Х.БАТ-ЯЛАЛТ: СОНГУУЛИЙН ҮНЭ ЦЭНЭ ЭРХ МЭДЭЛД Л БАЙДАГ
ИЗНН-ын гишүүн Х.Бат-Ялалттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хэдхэн хоногийн өмнө таны байгуулсан нам ИЗНН-тай нэгдлээ. Яагаад ийм шийдэлд хүрэх болов. Саналыг хэн нь эхэлж тавьсан бэ?
-Тиймээ бид нэгдсэн. Яагаад гэдгийг цаг хугацаа харуулна. Сайн цагийг авчирч шударга ёсыг тогтооно. Төрийн албыг хянадаг, хариуцлага алдсан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэдэг болно. Одоогийнх шиг эрх мэдэлтнүүд нэг нэгнээ хаацайлаад, хуйвалдаад, идэж уугаад нүгэл үйлддэг нөхцлийг үгүй хийнэ. Саналын тухайд өнгөрсөн сард “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас төрийн эрх баригч нарт хүргүүлсэн шаардлагын талаар С.Оюун гишүүнтэй уулзах үеэр харилцан санал солилцож байх явцад үүссэн гэж хэлэх байна. Ямар нэг улс төрийн эрх ашгийн үүднээс намуудын нэгдэл үүсээгүй. Харин ирээдүйд хийх ажлын хүрээнд нэгдмэл санаатай байгаагаа олж хараад хийх ажлынхаа төлөө нэгдсэн гэж ойлгож болно. Ирэх оны сонгуулийн төлөө нэгдээгүй. Гэхдээ бид сонгуульд ялахын төлөө хүчтэй, шударгаар өрсөлдөх болно.
-Яагаад нам байгуулав. “Иргэдийн шударга шүүх” ТББ-аараа үйл ажиллагаа явуулах боломж байсангүй юу?
-Мэдээж хуульгүйгээр аливаа хэм хэмжээ амьдралд хэрэгжихгүй. Улс төргүйгээр хууль тогтоох, эрх мэдэлд саналаа хэлж болохгүй. Тиймээс бид улс төрд өөрсдийн судалгаандаа үндэслэн хоёр төрлийн хууль батлуулах, амьдралд нэвтрүүлэх зорилгоор улс төрийн нам байгуулсан. Нэр нь Монголын хүний төлөө нам. Өнгөрсөн долдугаар сард байгуулаад үүсгэн байгуулах хурлаа хийж, хуульд заасан бичиг баримтаа бүрдүүлэн Улсын дээд шүүхэд хандсан. Бас л бүртгэсэнгүй. Бизнес эрхлэгчид, улс төрчид, төрийн эрх баригчид болон төрийн албан хаагчид хуйвалдан нийгмийн баялгийг тэгш бусаар хуваарилж баяжих болон өөрт олдсон эрх мэдлээрээ бусдад хүч чадлаа харуулах гэсэн ашиг сонирхолд нь саад болохоор зүйл санаачилж, ярьдаг болохоор тэд тэгтлээ их дургүйцдэг юм байлгүй дээ. Гэхдээ бүхний хэмжүүр цаг хугацаа. Хэсэг хугацааны дараа бүх зүйл тодорхой болно гэдгийг баттай хэлье. Төрийн албанд ямар ч муу хүн орсон сайн байхаас өөр аргагүй тийм орчныг бүрдүүлэх шаардлагатай байгаа юм. Одоо энэ байдал эсрэгээрээ байгаа шүү дээ. Ямар шударга хүн төрийн албанд ажилласан муу болохоос өөр аргагүй.
-Ингэхэд улс төрд гурав дахь хүчний орон зай байна уу?
-Миний бодлоор өнөөгийн нөхцөл байдлыг харахад Монголын Улс төрд тэргүүлэгч улс төрийн хүчний орон зай байгаа нь харагдаж байна. Ард түмэн ямар улс төрийн хүчинд итгэхээ мэдэхээ больсон. Одоогийн өөрсдийгөө нэг, хоёр номерын улс төрийн хүчин гэж итгэж байгаа МАН, АН ард түмний итгэлийг алдсан. Олон удаа хууран мэхэлсэн. Тиймээс та гуравдагч улс төрийн хүчин гэж асуугаад байх шиг байна. Дахин хэлье. Монголд улс төрийн тэргүүлэгч хүчний орон зай байна. Тэр хүчин нь зөв хүмүүсийг нэгтгэсэн улс төрийн хүчин, зөв бодлого боловсруулсан Иргэний зориг ногоон нам байх болно гэдгийг хэлье. Үүний төлөө бид тууштай тэмцэх болно.
-Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байна. МАН, АН энэ хуулийг өөрсдөдөө ашигтайгаар батлуулах гэж байна гэсэн шүүмжлэл гарсаар байгаа?
-Сонгууль яагаад ийм үнэ цэнэтэй байгаа юм бэ. Би хааяа өөрөөсөө “Сонгууль гэж юу юм бэ” гэж асуудаг. Энэ үнэ цэнэ ерөөсөө л эрх мэдэлд байна. Төсөв зарцуулах эрх, бусдыг шийтгэх эрх, баялаг хуваах эрх. Мэдээж өнгөрсөн сонгуулиудаас харахад эрх баригч намуудын удирдагчид, эрх мэдэлд дурлагчид эх орныхоо төлөө юу хийх вэ гэхээсээ илүү яаж сонгуульд ялах вэ гэж бодоод, төлөвлөөд, мөнгө зараад байх юм. Иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт ямартаа ч шударга ёсны тухай үг орчихоод байгаа. Тиймээс аргагүйн эрхэнд сонгуулийн хуульд боломжийн санаанууд багагүй туссан гэж үзэж байгаа. Хууль ямар байх нь чухал бус яаж хэрэглэх, хэрэгжүүлэх вэ, хууль зөрчигчдөд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг нь чухал. Хуулийн талаар олон юм яримааргүй байна. Яагаад гэвэл бидний нөлөө бага. Үхэл, зовлон багатай, шударга сонгууль болоосой гэж хүсч байна. Эрх мэдэлтнүүд өөрсдийгөө жаахан хянаасай. Зарим талаараа эх орныхоо эрх ашгийн үүднээс буулт хийж, буруугаа хүлээгээсэй гэж бодож байна. Энэ чигээрээ эрх мэдлээ хамгаалах гээд улайраад байвал цус урсахгүй гэх баталгаа байхгүйг өнгөрсөн сонгуулийн мөргөлдөөн харуулсан.
-Та ирэх сонгуульд нэр дэвших үү?
-Тэгнэ. Үүнийг би үүрэг гэж бодож байна. Үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч байж, ард түмнийхээ итгэлийг шударга ёс болгон тогтооно.
Д.ТУЯАЦЭЦЭГ
URL: