг  сүүлийн үед нэг улсад залхтал очиж байна. ОХУ-д гурвуулаа ээлж­лээд оччихсон. Гурвуулаа  л В.В.Путинтэй уулзаж, гар барьж зургаа татуулсан. Тэглээ гээд нэр хүнд нь өссөнгүй. Манай улсад ач, тусаа өгсөнгүй. БНСУ, АНУ, Японд  мөн адил.  Айчлалын талаар дуулдаж байгаа мэдээлэл гэвэл ямар ч байсан Монголоос очдог,  очоод хэнтэй уулзаж яах гэж байгаа нь тодорхойгүй. Ямар хэргээр яваа нь ч учир битүүлэг. Нөгөө тал нь  залхаж байгаа хэдий ч ёс ёмбогор төр төмбөгөр гэгчээр ирэхэд нь  хүлээж авдаг,  явахад нь гаргаж өгдөг. Нэг иймэрхүү байдлаар манайхан  гадаад харилцаагаа хөгжүүлж байна.

Нэг л гэм нь бүрэн эрхийн хугацаа нь дуусах дөхсөн эрхмүүдийг гадагшаа, дотогшоо явахад араас нь сайтар чих тавьж байхгүй бол юу ч хийж, яаж ч  мэднэ шүү гэх байна даа.

Л.ХЭРЛЭН


URL:

Сэтгэгдэл бичих