АЙЛЧЛАЛ УУ, АЯЛАЛ УУ?
Манай эрх баригчид улс орноо “Эзэнгүй айл” болгочихоод төрийн нэрээр айл хэсч, аялж явдаг боллоо.Яг л хормойд нь салхи шүглэчихсэн юм шиг.
Манай эрх баригчид улс орноо “Эзэнгүй айл” болгочихоод төрийн нэрээр айл хэсч, аялж явдаг боллоо.Яг л хормойд нь салхи шүглэчихсэн юм шиг. Яваагүй газар, очоогүй улс орон ч гэж алга. Ерөнхий сайд Индонез улсад болсон Балийн чуулганаас дөнгөж өчигдөрхөн ирсэн бол Ерөнхийлөгч Кувейт улсад, УИХ-ын дарга Японд “аялж” явна. Нэгийгээ ирэнгүүт нөгөө нь зөрөөд явдаг байсан бол сүүлийн үед гурвуулаа зэрэг алга болчихдог стандарт бус хачин жишиг тогтов. Төрийн өндөр алба хашиж буй эрх мэдэлтнүүдийн тухайд АНУ-д хаус худалдаж авч, Москвад орон сууц бариулсан, Английн банкинд тэрбум тэрбумаар нь ам.доллар байршуулж гэнэ гэсэн мэдээлэл байсхийгээд л гардаг. Гэхдээ “Цогт тайж” киноны Арслан тайжийн араас орчихоогүй л бол ар хударгаар нь юу болж яах нь тэдэнд хамаагүй биш байлтай. Наад зах нь л гэхэд байхгүй хооронд нь ямар ч аюул нүүрлэж мэднэ шүү дээ. Амны бэлгээс ашдын бэлгэ боддог монгол ёсоор муу ёрломооргүй байгаа ч хэлж сануулмаар үг бас байна аа. Тухайлбал, саяын хэдэн өдөр айгаагүй ч гэсэн аягүй гэгчээр битүү манан татаж, урд байгаа юм харагдахгүй нар үзэгдэхгүй хэчнээн хэцүү байв даа. Тэгж байгаад гэнэт гамшиг нүүрлэж, онц байдал зарлах хэмжээнд хүрсэн бол яана. Төрийн гурван өндөрлөг байхгүй, хэн удирдах нь тодорхойгүй, учраа олохгүй цөөхөн монголчууд сүйрэхэд хүрсэн бол яана. Аюултай байгаа биз. Өдийд Ерөнхийлөгчийн айлчилж байгаа Кувейт, Катараас эхлээд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн найрсаг гэрээ, хэлцэл өрнүүлж буй Япон улс, өчигдөрхөн манантай Монгол руу Ерөнхий сайдыг маань үдэж өгсөн Индонезчууд энэ байдлыг баримт болгож манай улстай юун хамтран ажиллаж, харилцаа холбоогоо өргөтгөх харин ч удирдлагын эрсдэлтэй орноор бүртгэж хар дэвтэртээ биччихсэн ч юм бил үү. Асуудал үүсэхэд төрийн гурван өндөрлөг нь нэгэн зэрэг байхгүй байх ийм хариуцлагагүй, салан задгай улсад хэн итгэж найдах вэ дээ.
Дэлхийн томоохон банкны тухай сургамжтай явдлыг өнөөдөр амтай болгон дээр дооргүй л ярьж байна. Томоохон хүлээн авалтад уригдсан тус банкныхан манайхаар бол Монголбанкны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нь албан тушаалтнуудын хамт нэг машинаар очиж л дээ. Ухаандаа маш том хүндэтгэл үзүүлсэн шиг байгаа юм. Гэтэл эсрэгээрээ удирдлагын эрсдэлтэй банк гэсэн дүн авч, хамтын ажиллагаа нь цуцлагдсан гэж байгаа. Гэтэл аюултайгаас гадна ийм эрсдэлтэй байдалд бид бүхэл бүтэн улс орноороо нэг биш нэлээд хэд хонолоо шүү дээ.
Аливаа айлчлалын зорилго бол сайн харилцаагаа бататгаж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, эсвэл шинээр харилцаа тогтоох буюу маш том асуудал шийдэхэд чиглэгддэг. Харин манай гурав бие биеэ дууриаж, эсвэл барьцах байдлаар айлчлал хийдэг учраас ямар ч үр дүн гардаггүй. Харилцаагаа бататгаад байгааг ч бүү мэд, бэхжүүлээд байгааг ч бүү мэд. Тодорхойгүй бөгөөд ойлгомжгүй. Гэхдээ үнэхээр Монгол Улсад ашигтай, ард түмэнд өгөөжтэй асар том гэрээ хэлцэл байгуулаад ирсэн бол үндэсний баатар шиг гарч ирээд мэдэгдэл хий л дээ, яагаад болохгүй гэж. Харин ингэж бичсэний маргааш Гадаад харилцааны сайд Г.Занданшатар намын дарга, Ерөнхий сайдынхаа айлчлалын зургийг тогосын өнгөөр будах хэцүү даалгавар авч мэдэх юм. Энэ ч яахав. Тийм сонин зүйл биш, угаасаа сүүлийн үед тогтсон жишиг юм чинь. Нэг аймаар зүйл нуруу руу хүйт оргиулж байгаа нь айлчлал нэрээр гадагшаа явж байгаа эрхмүүд тэнд очоод юу шийдэж, ямар амлалт өгч гарын үсгээ зурчихаад ирж байгааг бид мэдэхгүй. Хожмын өдөр тэр нь гай дагуулж мэднэ. “Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх” гэгчээр хожмын өдөр хаанаас ч юм нэг нөхөр ирээд Ерөнхийлөгч чинь зөвшөөрсөн, гарын үсэг нь энэ байна гээд дааж давшгүй өр нэхвэл яах вэ. Саяхны жишээ гэхэд л цөмийн хог хаягдлыг эх орондоо булшлахаар Япон улстай гэрээ хийсэн гэсэн мэдээлэл шуугиан тарьсан. Нэг болохоор Ерөнхий сайд нь Арабуудтай ярьсан юм шиг, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ч гэрээ хийхэд оролцсон юм шиг, энэ асуудлыг хариуцсан тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд А.Ундраа гэх эмэгтэй тусгүй үүрэг гүйцэтгэсэн ч юм шиг учир нь олдоогүй. Эзэн, холбогдогч нь тодорхойгүй энэ хэрэг өдгөө С.Зориг агсаны амийг хөнөөсөн хэрэг, таван хүн зэрэг амиа алдсан долдугаар сарын 1-ний хэргийн араас ороод чимээ алдарч байна. Хормойд нь салхи шүглэсэн юм шиг гэртээ, эх орондоо тогтохгүй хэсч яваа хүмүүс ийм л юм хийж явдаг бололтой. Төрийн гурван өндөрлөг сүүлийн үед нэг улсад залхтал очиж байна. ОХУ-д гурвуулаа ээлжлээд оччихсон. Гурвуулаа л В.В.Путинтэй уулзаж, гар барьж зургаа татуулсан. Тэглээ гээд нэр хүнд нь өссөнгүй. Манай улсад ач, тусаа өгсөнгүй. БНСУ, АНУ, Японд мөн адил. Айчлалын талаар дуулдаж байгаа мэдээлэл гэвэл ямар ч байсан Монголоос очдог, очоод хэнтэй уулзаж яах гэж байгаа нь тодорхойгүй. Ямар хэргээр яваа нь ч учир битүүлэг. Нөгөө тал нь залхаж байгаа хэдий ч ёс ёмбогор төр төмбөгөр гэгчээр ирэхэд нь хүлээж авдаг, явахад нь гаргаж өгдөг. Нэг иймэрхүү байдлаар манайхан гадаад харилцаагаа хөгжүүлж байна.
Нэг л гэм нь бүрэн эрхийн хугацаа нь дуусах дөхсөн эрхмүүдийг гадагшаа, дотогшоо явахад араас нь сайтар чих тавьж байхгүй бол юу ч хийж, яаж ч мэднэ шүү гэх байна даа.
Л.ХЭРЛЭН
URL: